Бид Монгол улсынхаа хүн бүрийг холбоожуулахыг хүсэж зорьж ирсэн
Бид энэ удаагийнхаа ярилцлагаа хийхээр Мобиком Корпорацийг зорилоо. Учир нь тус корпораци Монголд анх удаа хэрэглэгчийн лавлах 2222 дугаарын утсыг өнгөрсөн оны 12 сараас ашиглалтанд оруулж байсан бөгөөд саяхнаас төлбөргүй лавлах утсаа шинэчилэн сайжруулж дэлхийн жишигт хүргэсэн сурагтай. Тиймээс ч бизнесийн байгууллагын амжилтын гол үндэс болсон хэрэглэгчийнхээ хүсэл сонирхлыг сонсдог энэхүү шинэ зүйл-ийг сонирхлоо. Үйлчилгээний лавлах 2222 нь Мобикомын утаснаас ямар ч төлбөргүй бөгөөд дэлхийн чинээнд хүрсэн гэх технологи нь заавал оператортой холбогдохгүйгээр мэдээллээ автомат хариулагчаас авах боломжтой төдийгүй нэмэлт мэдээллийг ч хүссэнээрээ авч болох юм байна.
Бид дэлхийн хэмжээний үйлчилгээг хэрэглэгчиддээ байнга хүргэж ажилладаг Мобиком Корпорацийн Борлуулалт Үйлчилгээний Албаны захирал Д.Нарантуяатай уулзлаа. 450,000 гаруй хэрэглэгчдэд үйлчилж байдаг энэ том албыг хариуцдаг хүнтэй уулзсаных уншигч танд хэрэгтэй боловуу гээд цөөнгүй асуултанд хариулт авлаа.
– Мобиком хэрэглэгчээ сонсдог цөөхөн компаний нэг. Тэр олон зуун мянган хэрэглэгчдээс багагүй санал, хүсэлт ирдэг байлгүй. 2222 төлбөргүй утасныхаа ачааллын талаар ярихгүй юу?
– Манай үйлчилгээний цар хүрээ байнга өргөжиж байгаа болохоор бид үйлчлүүлэгч бүртээ хүрч ажиллах үүднээс төлбөргүй лавлах 2222 дугаарын утсыг ашиглалтанд оруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Үйлчилгээний лавлах утасны ачаалал маш өндөр байдаг. Өмнө нь 2222 утсанд өдөрт 6000 гаруй дуудлага орж ирдгээс бид 4000 дуудлагад хариу өгч үйлчилдэг байсан. Сүлжээний хамрах хүрээ өргөжихийн хирээр манай хэрэглэгчдийн тоо болон тэдний хэрэглээ өсч үйлчилгээтэй холбоотой асууж лавлах зүйлс их гардаг. Дэлхийн жишигт хүрсэн техник, технологийг нэвтрүүлснээр 2222 утсанд өдөрт дунджаар 25000 хэрэглэгч хандаж байгаагийн 21500 нь 24 цагийн турш ажилладаг автомат хариулагчтай холбогдож, үлдсэн 4500 гаруй хэрэглэгчдэд манай Дуудлагын Төвийн 2 ээлжийн 27 ажилтан өдөр бүр 08.00 – 22.00 цагийн хооронд үйлчилж байна.
– Дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлж эхэлсэн тухайгаа илүү дэлгэрэнгүй ярихгүй юу? Тэгэхээр амжилтгүй холболт байхгүй боллоо гэж ойлгож болох уу?
