Орчуулгын номын дээжис хэвлэгдэн гарлаа
Уг төслийн хүрээнд нийт 10 гаруй номыг орчуулж эхлээд байгаа бөгөөд одоогоор
Дэвид Боаз Либертарианизм
Айзек Азимов Эхлэлийн эхлэл
Даниел Ж. Бурстин Америк орон Ардчиллын туршлага
Майкл Фейрбенкс, Стэйс Линдсей Далайг хагалах нь Эдийн засгийн хегжлийн нуугдмал боломжийг ашиглах нь
Самуэл Хантингтон Иргэншил хоорондын мөргөлдөөн, шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам гэсэн эдгээр таван ном уншигчдын гар дээр очиход бэлэн болжээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр дэлхий нийтээр уншиж байгаа зохиол бүтээлийг цаг алдалгүй орчуулан нийтэлж уншигч олон түмэндээ хүргэж байхыг зорьсон юм. Ингэснээр улс орны хөгжлийн чухал асуудлаар нийгэмд өрнөж буй хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулж, нийгмийн сэтгэлгээний цаашдын хөгжилд бас нэгэн түлхэц болно хэмээн найдаж байна.
Нээлттэй Нийгэм Форум эдгээр номыг орчуулах, хянан тохиолдуулах зардлыг санхүүжүүлж байгаа ба харин хэвлэлтийн чанар, стандартад тохирсон тодорхой тооны номыг хэвлэн нийтэлж олны хүртээл болгох ажлыг Монсудар хэвлэлийн газар хариуцан ажиллаж байна. Зарим хувь хүмүүс бидний ажлыг дэмжиж хувь нэмрээ оруулж байгаа ба тухайлбал, Либерал эдийн засгийн сан-гийн тэргүүн, Алтан тариа ХК-ийн захирал П. Цэнгүүн Либертарианизм номын орчуулгыг хянан тохиолдуулсан билээ. Хэвлэгдсэн номыг зах зээлийн үнээр зарж борлуулах бөгөөд борлуулалт нь дараа дараагийн номыг орчуулж хэвлэх сан бүрдүүлэхэд зориулагдах юм.
Монсудар хэвлэлийн газар улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүй зэрэг олон чиглэлээр нийгэм хөгжихүйн гүн ухааныг номлосон сэтгэгчдийн бүтээлээс түүвэрлэн төрөлх хэлнээ орчуулан хэвлэж ирсэн ба Марк Скаузэний Эдийн засгийн ухаан эдүүгээчлэгдсэн замнал, Мильтон Фридман, Рөүз Фридманы Хувь заяагаа сонгох нь, Ф.Бастиагийн Хууль зэрэг орчуулгын номууд нь манай уншигчдын хүртээл болоод байгаа билээ.
Орчуулгын төслийн хүрээнд хэвлэгдэн гарч байгаа номууд нь ашиг олох бус орлогоороо зарлагаа нөхөх тооцоон дээр үндэслэсэн тул уг ажил нь зохион байгуулагч, оролцогчдын зүгээс иргэдийн танин мэдэхүй, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд нэмэр болох оюуны хөрөнгө оруулалт болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Далайг хагалах нь Эдийн засгийн хөгжлийн нуугдмал боломжийг ашиглах нь номын тухай
Өнөөгийн улам эрчимтэй даяарчлагдан буй дэлхийн эдийн засагт Адам Смит, Дэвид Рикардо нарын үеэс уламжлагдан ирсэн үнэмлэхүй болон харьцангуй давуу талдаа түшиглэн өрсөлдөх нь нэгэнт цаг үеэ өнгөрөөжээ. Фэйрбэнкс, Линдсэй нар Өмнөд Америкийн Андын бүсийн орнууд болох Колумб, Венесуэл, Перу, Боливийн жишээн дээр хөгжиж буй орнууд өрсөлдөх давуу талаа бий болгосноор хөгжил, цэцэглэлд хүрч болохыг тайлбарласан юм. Эдгээр улсууд байгалийн баялгийн чамгүй нөөцтэй боловч ард иргэдийнхээ баян, хоосны ялгаагаар дэлхийд тэргүүлэгчдийн тоонд орж байгаа нь өнөөгийн Монгол улсын эдийн засагт ч тусгалаа олжээ.
