Утга зохиолыг мэргэжсэн бус ашиглан сонирхогчдын халдлагаас аврах цаг болсон
Шилдэг бүтээлийн Алтан өд шагналыг хүүрнэл зохиолийн төрлөөр хүртсэн.Замд гарцгаая хүрээ хүүхнүүдээ, УБ 1998он, Буух зурвас УБ 1999он, Монголын уран зохиолийн үнэт зүйлсийн социологи УБ 2004 он, Бурхангүй газар УБ 2004 он, Өнгөт ертөнц 2004 он, Сүхбаатарын Батмөнх, ХХ-р зууны Монгол зохиолчид УБ 2005 он, зэрэг утга зохиол судлал болон яруу найргийн бүтээл хэвлүүлжээ.
-Манай сонины уншигчдад та өөрийгөө товч танилцуулна уу?
-Надад олноос онцгой танилцуулаад байх намтар гавъяа байхгүй.
Жирийн нэгэн гэсэн тодотгол миний өмнө их зохидог юм. Тэгэхлээр жирийн нэг өдөр хоногууд дунд жирийн нэг амьдарч яваа жирийн нэгэн. Гэхдээ онгирч байгаа юм биш, жирийн бус зохиол бичих гэж жил саруудыг хороож суудагдаа. Янз нь би нэг тийм солиотой нөхрийн шүлэг шиг юм хариулаад байна даа?
– Та сая яриандаа жирийн бус зохиол гэж хэллээ.Чухам таны бодлоор ямар зохиолыг жирийн бус гэсэн хүрээнд хамааруулж үзэх вэ?
– Жирийн бус гэдэг нь миний тодорхойлолт гэх юмуу даа? Арай өөр түвшний сэтгэж уншдаг хүмүүст зориулагдаж бичигдсэн зохиолыг энэ төрөлд хамааруулж болно. Жирийн бус чанар нь гайхамшигтай орооцолдсон үйл явдалд бус жирийн бус сэтгэлгээнд нь оршиж байх ёстой юм.Тийм зохиол мэдээж цөөхөн байдаг.Манай өнгөрсөн үеийн утга зохиолд харамсалтай нь тийм зохиол даанч цөөхөн гарсан юм. Огт гараагүй гэж хэлвэл ёстой нүгэл болно.Бүгдийг хараар үгүйсгэдэг цаг өнгөрсөн. Манай 90-ээд оныхон гэгддэг залуучууд ч гэсэн морь, уул, цэцэг, нэг тиймэрхүү нүдтэй бүсгүй тухай бичсээр түүнийгээ яруу найраг гэж бодсоор байгааг яалтай билээ.Їнэндээ утга зохиолыг мэргэжсэн бус ашиглан сонирхогчдын халдлагаас аврах цаг болсон. Дууны үг бичдэг шоуны шүлэгчид эвлэлдэн нэгдэж холбоо эвсэл байгуулж болж байгаа юм чинь утга зохиолыг ашиг харж сонирхогчдоос хамгаалах нийгэмлэг байгуулж болохгүй гэх газаргүй.
– Манай өнөөгийн утга зохиолд тийм нийгэмлэг байгуулахаар ноцтой шалтгаан байна гэж үзэж байна уу?
-Ноцтой шалтгаан бодитой оршиж байна. Утга зохиолын нэг дээд сургуульд оюутнууддаа микрофон яаж барих, ямар байдлаар, ямар дуу хоолойгоор шүлгээ тайзан дээрээс яаж унших тухай зааж байгаа тухай сонин дээр бичсэн байна л ээ. Болор цомын тэргүүн шүлэгч бэлтгэдэг сургууль юм уу хаашаа юм бэ? Зарим хүмүүс шүлгийг зөвхөн тайзнаас уншдаг гэж ойлгодог болсон нь нууц биш. Їсээн ургуулж, дээл хөөргөлж бүслээд нүд амаа эргэлдүүлж шүлэг биш өдрийн тэмдэглэлэрхүү юм уншаад маргааш нь өөрийгөө сонгодгийн тоонд оруулчихдаг нөхдүүдээс яруу найрагч М.Цэдэндорж гуайн хэлснээр *Яруу найргаа яаж аваръя даа?* гэж бодох болсон шүү. Учиргүй олон болдог яруу найргын аль нэг тэмцээнээс шагнал авчихаад үеийнхэн, оюутан охидууд, хөвгүүд арай нааштай харахаар хамраа сөхчихсөн нүд хөмсөгний шүлэгчид одоо болтол дан ганц байгалийн авьяасаар ХХ1-р зуунд яруу найраг бүтээх ямарч боломжгүй гэдгийг ухаарахгүй байгаа юм.Тэгэхлээр оюутны ширээний ард шүлэг бичиж суугаа хэн нэгэн та өөрийгөө авьяастай гэдгээ мэдэрсэн бол утга зохиолын мэргэшсэн боловсролын төлөө ухас хийхэд гэмгүй шүү?
