Биднээс хамаарах, хамаарахгүй хоёулангаас нь шалтгаалж цөлжилт үүсч байна
-Хүрээлэн буй байгаль орчны асуудлаар манайх үндэсний томоохон хэвлэлийн хувьд маш анхааралтай ханддаггыг та анзаардаг байх?
-Ер нь танай эрхлэгч биологийн мэргэжилтэй болоод тэр юм уу, амьтны сэдвээр сонирхол татам хоёр ном хийж байгаль орчны талаар байнга санаа тавьж явдаг нь мэдрэгддэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байгаль орчны асуудал сүүлийн 4-5 жилд идэвхтэй дуугарч бидний үйл ажиллагааны алдаа оноотой талыг илчилж байгааг бид анхааран дүгнэж цэгнэж явдаг. Танай сонин бодлогоороо монгол орны амьтны аймаг, ургамал, газар нутгийн гоо үзэсгэлэнгийн төлөө тууштай байгаад байгаль орчны салбарын өмнөөс талархал илэрхийлж байна. Байгаль орчингүй хөгжил, улс төр, эдийн засаг гэж хаана ч байхгүй. Сэтгүүлч бүрийн санаа зовниулсан асуудал байх ёстой. Байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах хөгжлийн тогтвортой орчныг бий болгоход онц шаардлагатай иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэхэд танайх шиг үндэсний хэмжээний хэвлэлийн гүйцэтгэх үүрэг их юм. Харин дан ганц сөрөг талаас нь, эсвэл хэн нэгний захиалга атгаг санааг тааж уншиж мэдэлгүй өрөөсгөл мэдээлэл цацаж тэнцвэртэй, хариуцлагатай байдлыг алдагдуулахыг бид тэвчихгүй. Ард түмний сонголтоор сонгогдсон парламент ард түмэнтэйгээ нэг ижил бодолтой. Тэрхүү парламентын байгуулсан Засгийн газар нь мөн ижил бодолтой. Сайдуудын удирддаг салбарын ажилтан бүр сайдтайгаа нэг бодолтой. Иргэд өөрсдийн сонгосон УИХ, Засгийн газрын бодлогыг дэмждэг. Түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хянаж чаддаг болсон цагт үсрэнгүй хөгжил, орчны тогтвортой байдал бий болно гэж үздэг.
-Хэн нэгнийг муулах, магтах, сонин хачин болгон дэвэргэх талбар бол яавч байгаль орчны сэдэв биш байх. Ирээдүй хойчоо бодсон ямар үйл хэрэг энэ Засгийн газарт, энэ яаманд өрнөж байгаа тухай үг тань чухал байна?
-Монгол орны байгаль харьцангуй онгон тансаг боловч аливаад өртөмхий эмзэг чанартай. Тийм учир байгаль орчны сэдэв улс төрийн болоод эгэл иргэний уураг тархинд үргэлж хадаастай, мартагдахгүй байх сэдэв мөн. Монгол орны байгаль экологийн тэнцвэрт гарч буй хамгийн сөрөг үзэгдэл бол хуурайшил. Хуурайшлаас үүдэж манай оронд бэлчээрийн хомсдол, усны хомсдол, биологийн төрөл зүйлийн хомсдол гээд аугаа их хомсдлуудыг ойлгож байна. Энэ бүхний туйлын цэг нь цөлжилт. Биднээс үл хамаарах дэлхий нийтийн хүчин зүйл болоод биднээс хамаарсан цөлжилт манай орныг нөмөрч байна. Хуурайшлын үйл явцын шалтгаан, учир холбогдол нь нэг хувь хүнээс үл шалтгаалах асуудал мөн бөгөөд улс төрч төдийгүй иргэн бүрийн хэлэлцэх ёстой нийтлэг сэдэв юм. Газрын шинэтгэл, усны шинэтгэлийн бодлогууд нь энэ хуурайшил гэгч аюулын эсрэг бидний барьж буй үндсэн зэвсэг юм. Энэ бүгдтэй уялдаж байгаль орчны салбарынхан ажиллаж байна. Үүний нэг жишээ Ногоон хэрэм хөтөлбөр. Үүний нэг жишээ нь хур борооны илүүдэл усыг хуримтлуулан Монголын хуурай тал нутгийг бага ч болов усжуулах зорилтууд юм. Энэ бүхний нэг чухал хэсэг нь байгалийн эсрэг гэмт хэрэг, модны хулгайтай тэмцэж буй бидний өнөөдрийн үйл ажиллагаа юм.
