Р.Мөнхсайхан Хэтэрхий ухаантай бүсгүйчүүдэд дуртай эр байдаггүй
-Сайхан бүсгүй тантай танилцах санал тавьбал та татгалзахгүй нь ээ?
-Би Монголын сайхан бүсгүйчүүдийг бараг бүгдийг нь танина. Сайхан бүсгүй танилцах санал тавихад татгалзах эр хүн байхгүй дээ. Бүсгүй хүн гаднаас ороод ирэх нь гэрэл гэгээ цацрах шиг сайхан санагддаг.
-Эмэгтэй хүний ямар зан танд таалагддаг вэ?
-Ухаантай дүр эсгээд байдаг бүсгүйчүүдэд би дургүй. Ухаантай хүн болох гээд бусдад зааж зөвлөөд, мэдэмхийрдэг эмэгтэйчүүдээс эрчүүд дөлдөг юм. Хүүхнүүдийн байгаагаараа байдаг зан гэнэн хонгор ааш надад таалагддаг.
-Та танилцсан бүсгүйнхээ юуг нь эхэлж сонждог вэ?
-Би эхлээд гадна төрхийг нь сонждог. Танилцсаны дараа дотоод сэтгэл рүү нь өнгийнө. Сайхан хүүхэн цаанаа л өөр байдаг даа. Эр хүний бүсгүйчүүдийг үнэлэх үнэлэмж өөр өөр шүү дээ.
-Хүмүүс дурлаад шаналсан гэдэг. Та шаналж байв уу?
-Дурлал хүнд баяр баясгалан авчирдаг. Тийм болохоор дурлаад шаналж байсангүй. Харин уран бүтээлийн хувьд шинэ санаа олох гэж шаналсан маань олон доо.
-Ингэхэд та хэр олон хүүхэнтэй нэр холбогдсон бэ?
-Сайхан бас авьяаслаг олон бүсгүйтэй, нэр холбогдож байсан. Сонин дээр намайг олон бүсгүйтэй нийлүүлж салгасан. Тэр бүхнийг тоосонгүй, бас тоолж байсангүй.
(өнөөдрийн монгол 2005-10-14)