Н.Бүтэнбаяр Дохичихоод эргэхэд аав маань санагддаг
Хүлгийн нуруун дээр өргөж тавин алсын замд мордуулдаг аав гэдэг хүн ямар их үнэтэй билээ. Ингээд Миний аав булангийн анхны зочноор Улсын филармоны уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Бүтэнбаярыг урилаа. Түүний аав төрийн шагналт, ардын жүжигчин Цэгмидийн Намсрайжав гуайн Халуун элгэн нутаг, Баярын жавхаа зэрэг гайхамшигт бүтээлүүд хийгээд
Монголын сонгодог урлаг, ялангуяа симфони найрал хөгжмийг үүсгэхэд оруулсан нөр их хөдөлмөрийг нь үнэлээд баршгүй.
Ч.ЛОДОЙДАМБА ГУАЙ ААВ ХОЁР НЭГ СУУРИН ДЭЭР ЗЭРЭГ. . .
Миний аав энгийн даруухан, шударга, хүн бүртэй эвтэй найртай харьцдаг, ухаалаг сайн зохион байгуулагч байсан. 1927онд Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. Аавыг гурван настай байхад манай буурай эмээ хот руу дагуулж ирээд долоон настайд нь Бөмбөгөр ногоон театрт дагалдан хөгжимчнөөр оруулж байсан байгаа юм. Хуучир, уйгаржин бүрээ заалгаж тоглодог байсан гэсэн. 1951 онд гавъяат жүжигчин цол хүртэж, дараа жил нь Москвагийн их сургуулийн удирдаачийн ангид явсан. Аав сүүлд энэ тухайгаа Гавъяат жүжигчин цолтой хүн оюутан болно гэдэг хэцүү юм билээ. Би энэ цолыг их нуудаг байсан гэж билээ. Ингээд 1957 онд сургуулиа төгсч ирээд Монголд симфони найрал хөгжмийг анх үүсгэн байгуулсан хүний нэг. Харин ямар бүтээлд нь гавъяат гэсэн нэр хүндтэй шагнал хүртээснийг сайн мэддэггүй. Баярын марш гэж симфрни найрал анхны хөгжмийг бичсэн. Одоо бодоход энэ бүтээлд нь л олгосон байх.
Аав гэрт ороод ирэхэд цаанаа нэг нүнжигтэй. Яагаад гэвэл манай аав, ээж хоёр хоёулаа урлагийнх. Тэр бүр гэрийн бараа харна гэж байхгүй.
Бага байхдаа дандаа аавтайгаа хамт байх юмсан гэж боддог байлаа. Аав минь тухайн үед Монголын урлагийг хөгжүүлэхийн төлөө цаг наргүй зүтгэж байж дээ. Аав гэрийн ажилд туслах нь ховор ч хоолыг сайхан хийнэ. Ихэвчлэн хуурга, гурилтай шөл хийнэ. Тэгээд амтархан идэж байгаа нь хүртэл гоё шүү. Би аавыгаа хоол идэхийг нь дуурайж бага багаар иддэг байлаа. Зөвхөн хоол ундандаа ч биш аливаа ажилд нямбай, нарийн дэг жаяг, зохион байгуулалттай. Би долоон настайдаа Хөгжим, бүжгийн дунд сургуулийн хийлийн ангид орсон. Тэгээд зургадугаар ангиасаа эхлэн бүтэн 13 жил Ленинградын хөгжмийн сургуульд сурсан. Энэ хугацаанд аавыгаа их санана.
Оросын цагаан хусан дундуур алхаж явахдаа, хаврын бороо орох, нялх ногоо ургахад их санадаг байсан. Тухайн цагт аавыгаа би их гоёор хайрлаж санадаг байсан. Харин сүүлд оркестрийн 40 жилийн ой болоход аавыгаа элэг эмтрэн санасан. Мөн сонгодог сайхан бүтээлүүд, баярын концерт удирдан тоглуулсны дараа заал руу хараад ёслоход аав минь энд сууж байхгүй яав даа гэж үргэлж бодогддог шүү. Хүн нас ахих тусам эцэг эхээ үгүйлдэг нь үнэн юм байна.
