Доктор МҮҮН Ази Европ руу зорчих их аяллаа Монголоос эхлэв
нийгэм, олон нийт, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, дипломатууд, энгийн хүмүүс уригдан оролцлоо. Доктор Сон Мён Мүүныг дэлхий ертөнцөөр андахгүй мэддэг төдийгүй, хэдэн зуун сая бишрэгсэд, хамтран шүтэгчид, газар газрын элчин сайдуудтай билээ.
Нэгэн насны амьдралыг өөрийн хар аминыхаа төлөө биш, бусдын төлөө, гараг дэлхийн энхтайвны төлөө зориулсан энэ эрхэм хүнийг, Дэлхийн энхтайвны хаан, хэмээн албан ёсоор зарлажээ. Хэдийгээр өнөө жил 86 настай боловч эцэж цуцахыг мэддэггүй ер бусын хүчин чадал, ундран гарах үг сургаал, хурц дайчин чанар, хүнлэг энэрэнгүй үйлс, няцашгүй сэтгэлийн хат, сэргэг ой ухаан, үйлс бүтээл нь ази, африк, европыг байлдан дагуулсан энэхүү сүр хүчин төгөлдөр эрхэм Монгол нутагт анх удаагаа хөл гишгэлээ. Том ч бүрэлдэхүүнтэй иржээ. Хатагтай Хак Хан Мүүн, Дэлхийн энхтайвны төлөөх Шашин хоорондын Олон улсын Холбооны Ерөнхийлөгч доктор Чонг Хуан Куак, Вашингтон таймс сонины Ерөнхий эрхлэгч гээд олон зүтгэлтнүүд багтжээ.
Мүүний шашин гэсэн үг хэллэг, жаахан ташаа ойлголт манайд мэр сэр яваад байдаг. Яг үнэндээ цэвэр шашны үзэл бас биш юм билээ. Хүн төрөлхтний энхтайвны төлөө үг хэлээд зогсохгүй түүндээ тэмцэж хүрдэг өргөн үйл ажиллагаа юм билээ. Ариун гэр бүл, ариун хайрыг энэхүү философийнхоо үндэс болгодог. Гэр бүл, улмаар бүх зүйлийг хайрын нүдээр, хайрлах сэтгэлээр харах ухаажих үндэслэлд тулгуурласан хүчирхэг амьд сургаал юм. Хайрыг гэр бүлээсээ аав ээжээсээ, хажуудах хүмүүсээс авч чадвал энэ нь ертөнц дахинд энхтайвнаар орших үндэс болдогийг амьдралаараа батласан бурханлиг зүтгэлтэн аж. Яагаад дайнгүй, зөрчил тэмцэлгүй байж болдоггүй юм бэ? Яагаад зөрчил бол хөгжил гэж ойлгодог юм бэ? Яагаад хууран мэхэлдэг юм бэ, эв нэгдлийг яаж тогтоох вэ, шашин хоорондын мөргөлдөөнийг яаж зогсоох вэ, их тэнгэрийн хүч, бурхны хүчийг яавал авах вэ зэрэг өдий төдий асуудалд хариулт өгдөг.
Маргаан зөрчлийг удирдагчид, улстөрчид шийдвэрлэж чадахгүй. Тийм боломж ч үгүй. Тэд түр зуурын хүмүүс байдаг. Харин шашин бол мөнхийн оюун санаа юм. Будда, христос, аллах гээд шашины зүтгэлтнүүд бүгдээрээ нийлээд нэгэн агуу их бурхны дор нэгдснээр үхэл мөхөл, дайн тулаан, бие биеэ үл ойлгох явдлыг устгана гэсэн санааг номлодог төдийгүй түүнийхээ төлөө амь биеэ үл хайрлан зориулсаар иржээ. Энэхүү сургаал, үйл ажиллагааг гараг дэлхийгээр их мөрөн мэт түрхрэх мэт дэмжиж байр сууриа бэхжүүлж чаджээ. Мүүн гуайд амралтын минут ч байдаггүй. Жирийн хүнд заяахгүй төмөр мэт бие бялдар, өөрийгөө олны төлөө үрсэн сэтгэлийн ган хатуужил заяажээ.
Энэ удаа Мүүн гуай өөрийн санаачилж бий болгосон дэлхий дахины хэмжээнд ажиллах шинэхэн байгууллага болох Ертөнц дахины Энхтайвны Холбоо / ЕДЭХ/ нээлтийг 12О гаруй оронд хийж, илтгэл тавих зорилготой гарсан байна. Өмнө нь АНУ, Япон, Солонгос гээд 12 хотод илтгэл тавьж, ази , европ руу аялах анхныхаа гарааг Монголоос эхэлсэн нь энэ гэнэ. Мүүн гуай НҮБ-ын үйл ажиллагаанд эрс шүүмжлэлттэй ханддаг. Энэ байгууллага энхтайвныг тогтоож чадахгүй, чадал нь мөхөсдөж , улс орнуудын өөрсдийн ноёрхол тогтоох, эцэс төгсгөлгүй маргааны талбар болсон гэж үздэг юм билээ.
