Энэ өвлийг өнтэй давах уу?
хүмүүс уулзаж, цаг үеийн нөхцөл байдлыг мэдээлсээр ирсэн. Хаяанд ирсэн өвлийг хүндрэлгүй давна хэмээн энэ салбарынхан амлаж байгаа. Улсын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнгөрсөн 17-ны өдөр Түлш эрчим хүчний яаманд болсон. Бүх л байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэх, дотоод нөөц бололцоогоо ашиглах чиглэлээр үйл ажиллагаагаа нэгтгэхийг даалгажээ.
Шарын голын уурхай Дархан, Эрдэнэтийг нүүрсээр хангаж чадах уу?
Энүүхэндээ л гэхэд тэдний хөрс хуулалт олон жилийн хоцрогдолтой, нүүрс олборлоход хүндрэлтэй болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Төрийн өмчийн хороотой гэрээ хийснээс нь үзвэл Шарын голын уурхай нүүрсний үйлдвэрлэлээрээ Дархан, Эрдэнэтийг хангах учиртай. Энэ жилийг хүртэлх хугацаанд нүүрс олборлох арга технологи нь нэлээд хоцрогдсон ч тэдний удирдлагууд Дархан, Эрдэнэтээ хангаж чадна гэдгээ амласан мэдээ өгч байгаа гэсэн. Гэвч дүн өвлийн хүйтэнд тэдний үйл ажиллагаа доголдож магадгүйд болгоомжилж, зарим нэг бодлого хэрэгжүүлж байгаагаа ч Түлш, эрчим хүчний яамныхан нуугаагүй. Хэрвээ эрэлт хэрэгцээний дагуу ажиллаж чадахгүй, нөхцөл байдал хүндэрвэл Дорноговийн Элдэв-ийн уурхайгаас хэрэгцээтэй газрууд руу нүүрс татахаар бэлтгэжээ.
Шарын голын нүүрсний уурхай далд аргаар нүүрс олборлох шинэ технологи нэвтрүүлж байгаа аж. Тэднийхэн үүндээ найдаж байгаа ч далд аргаар олборлох комбайныг ажиллуулж, ашиглах нь хүнд учир нарийн мэргэжилтэн бэлтгэх гээд багагүй асуудал ургаж байгаа бололтой. Хэрвээ хүнээ бэлтгэж чадаагүй бол цаг тулсан үед нөхцөл байдал хүндэрнэ хэмээн Элдэв-ийн уурхайг нөөцөлжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хөрсний хуулалт хийх гээд бэлтгэл ажлуудыг базааснаар одоо нэг сая гаруй тн нүүрс тээвэрлэхэд бэлэн болгоод байна. Үүнийг хэрэгцээтэй газар руу тээвэрлэх л үлджээ. Иймэрхүү байдлаар сүүлийн жилүүдэд буюу 2001 оноос хойш нүүрс дутагдахгүй байгаа гэж албаныхан тайлбарлаж байгаа. Учир нь Нүүрсний үйлдвэрлэлийн мастер төлөвлөгөө ийм үр дүнг үзүүлжээ.
Дизелийн үнийн өсөлт өвөлжилтөд нөлөөлөхгүй
Газрын тос импортлогч компанийн удирдлагууд өөрсдөө мэдээгүй мэт дүр эсгэн хуурмаг шуугиан тарааж зуны түлшээ бөөнөөр нь борлууллаа гэсэн тайлбарыг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас (АМГТХЭГ) мэдээлсэн. Учир нь нийслэлийнхэн түлш бөөндөж авсан өдрөөс бараг 14 хоногийн өмнөөс импортлогч компанийн удирдлагууд түлшний үнийг нэмэх саналаа холбогдох газар буюу АМГТХЭГ-т гаргаад байсан юм билээ. Дэлхийн зах зээлийн ханшаар ч тэр, өвлийн түлшний нийлүүлэлтээр хүссэн хүсээгүй түлшний өртөг өсөх нь гарцаагүй болжээ. Харин дизелийн үнэ хамгийн өндөр буюу 52 орчим төгрөгөөр нэмэгдэх тооцоотой байгааг албаныхан тайлбарласан. Ингэсэн тохиолдолд эрчим хүчний салбарт маш их дарамт учирч байгаа. Түлшээ дагаад нүүрсний үнэ, нүүрсний үнийн өсөлтийг дагаад эрчим хүчний ч үнэ хөдлөх болно. Эрчим хүчний үнэ нэмэгдвэл ард түмний амьдралаа тээх өртөг дахиад л өсч байгаа хэрэг. Тухайлбал, Багануур-ын нүүрсний уурхай өдөрт 6-8 орчим тн дизель хэрэглэдэг. Дизелийн үнийн өсөлт болон бусад шатах, тослох материалын хэрэглээнд нэмэгдэж байгаа дундаж зарлагыг бодоход 20 орчим сая төгрөг нэмж зарцуулах болох нь. Гэвч ямар ч асуудал тулгарсан нүүрсний үнэ болон эрчим хүчний өртгийг он гартал хөдөлгөөнгүй барина гэж хатуу шийджээ.
