Б.ЭНХТУУЛ Театр бол хүндлэхгүй байхын аргагүй агуу зүйл
Зэллэн хөвөх хунгийн араас толгой дээрээ титэм духдуулсан өөр нэгэн хун хөвөх нь хорон санаат,шидэт хар шувуу болох Ротбартын ид шидэнд автсан Одетта гүнж ажгуу. Нуурын эргээр зугаалж явсан хан хүү Зигфрид найзуудын хамт тэрхүү титэмт хунг буудахыг завдах хэдий ч амждаггүй. Урьд өмнө нь титэм бүхий хун харж байгаагүй Хан хүү нуурын эрэгт ганцаар үлдэн тэрхүү хачирхалт шувууг сахихаар шийддэг. Тэгтэл өнөөх хун гэв гэнэтхэн хадан хавцлыг тэр аяар нь гэрэлтүүлсээр үзэсгэлэнт бүсгүй болон хувирч нуурын эрэгт уйтгартайяа бүжиглэх нь бий. Бүсгүйн гоо үзэсгэлэнд соронзон адил татагдсан Зигфрид хавцлын араас үсрэн гарч хүүхний замыг хаан зогссоноор тэдний хайр сэтгэлийн дууль цааш өрнөнө. Уншигч та миний юуны тухай өгүүлэх гэж буйг эрх биш гадарласан байж таараа. Энэ бол П.И Чайковскийн Хунт нуур хэмээх балетын нэгээхэн хэсэг. Гагцхүү дэлхийн бүжгийн жүжгийн ноён оргилын нэг болох Хунт нуур Монголын тайзнаа амилахад үе үеийн балетчидын хөдөлмөр,зүтгэл юу юунаас илүү эрхэм байсан нь мэдээж. Эл удаад Дуурь бүжгийн академик театрын тайзнаа 1997 онд тоглогдсон Хунт нуур-ын цагаан хунгийн дүрд бүжиглэсэн, бүжигчин Б.Энхтуулыг уншигч тантай уулзуулая. Түүнийг зүгээр ч нэг урьсангүй. Тэрбээр өсвөр үеийнхэн хийгээд охид бүсгүйчүүдийн бие бялдрын хөгжилд зориулж балетын студи нээн ажиллахуулахаар бэлтгэлээ хийж байгаа юм билээ.
НЭГ. ИРЭЭДҮЙН ҮЗЭГЧДИЙГ БЭЛТГЭЕ
-Өөрийг тань балетын студи байгуулах гэж буй талаар сонслоо. Урьд өмнө бид дуу бичлэг,киноны студи гэж сонсч байснаас бус бие бялдаржуулах студийн тухайд сонсч байгаагүй учраас л сонирхол татаад байна л даа?
-Бүх урлагийн дээд нь кино хэмээдэг ч би л хувьдаа балет хэмээн боддог. Нөгөөтэйгүүр, миний дуртай мэргэжил болоод ийн хэлж буй ч байж магад. Гоо сайхан гэж юу байдгыг эндээс л харж болно. Үнэн хэрэгтээ гоо төрнө гэдэг нь хөөрхөн төрөхийг хэлж буй хэрэг огтхон ч биш. Гадаад үзэмж хийгээд бие бялдрын өөгүй тэгш хөгжлийг хэлж байгаа юм. Тэгэхээр хүн бүхэн эхээс төрөхдөө өөгүй сайхан байж чаддаггүй тул тэрхүү тэгш хөгжлийг гагцхүү зөв дасгал сургуулилтаас олж авах нь бий. Энэ үүднээс бие бялдраа хөгжүүлье,алхаа гишгээгээ засч авъя дээр нь оюун санаагаа цэвэр тунгалаг байлгая гэж хүсч явдаг охид бүсгүйчүүдэд зориулж Lady төвийн дэргэд ийм студи байгуулъя гэж зориглосон. Lady төвийг сонгосон тухайд тэндхийн материаллаг бааз, сайхан орчныг түшиглэсэн хэрэг.
-Тэгээд тэрхүү студид хамрагдсан хүн бүхэн балетаар хичээллэх хэрэг үү?
