Ашигт малтмалын орлогыг ард түмэнд ашигтайгаар хэрхэн хуваарилах вэ?
Монголд ашигт малтмалын ногдол ашигт суурилсан Тогтворжилт хөгжлийн сан байгуулъя хэмээн онцолсон. Энэ сангийн хөрөнгийг зөвхөн эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах тухай уншигч та ч сонсоо байлгүй. Ашигт малтмалаас ард нийтээрээ ашиг хүртэх сонгодог жор энэ бололтой. Засгийн газар үүнийгээ УИХ-д санал болгох юм байна. Энэ талаар манай сонин хэлэлцүүлэг явуулж байна.
А.Отгонболд Эрүүл мэндийн салбарыг эзэнтэй болгочих
Хүн боловсролгүй байж болно. Харин өвчтэй байж болохгүй. Иймд эрүүл явах,эрүүл ард түмэнтэй байх асуудал хувь хүн хийгээд улс орны нэн тэргүүний зорилт. Ерөнхий сайд үүнийг анзаарч харсан нь тун сайхан хэрэг. Ер нь эрүүл мэндийн систем орлогогүй мөртлөө ямагт зардал шаардаж байдаг хүнд салбар гэдгийг энд онцлох хэрэгтэй байх. Монгол Улсын хэмжээнд өдгөө 60 гаруйхан том эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Аймаг хот,сум, дүүргийн хэмжээний бүхий л эмнэлэг ороод тэр шүү дээ. Гагцхүү тэдгээр эмнэлгийн техник тоног төхөөрөмж дэндүү хуучирсан. Би саяхан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд хэд хоног ажиллаад ирлээ. Төрөх тасаг нь гэж хүйт даасан хоосон хөндий заал л байна. 1960 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн, жайжийж унах гэж буй ганц төрөх ор, эрэг нь барихаа больсон хавчаарыг эс тооцвол тэнд тоног төхөөрөмж гэх юм даанч алга. Нөхцөл байдал ийм байхад эхийн эндэгдлийг бууруулах тухай бодоод ч хэрэггүй. Тэр утгаараа хөрөнгө бэлтэй хүмүүс нь гадагшаа явж эмчлүүлдэг биз. Тэдний зөв. Өнгөрсөн жил гэхэд эрүүл мэндийн чиглэлээр 33 сая ам. доллар гадагшаа гарсан тухай статистик үзүүлэлтэд дурдагдсан байна лээ. Гэхдээ энэ бүхэн шийдэж болохгүй хүнд асуудал яав ч биш. Магадгүй туйлын амархан зүйл ч байж мэдэх юм. Ерөөсөө л хариуцах эзэнтэй болгочих . Уншигчид яаж хэмээн асууж байгаа бол Ерөнхий сайдын санаачилсан шиг ашигт малтмал олборлодог томоохон аж ахуйн нэгжүүдэд хэдэн том эмнэлгээ нэг нэгээр нь хариуцуулаад өгчих. Энэ нь улсад ногдол ашиг өгнө,өгөхгүй дээрээ тулж сүйд болж байснаас тэрхүү ашгаа өөрийн дааж авсан эмнэлэгтээ зарцуулах үүрэгтэй болно гэсэн үг. Тухайлбал, Малайз, Вьетнам, Сингапур шиг л эрүүл мэнд, боловсролынхоо салбарыг гадны хөрөнгө оруулагчдад даатгачих хэрэгтэй. Манай тухайд бол Монгол орны баялгийг олборлон хөлжиж буй Айвенхоу майнз мэтийн томоохон аж ахуй нэгжид томоохон эмнэлгүүдийнхээ нэгийг л даалгачихна гэсэн үг. Ингэх нь аж ахуйн нэгждээ ч ашигтай байж мэднэ. Баялаг нэгэн цагт дундарна. Харин эмнэлэг бол хүн төрөлхтөн байсан цагт мөнхөд хөгжих салбар учраас тэр нөгөө алтнаас чинь илүү эзэндээ ашиг өгч ч мэдэх юм. Турк гэхэд л аялал жуулчлалын салбар нь боловсролынхоо асуудлыг хариуцдаг юм билээ. Өнөөдөр манайд систем нь байна, боловсон хүчин нь байна. Гагцхүү менежмент л алга. Жаахан хөрөнгө хаяж зэх зээлд шилжүүлээд өгвөл л болох нь тэр. Эцэст нь хэлэхэд, энэ бүхэн хүнд сурталгүйгээр л бүтээсэй гэх байна.