– Дуудлагын Төвийн техникийн шинэчлэл хийгдээд 1 сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэхүү шинэчлэл нь үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээллээ автомат хариулагчаас авч, нэмэлт мэдээлэл авах тохиолдолд оператортой холбогдох боломжийг бий болгосон. Автомат хариулагч таны цаг завыг хэмнэж хүсвэл та өөрийн утасны төлбөрийн дүнгээ мэдэх боломжтой юм. Хэрэглэгчдэдээ зөвлөхөд автомат хариулагчийн зааврыг дуустал сонсоод өөрт хэрэгтэй мэдээллийг цааш үргэлжлүүлэн сонгож, дугаараа цуглуулан мэдээллээ аваарай. Операторуудын маань ажлын гүйцэтгэлд шинэ технологийн дэвшил нэлээд чухал үүрэг гүйцэтгэж, бид илүү олон хүнд зэрэг үйлчлэх боломжтой болж шинэчлэгдсэн гэж ойлгож болно.
– Ер нь гадаадын үүрэн телефоны оператор компаниудын дуудлагын төвийн үйл ажиллагаа ямар байдгийг судалж үзсэн үү? Манайхтай хэр дөхдөг вэ?
– Бид дэлхийд алдартай Францийн Алкател компанид үйлдвэрлэсэн Дуудлагын Төвд зориулагдсан тоног төхөөрөмж, программ хангамжийг суурилуулсан. Тоног төхөөрөмж, программ хангамж зэргийг мэргэжлийн өндөр түвшинд НьюКомТех ХХК суурилуулж өгсөн гэдгийг энд дурдмаар байна.
– Өнгөрсөн хугацаанд хэрэглэгчдээс ямар төрлийн лавлагаа санал хүсэлтүүд ихэвчлэн ирдгийг манай уншигчдад сонирхуулахгүй юу?
– Хэрэглэгчид маань манай бүх төрлийн үйлчилгээний талаар лавлагаа авдаг. Ялангуяа шинээр нэвтрүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээллийг ихээр сонирхдог. Мөн өөрийн гар утасны тохиргоо функц, хэрхэн хэрэглэх болон нэмэлт үйлчилгээнүүдийн хэрэглээний талаар бидэнд хандаж заавар, зөвлөгөөг авдаг. Манай компанийн үзүүлж байгаа бүхий л үйлчилгээ шинэ технологид суурилсан байдаг болохоор бид хэрэглэгчдээ энэхүү технологид сургахад түлхүү анхаардаг. Бид хэрэглэгчдийнхээ аливаа санал хүсэлтийг хүлээн авч өөрсдийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, өдөр тутмын ажилдаа тусгаж сайжруулахыг зориж ажилладаг.
– 2222 утсанд хандаж бүхий мэдээлэл авч болдог талаар ярилаа. Ихэнх хүмүүсийн амралтын сезон дуусч намрын их ажлын цаг өрнөж байгаа энэ үед танай үйлчлүүлэгчийн тоо багагүй нэмэгдэж байгаа болов уу?
– Тийм шүү. Энэ намар бид сүлжээний хамрах хүрээгээ хэд хэдэн газраар өргөжүүлж энэ хирээр манай үйлчилгээний хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна. Мөн 9 сараас эхлэн дараа төлбөрт үйлчилгээний шинэ үнийн багцуудыг зах зээлд нэвтрүүлэн хэрэглэгчдэдээ санал болгоод байгаа.
– Та шинэ үнийн багц гэж сая хэллээ. Тэр талаар манай уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу?
– Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох нь өндөр хэрэглээтэй хүмүүст боломжтой байсан. Харин одоо дундаж хэрэглээтэй боловч хүссэнээрээ ярих хүсэлтэй хүмүүст сонголттой болсон. Шинэ үнийн багцыг сонгосноор хэрэглэгчдэд олон давуу талууд бий болсон гэж ойлгож болно. Энэхүү үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл үйлчилгээний үнэ төлбөргүй лавлах 2222 утаснаас, Улаанбаатар хотод Нэг цэгийн үйлчилгээ үзүүлж буй 4 салбарт, хөдөө орон нутагт манай үйлчилгээний салбаруудад хандаж мэдээлэл аваарай.
– Ер нь компаниуд шинэ үйлчилгээ гаргаад олон нийтэд сурталчилж танилцуулахдаа хоорондоо ялгаатай янз бүрийн ажлыг хийдэг юм шиг санагддаг. Харин Мобикомын хувьд хэрэглэгчдэдээ яаж хүргэдэг вэ?