-Монгол төрийн бодлогоор Байгаль орчны салбарыг тогтвортой, суурьшилтай, ажиллуулахын тулд Засгийн газрууд дамнуулан ганцааранг нь үлдээсэн үү?
-Надад итгэж энэ том салбарыг удирдах эрхийг олгосон, намайг итгэж дэвшүүлсэн МАХН, томилсон УИХ-ын итгэл, түүнийг дагах хариуцлагыг ухамсарлаж явна. Байгаль орчны ээдрээтэй эгзэгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ салбар хүчтэй дуу хоолойтой, зарим тохиолдолд цөөнх болж ялагдахаас эмээдэггүй байх ёстой. Би ийм бодолтой явдаг.
-Усны бодлогыг шинэчилнэ гэж их ярьсан. Бодлого амьдрал дээр хэр амжилттай бууж ирж байна даа. Оюу толгойн уланд байгаа говийн гүний усыг яагаад тэдэнд өгчихөв. Тэнд дээрээ усгүй. Одоо гүн дэх нөөцийг нь барж орхино доо?
-Усны багц хуулийг шинэчлэн баталж усны мэргэжлийн байгууллага, агентлагийг байгууллаа. Энэ бас том эхлэл. Усны гэж нэртэй болгоны хамтран ажиллах тэдний ухаан бодлыг уралдуулах нэгдсэн талбар болж байна. Үүний араас гадаргын усны нөөцийг иж бүрэн ашиглах зоригтой санаанууд бидэнд бий. Одоогийн Ерөнхийлөгчийн удирдаж байсан Засгийн газрын үед батлагдсан Усны шинэтгэл-21 үндсэн чиглэл нь гадаад дотоодын олон ажил хэрэгч хүмүүс, эрдэмтдийн анхаарлыг татаж байгаад бид баяртай байгаа. Зарим нэг нь бодит ажил хэрэг болж эхэлж байна. Оюу толгойн ордыг хангах усны нөөцийн асуудлыг хөндөж та асуулаа. Бид Айвенхоу Майнз ч юм уу, Монгол улсын хэн нэгэн иргэнтэй бүгдтэй нь л Монгол улсын хуулийн дагуу ажиллах ёстой. Оюу толгойн тохиолдолд тэнд үйл ажиллагаа явуулж буй компани өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, гүний усны тодорхой нөөц байгааг тогтоосон тухай тайлангаа бидэнд ирүүлсэн. Уг тайланг мэргэжлийн хүмүүс нь шалгаж танилцаад хангалттай хэмжээний судалгаа болжээ гэдгийг дүгнэж нөөцийг баталсан. Түүнээс биш тэр газар доорхи усыг тэр чигээр нь уг компанид өгсөн юм биш. Оюу толгойн техник эдийн засгийн үндэслэл боловсрогдож дуусаагүй, ямар хэмжээний аж ахуй босох нь тодорхойгүй байна. Тийм учир Байгаль орчны яамнаас тэд, өдий хэмжээний ус ашиглана гэсэн дүгнэлтийг гаргаагүй байгаа. Хэн нэгэн этгээд өөрийн хүч хөрөнгөөр ус болон байгалийн бусад баялгийг нөөцийн хайгуул судалгааг хийхэд монгол төрийн зүгээс хааж боогоод байх хэрэггүй. Харин ямар технологиор яаж ашиглах вэ гэдэгт нь хяналт тавьж зохицуулдаг байх ёстой.
