Элчингийн хашаанд цагдаагийн ажилтны амийг хөнөөсөн Вьетнам эрийг шүүх хурал болов
Энэ хэрэгт холбогдолтой хүмүүсийн хэргийг шүүх хурлын ажиллагаа өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо. Өнгөрсөн наймдугаар сард шүүх хурал болсон ч мөрдөн байцаалт дутуу байна гэдэг үндэслэлээр буцсанаар ийнхүү шүүх хурал хоёр дахиа болж байгаа билээ. Хуралдааныг тус дүүргийн шүүгч Д.Чулуунхүү даргалж, С.Пүрэвсүрэн, Ж.Сүрэнжав нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн юм.
Вьетнам улсын иргэн Фам Куок Нгыг Ганцхудагийн урьдчилан саатуулах байрнаас авчирснаар шүүх хурал цагаасаа яльгүй хождож эхлэв. Ногоон алаг цамцтай, дунд эргэм насны бие жижигтэй гадны эрийн царай зүс төдийлөн муу биш харагдав. Монголын урьдчилан хорих байрны нөхцөлд эхлээд төдийлөн дасахгүй бие нь эвгүйрхэж байгаа тухай сураг дуулдаж байсан билээ. Фам Куок Нгы нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгч Б.Ариунболдыг зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж амийг нь хөнөөсөн. Гэхдээ энэ хэргийг өөрийнхөө Элчин сайдын яамны хашаан дотор үйлдсэн байдаг. Монгол Улс, БНСВУ хоёр улсын хооронд тогтоосон 50 жилийн ойн арга хэмжээний үеэр энэ явдал болсон нь олны анхаарлыг ихэд татдаг. Чухам тэр өдөр юу болсон талаар шүүгдэгч нарын өөрсдийн яриаг нь хүргэе. Шүүгдэгч БНСВУ-ын иргэн Фам Куок Нгы нь хүн амины хэрэгт сэжиглэгдэж буйгаас гадна 2003 оны тавдугаар сарын 11-нд Нарантуул захын ойролцоох авто засварын газарт иргэн Дамбадаржааг зодсон, 2004 оны долдугаар сарын 1-нд Ниссан террано автомашинаар хүн мөргөөд хэргийн газраас зугтсан гэсэн гурван хэрэгт холбогдолтойгоор шүүгдэж байгаа аж. Фам Куок Нгытэй хамт явсан найз 21 настай Э.Цэнд-Аюуш, талийгаач Б.Ариунболдын найз цагдаагийн ажилтан Ж.Цээсүрэн нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт зодоон цохион үүсгэсэн гэх хэрэгт нь ялын дүгнэлт үйлдсэнээ Улсын яллагч Ё.Сагсай уншиж сонсгов. Шүүх хурлын өмнө Фам Куок Нгыд яллах дүгнэлтийг танилцуулсан бөгөөд орчуулагчын тусламжтайгаар шүүх ажиллагаанд оролцож байв.
Шүүгдэгч Фам Куок Нгы мэдүүлгээ өгөв. Юуны өмнө талийгаач залуугийн ар гэр, ойр дотнын хүмүүст чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж буйгаа хэлье гэв. Тэрээр энэ үгийг дөнгөж хэлж эхлэхтэй зэрэг танхимд сууж байсан нэгэн бүсгүй цурхиртал уйлж эхлэв. Энэ бол түүний эхнэр Вьетнам бүсгүй. Үнэхээр хүний нутагт хоёр хүүхдийн эцэг, ханилсан хань нь шоронгийн хаалга татахдаа хүрсэн нь түүнд ямар олигтой байхав. Бөмбөгөр худалдааны төвийн эсрэг замын хажууд Сарнайх уран сайхны гэрэл зургийн газар ажиллуулдаг энэ эмэгтэйгээс гадна настайвтар эр, залуу хоёр шүүх хуралд ирсэн харагдав. Шүүгдэгч хэрэг гардаг өдрийг Монгол, Вьетнам хоёр улсын хооронд харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын өдөртэй давхацсан талаар цааш нь үргэлжлүүлж ярив. Тиймээс уг өдөр элчин сайдын яамаараа орчихоод буцах замдаа ажил төрөл ярих санаатай найзтайгаа уулзсан. Космос бааранд сууж байсан найз Э.