– Та бид хоёрын яриа аяндаа өнөөгийн оюутнуудын тухай ярианд шилжчих шиг боллоо. Олон багш нарын ярианаас оюутнууд ном бага уншиж байгаа тухай сонсож байлаа.Энэ талаарх таны бодол?
– Ёстой нөгөө загатнасан газар маажив гээч боллоо. Аливаа юм бүхэнд төгсгөл буй нь гарцаагүй. Учир нь эхлэл гэж байгаа юм . Тэгэхлээр яруу найраг мэтийн илүү дээд түвшний сонгомол урлагууд хүн төрөлхтөний оюуны хэрэглээнээс гарахыг үгүйсгэх аргагүй. Тэр цаг тийм ч холгүй байж болох юм. Харин ном унших гэдэг оюуны хэрэглээ. Өмнөхийг бодвол багассан нь мэдээж. Мэдээллийн технологи өндөр хөгжих тусам мөн илүү их техникжих тусам хүн ном уншихаас зурагт үзэж суухыг чухалчилж байгаа юм. Интернэтээс утга зохиолын тухай, зохиолын тухай хэдэн өгүүлбэр олж уншчихаад жинхэнэ эх зохиолыг уншиж түүний үнэр амтыг мэдрэх гэдэг давтагдашгүй мэдрэмжийг гээж байна.Оюутнууд ном уншихаа больсон гэдэг чинь ном уншиж, боловсрохоос өөр чухал зүйлд анхаарлаа хандуулаад байгаад оршдог биз. Дээхэн үеийн оюутнууд ном эрдэм сураад, тариа ногоо хураагаад гээд дуулдаг байсан бол өнөө үеийн оюутнууд амралт зугаалгаар явсан, амраг хайрттайгаа учирсан гэж дуулах болжээ. Зугаа цэнгэлд зарцуулах цагаа гол зүйлдээ зориулаасай гэж зарим үед бодогддогийг нуух юун. Тэгээд ч хамгийн олон ном уншсан гэхээсээ хамгийн олон шоунд оролцсон, ном үзэж нүд тайлагдсан гэхээсээ нүүр хагарч заль суусан нь оны шилдэг оюутан мэтээр шалгардаг нь нууц биш шүү дээ? Мэргэжлийнхээ хэдхэн номоор мэдлэг боловсролоо хязгаарлаж явцуухан сэтгэдэг өнөөгийн зарим багш нар мэргэжлээсээ цааш харж сэтгэх билгийн нүдийг нь гараараа таглаад олон сайхан оюун ухааныг үгүй хийж байгаа нь ч нууц биш. Яруу сайхан хийгээд гоо сайхны ямар ч мэдрэмжгүй металлжисан ирээдүй биднийг тосож байна гэхээс ар нуруу арзайх юм даа.
– Та сая сонгомол урлагууд үгүй болж болох тухай ярилаа. Тэгэхээр ямар урлаг үлдэж хоцрох вэ?