-Ногоон хэрэм-ийн үр дүн аль вэ. Яармагийн замаар явдаг олон хүн хэдэн хатсан бургасыг зааж танай яамыг тавалцгаадаг?
-Ногоон хэрэм хөтөлбөр бол чухал үзэл санаа төдийгүй том үйл хэрэг. Үр дүн онц сайн. Яармагт ч юмуу, Лүн суманд ч юмуу хэн нэгэн бүтэлгүй нөхрийн тариад хатаачихсан модыг хараад шүүмжлээд тавалцгаах нь инээдтэй. Өөрсдөө ичих хэрэгтэй. Тарьдаг хүнтэй нь биш тайрдаг хүнтэй нь ноцолдох хэрэгтэй. Говь цөлийг ургамалжуулсан Австрали, Израйлын туршлага биш юм гэхэд хаяанд байгаа Эрээний Ногоон төглүүдийг хар, Ховдод 100 жилийн өмнө суулгасан улиасуудыг хар, өөрсдийн хашаа талбай зусланд ургуулсан мод ургамлыг нь хар л даа. Бидний тарьсан 100 модны 30 нь ургавал том амжилт. Жил жилийн хавар, намрын бут нийлээд их л удалгүй ногоон төгөл үүснэ. Мод ургамал тарьж буй хүнийг шүүмжлээд юу хийх гэсэн юм бэ. Ногоон хэрэм хөтөлбөрөөр дамжуулж урсгаж угааж байгаа мөнгө нь хаа байгаа юм бэ. Хардаж сэрдэж боож үхчих гээд байгаа юм бол шалгуулсан ч болно. Нөгөө талаасаа бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан энэ ажлыг хийж байна. Хашаа яаж барих, яаж тарьц суулгацыг сонгоход улам бүр дадлагажиж байна. Иргэд ялангуяа гадаад, дотоодын пүүс компаниуд, хөрөнгө оруулагчид үүнийг дэмжиж байна. Энэ бол том амжилт. Бидний говьд нэг хаврын дотор ургуулсан 100 мянган модыг харалгүй, хэн нэгний бүтэлгүй тарьсан хэдэн модоор гоочлоод байгаа хүн өөрөө хэн болох нь илэрхий шүү дээ. Бид Ногоон хэрэм хөтөлбөрийг улам бүр өргөтгөж эрч хүчтэй ажиллах болно.
-Барсболдын буянаар модны үнэ өслөө гээд хулгайн модчид туйлын баяртай явна. Таньд өөрийн биеэр ирцгээж баяр хүргэв үү?
-Модны үнэ цаашид ч өсөх ёстой. Монгол хүн ахуй амьдрал үйлдвэрлэлдээ мод гэсэн ховор үнэтэй эрдэнийг хэрэглэхгүйгээр амьдарч сурах ёстой. Модны хулгайг нийтээрээ хамтран таслан зогсоох ёстой. Мод тарихыг хүн бүр дэмжих ёстой.
-Таныг эрх барьж буй энэ олон жилийн дотор монгол орны дархан цаазат гэх мэт хамгаалалтанд авсан газар нутаг хэр зэрэг нэмэгдсэн бэ. Эсвэл хасагдсан уу?
-Монгол улсын газар нутгийн 15 хувь нь улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд байгаа болно. Тусгай хамгаалалттай газар нутагт 2000 оноос хойш Тужийн нарс, Мянган угалзатын нуруу, Хөвсгөлийн Улаан тайга, Алтан-Овоо, Шилийн богд, Хөгнө хаан уул, Элсэн тасархай гээд олон газрыг нэмж авлаа. Харин нэг ч га талбай хасагдаагүй.