Бага байхад аавынхаа нуруун дээр үүрүүлчихээд явах үнэхээр жаргалтай байж. Манайх зундаа театрынхны Зуун мод гэж зусланд гарна. Аав бид хэдийг дагуулаад мөөг, жимс их түүнэ. Анд их сонирхолтой, өөрөө хоёр, гурван буутай байсан. Ер нь их сайн бууддаг. Тарваганы маханд их дуртай, хаа нэг тарвага агнана, хээр хөдөө явах их дуртай хүн байсан. Анхны нойтон цас орохыг хүлээнэ, гахайнд явах гэж, мөн алдарт зохиолч Лодойдамба гуалтай хамт Соёлын яамны ажлаар хөдөө суманд явж байгаад чоно алж байсан гэж ярьдаг юм. Тухайн сумын иргэд нь манай энд чоно л дийлдэхээ байлаа. Бололцоо байвал та нар чонын аванд мордооч бид хүмүүсээ уриалан үргээлгэнд гаргая гэж гуйсан юм билээ. Тэгээд хоёулаа нэг том чоно алсан гэсэн. Нэг суурин дээрээс зэрэг буудаад унагасан гэж ярьдаг. Тэгэхээр хоёулаа сайн бууддаг байсан байгаа юм.
Намайг хоёрдугаар курст байхад 1973 онд аав бид хэдийг аваад өөрийнхөө төрсөн нутгийг үзүүлсэн. Тэр үед чинь унаа ховор шугамын бааз автобусанд дайгдан явж байлаа. Би даваа даваад цаана нь нуур байдгийг мэдэхгүй. Мацсаар даваан дээр гартал цэлийсэн нуур харагддаг юм. Ёстой нэг амаа ангайсан шүү. Энэ бол аавын минь төрсөн газар Тэрхийн цагаан нуур, Хорго, Хөдөө уулын бэл. Үнэхээр гайхамшигтай гоё байгальтай. Жижигхэн модноос самар авч, дэргэдээс нь жимс, гүзээлзгэнэ түүж идээд. Хэд хоног жаргасан даа. Аав айрганд тааруухан хүн байсан. Багаасаа хот ороод ирсэн болохоор тэр биз. Гэхдээ огт уудаггүй хүнийг бодоход ууна шүү.
Манайхаар төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Ж.Чулуун, гавъяат жүжигчин Базаррагчаа, Мядагбадам, Дашдулам гээд урлагийн алтан үеийн бүх л хүн найз нөхөд байнга ирнэ. Тэд ихэвчлэн хэн хэнийгээ шоолж, онигоо ярьж сайхан хоол хийж идэн наргидаг байсан. Аав гурван хундагаас илүү архи уухгүй. Ойр орчмын хүмүүс нь бүгд мэддэг. Ер нь тэр үеийн урлагийнхан хоорондоо их хамтач нөхөрсөг, сайхан хүмүүс байж дээ гэж бодогддог юм.
Манай аав хүнийг их шоолж явуулдаг хүн байсан. Одоо бүр оркестерийнх нь ахмад хөгжимчид ярьдаг юм. Тухайн хүнд яг таарсан хочийг их бодож боловсруулж байж өгнө. Харин аавыг үеийнхэн нь Бор хулгана гэдэг байсан. Аливаа юмыг их цуглуулж, ухаж төнхөж байдаг болохоор нь тэгэж нэрлэсэн байх. Ер нь өөрөө ч боровтор царайтай. Харин киноны нэртэй уран бүтээлч Лувсан гуайг боорцог Лувсан гэдэг байсан. Аав Лувсан гуайн 50 насны ойд очихдоо том мөнгөн аяган дотор дүүрэн боорцог хийгээд өгч байсан гэдэг. Лувсан гуай аавд ингэж сайн чадуулчихаад өөрийнх нь 50 насны ойд ирэхдээ торонд бор хулгана хийж өгч хариугаа авч байсан түүхтэй.
ӨӨРИЙНХӨӨ БҮТЭЭЛИЙГ XX ЗУУНЫ ШИЛДЭГ ДУУ БОЛНО ГЭДГИЙГ ТӨСӨӨЛӨӨ Ч ҮГҮЙ
Аав хөгжим бичих гэж зовж суудаггүй дандаа толгойдоо л бодож боловсруулна. Халуун элгэн нутаг дууны шүлгийг Ж.Бадраа гуайгаас авчихаад ийм дуу кинонд зориулж бичих ёстой гэж бодож явсаар ерөөсөө 20 минутын дотор бичсэн. Яг бичээд дууссан нь 20 минут боловч тархиндаа их удаан бодож тэндээ бичнэ. Ер нь аавын хөгжмийн зохиолууд тооны хувьд цөөхөн боловч чанарын хувьд маш өндөр. Мөн Говь гурван сайхан симфонио бичиж байхад ээжийн бие муудан зохиолоо хойш тавьсан.