-Хүмүүс балет гэхлээр эхээс мэндлэхийн л их өвөрмөгц бие махбодьтой хүний хийх ажил хэмээн ойлгодог юм билээ. Үнэн хэрэгтээ хувь хүнээс шалтгаалах хүчин зүйлүүд байх хэдий ч 99 хувийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд та бидний хэн ч тийм уяхан, туяхан болно шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед турахын мөн тусч элдэв янзын эм тариа,ургамал хэрэглэж яваа охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд, туранхай байна гэдэг чинь хөдөлгөөн хийгээд зохистой хооллохыг л хэлнэ гэмээр байна. Гэхдээ хөдөлгөөн дутагдсаны улмаас би ингэтлээ бүдүүрээд байгаа юм байна ш дээ гээд л учир начиргүй дэвхцэж бас болохгүй. Тураах төвүүдийн үйл ажиллагааг сонирхож үзсэн л дээ. Тэнд сайхан техник хэрэгслийг буруу ашиглуулдаг л юм билээ. Хүн нэг дор тийм их хөлс хүчийг гэнэт ялгаруулснаар цусан хангамжийн дутагдалд орж мэднэ. Иймд турах тухай асуудлын нууцыг манай студид хандсанаар ойлгож мэдэх учиртай. Яг үнэнийг хэлэхэд, балетчдын туранхай,гоолиг явдгийн нууц жор нь маш нарийн хэрнээ зөв дасгал сургуулилтад байдаг юм ш дээ. Хамгийн гол нь зөв дасгалыг тогтмол цагт хийж сурах явдал.
-Гол шиг нарийхан байх тухай асуудлыг зөв дасгал сургуулилтын үр дүнд шийдэж болох нээ. Харин өсвөр насны охид тэндээс юу сурч болно гэж?
-Балетчин болохсон гэсэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явдаг охид зөндөө байдаг. Тэр тухайгаа бидэнд утсаар, захидлаар илэрхийлэх нь бий. Авъяас ганцхан хувь, хөдөлмөр 99 хувь хэмээн би дээр дурдсан. Тэгэхээр миний бас нэг мөрөөдөл бол балетчин болох юмсан гэхээс нойргүй шахам хонож яваа өсвөр насны охид, хөвгүүдэд замыг зааж,суурийг нь тавьж өгөх явдал. Нөгөөтэйгүүр, ирээдүйн үзэгчдийг бэлдэж өгмөөр байна. Үүнийг уншсан зарим хүмүүст, балетыг үздэг хүн байхгүй мэт сэтгэгдлийг төрүүлж болох юм. Үнэн хэрэгтээ Монголын театрын тайзнаа асар их өндөр өртөгтэйгээр тавигдаж буй дэлхийн сонгодог бүтээлүүдийн хүлээн авагчийн дийлэнх хувийг гадныхан байдаг. Үүнд л миний сэтгэл гонсгор явдаг. Гэхдээ сүүлийн үед харьцангуй гайгүй болсон л доо. Би санаж байна. Өнгөрсөн зун тавигдсан Хунт нуур-ыг үзэхээр ирсэн залуучууд дотор жинсэн өмд, пүүз угласан нь цөөнгүй байсан. Энэ бол театрын соёл дутагдсаны шинж. Бүжгийн жүжгийг хошин урлагтай адилтгаж болохгүй. Театр гэдэг бол хүндлэхгүй байхын аргагүй аугаа зүйл. Миний нэг найз ярьж байсан. Тэрбээр гадаадад боловсрол олсон нэгэн. Найз маань Трубадур-ын урилга хүлээж аваад өглөөний 10 цагаас тоглолт үзэхээр явах хүртлээ нөхөр охин хоёроо бэлдсэн гэсэн. Тэд үсчинд очиж үсэндээ гоёлын засалт хийлгэсний дээр даашинзандаа тохирох театрын цүнх хүртэл хайсан байгаа юм. Тийм хэмжээнд өөрийгөө болоод хань үр хүүхдээ бэлтгэсэн сайхь эмэгтэйн гэр бүлд уг балет ямар сайхан дурсамж үлдээх нь хэнд ч ойлгомжтой. Магадгүй хожим түүний охин ч театрт очихын тулд мөн л өөрийгөө бэлдэх байх л даа. Энэ бол том соёл. Хүмүүст юун сүртэй юм гэх сэтгэгдэл төрөх хэдий ч бодох л ёстой зүйлийн нэг. Тэгэхээр би охид, хөвгүүдэд балетчин болох гарааг нь тавьж өгөхөөс гадна театрын соёл хийгээд дэлхийн хэмжээний балетын үүх түүхээс ярьж өгнө гэсэн үг. Дашрамд өгүүлэхэд, бүжгийн хөдөлгөөнөөр хайр сэтгэл, атаа хорсол, үзэн ядалт, өрөвч сэтгэл гээд л хүнд байдаг сайн муу бүхий л зан чанарыг илэрхийлнэ гэдэг бол аугаа юм. Түүнийг үзээд ойлгоно гэдэг ч түүнээс дутахааргүй нандин зүйл байх .