-Гадуур улс амьтан ярилцах нь Монголын ихэнх нутаг ашигт малтмалын хайгуулын лицензийн талбар болсон гэлцэх юм. Удахгүй энэ нутаг орон ухсан талбайгаар дүүрэх бололтой?
-Уул уурхайн салбар хэцүү салбар. Өндөр хөрөнгө оруулалт шаарддаг эрсдэл ихтэй салбар. Ялангуяа өөрийн техник, технологигүй нэг нь өөр хүний техник хэрэгслийг өндөр үнээр түрээсэлдэг бол аж ахуйн нэгжүүд энэ бизнест шатах магадлал их. Энэ тохиолдолд тэд нөхөн сэргээлт, байгаль хамгаалах талаар бодох сөхөө байдаггүй. Нөгөө талаас тодорхой хэмжээгээр улс оронд капитал бүрдүүлж байгааг үгүйсгэх аргагүй. Байгаль орчны яам байгаль хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлт зайлшгүй биелүүлдэг байх талаар баримтлах бодлогыг улам чангатгах болно. Энэ жилээс эхлэн маш тодорхой арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөсөн байгаа. Орон нутгаа сэглүүлж арга ядарсан иргэдийг зохион байгуулж хуулийн дагуух тэмцэлд хөтлөх иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой өнөөдөр сонсогдож байгааг бид анхааралтай сонсч хамтран ажиллах болно.
-Аль ч үеийн Засгийн газрын дэмжлэг авдаг уул уурхайн салбартай болчихсон энэ оронд хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал яагаад дорвитой сонсогдохгүй байна ?
-Алт ухаад байгаль сэглээд яваа нь тийм олон гэж үү. Бид биш юм гэхэд хожим тэр нөхөд хатуу гэсгээл хүртэх биз. Угаас байгалийн баялгаа боловсруулалгүй түүхий эдээр нь экспортолж хөгждөг орон гэж байдаггүй. Монгол улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал ийм болхи наймаанд хүргэж байна. Уул уурхайн салбарын муу муухай ганц бид биш нийтээрээ иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийнхэн хамтарч тэмцвэл амжилт олох болно. Газрын баялгийг бодлогогүйгээр түүхийгээр экспортлох нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхтэй адил. Энэ бол ухаалаг Засгийн газрын дэмждэг бодлого биш. Монголын Засгийн газар ядуурлыг шууд бууруулах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг дэмждэг. Энэ орны байгаль орчны даац, уламжлал, зан заншлыг хүндэлдэг бодлогыг барих ёстой. Уул уурхай муу муухай гээд сүр бадруулан мэдэгдэл хийх нь нэг их чухал биш. Байгальд ээлтэй техник технологийг дэмжиж, хууль зөрчиж буй үйлдлийг хамтран зогсоох талаар бүх салбарууд хамтран ажиллах ёстой. Хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал олигтой сонсогдохгүй байна гэдэг нь аль өнцгөөс харж буйгаас хамаарна. Газрын хөрсөнд өч төчнөөн сая төгрөгөө бензин тос болгон шатаачихаад алт олоогүй аж ахуйн нэгж, тэнд ажиллаж буй уурхайчдыг харахад хүнд хэцүү байх нь тодорхой. Өмнөд хөршийн эрэлт хэрэгцээнээс хамааран уул уурхайн салбарын оргил үе өнөөдөр явагдаж байна. Дэлхий дахинд хэдхэн жил өнгөрөхөд нүүрс, зэс, алт үнэгүй болж эхэлнэ. Өмнөд хөрш эдгээр түүхий эдээс хамаарахгүй байх аргаа олоод явчихна. Энэ тохиолдолд монголын нийлбэр ашиг их байх тал дээр хамтран ажиллах ёстой. Ядаж нэг монгол хүн хөрөнгөжиж бэлжээд байгаль орчноо сэргээж, ажлын байр бий болговол аштай юу. Бүхний эсрэг байна гэдэг мухардал гэсэн үг. Өөрийгөө ч эсэргүүцэж байгаа хэрэг. Эцэст нь дуулгахад уул уурхайн үйлдвэрүүдэд Байгаль орчны сайдын нэрэмжит үзлэгийг саяхан хийж дуусгалаа. Удахгүй дүнг зарлана.
