ШТС-ууд үнэ нэмэгдэнэ гэдгээр зуныхаа түлшийг хэрэглэгчдэд шахжээ
багагүй сандралдан нийслэлийн ШТС-ууд дээр машинууд олноор дугаарлаж шатахууныг их, бага хэмжээгээр базааж авсан билээ. Гэтэл мэдээлэлд дурдсанаар маргааш нь үнэ нэмэгдээгүй. Энэ нь явж явж шатахуун импортлогч зарим компани зуны дизель түлшнийхээ үлдэгдлийг хүйтрэхээс өмнө амжиж борлуулах гэж телевизээр худлаа зарлуулсан заль байсан нь өнөөдөр нэгэнт тодорхой болоод байна. Энэ нь улс орны ядруу эдийн засагт сөргөөр нөлөөлж мэдэхүйц, монополь байдлаараа дээрэлхсэн томоохон гэмт хэргийн шинжтэй алхам болсон. Харин үнэ жинхэнээр нэмэгдэх үү, нэмэгдвэл хэзээ вэ гэдэг асуулт хүлээлттэй үлдлээ.
Үнэндээ бол манай гол нийлүүлэгч хөрш ОХУ шатахууны экспортын татвараа нэг тонн тутамд 26,9 ам.доллараар өсгөнө гэдгээ аль намар мэдэгдээд өнгөрсөн сарын 15, энэ сарын эхэн гэхэд манай талд үнийн саналаа ирүүлэхээ мэдэгдсэн юм. Үүний дагуу энэ сарын 1-нд татвараа 35 хувиар нэмсэн үнийн саналаа ирүүлжээ. ШТС-ууд зун нэмэгдээгүй үнээр шатахуунаа базааж авсан, тодорхой хэмжээний нөөцтэй тул энэ сард үнээ нэмэхгүй гэж мэдэгдээд байгаа. Харин арваннэгдүгээр сараас зайлшгүй нэмэгдэх үү? Бас ч үгүй гэж хэлэхэд болохоор байгаа аж. Юу гэвэл Засгийн газрын холбогдох агентлаг болон эдийн засагч, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ганц ОХУ экспортын татвараа нэмлээ гэхэд БНХАУ, БНСУ, Казахстан гээд бусад нийлүүлэгч орнууд руу хандаж болох нь. Хоёрт, төр, засгаас нөөцийн сан бүрдүүлэх, импортлогч компаниудад шатахуун авах хөрөнгийн зээлийн хүүгийн тодорхой хэсгийг төсвөөс гаргах, татварыг харж үзэх, хөнгөлөх зэрэг замаар үнийг нэмэхгүй нэг түвшинд барьж байлгах, нийгэмд сөргөөр нөлөөлөхөөр цочмог нэмэгдүүлэхгүй байлгах арга хэмжээ авч болохоор байгаа аж. Үүнээс гадна манай компаниуд жижиг зах зээлтэй Монгол шиг оронд нэг их нөлөөлөөд байдаггүй дэлхийн зах зээлийн өсч буураад байгаа үнээр хааяа далимдуулан дотоод дахь шатахууныхаа үнээ их, багаар нэмээд түүнийгээ эргээд буулгахгүй байгааг бас анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Хэдийгээр шатахууны дэлхийн зах зээлийн үнэ ханш дунджаар нэг ам.доллар байдаг боловч манайх шиг ядуу эдийн засагтай, амьжиргааны өртөг багатай орон өндөр хөгжилтэй орнууд шиг тийм хэмжээнд үнээ барина гэвэл эдийн засагт олохоосоо гарлага ихтэй шатахуун нэхээд байдаг дөрвөн дугуйтаас ихээхэн хамааралтай байдаг бүх үйлчилгээ, барааны үнэ өсч нөгөө галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн адил юм болно гэцгээж байна.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-18 250)