Дизелийн үнэ өсч, үйлдвэрлэл зарлагадаж эхэлсэн ч эрчим хүчний үнийг хөдөлгөөнгүй барина гэж байтал Улаанбаатар төмөр зам-аас бас сүрдмээр мэдээ иржээ. Хэдийгээр албан бус ч Улаанбаатар төмөр зам тээвэрлэлтийнхээ үнийг 50 орчим хувиар нээх санаагаа илэрхийлж байж. Хэрвээ энэ мэдээ бодьтойд хүрвэл дизелийн үнийн өсөлтөөс үүдсэн зарлагаа хүчээр барьж байсан салбар үйлдвэрлэлийнхээ үнийг их, бага хэмжээгээр нэмэхээс гарцаагүйд хүрэх нь. Төмөр замын тээвэрлэлтийн үнэ нэмэгдэх эсэхийг тодруулахаар албаны хүнтэй холбогдоход Одоогоор төмөр замаар нүүрс тээвэрлэлт бага байгаа. Гэхдээ байнга өсөх хандлагатай. Эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэснээр бол нүүрсний тээвэрлэлт өсөх тутам манайд алдагдалтай болж байгаа. Тийм учраас тарифаа нэмье гэсэн санал гарч байсан. Үүнийг сайд хүлээж авах боломжгүй гэсэн учир тээвэрлэлтийн үнийг барьж байх ёстой болж байгаа. Харин энэ хэсгийн зарлагаа одоохондоо транзит тээврээс нөхөх байдлаар зохицуулж байгаа гэв. Мөн л зохиомлоор, хүчээр барьж байгаа энэ арга тэсэхгүйд хүрвэл эрчим хүчний үйлдвэрлэлд дахиад дарамт үүсэх нь.
Өнгөрсөн өвлийг хамгийн хүнд давсан газар энэ жил дутагдлаа зассан байлгүй дээ
Энэ хандлагыг Даланзадгадын дулааны цахилгаан станц ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Шараад олон хүн тулгав. Учир нь эднийх 2005 оны дөнгөж гуравдугаар сард дулааны үйлчилгээнийхээ хаалгыг бариад, бүх албан газрууд нь хөлдсөн гэвэл хатуу сонсогдож байгаа биз. Тэр даруйд Засгийн газраас 175 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд ч оройтсон борооны үлгэр болжээ. Өөрөөр хэлбэл, Даланзадгадын станц Түлш, эрчим хүчний бодлого баригчдыг ёстой л чичрүүлж байсан газар.
Өнгөрсөн жил Даланзадгадын дулааны цахилгаан станц-ын нэгдүгээр зуухны ширэм гэмтсэн гэнэ. Зуух нь Таван толгойн нүүрсний илчийг даахгүй ашиглалтаас гарсан аж. Илч муутай нүүрсэнд зориулж, дундаж температурт зохицуулж Хятадад олноор нь үйлдвэрлэдэг тэр зуухны оронд манай нөхцөл байдалд тохирсон зуух хайх ёстой байж. Өөрөөр хэлбэл, анх суулгасан зуух нь л манайд хэрхэвч тохирохгүй технологи байжээ. Тэр технологийг суулгасан Солонгосын компанийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний шугамаар оруулж ирж, 1998 онд эхэлсэн шинэчлэлт 2000 онд ашиглалтад орж ажилласан нь тэр. Технологийг өнгөрсөн хавар л цаашид хэрэглэх ямар ч аргагүйд хүрсэн ч түүнээс өмнөх бүх хугацаанд байнга их, бага гэмтэлтэй байсаар иржээ.
Харин дулааны урь оронгуут Өмнөговь аймгийн удирдлагууд Хятадын Баяннуур аймагтай харилцаа тогтоож засвар шинэчлэлт хийх компани оруулж ирсэн байна. Өнөөдрийг хүртэл 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Нэг зуух нь хараахан ашиглалтад ороогүй байгааг Даланзадгадын дулааны цахилгаан станц ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Шараа тайлбарласан. Тэрчлэн Даланзадгадад шинээр дулааны төв байгуулсан нь одоо мөн ашиглалтад орж байна. Тэднийх дулаан дамжуулах таван төвтэй бол сургууль, цэцэрлэг, эмнэлгийг хангадаг төв нь ачааллаа даахгүйд хүрснийг ийнхүү өргөтгөжээ. Энэ сарын сүүлчээр аймгийн дулааны сүлжээ хэвийн ашиглагдаж эхлэхийг дулааны станцын дарга уламжилсан.
Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2005-10-19 251)