ХОЁР. ЗҮРХ ЛУГШААСАН ЦАГААН ХУН
-Хоёулаа ярианыхаа сэдвийг үл ялиг өөрчлөе. Өөрөө хичнээн жил бүжиглэж байна вэ?
-Би хүүхэд байхын л бүжигчин болох тухай мөрөөдөн толиныхоо өмнө эргэлддэг байв. Ийн саваагүйтэхийг ажигласан аав, ээж хоёр маань ярилцаж улмаар Хүүхдийн ордны Жаргалсайхан багш дээр намайг дагуулж очсон. Багш намайг шалгангаа Чи балетын л хүн байна даа гэхээр тухайн үед ер ойлгоогүй. Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд хоёр жил хэртээ хичээллэж байтал ОХУ-аас балетын тусгай багш нар ирж хүүхэд шалгаруулж авахад 16 хүүхэд тэнцсэний нэг нь би. Ийн арав ч хүрээгүй байхдаа гэрээсээ холдож хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Орос руу сургуульд явсан тэр цагаас хойш өнөөг хүртэл бүжиглэж сурах гэж оролдсоор,хичээллэсээр яваа гэвэл нийт 20 жил болох байх.
-Өөрийг чинь П.И Чайковскийн Хунт нуур-ын цагаан хунд гоцлон бүжиглэсэн гэдгийг мэдэх юм. Түүнээс хойш хичнээн бүжгэн жүжигт гоцлов?
-Би мөрөөдлөө биелүүлсэн. Шуудхан хэлэхэд, балетчин байна гэдэг залуу насны үзэгдэл. Балетчин болохоор хичээллэж эхэлсэн тэр үеэс эхлэн Хунт нуур-т гоцлох юмсан гэх нууцхан хүсэл зүрхний угт лугшсан гэхэд болно. Тэгээд миний тэрхүү хүслийг минь бурхан сонссон гэлтэй сургууль төгсөж ирээд удаагүй байтал Гэрэлчимэг багш маань надад өндөр итгэл хүлээлгэж нөгөө мөрөөдөөд байсан цагаан хунд минь бүжиглүүлсэн. Би багшдаа насан туршдаа баярлаж явдаг. Багш л намайг олж харсан хэрэг шүү дээ. Цагаан хунгийн дараа Ардын жүжигчин, төрийн шагналт Б.Жамъяндагва багшийн Шарилжин дундах цэцэг-ийн гол дүрд бүжиглэсэн. Ингээд л болоо.
-Балетчин байна гэдэг залуу насныүзэгдэл хэмээн та онцоллоо. Тэгэхээр таны хувьд тэтгэвэртээ суух дөхөж байна аа гэсэн үг үү?
-Их хүнд хөдөлмөр гэдгийг л хэлэх байна. Тэр утгаараа би мөрөөдлөө биелүүлсэн хэмээн шуудхан хэлсэн хэрэг л дээ. Гэхдээ би өдгөө ч олны хэсэгт бүжиглэж л байгаа. Манай театр тун удахгүй шинэ бүжгийн жүжиг тавихаар бэлтгэлдээ гарчихсан ажиллаж байна. Их өвөрмөц тавилттай болж буйгаараа урьд өмнөх бүжгэн жүжгүүдээс онцлогтой.
