Дэлхийн хүн амын байдал-2005 тайлан илтгэл гарлаа
НYБ-ын Хүн Амын Сангаас энэ онд та бүхэнд хүргэж буй хүн амын талаарх энэхүү илтгэлийн гол санаа нь жендэрийн тэгш байдлыг хангаж, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах нь Тэгш Байдлыг Хангах, Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал үүрэгтэйг онцлон гаргаж тавьсан юм.
НYБ-ын Мянганы төслийн хүрээнд олон улсын шинжээчдийн багийн хийсэн судалгаагаар жендэрийн тэгш бус байдал нь ядуурал, нийгмийн ялгаварлан гадуурхлыг бий болгох нэг гол хүчин зүйл болж байгааг харуулсан байна. Учир нь ялгаварлан гадуурхах үзэгдэл нь хүн төрөлхтөний тал хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийг нөөц боломжоо бүрэн хэрэгжүүлэх эрхийг үл ойшоож, тэдний эзэмшсэн боловсрол, хүч нөөцийг бүрэн гүйцэд ашиглаж чадахгүйд хүргэдэг байна. Өнөөдөр дэлхий дээр нөхөн үржихүйн 15-49 насны эмэгтэйчүүдийн тоо 1.7 тэрбум гаруйд хүрээд байна. Тэдний боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эдийн засгийн байдлыг сайжруулах, түүнчлэн улс төрийн эрх мэдлийг дээшлүүлэхэд оруулж буй хөрөнгө оруулалт нь улс орны тогтвортой хөгжил, өсөлтийг хангахад чухал түлхэц болох юм.
Энэхүү Тэгш байдлыг хангах амлалт жендэрийн тэгш эрх, нөхөн үржихүйн эрүүл мэнд ба мянганы хөгжлийн зорилт хэмээх тайлан илтгэлд олон улсын хамтын нийгэмлэгүүд нь ядуу ард иргэдийн өмнө амласан амлалтаа хэрхэн биелүүлж байгааг судлан авч үзээд, энэ чиглэлд гарч буй ололт амжилт, сул талуудыг тодорхойлсон байна. Түүнчлэн ядуурал, жендэрийн тэгш байдал, хүний эрх, нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн хоорондын харилцан хамаарлыг харуулсан байна. Мөн хүн амын дийлэнхийг бүрдүүлж буй залуучуудын хүчтэй болоод эмзэг асуудлуудыг тодорхойлж, хөгжлийн үйл явцад тэдний гүйцэтгэх чухал үүргүүдийг онцлон тэмдэглэсэн юм. Энэхүү тайланд дараахи бүлэг асуудлуудыг авч үзсэн байна. Yүнд
Тэгш байдал Стратегийн хөрөнгө оруулалт
Хүний эрхийн амлалтууд
Нөхөн үржихүйн эрүүл мэнд тэгш байдлын хэмжүүр
Өсвөр үеийнхэн ба залуучууд
Хөвгүүд, эрчүүдтэй түншлэх нь
Жендэрт суурилсан хүчирхийлэл
Эмэгтэйчүүд ба залуучууд хямралын үед
Мянганы хөгжлийн зорилтод хүрч түүнээс цааш давших нь
Тэгш байдал Стратегийн хөрөнгө оруулалт
Охид, эмэгтэйчүүдийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэнд болон эдийн засгийн байдлыг сайжруулахад хийж буй хөрөнгө оруулалт нь Мянганы хөгжлийн зорилтыг хангах хамгийн оновчтой арга хэмжээ болохыг тэмдэглэсэн байна. Өнөөдөр дэлхий дээр бичиг үсэгт тайлагдаагүй эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс 2 дахин их байгаа буюу 500 сая эмэгтэйчүүд, 280 сая эрэгтэйчүүд, бичиг үсэгт тайлагдаагүй байна. Судалгааны дүнгээс үзэхэд охид, эмэгтэйчүүд дунд сургуулийн боловсрол эзэмшсэнээр тэдний эдийн засгийн байдал болон нөхөн үржихүйн эрүүл мэнд сайжрах, түүнчлэн ХДХВ/ДОХ-оос сэргийлэх мэдлэг мэдээлэл авах боломж нь нэмэгдсэнээр ямар нэгэн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх боломжтой болж байгааг нотлон харуулжээ. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хувьд эмэгтэйчүүд хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөж, шийдвэр гаргаж чаддаг байх нь гэр бүл, нийгмийн амьдралаа үр ашигтай зохицуулах, эдийн засгийн байдлаа дээшлүүлэхэд чухал дэм болох юм. Нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулснаар тухайн улс орнуудад Хүн ам зүйн цонх буюу өөрөөр хэлбэл нийт хүн амд хөдөлмөрийн насны залуучууд дийлэнх хувийг бүрдүүлэх таатай үе урт хугацаанд бий болох бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудад 2000-2015 оны хооронд ядуурлыг 14 хувиар бууруулахад нөлөөлнө гэдгийг тооцож гаргасан байна. Эдийн засгийн эрх Хөгжиж буй орнуудад хөдөөгийн эмэгтэйчүүд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 60-80 хувьд оролцож байгаа боловч Засгийн газрууд нь эмэгтэйчүүдийг нөхрийнх нь зөвшөөрөлгүйгээр газар эзэмших, ашиглах эрхийг хязгаарладаг байна. Тухайлбал Сахаарын Африкийн орнуудад бэлбэсэн эмэгтэйчүүд эзэмшил газаргүй байдаг бөгөөд өв залгамжлах ч эрхгүй байдаг байна.