– Бид хэрэглэгчдэдээ хүрч мэдээлэл өгөх үүднээс бүх төрлийн идэвхжүүлэлт, сурталчилгааны сувгийг ашигладаг. Манай компанийн үйлчилгээнд ашигладаг программ хангамжууд мэдээллийн технологид тулгуурласан, бүрэн автоматжсан байдаг нь бидэнд хэрэглэгчээ халамжлах томоохон боломжийг олгодог. Хэрэглэгчийн мэдээллийн бааздаа тулгуурлан тухайн хэрэглэгч нэг бүртээ зориулан телемаркетингийн сувгаар мэдээлэл өгч, байгууллагын хэрэглэгчдэдээ харилцагч хариуцсан менежерүүдээрээ дамжуулан үйлчилгээний мэдээллээ хүргэж ажилладаг. Мөн хэрэглэгчдэд тухайн үйлчилгээний талаарх иж бүрэн мэдээллийг хүргэх үүднээс 30 оюутныг Мэдээллийн ажилтнаар бэлтгэн байнгын ажиллуулж байгаагаас гадна үйлчилгээний лавлах 2222 утасны автомат хариулагчаас бүхий л мэдээллийг авч болно.
– Байгууллагын хэрэглэгчдэд хүрч ажилладаг харилцагчийн менежерүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Ер нь Мобиком цаашид борлуулалтын сувгаа нэмэх тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
– Мобикомын хувьд төдийгүй Монгол орны хувьд хамгийн идэвхтэй, хурдацтай хөгжиж байгаа зах зээл бол байгууллагын зах зээл юм. Бид хэрэглэгчдээ сегментчилэн байгууллагын хэрэглэгчдээ халамжлах, тэдэнд хүрч үйлчлэх зорилгоор харилцагч хариуцсан менежерүүдийг ажиллуулдаг. Байгууллагын зах зээл нь манай үнэ цэнэ бүхий томоохон хэрэглэгчид учраас бид тухайн байгууллагын бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, мэдээллийн технологи, харилцаа холбооны бүхий л хэрэгцээг нэг дороос цогцоор шийдэх боломжийг санал болгож, тэдэнд бусдаас давуу олон төрлийн хөнгөлөлт, урамшууллыг үзүүлдэг.
Манай компанийн борлуулалтын уламжлалт сүлжээ нь Монгол орон даяар байршсан 50 орчим үйлчилгээний салбарууд, 1500 гаруй гэрээт борлуулагчдаас бүрддэг. Үүнээс гадна бид үүрэн холбооны давуу тал, дэд бүтэцдээ тулгуурлан борлуулалтын сувгийг шинээр өргөжүүлэхээр нэлээдгүй ажлыг хийж байгаа. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох mobile commerce-ийн нэгэн шийдэл m-top-up буюу гар утаснаасаа үйлчилгээний хугацаа болон нэгж цэнэглэх үйлчилгээг Улаанбаатар хот болон томоохон аймгийн төвүүдэд нэвтрүүлэн хэрэглэгчдэдээ хүргээд байна. Мөн өнгөрсөн оноос бэлэн бус төлбөр тооцооны e-commerce буюу интернэт худалдааг банкуудтай хамтран хэрэгжүүлсэн. Та интернэтээр манай үйлчилгээнүүдийг худалдан авах боломжтой. Эдгээрээс гадна гар утасны каталогийн захиалгат худалдааг санаачилан ажиллуулж эхлээд байна. Энэ нь та хүссэн үзүүлэлт, дизайн бүхий гар утсаа бидэнд захиалж богино хугацаанд худалдан авах боломжтой болж байгаа юм. Бид цаашдаа ч борлуулалтын сувгаа өргөжүүлж хэрэглэгч бүрт түргэн шуурхай үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.