Харвардын Бизнесиин Сургуулийн профессор Майкл Портерын гаргасан өрсөлдөх чадварын онол өнөөдөр дэлхийн ихэнх бизнесиин сургуулиудын хичээлийн хөтөлбөрт хэдий нь орсон байна. Энэхүү номын зохиогчид өрсөлдөх чадварын онолыг амьдралд хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй өгүүлсэн нь ихээхэн ач холбогдолтой юм.
Хөгжиж буй орны удирдагчид эдийн засгийн хөгжлийн талаар хангалттай мэдлэгтэй болсон ч түүнд хэрхэн хүрэх талаар тун тааруу ойлголттой байна. Тэд макро эдийн засгийн үзүүлэлтүүддээ хэт анхааран, микро буюу пүүсийн түвшингийн асуудлуудыг орхигдуулж байгаа нь өрсөлдөөн улам ширүүсч буй өнөө үед зайлшгүй өөрчлөх шаардлагатай зүйлсийн нэг юм. Энэ номд хөгжиж буй орнуудын пүүс, компаниудын байнга давтан гаргадаг 7 алдааг тайлбарлаж, тэдгээрийг хэрхэн хөгжлийн нуугдмал эх үүсвэр болгон ашиглахыг зөвлөжээ.
Энэ номыг Монголын бизнес эрхлэгч, бизнес сонирхогч хэн бүхэн, төр, засгийн шийдвэр гаргагчид, оюутан залуус шимтэн уншина гэдэгт эргэлзэхгүй байна.
Орчуулагч З.Батболд
Америк орон Ардчиллын туршлага номын тухай товчхон
Ардчилал-ыг зөвхөн улс төрийн сонгодог утгаар нь биш харин алив нэг зүйл байнгын өөрчлөлт, шинэчлэлт, хувьсал хөдөлгөөнд байж өргөн олны, нийтийн хүртээл болохыг хэлдэг юм гэдгийг Даниел Ж. Бурстин 25 жилийн нөр хичээнгүй судалгааны ажилдаа тулгуурлан бичсэн энэхүү номондоо уран сайхны аргаар туйлын сонирхолтойгоор гарган тавьсан байна. Хүн төрөлхтөнд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж энд л анх олдож, нийгэм, улс төр, ёс суртахууны ойлголт бүх хэлбэрээр өөрчлөгдөн, хойшлуулшгүй шийдвэрлэх ёстой шинэ шинэ асуудал ундран, өөрчлөл шинэчлэл нь хараахан байр сууриа олж амжаагүй байхад хуучнаа үгүйсгэн, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл устаж амжаагүй байхад үндэстэн нэгдэн нягтарч алдаж оносон, өрнөл, үйл явдлаар дүүрэн түүхийн шинэ хуудсыг Америкчууд бичжээ. Хуучин тивийнхний суурь судалгааны ажлыг нийтийн хэрэглээ болгож чадсанд л Америк орон хамгийн ардчилсан орон гэгдэх болсон биз. Энд Хуучин тивээс шилжин суурьшигчдын гүйцэтгэсэн үүрэг асар их. Америк руу, Америкчуудын, Америк дотор, Америкаас шилжин нүүх Америк аялал хэзээ ч үл тасарна. Америк бол хэзээ ч төгс болохгүй үргэлжийн бүтээн байгуулалтын талбар юм. Анхны мөргөлчид газардсан тэр цагаас хойш Шинэ Эхлэлийг тавьсан энэ үндэстний хүн ард танил дотно орчин, зэрлэг бүдүүлэг амьдралын байнгын аюул ослын зааг дээр амьдарсаар байна. Америкчуудын оршин байгаа газар бүрт, өдөр бүр, мэдэгдэмгүй, маш хурдан хувьсал өөрчлөлт болж өнгөрсөн, болсоор байна. Энэхүү хувьсал өөрчлөлт Америк орон даяар айл өрхөд, малын фермт, сургууль, дэлгүүр, тариан талбай дээр тэр бүү хэл агаарт чимээгүй болж Шинээр нээгдсэн тивийн оршин суугчид болсон америкчууд цаг хугацаа, орон зай, өнгөрсөн ба ирээдүйгээс үл шалтгаалан хувьсан өөрчлөгдөж Шинэ соёл иргэшлийн агуу дүр төрхийг бүрдүүлсээр байна. Түүнээс хойш хэдэн зуун жил өнгөрсөн хэдий ч шинэ тивийнхэн бүрэн суурьшаагүй хэвээр. Хэзээ нэг цагт суурьших болов уу?