Ч.Нарантунгалаг Сайхан орчин бүхий сургууль, цэцэрлэг хэрэгтэй байна
Боловсрол бол улс орны төдийгүй хувь хүний сэтгэлийг байнга түгшээж байдаг асуудал л даа. Бид өдгөө улс орон хөгжиж байна хэмээн ам мэдэн бурж байгаа авч чухам үнэн төрх нь ямар байгааг төдийлөн хэлж мэдэхгүй байгаа. Сургуулиас илүү цэцэрлэгийг аваад үзье. Зах зээл эхэлснээс хойшхи арван хэдэн жилийн хугацаанд ганц ч болов цэцэрлэгийн барилга шинээр баригдсаныг би л хувьдаа олж хараагүй. Харин бүр байгаа хэдийг нь эрх мэдэлтэнгүүд хувьдаа авч баар,цэнгээний газар, дэлгүүр хоршоо болгон зүй бусаар ашиглаж буйг л мэдэх юм. Нөгөөтэйгүүр, хичээлийн байрны асуудал. Өдгөө Улаанбаатар хотын захын сургуулиар ороод үзэхэд нэг ангид 45-58 хүүхэдтэй хичээллэж байх вий. Энэ нь хүүхдийг эрхэмлэн дээдэлдэг манай орны хувьд байж болох асуудал мөн үү. Иймд хэрэв зээ сан байгуулагдвал юуны түрүүнд тэрхүү сангийн хөрөнгөөр орчин сайтай хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгыг буй болгомоор байна. Бас багш нарын нийгмийн асуудал гэж хөндөхгүй байхын аргагүй зүйл бий. Ялангуяа, хөдөөгийн багш нарыг дэмжих хэрэгтэй. Тэд төв суурин газрын бидэн шиг халуун ус, гэрэл цахилгаантай нөхцөлд амьдрах тухай хүсч л байгаа. Монголын нийгэм эдийн засгийн чадавхи бүгдэд тэгш үйлчилж чадахгүйгээс хойш багш нарыг урт удаан хугацааны зээлд хамруулах хэрэгтэй. Хэдийгээр зээл ч гэсэн халаасандаа мөнгөтэй болсон тэд өөрт сайхан санагдах байшингаа бариад санаа зовох юмгүйгээр амьдраг л дээ. Яагаад болохгүй гэж. Нөгөөтэйгүүр, багшийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх асуудлыг ярих цаг болжээ. Өдгөө багш нараа хүүхдүүд голж эхэллээ. Тухайлбал, Нийслэлийн ХХХIII дунд сургуулийн англи хэлний багш нарын хичээлээ зааж буй ур чадвар хүүхдүүдийн өөрсдийн олж авсан мэдлэгийн түвшингээс дор байгаа нь нэгийг хэлж байна.Зааж буй үгнийхээ учрыг өөрөө ч мэдэхгүй тийм багшаар яах юм бэ.
Б.Болдсайхан Гадагшаа гарч буй мөнгийг дотооддоо зарцуулъя
УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Ерөнхий сайдын хэлсэн үг олон мянган хүний зүрх сэтгэлд нэгийг бодогдуулсан биз ээ. Ямар ч хүн үр хүүхдээ эрүүл чийрэг, эрдэм боловсролтой сайн хүн болгох тухай мөрөөддөг. Гэтэл манайд чанартай эрүүл мэндийн тусламж боловсролын систем байдаггүй. Ерөнхий сайдын санаачилга хүний амьдралын нэг үеэр зогсохгүй алсыг харсан хөрөнгө оруулалт хийх, ухаалаг санал. Гагцхүү үүнийгээ зөв зохион байгуулах хэрэгтэй. Одоо байгаа эрүүл мэндийн тогтолцоо даатгал, санхүүжилт, эмнэлгийн ажилтны цалингийн нөхцөлд улсын эмнэлэгт зуун сая долларын хөрөнгө оруулалт хийсэн ч дөрвөн жилийн дараа ямар ч үр дүнгүй яг энэ хэвээрээ байх болно. Тийм учраас юуны өмнө эрүүл мэндийн салбарын санхүүжилт эх үүсвэрийг нь зах зээлийн хэвийн харилцаанд оруулж, олон хувилбартай сонголт ихтэй болгох шаардлагатай байна. Мөн гадагшаа жил бүр гарч байгаа 40-100 сая ам. долларын зардлыг Монголдоо тогтоохын тулд эх орондоо АНУ, Япон, Хятадын эмнэлгээс дутахааргүй ганц ч болов том эмнэлэг байгуулах хэрэгтэй. Гэхдээ энэ нь улсын эмнэлэг хэлбэрээр биш. Үүний тулд ийм эмнэлэг байгуулахыг сонирхож байгаа хувийн компаниуд болон гадаадад ажиллаж байсан эмч нартайгаа уулзаж төрөөс хэрхэн зохион байгуулж дэмжвэл ард түмэн хийгээд төрд цаашилбал, эмнэлэгтээ ашигтай байх арга замыг нь олох хэрэгтэй. Харин хүн амын 40 хувьд хүрсэн гэгдээд байгаа ядуурлын түвшинд амьдарч буй хүмүүст зориулж буддын шашний төвүүд, Ватикан болон бусад хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран огт үнэ төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлдэг буяны эмнэлэг байгуулахад тэднийг уриалж,төрөөс үзүүлж болох бүх талын дэмжлэг туслалцааг өгөх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, одоо байгаа улсын том клиникийн эмнэлгүүд дүүрэг ба аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн өмчийн статусыг төрийнх хэвээр үлдээж харин тэнд ажиллаж байгаа ажилтан эмч нарт нь түрээсээр эзэмшүүлж болох юм. Хамгийн сүүлд хэлэхэд, өвчтөн хүн өөрөө даатгалын хэлбэр ба хэмжээ, эмнэлэг ба эмчээ сонгох эрх өгвөл сая манай эрүүл мэндийн систем энэ ядуу дорой байдлаасаа гарч хөгжих нь дамжиггүй. Энэ бүх ажлыг хийхэд ашигт малтмалын ногдол ашгийн дор байгуулах сангийн хөрөнгө зарцуулагдаж болох юм. Гэхдээ аль болох төрөөс хамааралгүйгээр, төрөөс бараг зардал гаргалгүйгээр зөвхөн зохицуулалт, хяналтын өөрчлөлт хийх хэрэгтэй. Гэхдээ эмнэлэг, эмчийн эмчилгээний чанар, стандартыг төрөөс маш хатуу хянаж шалгах ёстой. Боловсролын системийн хувьд ч ялгаагүй ижил зүй тогтол үйлчилж байгаа шүү дээ.
(өдрийн сонин 2005-10-17 249)