Ч.ЧИМИДЦЭРЭН Нийгмийн хөгжилд саад тушаа болсон намыг устгах л хэрэгтэй
Үүнтэй холбогдуулан ЭМЯ, Сангийн яамнаас дээрх мэдээллийг няцаасан мэдэгдлийг шил дараалан гаргаж МАХН-ын зарим залуус эсэргүүцсэн ярилцлага өгсөн. Гэвч нөхцөл байдал яагаад иймд хүрэв? Энэ талаар бид намаасаа гарсан гэх залуучуудын нэг Ч.Чимидцэрэнтэй уулзаж тодрууллаа.
-Та бүхэн яагаад намаасаа гарав? Бас нийслэлийн намын хороондоо шаардлага тавьсан гэсэн үнэн үү?
-Бидний 11 залуу намаасаа гарах болсон шалтгааныхаа тухай хотын намын хороондоо мэдэгдэл өгсөн юм. Түүнээс биш зарим хүний бидний өмнөөс хэлж ярьж, шар, бор хэвлэлээр нийтлээд байгаа шиг шаардлага биш юм шүү. Намаасаа гарч буй хүмүүс юу гэж шаардлага тавих вэ дээ. Мэдэгдэлдээ, бид намаасаа яагаад гарч байгаагаа дэлгэрэнгүй бичсэн. Энд нэгд, намын үзэл баримтлал, удирдлагын хүрээн дэх хариуцлага, хамтын хариуцлагын тогтолцоо, эрх чөлөөт, ардчилсан нийгэмд баримталбал зохих ёс суртахууны хэм хэмжээ тус бүр алдагдан тэр нь, улс төр-бизнесийн явцуу бүлэглэлд шилжсэн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр МАХН-аас явуулж буй бодлого, үйл ажиллагааг хангалттай сайн мэтээр сурталчилж олон нийтийг төөрөгдүүлдэг, намын гишүүдийн дотоод ардчиллыг цаг ямагт няцаан дарахыг удаа дараа оролдох болсон зэргийг дурдсан. Энэ бүх шалтгаанаар бид намаасаа сайн дураараа татгалзаж байгаа юм.
-Намын удирдлагын зүгээс Та бүхнийг ерөнхий юм ярьж, намын үйл ажиллагааг дан хараар будаж байгаа гэлцэх юм. Тиймээс намаас гарах үндэслэл болсон шалтгаанууд дээрээ тодорхой жишээ хэлнэ үү?
-Намын гишүүдийн дотоод ардчиллыг цаг ямагт няцаахыг удаа дараа оролдох болсон гэдэг дээр жигүүрийнхнийг дарах гэсэн жишээг хэлж болж байна. Мөн намын дүрэмдээ жигүүр, фракцыг болон намын гишүүдийг намаас гарсан тохиолдолд таван жил хүртэлх хугацаанд түдгэлзүүлээд эргээд авч хэлэлцэнэ гэх мэтээр хүний үзэл бодлыг чөдөрлөж хорьсон нь нам дотоод ардчилалгүй байгааг харуулах биш үү? Наад зах нь бидний жишээн дээр хар л даа. Хэдэн залуу намаасаа гарлаа гэж мэдэгдсэний төлөө өмчлөөд авчихсан юм шиг, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг сандралдан аашилж байгаа. Энд би ЭМЯ-наас гаргасан мэдэгдлийг хэлж байгаа юм. Жирийн нэг намын гишүүн нь үзэл бодлоо илэрхийлж байхад үүний төлөө мэдэгдэл гаргах ямар ч шаардлага алга, үүгээр нам ямархуу түвшинд буйгаа нэг талаар харуулж байна.
-Хоёрхон хүн намаас гарснаа мэдэгдээд бусдыг уриалаад байна гэж байна гэж ярих юм. Та бүхэн хэдүүлээ байгаа вэ? Нэгэнт л нууц бишээс хойш энд ямар ямар хүмүүс байна вэ?
-Сая хэлснээр одоохондоо нууцлахгүй бол дээрээс нь янз бүрийн аргаар дарамтлаад байгаа. Нэрийг нь хэлэлгүйгээр дурдахад ЭМЯ болон Сангийн яамнаас тус бүр хоёр, Хууль зүй, дотоод хэргийн яамны нэг, Ерөнхийлөгчийн Тамгын газраас мөн нэг, Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоо (МАСЗХ)-ны хоёр гишүүн, бусад нь дүүрэг, хотын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа залуучууд бий. Ер нь хоёр ч бай, арав ч бай хамаагүй намаасаа яагаад гарч байгаа нь гол юм. Түүнээс биш Чимидцэрэн гэдэг жирийн нэг гишүүн залуу МАХН-аас гарч байгаа нь сонин биш шүү дээ.
-Өөрөө хэдэн оноос намд элссэн бэ? Хэр идэвхтэй ажиллаж байв? Та бүхэн намаасаа гаралгүй дотроос нь өөрчилж яагаад чадаагүй юм бэ?
-2004 оны гуравдугаар сарын 1-нд буюу намын төрсөн өдөр бидний гучаад залуу намд элсэж байлаа. Намыг дотроос нь өөрчилье гэж. Гэтэл энэ үзэл бодол маань намын үүрийн эхний хурал дээр суугаад сарнисан. Үзэл бодлоо чөлөөтэй хэлж болдоггүй юм билээ. Хэлсний төлөө дараагийн хуралд оруулаагүй. Ийм байхад намыг яаж өөрчлөх вэ дээ. Залуучууддаа, жирийн гишүүндээ намыг шинэчлэх, өөрчлөх боломж өгөхгүй байна шүү дээ. Ийм хоцрогдсон намыг ёстой хорвоогоос арчих хэрэгтэй! Намайг одоо болохоор амбиц хөөж байгаа гэх мэтээр няцааж үгүйсгэх гээд байгаа. Би МАХН-ын гишүүн байсан хүн, мөн Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-д анхнаас нь оролцсон шинэ биш хүн. Гэтэл намайг шинэ нам байгуулж албан тушаалтан болох гэлээ хэмээн хэвлэлээр дайрсан байна лээ.
-Одоо та бүхэн яах гэж байна вэ? Шинэ нам байгуулах гэж байгаа тань үнэн үү, яагаад ингэх болов?
-Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг харах нь ээ амьдрал дээр бодитой сөрөг хүчин алга. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн болон шинэчлэлийг хүсч байгаа залуучууд улс төрийн цоо шинэ сөрөг хүчин болж шинэ нам байгуулах гэж байна. Үүнийг цаг үе шаардаж байна. Түрүүн миний хэлснээр ганц МАХН ч биш, Ардчилсан нам ч тэр манай намын гишүүд хэмээн хүний үзэл бодлыг өмчилж, үзэл бодлоо тулгадаг явцуу, ялзарсан баримтлалаасаа салах цаг болжээ. Бид энэ гажиг тогтолцоог халж чөлөөт гишүүд, дэмжигчидтэй, шударга намын тогтолцоог бий болгохыг зорьж байна. Ингэж байж нийгмийн хөгжлийг зөв замд чиглүүлж, зөв гольдролд оруулна. Одоо намуудад байгаа фракц, жигүүрийг ийм зөв тогтолцоотой улс төрийн хүчин, нам болоосой гэж уриалмаар байна. Шинэчлэгдэж чадахгүй, үүнийг хүсэхгүй байгаа, ингэснээр нийгмийн хөгжилд саад болоод буй намуудыг шууд устгах хэрэгтэй.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-18 250)