-Би ямар зөнч мэргэн хүн биш. Яг тийм урлаг үлдэнэ гэж хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тодорхой мэдэгдэж байгаагаар бол сэтгэж ухааруулах урлаг бага багаар цэнгүүлж зугаацуулах урлагт байр тавьж өгч байна. Нүцгэн бүжиглэдэг хэн ч юм бэ? нэг хүүхэн, нэртэй зохиолчдоос маань баян амьдарч байгаа нь ёстой Монгол маягийн гайхамшиг юм даа! Өөр юу гэж ч хэлэх вэ. Шоу урлаг цэцэглэх хирээр сонгодог урлаг шоовдорлогддог бололтой. Шоовдорлогдох гэснээс зарим үед би их харамсдаг юм. Учир нь хархад андашгүй, цэвэр байгалиас заяагдсан яруу найргын авьяас билэгтэй хөвгүүд ямар ч авьяасгүй эдийн засаг, математик, хууль эрх зүйг сонгож зах зээлд түргэн мөнгө олж хөрөнгөжихийн төлөөх тэмцэлд ханцуй шамлан байна.Тэдний буруу гэж юу байхав дээ. Гол нь өнөөдөр оюун ухаан хэмээх үнэт зүйлийг үнэлэх үнэлэмж нь яг нарийндаа үүд сахиж жижүүр хийхээс дор байна. Оюун ухааныг үнэлэхээ болих цагт хүч тамир сэргэдэг гэж хэн ч билээ хэлсэн санагдана.Захын улсын цолтой бөхөд сум орны нутгийн зөвлөл нь машин бэлгэлэдэг чинь тод жишээ биз дээ6
– Утга зохиол урлагыг хөгжүүлэхэд заавал ямар нэгэн бодлого хэрэгтэй гэж үү. Өөрийнхөө хөгжлийн голдирлоор явах учиртай юм бишүү?
-1990-д оны эхэн дунд үед бид яг ингэж бодож байсан юм. Гэтэл цаг хугацаа алдаснаас биш ямар ч үр дүнд хүрээгүй. Харин ч утга зохиолоо гудамжид гаргачихсан. Эцэст нь тодорхой бодлого зөвхөн утга зохиолд ч биш бүхий л урлагийн салбарт хэрэгтэй болохыг ойлгосон байх. Гэтэл одоо хүртэл ойлгоогүй эсвэл ойлгох хүсэлгүй төр засаг дээр сууж байна.Тэгээд ч жижиг үндэстний хувьд урлаг утга зохиолоо төрөөс тодорхой бодлогоор дэмжих ёстой байдаг юм. Төрийн толгой томроход түмний нуруу бөгтийдөг гэсэн мэргэн үг өнөөдөр эрэхгүй санагдаад байгаа юм. Магадгүй ард олноо харанхуй бүдүүлэг байлгах төрийн бодлого ч байж болох юм хэн мэдлээ. Ёстой нөгөө *энэ өвгөн маршал шиг бурна аа*гээч болж байна. Мөн бидний хэтэрхий хуучинсаг сэтгэлгээ олон зүйлд саад болж болдог. Саяхан *утга зохиол , урлаг* сонин сэргэн гарсан нь үнэхээр таатай хэрэг. Гэтэл сонины тэргүүн нүүрэн дээр нь социализмын үеийн одон гэрэлтэж байгаа нь тэр. Ер нь Монголд одоо одонтой сонин хэд байгаа бол гэж бодогдсон шүү. Сэрүүлэг сонин лав одонгүй гэхдээ *Утга зохиол, урлаг * сониноос олон уншигчтай гэдгийг сайн мэдэж байна. Їнэндээ Сэрүүлэг, Утга зохиол, урлаг хоёр сонины нийтлэлийн бодлого нь хоорондоо ялгаатай шүү дээ? Гэтэл заавал арилжааны сонин шиг олон тоотой хэвлээд олон хүнээр захиалуулах гээд хачин хачин дундад зууны реклам цацаад байгаа нь ойлгомжгүй. Тэр мөнгөөрөө цөөхөн тоотой гардаг мэргэжлийн уншигчидад зориулсан урлаг утга зохиолын сэтгүүл гаргахад л хангалттай эхлэл шүү дээ
-Өөрийнхөө санаа бодлыг илэн далангүй илэрхийлсэн танд баярлалаа. Цаашдын чинь бүтээл туурвилд амжилт хүсье.
-Танай сонины хамт олонд ч гэсэн амжилт хүсье!
Б.Оролзод
/ *Оюутан.мн* сонин /