Хүний эрхийн амлалтууд
Олон улсын хууль тогтоомжинд 20-р зуунд гарсан хамгийн том нэг ололт амжилт нь хүн бүрийг тэгш эрхтэй болохыг хуульчлан баталгаажуулсан явдал юм. Гэвч ядуу хүмүүс, эмэгтэйчүүдийн хувьд хуулиар олгогдсон тэгш эрхээ хэрэгжүүлэхэд олон хүндрэлүүд гарсаар байна. Хэдийгээр олон улс орнуудад охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар олон хууль тогтоомжууд гарч байгаа боловч эдгээрийн ихэнх нь амлалт үүргээ хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл дутмаг, хөрөнгө нөөцийн хомс болон жендэрийн тэгш бус байдлыг байгааг хаацайлах, нуун дарагдуулах зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан хэрэгжиж чадахгүй байна. Эдгээрийн зэрэгцээ эмэгтэйчүүд өөрсдийн эрх болоод тэднийг хамгаалсан хууль тогтоомжийн талаар мэдлэг дутмаг байна. Ер нь тухайн улс орны зан заншил, соёлын онцлог, хэрэгцээг харгалзан үзсэн аливаа үйл ажиллагаа нь хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад илүү хувь нэмэр оруулдаг. Хүний эрхийн нэг чухал эрх нь нөхөн үржихүйн эрх бөгөөд хувь хүн бүр ялгаварлан гадуурхал, албадлага, хүчирхийллээс ангид байж, чөлөөтэй сонголт хийж, шийдвэр гаргах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо чөлөөтэй бөгөөд хариуцлагатайгаар сонгох эрх түүнчлэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хувьд эрүүл байх эрх нь хамгийн чухал юм.
Нөхөн үржихүйн эрүүл мэнд тэгш байдлын хэмжүүр
15-44 насны эмэгтэйчүүдийн өвчлөл, нас баралтын гол шалтгаанд нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой шалтгаанууд орж байна. Өнөөдөр минут тутамд нэг эмэгтэй, жилдээ хагас сая гаруй эхчүүд жирэмслэлтэй холбоотой шалтгаанаар нас барж байна. Түүнчлэн хөгжиж буй орнуудад жил бүр 76 сая хүсээгүй жирэмслэлт тохиож байгаагаас 19 сая нь үр хөндөлтөөр төгсч байна. Ядуурал, ялгаварлан гадуурхал болон хүчирхийлэл нь охид эмэгтэйчүүдийн ХДХВ/ДОХ-ын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тухайлбал 1980-аад онд ХДХВ/ДОХ-ын халдвар анх удаа олон нийтэд илэрхий болж байх үед уг өвчний халдвар авсан хүн амын дийлэнх нь эрэгтэйчүүд байсан бол, өнөөдөр нийт халдвар авсан нийт 40 сая хүний хагас нь эмэгтэйчүүд байна.
Өсвөр үеийнхэн ба залуучууд
Өнөөгийн байдлаар 25-аас доош насны хүн ам 3 тэрбүм буюу дэлхийн нийт хүн амын тал хувийг эзэлж байна. Тэдгээр залуучуудын 85 хувь нь ядуу улс орнуудад амьдарч байгаа бөгөөд 500 сая орчим нь өдөрт 2 доллар хүрэхгүй орлогоор амьдарч байна. Өсвөр үеийнхэн дотроос бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөт охид илүүтэй өртөж, ХДХВ-ын халдвар авч, эрт гэрлэж байна. Жил бүр өсвөр насны 14 сая охид хүүхэд төрүүлж байгаа бөгөөд тэдний дунд жирэмслэхтэй холбоотой хүндрэлээр нас барах магадлал 20 настай эмэгтэйчүүдийг бодвол 2-5 дахин өндөр байна. ХДХВ-ийн халдвар авсан хүн амын дөрөвний нэгийг 25-аас доош насны залуучууд эзэлж, шинээр халдвар авч буй хүмүүсийн тал хувь нь 15-24 насны залуучууд байна. Иймээс бодлого боловсруулагчид, олон улсын хөгжлийн байгууллагууд нь залуучуудын боловсрол, ур чадвар эзэмших сургалт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтэнд илүү хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгааг анхаарах шаардлагатай.
