ОТГОО заримдаа . . .
Рок альтернатив стилиэр дуулдаг Отгоо бүсгүй гэрийнхэн нь дургүйцсээр байхад л тас зөрсөөр байж сонгосон энэ мэргэжилдээ туйлын үнэнч гэнэ.
Манайдаа л дээгүүрт үнэлэгддэг дуучин Нарантай төстэй хоолойтой түүний талаар рок попынхон ам сайтай байдаг. Стильдээ тохируулж эвтэйхэн хувцаслачихдаг мань дуучин харин ч нэг даруухан зантай юм байх. Учир нь тэрбээр рок альтернатив стилиэр дуулдаг хүмүүсийн гол имиж болдог шивээснээс маш их айдаг гэнэ.
Тиймээс одоохондоо шивээсээр гоёхыг чухалчлахгүй байгаа ажээ. Түүний Заримдаа дуу нь залуусын амны уншлага болоод байгааг хэлэхэд илүүдэхгүй. Гунигтайхан дуулах Отгоод хань болоод оччихмоор сэтгэгдэл төртөл дуулж чадсан уг дуу нь харин их сонин түүхтэй гэнэ. Энэ бол дуучин бүсгүйн найз нь хэтэрхий романтик хайрлаад зовж явдаг эхнэртээ зориулсан дуу бүтээлгэхийг хүсчээ.
Харин нэлээд хэсэг хугацааны дараа дуучин Отгоо найзынхаа эхнэрт зөвлөгөө өгч дуулсан нь Заримдаа гэнэ шүү. Түүний нууцхан зөвлөгөө нь байгаагаараа байж хайрлуулах сайхан гэдгийг л ойлгуулахад оршсон ажээ.
(өнөөдрийн монгол 2005-10-14)