Ээжтэй хамт хөдөө бригадаар явж байхдаа Говь гурван сайханд очин байгалийн тэр симфоныг өөртөө шингээчихсэн юм шиг. Энэ зохиолоо ээжид зориулж бичсэн юм билээ. Гэвч тэр үед ээж минь хорвоог орхиж энэ их уй гашууг туулж өнгөрснөөс хойш буцаад арван хэдээ жилийн дараа зохиолоо үргэлжлүүлэн туурвисан түүхтэй. Энэ симфони байгалийн гоё зураглал, бас тийм хөнгөн гунигийн аязтай байдаг. Манай ээжийг ард түмэн сайн мэднэ. Хийлч Цэрэндолгор гэж гавъяат жүжигчин хүн байсан. Тэгээд их богинохон насалсан даа. 33 насандаа хорт хавдар гэж хүнд өвчнөөр бурхан болсон.
Тэр үед би гадаадад оюутан байсан. Яг гурав дахь удаагаа хагалгаанд орохдоо намайг дуудуулсан. Ингээд би Москвагаас онгоцоор иртэл ээж эмнэлэгт байж байдаг. Миний хүү сайн явж ирэв үү хичээл сурлага нь сайн уу гэж асууж билээ. Одоо бодоход хүүхдээ айлгачихгүй гэж их л хичээсэн байх даа. Аав минь сар гаруй ээжийг сахиад хорчийтлоо турчихсаныг нь хараад үнэхээр эр хүн дотроосоо нурж, бүх л шаналал хөндүүр зовнилоо ганцхан дотогшоо залгилдаг юм байна гэдгийг мэдэрсэн.
Намайг ирээд ерөөсөө хоёрхон хоносны маргааш өглөө ээж бурхан болсон. Хүн бүр л уй гашууд автан уйлж хайлан байхад би тэр дундаас аавыгаа олж харж билээ. Одоо бодоход аав маань хайр харамсал, гомдол цөхрөлөө нуун, нулимсаа залгиж байсан байх.
Тэрээр ийнхүү аавынхаа тухай нулимс цэлэлзүүлэн ярихад өөрийн эрхгүй сэтгэл шархиран хайр эмзэглэлийн солонго зүрхэнд татах шиг болсон сон. Хэсэгтээ л түүнээс юм асууж чадалгүй хий дэмий хулмаганан аав хүн гэж үнэхээр дотроосоо нурж өтөлдөг байхдаа хэмээн бодож билээ. Ингээд бид хэд газар дээр ээжгүй болж аав маань дөрвийн дөрвөн тэрсхэн хүүтэй хань ижилгүй хоцорсон. Аав эцэг хүнийхээ хувьд үнэлж баршгүй гавъяатай хүн. Бид дөрвийг дөрвүүлэнг нь дээд боловсролтой болгосон. Энэ бол хэцүү зүйл. Банди нар ямар ч замаар орж болно. Бидэнд хоолгүй хонох тохиолдол ч байна. Гэвч аав минь энэ бүхний өмнө өвдөг сөхрөөгүй ээ. Том ах Н.Хандагсүрэн гэж гайхалтай гоё зурдаг хүн байгаа. Миний яг доод дүү Н.Лувсанжав гэж хуулийн мэргэжилтэй. Сүүлдээ бүр Хууль зүйн яамны сайд байсан. Одоо УИХ-ын тамгын газрын даргаар ажиллаж байгаа. Бага дүү маань Хонх хамтлагийн дуучин Н.Энхбаяр гэж залуу бий.
Би зун амралтаараа ирээд гэрийнхээ бүх ажлыг хийнэ. Миний дүү Н.Лувсанжав аавын цамцыг угаадаг, хоолыг нь хийдэг. Бид аливаа ажлыг гололгүй хийсэн шиг хийдэг. Энэ бол аавын маань л чанар. Бидэнд хүнд худлаа хэлэх шиг муухай юм байхгүй. Хүнийг дээд зэргээр хүндэтгэж байж эргээд өөрийгөө хүндлүүлдэг юм шүү гэдэг энэ зарчмыг хатуу баримтлуулсан.