Иймээс НҮБ-ыг бүтцийн хувьд шинэчлэх явдал гол асуудал гэж үзээд Ертөнц дахины энхтайвны холбоог байгуулсан нь энэ юм. Тэр илтгэлдээ, Хүмүүн төрөлхтөнд учирч буй энэ бүх эмгэнэлт асуудлыг шийдэрлэж чадах нэгэн гарч ирэхийг бурхан тэсч ядан хүлээж ирсэн боловч энэ газар дэлхий дээр тохирсон хүн гарч ирсэнгүй. Бурхан жинхэнэ эцэг эхийн үүргийг хүлээн авах хэн нэгнийг эрэн хайсаар, хүлээсээр байсан, гэж онцлон тэмдэглэсэн юм.
Мүүн гуай монголчуудын төлөө их ч зүйлийг хийсэн, бас биднээр үнэн сэтгэлээсээ бахархдагийг олон хүнээс сонссон. Мүүн гуайн шууд санаачилгааар бүх Монгол хөх толботнууд нэгдэж, Дэлхийн энхтайвны төлөөх Монголчуудын холбоог 2ОО4 оны есдүгээр сард БНСУ-д цуглуулан байгуулжээ. Монголчууд бол дэлхийд байдаг бүх хөх толботны оройд нь байх ёстой үндэстэн. Монголоос үлгэр жишээ авч байх ёстой агуу үндэстэн. Бидний хайрлах ёстой үндэстэн. Энэ улс их гүрний тоонд орох цаг ирэхэд гайхах хэрэггүй, гэж Вашингтонд болсон тэр олон улс орнуудын төлөөлөгчдийн өмнө нүүр бардам хэлж байсныг монголчууд сонссон. Харин манайд ирээд иймэрхүү үг хэлээгүй нь хүнийг өөрийнх дэргэд магтдаггүй, харин далд сайхан үг хэлж явдаг манайхны уламжлалт сэтгэлгээтэй ойр санагдав.
Бурханы хүслэнт гэр бүл бол даян дэлхийд энх амгаланг тогтоох үлгэр загвар мөн сэдэвт энэхүү илтгэлийг тавьсан Монгол дахь арга хэмжээ ёслол төгөлдөр, эрхэмсэг, хүндэтгэлтэй боллоо. Ёслолыг УИХ-ын гишүүн Аюулгүй байдал, Гадаад бодлогын хорооны дарга М.Энхсайхан хөтөлж, үндэсний морин хуурын хамтлаг ая эгшигээ өргөж, хүн бүрийн хийморийг сэргээдэг, Эр бор харцага дуу төрийн ордонд эгшиглэсэн юм. УИХ-ын гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга төрийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Т.Ганди нар талархлын үг дэвшүүлсэн нь цугласан олны сэтгэлд сайхан сэтгэгдэл төрүүлэв. ДЭГБ Монголын Холбооны Ерөнхийлөгч Д.Цэвээнжав гэргийн хамт хүндэт зочдод цэцэг гардуулж, Манлайлал ба Сайн засаглал хүндэт шагналыг УИХ-ын гишүүн , МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн, УИХ-ын гишүүн С.Баярцогт нарт гардуулсан юм. Энэхүү үйл явдлын төгсгөлд Ертөнц дахины энх тайвны холбоо байгуулах үйлсийг дэмжсэн уриалга гаргаснаар арга хэмжээ өндөрлөлөө.
Тэрбээр гараг дэлхийн гэж онцолж болохоор аварга том төсөл дэвшүүлсэн нь олны анхаарлыг татсан. Хойт Америк, Оросын хооронд Берингийн хоолойд гүүр тавих, Африкийн хошуунаас Чилийн Сантъяго, Английн Лондонгоос Америкийн Нью-Йоркийг холбох Дэлхийн энхтайвны ноён гүүр тунель төслийг дэвшүүлээд, бүх дэлхийг нэг өдрийн амьдралаар холбох ёстой гэсэн юм. Бурхан хүссэн л бол заавал биелдэг жамтай гэснээр илтгэлээ төгсгөлөө. Энэхүү илтгэлийн санаа дэлхий даяар цацагдана. Мүүн гуайн баг өнөө үүрээр Киргизийг зорив.
(өнөөдрийн монгол 2005-10-17 116)