Пентагоны тэргүүний Монголд хийх анхны айлчлалын сураг
Дэлхийн хамгийн том хүчирхэг гүрэнд зүй ёсоор тооцогддог улсың батлан хамгаалахын салбарыг толгойлдог тэргүүн Монголын түүхэнд анх удаа албан ёсны айлчлал хийж байгаа нь энэ.
Монгол Америкийн цэргийн салбарын хамтын ажиллагаа гэхээр урьд өмнө нь жилдээ нэг удаа багахан хэмжээнд голдуу аюул ослын үед хун амыг авран хамгаалах чиглэлээр цэргийн сургууль хийх төдийхнөөр хязгаарлагдаж байсан гэвэл хилсдэхгүй.
Харин Иракт цэргээ илгээсэн орны тоонд Монгол улс хамрагдах болсноор энэ харилцаа шинэ шатанд гарсан гэдэгтэй маргах хүн лав гарахгүй бизээ.
Харин Пентагоны тэргүүн энэ эрхэмтэй анх нүүр тулж уулзсан сайд нь гэвэл Батлан хамгаалахын сайд асан Б.Эрдэнэбат гэнэ билээ. Иракт энхийг сахиулж буй үйл ажиллагаанд нэгдсэн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцох урилгаар тэрбээр жилийн өмнө Ойрхи Дорнодыг зорьсон аж.
Төрийн тусгай хамгаалалтын газар болон аюулгүй албаныхныг нэг ёсондоо түргэн авахуулаад буй айлчлалын талаархи мэдээллийг маш нууцалж байгаа нь мэдээж. Гадаад хэргийм болон Батлан хамгаалах яамны албаны хүмүүс энэ айлчлал хэзээ эхэлж, дуусах хоёр улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ямар яриа хэлэлцээ хийх нь ч нууц байх ёстой гэсэн тайлбар өгч байгаа юм. Энэ нь ч аргагуй. Өнгөрөгч долоо хоногт Төв Америкийн орнуудын Батлан хамгаалахын сайд нартай уулзсан Д.Рамсфельд Азийн орнууд тэр дундаа Хятад, БНСУ, Казакстанд айлчлахдаа бууж мордох төдий ойлгож байгаа хүмүүс бий. Урд хөршийн Батлан хамгаалахын сайдтай томилогдсоноосоо хойш анх удаа уулзаж байгаа Д.Рамсфельд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг ярихаасаа илүү хоёр орны цэргийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийх тухай дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд ярьж анхаарлаа хандуулж байна. Харин манайд хийх айлчлал бидэнд ямар ач холбогдолтой бол. Нэрээ дурдахыг хүсээгүй эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 20-доор болох айлчлал маш богино хугацаатай хэдий ч тэрбээр Батлан хамгаалахын сайд Ц.Шаравдоржийн хамт Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж. Гэхдээ тэр болгон сэтгүүлчдийн асуултад хариулах боломж юу л бол. Айлчлалын хөтөлбөрт зочин маань Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад бараалхахаар тусгаж байгаа ч энэ нь эцсийн байдлаар хараахан батлагдаагүй нь түүний айлчлалын шахуу хөтөлбөртэй холбоотой гэнэ. Түүнийг дагалдаж ирэх албаны хүмүүсийн бүрэлдэхүүн, жагсаалт ч мөн л нууцад хамаарч байна.
2001 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Д.Рамсфельдийг хатуу гар гэх нь бий. Принстоний их сургуулийг дүүргэсэн тэрбээр цэргийн алба хааж нисгэгч ч явсан болохоор тэр биз. Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-д АНУ-ыг төлөөлж сууснаар тэр өөрийгөө олонд таниулж улмаар 1975 оноос Цагаан ордонд ажиллаж сайд болох эхлэлээ тавьсан гэсэн.
Айлчлалын аюулгүй байдал өндөр хэмжээнд тавигдаж байгаа нь ойлгомжтой. Манай аюулгүй албаныхан энэ талаар бас л ам нь үдээстэй ч хамгаалалтын сэдвээр Америкийн холбогдох албаныхантай зөвлөлдөн тэднээс заавар зөвлөгөө авч зав чөлөө муутай байна.
Н.БААТАР
(өнөөдрийн монгол 2005-10-18 117)