Цэнд-Аюуш болон бусад хэд маань нь байн байн О-ын өрөө яваад хүмүүстэй шөргөөцөлдөөд байх шиг надад санагдсан. Би ямар нэгэн хэл ам гаргах дургүй учраас бид хэд удалгүй гарч явсан. Зам гарч явтал нэг маань Зугатаарай, Монгол хүмүүс зодох гээд байна гэж хашгирсан. Хамгийн ойрхон нь Элчин сайдын яам харагдсан болохоор тийшээгээ гүйсэн. Замдаа баригдаж, намайг тэд зодсон. Би Намайг битгий зодооч гэж өвдөг сөгдөж байгаад гуйсан. Хажуугаар явж байсан нэгэн эмэгтэй Хөөе, та нар хүн зодохоо болиоч гэхэд тэд Чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд зодоод л байсан. Гар утас нь дуугарах чимээнээр би тэдний гараас мултарч элчингийн хашааны үүдний харуулын байр руу гүйж орсон. Харуул залууг юм хэлж байна чинээ тоолгүй тэд өөрсдийгөө Эрүүгийн цагдаагийн ажилтан байна. Үүнийг цагдаагийн газар аваачна гээд намайг харуулын байрнаас чирч гаргаад дахин зодсон. Энэ чимээнээр Элчингийн нэгдүгээр нарийн бичиг, нэг хүнтэй хамт гарч ирээд хашааны хаалгыг онгойлгох зуур би дотогш гүйж орсон. Мөн нөгөө залуу миний араас гүйж орсон. Бид хоёр айлын хаалганы наана цаана орж би хаалганаас түүнийг гарыг тавиулахын тулд хутгаар хатгасан. Тэр хүний цээж хаалгаар бараг ороод ирэнгүүт би айсандаа хутгалчихсан байх. Гэхдээ ийм үйлдэл хийснээ хожим нь мэдсэн. Хамгаалалтын албаны хүн Саяны хүн газар уначихлаа гэхийг сонсоод би хутгаар түүнийг шархтуулж гэдгээ ойлгосон. Ингээд айсандаа элчингийн хашааг давж зугатаасан. Монголд Улаанбаатар, Замын-Үүд хоёроос өөр мэддэг газар байхгүй учраас хоол, хувцасаа базааж аваад тийшээ зугатсан. Харин Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирээд тэр хүнийг нас барсан гэдгийг дуулсан. Энэ ярьж байгаа бүхэн миний үнэн үг гэж мэдүүлгийнхээ үгийг төгсгөв. Үүний дараа тэрээр Космос бааранд болсон зодоон надад огт хамаагүй байтал улсын яллагч үүнийг нотлох баримт болгожээ. Үүнийг эсэргүүцэж байна. Мөн талийгаач залуу биеэр надаас том, бидний хооронд хүч тэнцүү тэмцэл болоогүй, биеэ хамгаалах үүднээс хүн алахад хүрсэн асуудал хэмээн тэр өдөр болсон явдлын талаар хэргийн үйлдэгч ярив.
Үхсэн хүн ямар босч ирээд үг хэлэх биш. Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан Б.Ариунболдтой хамт явсан цагдаагийн ажилтан Ж.Цээсүрэн мөн тэр өдрийн тухай ярьсан юм. Космос бааранд талийгаач бид хоёр гурван хүний хамт сууж байсан. О-ын өрөө орох зуур хажуу талын ширээнд сууж байсан залуутай шөргөөцөлдөж маргалдсан. Хоёр ч удаа маргалдсаны эцэст гарахдаа Э.Цэнд-Аюуш бид хоёр зодолдсон. Тухайн үед талийгаачийг араас гарч ирснийг мэдээгүй. Ямар ч гэсэн тэр залуу бид хоёр зодолдож цагдаагийн хэсэгт хамтдаа ирсэн. Харин Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод 03 цагийн үед Б.Ариунболд найзыгаа нас барсан гэдгийг сонссон гэв.
Ийнхүү үл шалих маргаанаас үүдсэн хэрүүл эцэстээ хүний аминд хүрснээр дуусчээ. Тусгай харуул хамгаалалттай Элчин сайдын яамны дотор хүн амины хэрэг гарсан явдал урьд өмнө нь тохиолдож байсан нь үгүй билээ.
Шүүх хурал 21 цаг өнгөрч байхад дуусаагүй байлаа. Дугаар шилжих мөчид шүүх хурлын шийдвэр хараахан гарч амжаагүй байна гэсэн мэдээллийг авлаа.
Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 2005-10-18 250)