Би аавыгаа нэг л удаа их баярлуулсан гэж боддог юм. Чавхдаст хөгжимчдийн анхдугаар уралдаанд ороод хамгийн өндөр оноогоор тэргүүн байр эзлэхэд аав нэг их баярласан юм даа. Ер аав бид бүхний дэргэд уйлж байгаагүй. Аавын нүднээс нулимс гарахыг би хараагүй. Хүүхдүүдийнхээ өмнө тэр өндөр ноён нуруугаа алдчихгүйн тулд их хичээдэг байсан байх. Гэхдээ хүүхдүүдийнхээ дэргэд уйлах шиг муухай юм байхгүй. Зарим хүмүүс согтчихоод гэр орон үр хүүхдийнхээ дэргэд уйлж унжиж байдаг. Би ийм юманд их дургүй. Мэдээж аавд амьдрал дээр уйлах тохиолдол олон гарсан. Сайхан ханиа алдчихаад дөрвөн хүүхэдтэйгээ үлдэнэ гэдэг хэцүү. Гэвч энэ бүхнийг туулаад гарна гэдэг эр хүний хувьд гайхамшигтай. Хань ижилгүй болчихоод архинд орох, үр хүүхдэдээ анхаарал хандуулахгүй байх тохиолдол олон бий шүү дээ.
ААВ МИНЬ ДӨЧИН ХЭДТЭЙ ДҮРЭЭРЭЭ Л САНАГДДАГ
Хүн бүр ааваараа бахархдаг. Энэ бол хууль. Миний хувьд аавын маань хөлс хүч амьдрал ахуй жаргал зовлон бүх зүйл нь холбогдсон улсын филармони аавын нэрзмжит болоход, мөн өөрийнх нь зохиосон дуу XX зууны шилдэг бүтээл болж хөшөө нь босоход ааваараа бахархах баярлах хоёр давхцаж байлаа. Би аавынхаа Баярын жавхаа симфони удиртгалыг дахин давтагдашгүй бүтээл гэж боддог. Өөр ямар ч хөгжмийн зохиолч ийм гайхамшигтай симфони бичээгүй. Халуун элгэн нутаг шиг хөшөөгөө босгуулсан дуу дэлхийд өөр хаа ч байхгүй.
Манай аав бол нэг их тийм нээлттэй хүн байгаагүй. Өөрөө дотроо бүх юмаа боловсруулна. Хүүхдүүддээ янз бүрийн зүйлээ илэн далангүй ярих юм байлгүй яахав. Гэхдээ биднийг яаж сургах вэ, яаж нэг хүний дайтай хүн болгох бэ гэдгийг дотроо л бодож байсан. Цагийг маш их баримталдаг. Хүнтэй уулзах, аливаа нэг ажилд ямар ч нөхцөлд заавал 15 минутийн өмнө ирнэ. Энэ сайхан чанар нь бидэнд өвлөгдөж үлдсэн.
Симфони найрал Монголын сонгодог хөгжмийн байгууллагыг байгуулахад аав дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач гэсэн гурван ажлын зэрэг хийж байсан. Тэтгэвэрт гартлаа Монголын хөгжмийн урлагт 60 шахам жил зүтгэсэн. Би өнөөдөр аавынхаа тэр сайхан алдрыг хамгаалж, энэ сайхан ажлыг нь үргэлжлүүлэн удирдаж яваадаа их бахархдаг.
Аавыг би хүмүүстэй ам зөрж маргалдаж байхыг үзээгүй. Харин уран бүтээл, өөрийнхөө хийсэн зүйлийг хамгаалж Цэдэнбал Филатова гуайтай хүртэл санал зөрж Монголд Бетховены есдүгээр симфоныг бүрэн эхээр нь тоглож байсан. Тэгэхдээ гадаадын мэргэжлийн хүмүүсийг авчран тэднээр Монголд симфони оркестр хөгжжээ гэж хэлүүлэн Филатовагийн амыг хааж байсан гэдэг. Хүнийг хар цагаанаар ялгана гэж байхгүй хөгжимчинтэйгээ хүртэл их дотно. Бие тооно гэдгийг огт мэдэхгүй.
Ер нь өөрийнхөө бүтээлийг XX зууны шилдэг дуу болно гэж төсөөлөө ч үгүй байсан. Зүгээр тухайн үедээ ард түмний хайртай ганц дуу хийлээ л гэж бодсон байх. Цагийн жамаар он цаг улирах тусам аав минь надад дөчин хэдэн настай тэр дүрээрээ л санагддаг. Би аавыгаа хэзээ ч өтөлчихөж гэж бодож байгаагүй. Миний зүрх сэтгэлд аав минь тэр цэл залуугийнхаа дүрээр мөнхөрч үлдэж дээ.
2005.10.18, Өнөөдрийн монгол