Хөвгүүд, эрчүүдтэй түншлэх нь
Эрэгтэйчүүдтэй хамтран ажиллах нь жендэрийн тэгш байдлыг хангахад зайлшгүй чухлаар тавигдаж байна. Вакцин, эмчилгээг эс тооцвол эрэгтэйчүүдийн зан үйлийг өөрчлөх нь ХДХВ-ийн халдварыг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх нэг чухал үйл ажиллагаа болохыг тайланд онцлон тэмдэглэсэн байна. Учир нь эрэгтэйчүүд нийгэм эдийн засгийн хувьд илүү хүчирхэг, нэр нөлөө бүхий байдаг бөгөөд ингэснээрээ тэд гэр бүлийн доторхи эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурийг тодорхойлж, гэр бүл төлөвлөх, өрхийн дотоод нөөцийн хуваарилалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулах зардлын талаар гол шийдвэрийг гаргадаг. Эрчүүд, нөхрүүдийг зүй зохистой мэдээллээр хангасан нөхцөлд тэдний гэр бүлдээ үзүүлж буй халамж, дэмжлэг нь жирэмслэлт, түүнчлэн хүүхэд эсэн мэнд төрөхөд нь үр дүнгээ илүү өгөх болно. ХДХВ-оос урьдчилан сэргийлэх, нөхөн үржихүйн эрүүл мэнд болон хүчирхийллийн эсрэг олон улсын түвшинд хэрэгжүүлж буй санал санаачилгуудад эрэгтэйчүүдийг ажлын байран дээр нь очиж сургах, ялангуяа цэрэг цагдаагийн ажилтнуудыг сургах үйл ажиллагааг илүүтэй зохион байгуулж байна. Оюун санаа, бие бялдрын хөгжил нь эрчимжиж, амьдралын хамгийн эмзэг үедээ байгаа өсвөр насны хөвгүүдтэй ажиллах нь жендэрийн харилцааны үнэ цэнийг аажмаар ойлгуулах, цаашлаад тэдний ээж, эгч, эхнэр, охидын эрхийг үгүйсгэж байгаа нийгмийн хэм хэмжээний талаар асуудал үүсгэх ихээхэн боломжийг олгож байгаа юм.
Жендэрт суурилсан хүчирхийлэл
Жендэрт суурилсан хүчирхийлэлд эдийн засаг, нийгэм, газарзүйн хил хязгаар гэж үгүй. Өнөөдөр дэлхий дээр жилд гурван эмэгтэй тутмын нэг нь зодуулж, хүсээгүй үедээ, албадлагаар гэр бүлийн болон танил хүнтэйгээ бэлгийн харилцаанд орж байна. Түүнчлэн жил бүр 800.000 хүмүүсийг хил давуулан худалдаалж байгаагийн ихэнх нь бэлгийн мөлжлөгийн зорилгыг агуулж байгаа бөгөөд тэдний 80 орчим хувь нь охид, эмэгтэйчүүд байна.
Эмэгтэйчүүд ба залуучууд хямралын үед
20-р зууны сүүлийн 10 жилд нийтдээ 2 тэрбум орчим хүн байгалийн гамшигт, үүнээс 86 хувь нь үер, ган зудад өртөгдсөн байна. 2004 оны сүүлчээр зөвхөн Азид болсон Цунамигийн уршгаар л гэхэд бүхэл бүтэн тосгон урсаж, 280000 хүний амь сүйрч, сая гаруй хүмүүс оршин буй газраасаа шилжин суурьшсан байна. Дайн самуун, байгалийн гамшгийн улмаас эрүүл мэнд, боловсролын дэд бүтэц доройтож, ХДХВ-ийн эрсдэл, хүчирхийлэл богино хугацаанд нэмэгддэг байна. Сүүлйин жилүүдэд дайн самууны хүрээ хязгаар, шинж тэмдэг өөрчлөгдөж, улс орнуудын хооронд гарахаасаа илүү тухайн улс орны дотооодод илүүтэй илүүтэй гарч байна.
Мянганы хөгжлийн зорилтод хүрч түүнээс цааш давших нь
Өнөөдөр 21-р зууны эхний 10 жилийн хугацаанд ядуурлыг түүх болгон үлдээх боломж дэлхийн улс түмэнд бий болж байна. Энэхүү боломжийг хэрэгжүүлэхийн тулд эмэгтэйчүүд, залуучуудын чадавхи нэмэгдүүлэх, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүргэх, эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоог өөрчилж бэхжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхийг зүй ёсоор шаардаж байгаа юм. Тухайлбал, Сахаарын Африкийн орнуудад Мянганы хөгжлийн зорилтод хүрэхийн тулд нэг сая гаруй эмнэлгийн ажилтан шаардлагатай байна.
2003 онд донор орнуудын засгийн газруудаас 69 тэрбум долларын хөгжлийн тусламж үзүүлсэн байна. Тэгвэл тухайн онд мөн олон улсын хэмжээнд цэргийн зардалд зориулан нэг триллон долларыг зарцуулсан байна. Энэхүү ялгаатай байдал нь Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд улс төрийн хүсэл эрмэлзэл, үүрэг амлалт хичнээн чухал байгааг тодорхой харуулж байна. Мянганы хөгжлийн зорилтод хүрэхийн тулд 2006 онд 135 тэрбум доллар, 2015 он хүртэл энэ хэмжээ өсч 195 тэрбум доллар шаардлагатай байна. Тиймээс нөөц бололцоогоо дайчлах цаг бидэнд тулж ирээд байна.
/Olloo.NM/