Бразил битгий түрүүлээсэй
Герман, Украин, Голланд, Итали, Англи, Польш, Хорват, Португали, Швед, Серби-Черногори, Франц, АНУ, Мексик, Коста Рика, Аргентин, Бразил, Прагвай, Эквадор, Саудын Араб, Япон, Иран Өмнөд Солонгос, Ангол, Зааны ясан эргийн улс, Того, Гана, Тунис зэрэг 27 улс шууд л Герман явах галт тэрэг-нд тийзээ захиалчихсан бол зарим улс нь халз тоглолтод орж байж ийм эрхтэй болно. Үүнд Европт нэг талаас Чех, Испани, Турк нөгөө талаас Норвеги, Швейцари, Словак зэрэг улсууд сугалаагаар хоорондоо тоглож ДАШТ-д оролцох эрхээ авна. Харин Латин Америкийн бүсэд тавдугаар байрт шалгарсан Уругвай яг л дөрвөн жилийн өмнөхийн адил Австралитай халз учрах бол Азийн тав дахь улс болох Бахрейн далайн орнуудаас шалгарсан Тринадод ба Тобаго улстай мөн л хоорондоо тоглож нийлбэр дүнгээрээ илүү гарсан нь дэлхийн аваргыг зорих болно. Энэ удаагийн ДАШТ-ээс Европын аварга Грек өнгөрсөн дэлхийн аваргын шуугианы эзэн Сенегаль аль ч багийг айлгах чадалтай Дани, Камерун, Нигери, Орос зэрэг багууд мултарлаа. Ер нь Африк тивд гайхалтай социалист хувьсгал явагдаж урьд өмнө дэлхийн аваргын дэвжээнд зодоглож үзээгүй Ангол, Зааны ясан эргийн улс, Того, Ганн зэрэг улсуудын шигшээ багууд шалгарав. Африкийн багууд хичнээн чангарч байгааг гэрчлэх жишээ нь энэ. Ер нь Африкийн ард түмэн гүйж харайсан зүйлд угийн авьяастай хүмүүс, Хэзээ нэгэн цагт дэлхийн аварга болчихсон байхад гайхах зүйлгүй л байх. Одоо л гэхэд Францын лигийн шилдэг багуудын бүрэлдэхүүнийг Африк тивийн легионерууд бүрдүүлдэг бол Англи, Италид ч Дрогба, Эссен, Дуиф, элдэв олон Камаранууд гялалзаж л байна. Ази тивийн хувьд бол байдал өөр. Манайд тивээс угийн л чадалтай гэдэг улсууд нь дэлхийн аваргад шалгарлаа. Гэхдээ Азийн лидер улсууд болох Япон, Солонгосын багууд өнгөрсөн дэлхийн аваргын адил амжилт үэүүлнэ гэдэг үгүй л болов уу. Тэр жил нутагтаа тэмцээнийг зохиосон, тэгээд ч FIFA-ГИЙН удирдлагын зүгээс их дэмжлэг үзүүлсэн гэсэн хардлага тэмцээний дараа их л удаан яригдаж билээ. Тун удалгүй
үлдсэн халз тоглолтууд дуусаад хэн хэнтэйгээ ямар хэсэгт хуваагдах вэ гэсэн сугалаа явагдана. Тэгээд л хамгийн түрүүнд эдгээр багуудаас аль нь түрүүлж, хэн гэдэг зоахи нь өөдөө аавын хүү алтан дагиныг тэргүүн дээрээ өргөх бол гэсэн бодол маргаан тэмцээнд дуустал үргэлжилнэ. Мэдээж эхлээд хоёрдугаар байрыг хожигдол гэж үздэг Бразилчуудыгтүрүүлнэ гэж таамаглана. Тэртээ 1958 оны Шведийн дэлхийн аваргад залуухан Пелегийн хамт бразилчууд эхний бөгөөд эцсийн удаа Европт аваргалж байсан. Түүнээс бус Европт зөвхөн Европын баг л түрүүлдэг аксиом бий.