Номын орчуулагч Ч.Ерөөлсүрэн, А.Цогтбаяр
Либертарианизм номын тухай товчхон
АНУ-д либертари үзэл санаа, хөдөлгөөнийг хөгжүүлэн боловсруулах зорилго бүхий ТББ байгууллага болох Като Институтын Гүйцэтгэх Захирал Д.Боазын бичсэн Libertarianism номыг сонгон авч, монгол хэл дээр орчуулан гаргалаа.
Уг номын утга санааг хамгийн товчоор тодорхойлох аваас дараах хэдэн асуудал дээр төвлөрөх ажээ. Үүнд
1. Либератари үзлийн уг сурвалж
2. Хүний эрхийн асуудал
3. Хувь хүнийг дээдлэх үзэл
4. Оюун санааны эрх чөлөө
5. Хууль гэж юу болох тухай
6. Төр давамгайлаагүй нийгмийн тухай
7. Зах зээлийн зүй тогтол
8. Төрийн хор хөнөөл, аюул заналхийллийн тухай.
Энэ ном төрийг үзэх фащист үзэл, ёс заншил ноёрхсон, Азийн дипломат уламжлалтай, коммунист төрийг (пролетарийн диктатур) шүтээнчилж ирсэн, ардчилалд шилжиж буй өнөө үед төрд этатист маягаар хандах хандлагыг шинэ хэлбэрээр төрүүлж буй посткоммунист манай орны хувьд гэгээрүүлэх төдийгүй хувь хүний эрх ашгийн үүднээс хамгийн их ач холбогдолтой ном болно.
Номын орчуулагч Б.Батчулуун
Эхлэлийн эхлэл номын тухай товчхон
Энэхүү номыг бичсэн Айзэк Азимов бол археологи, амьтан судлал, геологи, хими, цөмийн физик, одон орон судлал, сансар судлал болон биологи зэрэг шинжлэх ухааны олон салбарыг хамарч чадах цөөхөн зохиолчдын нэг.
Зөвхөн Айзэк Азимов хоёр нутагтан, уутат амьтан, бактери, дрибонуклейны хүчил, эрчим хүч, гэрэл, од гараг, галактикууд, хөдөө аж ахуй, эртний зэр зэвсэг, бичиг соёл, нисэх хөлөг, хомо сапиенс, хомо абилис, хомо эректус зэрэг өч төчнөөн нэр томъёоны цаад утгыг дурайтал таниулж чадна.
Айзэк Азимов бол шинжлэх ухааны хамгийн нарийн ойлголтуудыг бүх насны уншигчдад хамгийн сонирхолтойгоор ойлгуулж чаддагаараа дэлхий даяар алдаршсан зохиолч юм. Тэрээр Физикийн түүх, Тэсэрч үүссэн орчлон ертөнц, Азимов Галлея сүүлт одыг талбарлаж байна гэх зэрэг 375 ном бичжээ.
Эхлэлийн эхлэл ном нь Орчлон ертөнц үүссэнээс хойшхи 15 тэр бум жилийн асар их цаг хугацаанд хийсэн маш их сонирхолтой, шинжлэх ухаан, танин мэдэхүйн хувьд нэн ач холбогдолтой аялал юм.
Орчлон ертөнц анх хэрхэн үүссэн бэ? Далайд буй болсон амьд бодис яагаад хуурай газарт гарч идээших болов? Сар хэзээ, яаж бий болсон бэ? Хүн төрөлхтний анхны соёл иргэншил хэзээ үүссэн бэ? Ах дүү Райтаас хамаагүй өмнө агаарт хөөрсөн хүн хэн байв? Энэ болоод өчнөөн олон асуултын хариуг та шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолоороо дэлхийд алдаршсан америкиин зохиолч Айзэк Азимовын Эхэлийн эхлэл номоос олох болно.
Энэ бүтээлд анх их тэсрэлтээр үүссэн гараг оддын орчлонгоос эхлээд бичил амьд бодисийн үүслийг хүртэл нарийн бөгөөд маш ойлгомжтойгоор бичжээ. Протон, Нейтрон хоёрын ялгаа, мананцар, одой одны онцлогийн тухай огт дуулаагүй хүн байсан ч энэ номд өгүүлсэн бүхнийг бүрнээ ойлгоно.
Энэ номыг уншсан хэн боловч орчлон ертөнцийг санаандаа багтааж чадна.
Номын орчуулагч X.Мэргэн
/Оллоо.МН/
Ж.Алт