-Бурхан багшийн сэрэг дүр амилж нийслэлчүүдийн нүд хужирлах үзмэр нэгээр нэмэгдлээ. Соёл урлагийн байгууламжийг босгоход та ихэд зүтгэсний учир юу вэ?
-Бурхан багшийн сэрэг дүр, цэцэрлэгт хүрээлэнг байгуулахдаа буян арвижих, сайн үйл дэлгэрүүлэх зорилгоор зүтгэсэн. Монгол хүний ахуй амьдралд, хүн хүнээ хайрлахад, байгаль дэлхийг хамгаалах, эв найртай байх талаар бурхан багшийн сургаалаас илүүг олоход бэрх. Монгол хүн бүрийн хувь заяаг бодож, монгол түмэн сайн сайхан амьдраасай гэсэндээ монгол хүн бүр очих Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээн босголцсон.
-Богд уулын дархан цаазат газраас зөвшөөрөл, газар олголттой холбогдсон хэл ам таны сонорт хүрээ байлгүй. Ялангуяа Зайсан толгойн цаагуур хашаажуулсан орчин ямар учиртай хэний хүүгийн мэдлийн нутаг болчихоо вэ?
-Богдхан уулын дархан цаазат газар нийт талбай нь 41 мянга 651 га. Үүнээс хуулиар зөвшөөрсөн ашиглаж болох хязгаарлалтын бүсийн нийт талбай нь 17 мянга 300 га. Энэ хэмжээний 20 хувиас хэтрүүлэлгүйгээр ашиглалт явуулж болохыг монголын голлох томоохон эрдэмтдийн судалгааны дүн харуулсан. Өнөөдрийн байдлаар ашиглах боломжит талбайн 0,9 хувьд л иргэн, аж ахуйн нэгж байгуулага үйл ажиллагаа явуулж байна. Бид 2000 оноос хойш Зайсангийн аманд болж байгаа үйл явдлыг ажиглан тэнд өмнө нь байсан болон хууль бусаар иргэд, аж ахуйн нэгжүүд өдөр өдрөөр, сөөм сөөмөөр хулгайгаар газар тэлж үзэмж муу, бохирдол ихтэй барилга байгууламжийг барьсаар байсан. Хууль хяналтын байгууллагад олон удаа мэдэгдээд нэмэр болдоггүй. Энэ байдлыг үндэслээд Ар Зайсангийн амны байршлыг тооцож энэ амыг хөгжүүлэх төлөвлөгөөг гурван яамны сайд хамтран баталсан. Энэ дагуу л газар олгогдож байгаа. Хуулиараа тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигч нь монгол хүн байдаг. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалттай ямар тохижолттой төсөл хэрэгжүүлэх гэж байгааг харгалзан үздэг. Амласнаа зөрчвөл үйл ажиллагааг зогсоох, газрыг нь хураан авах эрх төрд бий.
-Тарвага агнахыг хорьсон. Энэ жил түрүүчийн үр дүн харагдав уу. Ямар ч байсан боодогны үнэ тэнгэрт хадаж олдоц муутай дуулдах юм. Дуусчихсан хойно нь хориг тавьсан юм биш биз дээ?
-Ингэж байгалийн нөөц рүү зэрлэгээр уулгалан довтолж дээр нь ган зудын дэс дараалсан гамшиг нэмэгдэж нэрвэхийг тааж мэдэхэд хэцүү. Хоцорч шийдвэр гаргасан уу, үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулна. Бид цаашид ч биологийн аливаа төрөл зүйл устаж цөөрөх аюулын эсрэг тууштай тэмцсээр байх болно.
-Та өөрөө анд хэр вэ?