Дараа нь талбайн эзэн германчуудын түрүүлнэ хэмээн таамаглана. Алдарт Гарри Леникерын үг бий дээ, Хоёр баг 90 минут тоглоод хожсон багийг нь герман гэж нэрлэдэг тиим спортыг хөлбөмбөг хэмээнэ гэсэн ёж үг. Өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Германы баг овойж товойж, ойнд буухаар баг биш л байсан шүү дээ, гэхдээ л финалд үлдчихсэн аз нь гийвэл түрүүлнэ гээд л зогсч байсан. Хэрвээ бразильчууд эхлээд гоол алдчихвал ойролцоо хэмжээний багаа хожиж ча-дахгүй сандарсаар байгаад цаг дуусгачихдаг. Харин германчууд бол өөр, тэд хожигдох тусмаа улам чангардаг, тэдний хувьд хоёр бөмбөгөөр хожигдож явах юу ч биш, эцсийн мөч хүртэл үздэг псих сайтай сонин хүмүүс. Гэхдээ энэ удаагийн багт нь од гэхээр хөлбөмбөгч үгүй. Ер нь дасгалжуулагчаа ойр ойр солиод нэг л тиймэрхүү л байгаа. Дараа нь Франц яах бол хэмээн таамаглана. Одуудынх нь нас нь нэлээд явчихсан. Дээр нь харьяалагддаг багуудаасаа авч буй цалин пүнлүүг нь тооцвол хагас цагийн цалин нь мань мэтийн жилийн орлогоос хол давчихдаг хүмүүс чинь улсынхаа шигшээд бүхий л чадлаараа зүтгэхээ больчихдог бололтой. Тэгээд ч францын багийн хөлбөмбөгчид Европын шилдэг клубуудын гол гол тоглогчид тул дэлхийн аварга эхлэх үед тамтагтаа тултал ядарчихсан элдэв бэртэл гэмтэлтэй хүмүүс ирдэг. Иймээс Францад найдлага бага л байна.
Дараа нь Англи, Итали гэсэн тэртээ нэгэн цагт торгон жолоогоо өргүүлж байсан морьдыг түрүүлнэ хэмээн таамаглана.
Английн хөлбөмбөг энэ цаг үед сэргэн мандалтынхаа шатанд байгаа. Одоо дан чадварлаг залуучуудаас бүрдсэн шугам болгондоо шижигнэсэн ододтой энэ багт их ирээдүй бий. Руни, Оуэн, Лэмпард, Терри, Фердинанд зэрэг залуус нь барын аманд гараа хийхээс буцахааргүй байгаа ийм л үед тэнгэрээс од шүүрнэ дээ. Сугалаа аятайхан таараад зөв удирдаад явбал түрүүлнэ л гэх баг. Италийн багийн хувьд хэзээд дэлхийн аварга болох багийн таамаглалд дээгүүр бичигддэг. 1982 онд агуу дасгалжуулагч Э.Беорзаттын удирдлага дор аварга болсноос хойш их л удчихлаа, нэг түрүүлчих юмсан гэдэг бодол байгаа. Гэвч эцсийн мөчид азгүйтээд байдаг талтай. Дараа нь залуу насны амбиц ихтэй морьд түрүүлнэ. Энэ бол Чех, Испани, Голланд, Аргентины багууд. Эдгээр тодроос Аргентины багийг зоригтойхон хасчихад буруудахгүй. Дээр бичсэнчлэн Европт Европын баг, Америкт Латин Америкийн баг түрүүлдэг бичигдээгүй хуулиас гадна ер нь л цагаан цэнхрүүд хөгшин тивд ирэхээрээ одгүй болчихдог жамтай. Испани, Чех, Голландын хувьд арай л Английн хэмжээнд хүрэхгүй ч толгой дээр цахиур хагалж мэдэх л юм. Испани, Чех юуны өмнө халз тоглолтоос гарсан тохиолдолд шуу дээ. За даа, таамаглал эдгээр багуудын дунд л бужигнах буй заа. Бусад багуудын хувьд их щөвөг л дээд заяа нь гэхээс финал бол сэрүүн зүүдний нэг хэсэг гээд зоригтойхон хэлчихье. Хэдийбээр саяхан Грек, 1990-ээд оны эхээр Данийн баг Европын аваргаар од нь гийж түрүүлж байсан ч дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол шал өөр, зөвхөн чадалтай баг дээр нь тодорхой хэмжээгээр азтай байх хэмээнэ түрүүлдэг эд шүү дээ. Түүнээс бус Бувайса Сайтиев шиг түрүүлэх нь тодорхой ногт ганзагалж ирдэг бөх-баг даанч үгүй. Эцэст нь бичихэд Алдаир, Рожио, Баиано гээд л хөлбөмбөгчдийг мэдэх үү. Эдгээр нь нэгэн цагт дэлхийн аварга болсон бразилчууд. Гэтэл Бекхэм, Оуэн, Рауль, Мальдини, Рууд ван Нистельрой гээд эахын хүн мэдэх хөлбөмбөгийн одууд байна ш дээ, даанч дэлхийн аварга болж үзээгүй. Иймээс Бразил битгий түрүүлээсэй. Дээрх залуусын хэн нэг нь Гимилайн оргилоос өндөр оргилын оройд гарч алтан дагиныг атгаж нутгийнхаа олны нулимсыг дуслуулаасэй.
Д.БАТ-ЭРДЭНЭ
(өдрийн сонин 2005-10-15 248)