ОНРТВ-ийн УДИРДЛАГА ХЭН болох вэ
Гэвч энэ хугацаанд радио, телевиз урьдын горимоор ажиллаж байв. Учир нь хэн удирдах нь тодорхойгүй, удирдлагыг томилох ажил нэлээд сунжирсан юм. Өнгөрсөн долоо хоногт ОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн 15 хүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталлаа. Энэ 15 хүн бол олон нийтийг төлөөлөх төлөөлөл. Энэ эрхмүүдийг хэн толгойлох вэ?
ОНРТВ-ийг өөрийн гэсэн хүнээр удирдуулах гэсэн сонирхол улс төрийн намууд болон улстөрчдийн дунд буцалж эхэллээ. Шинэ зохион байгуулалтаар ажиллах энэ том айлыг удирдаж чадах мэдлэгтэй, чадвартай гэхээсээ илүү Манайх, Минийх, Дуулгавартай гэсэн тодотголыг илүүд үзэж байгаа нь илт. Энэ нь манайхны өөрийн мэдэлд барих гэсэн өөрийн гэсэн дуу хоолойгоор монопольдох хуучирсан арга барилаасаа салж чадахгүй байгаатай холбоотой. Хууль ёсоор бол эдэн дотроос гүйцэтгэх захирлаа сонгох учиртай. Засгийн газраас санал болгон ҮЗХ-ны гишүүнээр батлуулсан FM-107-гийн захирал М.Буянбадрахыг Ц.Элбэгдорж тэргүүтэй АН-ынхан ОНРТВ-ийн даргаар томилуулахаар зүтгүүлж байхад УИХ-ын дэмжлэгтэйгээр 15 дотор орж чадсан Сонины холбооны дэд ерөнхийлөгч Р.Хадбаатарыг мөн л АН-ынхан төдийгүй Эх орон намынхан ч нэлээд сайн балиашиглаж байгаа юм байна. Харин МАХН-ынхан Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Х.Чилаажавыг шинэ байгууллагыг улирдаж чадна гэсэн бодолтой байгаа бололтой. Гэтэл Р.Гончигдоржоор толгойлуулсан Алтан гадас ассоциацынхан Р.Бурмаад итгэл тавин гүйлдэцгээж байгаа бололтой Ц.Элбэгдоржийн М.Буянбадрахад найдах болсны учир нь түүний Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Болдхуягийн хамгийн сайн найз нь юм байна. Д.Болдхуягийн аав Л.Дамдинсүрэн гуай ч энэ бүрэлдэхүүнд багтаад авсан. УИХ-ын сонгуулийн үеэр М.Буянбадрах, Д.Болдхуяг нар АН-ын сурталчилгааны хэвлэлийн багт ажиллаж байсан ажээ. Тэдний ар талын гол хөрөнгө оруулагч нь Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү гэдгийг ч андахгүй. Гэвч цагтаа Хөрөнгийн биржийг тэргүүлж байсан Н.Золжаргал ч АН-ынхны нөөцөд байгаа тухай яриа саарал ордныг тойрч явна.
ОНРТВ-ийн удирдлагыг өөрийн хүнээр тавих гээд амралтын хоёр өдөр нойргүй гүйсэн намынхан ч байгаа аж. Тэгэхээр ОНРТВ-ийн удирдлагыг намчирхаж улстөрждөггүй, хэвлэл мэдээллийн зовлонг мэддэг, зах зээлд аваад явчих овсгоотой урлагийн мэдрэмжтэй, ноён нуруутай, гадаадтай харилцах туршлагатай хүн байвал сайн сан. Хамгийн гол нь ажлаа мэддэг, мэдлэг, чадвартай хүн л энэ байгууллагыг удирдвал олон нийтийнх байх мөн чанараа хадгалах биз ээ.
Я.ДАРЬСҮРЭН
(өнөөдрийн монгол 2005-10-17 116)