-Би бурхан багшийн сургаалийг а, б-гүй сүсэглэн дагахгүй ч зөрчихгүй байхыг хичээдэг.
-Хүрээлэн буй орчны дулаарал дэлхийн цаг уурын төлөвийн талаар гэрэл гэгээтэй сураг юу байх юм бэ. Удахгүй хойд мөсөн далай хүртэл хайлах нь гэж түгшээх боллоо?
-Дэлхийн дулаарлын эсрэг, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийт хамтран тэмцэж байгаад монгол улс идэвхтэй байр суурь эзэлдэг. Өндөр хөгжилтэй орнуудад бохирдлын ялгарлаа багасгах гэж хичээн зүтгэж байна. Ойрын хорин жилд дэлхий маань эргээд хөрч эрүүлжих байлгүй дээ.
-Сэлэнгэ мөрөн зэрэг томоохон гол мөрний усыг ашиглаж говийг усжуулах тухай яриа бий. Бүтдэгсэн бол сайхан санаа.
-Бүтэх болноо.
-Ирэх жилийг Байгаль орчны яам байгаль орчны хувьд юуны жил болгох вэ?
-Бид өнгөрсөн жилүүдэд ямар асуудал дээр анхаарал хандуулахаа зарласан. Одоо түүнийгээ хэрэгжүүлэх жилүүд биднийг хүлээж байна.
-Агаарын бохирдлын тухай яриа жил бүрийн өдийгөөс эхлэн хавар болтол өрнөдөг. Удахгүй энэ сэдвээр хэвлэлүүд ээлжит нэвтрүүлгээ эхлэх биз.
-Агаарын бохирдлын асуудлаар манай яамны баримталдаг бодлого тодорхой. Улс орны эдийн засгийн даац, ард түмний ахуй амьдрал, амьжиргааны түвшинг тооцох ёстой. Хий хоосон яриа мөрөөдөл болсон амлалтуудыг бид өгдөггүй. Эрхзүйн орчныг шинэчилнэ. Энэ жил бид улс орны хэмжээнд агаарын бохирдлын асуудлаар нэгдсэн зөвшилцөлд хүрэх ажлыг зохион байгуулна. Энэ нь боломжтой боломжгүйг хаана хаанаа ялгах цаг болсон. Энэ зөвшилцөлд нийгмийн бүх төлөөлөл оролцох ёстой.
-Улаанбаатарт барилга олноор сүндэрлэх нь сайхан ч мод зүлэг хөлд нь үрэгдэж дууслаа. Нийслэлийн удирдлагатай хамаатай асуудал боловч энэ тал дээр танай яам яах ёстой вэ?. Мод цэцэрлэггүй шороо манарсан ийм нийслэл гадаадад аль хэр олон тааралдах юм бэ?
-Улаанбаатар хот бол улсын нийслэл. Тийм учраас болоод уу тэнд ажилладаг албан хаагчид жаахан эрдүү байх шиг санагддаг. Хот төлөвлөлт, байгаль орчин газар ашиглалт энэ тэрийг салбарын яамдаас асуулгүйгээр шийдэх үзэгдэл хавтгайрсан байна. УИХ, Засгийн газар энэ асуудлыг онцгой анхааралдаа авах ёстой. Тарьсан мод бутаа устгаж байшин барилга бариулж байгаа нь эмгэнэлт явдал. Харин ийм байх эсэхэд Улаанбаатарчууд, оршин суугчид дуу хоолойгоо гаргах ёстой. Монголчууд энэ цаг үед хотжилтын их давалгаа, уул уурхайн салбарын тэсрэлтийн үйл явцад амьдарч байна. Ийм эрчимтэй үйл явцын дунд байгаль орчны дуу хоолойг олж сонсоход та бүхэнд хэцүү л байх болно. Харин бид бүхий чадлаар та бүхэнд хүргэхийг хичээнэ.
Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2005-10-18 250)