Хувьд очих томоохон байгууламжууд бэлтгэл ажилдаа оржээ
Үүний дагуу Хадгаламжийн банк, Монгол Эрдэнэ улсын үйлдвэрийн газар болон улсын Циркийг хувьчлах шийдвэрийг Төрийн өмчийн хорооноос саяхан гаргаад байна. Эдгээрийг ТӨХ тендерээр хувьчлахаар шийджээ. Харин дараагийн хувьчлагдах газрууд болох клиникийн III эмнэлэг болон том аж ахуйн нэгжүүдийн нэг Говь ХК юу болж байна вэ?
III эмнэлгийг хувьчлахын өмнө орчин үеийн, дэлхийн түвшинд хүрсэн эмнэлэг болгохын тулд хөрөнгө оруулахаар болжээ. Энэ нь манайхан БНХАУ-ын Бээжин, ӨМӨЗО-ны Хөх хот зэрэг гадагшаа их мөнгө зарж явж эмчлүүлдэг байдлыг халах үүднээс тэр олон арван сая ам.долларыг Монголдоо үлдээх зорилгоор эмнэлгээ сайжруулах гэж буй явдал аж. ТӨХ-ны мэдээлснээр III эмнэлгийг ийнхүү сайжруулахад 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж. Хувьчлалаар авах хүмүүс ч энэхүү хөрөнгө оруулалтыг хийж болох аж.
Говь ХК-ийн хувьд одоогоор хувьчлагдах тухай яриа арай эрт байгаа ч бэлтгэлийг аажуухан хангаж эхэллээ. Өнөөдрийн байдлаар сүүлийн дөрвөн жил алдагдалтай явж ирсэн тус үйлдвэр энэ оны эхний есөн сард 850 сая гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Ямартай ч энэ хугацаанд шагнал урамшууллын бараа хараагүй ирсэн 1300 гаруй ажилчин нь энэ оны хоёр, гуравдугаар улиралд нийтдээ 190 сая төгрөг хүртжээ. Энэ нь үйлдвэр ашигтай ажиллаж эхэлсний жишээ аж. Ингэснээр тус үйлдвэр хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа хуваарилах боломжтой болж олон жил үргэлжилсэн санхүүгийн хямралаасаа гарч эхэллээ.
Б.БИЛГҮҮН
(өдрийн сонин 2005-10-18 250)