ГУРАВ. ТҮМПЭН САВ УГААХ ҮНЭНХҮҮ ДУРГҮЙ
-Уучлаарай, балетынхныг бүжиглэж байх хугацаандаа хүүхэд гаргаж, юм угаах хориотой гэж сонссон. Энэ үнэн үү?
-Үнэний талтай. Цаг мөнхийн бэлтгэл сургуулилт дор байх учиртай бидний хувьд хүүхэд гаргаад гэрт зүгээр сууна гэдэг хэсэг хугацаанд тайзыг орхихоос өөр аргагүй байдалд хүргэдэг л дээ. Тэгээд ч бидний ид хийж бүтээдэг үе хэдхэн жил байдаг. Энэ утгаараа яг ид хийж бүтээх тэр насан дээрээ амжилтад хүрэг гэх үүднээс тэгж хатуу хандсан байж мэдэх юм. Бид амралтын өдрүүдэд хөдөлгөөн, дасгал сургуулилтаа хийхгүй өнжихөд л бие маань хүнийх юм шиг л болчихдог.
-Тэгвэл та гэрлэж амжаагүй юм шив дээ?
-Цагаан хунд бүжиглэснийхээ дараа охинтой болсон.
-Балетчин эзэгтэйн амралтын өдрийн дүр зургийг сонинд үлдээе гэвэл?
-Урлагынхны амьдрал их сонин хэв загвартай. Хүмүүс амарч байхад бид ид ажиллаж байх жишээний. Нөхөр бид хоёрын амралт дандаа зөрдөг. Тэр утгаараа би ажлын өдрүүдэд амардаг. Тэгээд яахав, гэрийн эзэгтэйн заншлаар гэр орны ойр зуурын ажлыг амжуулж нөхөртөө хоол,цайг нь бэлдэж өгнө. Харин түмпэн сав угаах ажилд үнэн дургуй тул үлдээчихдэг зантай. Хувцас хунараа угаалгын машинд даатгачихдаг болохоор тэр талын зовлонг мэдэх юм алга. Тэгээд ч бидний гар хар ажилд эвдэрч мойнийчихсан байвал ямар байх билээ.
-Танай нөхөр нэгэн бодлын азтай ч юм шиг. Бас үгүй ч юм шиг.
-Би нөхрөөсөө тэр талаар асууж үзсэн. Сайхан ч гэдэггүй, хэцүү байна аа гэдэггүй. Гэхдээ би тэнгэрийн амьтан лугаа адил дээр залагдчихаад зүгээр сууж байдаггүй шүү . Нөхрөөрөө шал угаалгаж үзээгүй гэхлээр би л гэр орноо цэвэрлэдэг байж таарнаа даа.
-Танай гэр бүлийн төлөвлөгөөнд бүл нэмэх асуудал тусгагдсан уу?
-Би хүүтэй болохыг мөрөөдөж байгаа.
-Жаргалсайхан багш өөрийг чинь төрөлхийн балетчин байхаар заяагдсан хэмээн олж харж. Тэгэхээр үүнд нэг учир байна аа даа?
-Балетчин болох эсэх нь их бага дээрээ мэдэгддэг юм шиг байна лээ. Яс нарийнхан, уян хатан хөдөлгөөнтэй байхаас өгсүүлээд жижигхэн толгойтой гэх мэтчилэн тавигдах шаардлага байдаг л даа.
-Удам нөлөөлдөг үү?
-Нөлөөлдөг байх. Гэхдээ манай удамд ганцхан би л урлагтай амьдралаа холбосон. Харин охиноо балетчин болгоно хэмээн бодож байгаа. Аав нь зөвшөөрсөн.
Балетчин бүсгүй бид хоёрын ярилцлага үүгээр өндөрлөсөн. Эхлүүлэхээр хөөцөлдөж буй ажилд нь уншигч таны өмнөөс амжилт хүсэх нь зөв байх.
Ч. ЧУЛУУНЦЭЦЭГ
(өдрийн сонин 2005-10-19 251)