– Мобикомын үйлчилгээний ажилтнуудад тавигддаг шаардлагыг сонирхмоор байна л даа. Учир нь Монголын хамгийн олон хүнд үйлчилдэг компанид хэрэглэгчдэдээ шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх гээд олон асуудал байдаг байлгүй.
– Аль ч үйлчилгээний байгууллагуудын тавигддаг үндсэн шаардлагуудаас гадна манай бүтээгдэхүүн үйлчилгээ өндөр технологид суурилж байдаг тул хэрэглэгчээ сургах чиглэлээр ажиллах ур чадварыг шаарддаг.
– Та түрүүн Монголд тэр бүр нэвтрээгүй телемаркетингийн талаар ярисан. Энэ талаар нийт уншигчдад маань мэдээлэл өгөхгүй юу?
– Үүрэн телефон холбооны GSM систем нь open interface system буюу бусад төрлийн системүүдтэй уялдан зохицож ажиллах чадвар өндөртэй байдаг. Энэ давуу талаа ашиглаад манайх олон төрлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. Гэхдээ эдгээр бүх үйлчилгээнүүд манай бүх хэрэглэгчдэд хэрэгцээтэй байх албагүй. Чухам хэрэглэгчийн ямар сегментэд, ямар үйлчилгээ хэрэгтэй байгааг телемаркетингийн сувгаараа хэрэглэгчид тайлбарлан өгч санал болгодог. Өөрөөр хэлбэл зөвхөн танд тохирох ашигтай мэдээллийг гар утас руу тань холбогдож харилцан ярилцах, эсвэл гар утсанд тань мессежээр илгээх, таны цахим шуудангаар дамжуулан хүргэх зэрэг телемаркетингийн аргууд хэрэглэгчдэдээ илүү хүрч ажиллах боломжийг бидэнд олгодог.
– Ер нь Мобикомын хэрэглэгч байхын давуу тал гэвэл та юуг хэлэх вэ?
– Хамгийн гол давуу тал бол манай сүлжээний хамрах хүрээ өдөр ирэх бүр тэлж байгаа. Дэлхийн жишгийг харж байхад үүрэн телефон холбооны операторын гол үзүүлэлт нь сүлжээний хамрах хүрээ байдаг. Мобикомын хувьд өнгөрсөн хугацаанд хамгийн түрүүнд аймгийн төвүүдийг үүрэн телефон үйлчилгээгээр хангах зорилт тавьж амжилттай хэрэгжүүлсэн. Үүний дараа томоохон төв суурин газрууд болон уул уурхай, аялал жуучлалын гол гол бүс нутгуудыг холбоожуулах зорилтоо хэрэгжүүлээд явж байна. Бид дараагийн ээлжинд сүлжээгээ төмөр зам болон авто замын дагуу тасралтгүй бий болгохоор ажиллаж байна. Зөвхөн энэ онд 22 сум сууринд сүлжээгээ оруулж өнөөдөр Мобиком Монгол улсын нийслэл, 21 аймаг, 50 гаруй сум суурин газрыг өөрийн сүлжээндээ нэгтгэлээ. Мөн GSM системийн гол давуу тал болох Олон Улсын Роуминг үйлчилгээг манай хэрэглэгчид одоогоор дэлхийн 70 гаруй орны 200 операторын сүлжээнд ашиглах боломжтой. Энд нэг зүйлийг тодруулан хэлэхийг хүсч байна. Бид Монгол улсынхаа хүн бүрийг холбоожуулахыг хүсч зорьж ирсэн. Энэ зорилгод хүрэхэд хэрэглэгч та манай үйлчилгээг сонгож, Монгол орны өнцөг булан бүрт байгаа ах дүү хамаатан, ойр дотны хүмүүстэйгээ холбоотой байхын төлөө бидэнтэй хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хөрөнгө оруулалт хийж, бидний үйл ажиллагааг дэмжиж байдаг хэрэглэгчдэдээ баярлалаа гэж хэлэхийг хүсч байна.
– Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.