Ашигт малтмалын орлогыг ард түмэнд ашигтайгаар хэрхэн хуваарилах вэ?
Энэ сангийн хөрөнгийг зөвхөн эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах тухай уншигч та ч сонсоо байлгүй. Ашигт малтмалаас ард нийтээрээ ашиг хүртэх сонгодог жор энэ бололтой. Засгийн газар үүнийгээ УИХ-д санал болгох юм байна.
Хэрэв ийм сан байгуулагдвал сангийн хөрөнгийг хэрхэн зөв зохистой зарцуулж болох талаар боловсрол, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн дунд санал асуулга явуулж байна.
Ц.Харнүдэн Газрын баялгийг боловсролд зориулах нь зөв
(Нийслэлийн 32-р сургуулийн бага ангийн багш Боловсролын тэргүүний ажилтан)
Газрын баялаг ард түмний өмч учраас тэдний сайн сайханд зориулагдах учиртай. Ерөнхий сайдын хэлсэн үгийн далд утга ч үүнд оршиж буй биз. Үнэнийг хэлэхэд, манай боловсролын системийн мөн чанар утгаа алдахад хүрээд байна. Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд олон л юм хэлмээр байна. Юуны түрүүнд сайн багш нарыг дэмжихгүйгээр сайн боловсрол олгох тухай яриад ч хэрэггүй. Багш хүн ар гэртээ зовох юмгүй байж гэмээнэ сэтгэл тайван ажлаа хийх учиртай. Түүнээс биш авч буй цалин хөлс нь амьдралд нь хүрэхгүй,хүүхдүүд нь хагас өлсгөлөнгийн байдалтай гэртээ үлдсэн бол тэр багшийн сэтгэл хоёрдоод зааж буй хичээлээ оромдох л байх. Нөгөөтэйгүүр, арваас дээш жил ажилласан багш нарын мэдлэг боловсролд анхаармаар байгаа юм. Бас нэн тэргүүнд орон сууцны асуудал байна. Өдгөө өөрийнхөө хүч чадлаар орон сууцанд амьдарч байгаа багш нар тун ховор. Сүүлийн үед үр хүүхдүүд нь гадагшаа явсны хүчинд л орон сууцтай болж байгаа. Мөн хоёулаа багшилдаг гэр бүлийн нэг хүүхдийг гадаадын аль нэг дээд сургуульд үнэ төлбөргүйгээр,улсын зардлаар сургадаг болмоор байна. Тэгвэл багшийнхаа мэргэжлээр ажиллах хүсэлтэй залуучуудын тоо нэмэгдэнэ. Эцэст нь хэлэхэд, багш нарын эрүүл мэндэд анхаарч урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулахаас гадна рашаан сувилалд хөнгөлөлттэй үнээр явуулах зэрэгт Ерөнхий сайдын санал, санаачилгыг чиглүүлмээр байна.
Н.Батсуурь Алслагдсан аймгийн залуучуудад олгох боловсролын тогтолцоог дээшлүүлье
(Ямуха төвийн орчуулагч)
Монгол орныхоо хөрсөн доорхи байгалийн төрөл бүрийн баялаг манай нийт ард түмний өмч байсан, байгаа, байх ч болно. Харин өнөөгийн манай улсын толгойгүй төр хуулийг гууль болгон завхруулж, хэсэг бүлэг эрх дархтнуудын шунахай амбиц бүхий явцуу боловч давамгай эрх ашигт дулдуйлан нийцүүлж, ард түмний язгуур эрх ашгийг ноцтой хохироосоор, гэмгүй дүр үзүүлэн мэхэлсээр байгаад тун их эмзэглэж байна.
Сүүлийн үед байгалийн баялаг, ашигт малтмалын орд газруудыг элдэв зальхай арга явуулгаар өөрсдөдөө л их унацтайгаар гадаадын янз бүрийн байгууллагад ашиглуулах, олборлуулах зэрэг хэлбэрээр гоц сэргэлэнтэх болсон маргашгүй бодит байдлыг Таван толгойн асуудал тойрсон маргаанаас авахуулаад ард түмэн, нийгмийг ярвигтай бухимдалд оруулаад байгаа нь өдгөө хэн бүхэнд тодорхой боллоо.
Эх орныхоо газрын хэвлийн цаглашгүй их эрдэнэ, арвин баялаг, нөөцийг ард түмнийхээ ядуу зүдүү болгосон ахуй амьдрал, хөөрхийлөлтэй амь зуулгыг дэмжин тэтгэх хүнлэг сэтгэл, хандлагаар маш ухаалаг шийдлээр ашиглаж, ашиглуулаасай гэсэн чин хүслийн үүднээс хувийн санаа бодлоо нэмэрлэе.
Байгалийн эд, баялагийг олборлох, ашиглах, борлуулахаас олдог, цаашид ч их хэмжээгээр олох хөрөнгө санг нийт ард түмнийхээ үр хүүхэд, нийт залуу үеийг эрдмийн нарийн мэдлэг, мэргэжлийн өндөр мэргэшилтэй, улс, эх орныхоо ирээдүйн ирмүүн хөгжлийн ярвигтай, бэрхшээлтэй олон салбарын асуудлуудыг оновчтой шийдвэрлэх төгс чадвар, чадавхтай иргэдийг одооноос системтэй төлөвшүүлэн сургахад зарцуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүнийг нэн даруй хуульчлан зохицуулж өгөх нь маш хэрэгтэй, ёстой л хөл доорх хөрс болох юм. Ингэхийн тулд өнөөгийн нийгмийн аюул дуудсан үзэгдэл болоод байгаа ядуурлыг бууруулж эхлэх, улмаар бүрмөсөн устгахад чиглүүлэн хөдөө орон нутгийн, нэн ялангуяа, алслагдсан хязгаар газруудын хүүхэд, залуучуудад олгох боловсролын тогтолцоо, сургалтын төлбөр, нөхцөлийг шинэчлэн боловсронгуй болгохын тулд байгалийн баялаг, ашигт малтмалын ашиглалт, олборлолтоос олсон хөрөнгийн тодорхой нэгэн хэсгийг боловсролд зориулах тусгай хууль боловсруулан батлаж, геологи, уул уурхайн олборлолт, ашигт малтмалын борлуулалтын орлогоос хязгаар нутгийн боловсролын сан байгуулах, Боловсролын Хэтийн Мастер Төлөвлөгөөнүүдэд энэ асуудлыг тодорхой тусгаж өгвөл илүү бодитой үр өгөөжтэй байх болно гэж бодож байна.
Р.Лхагвадулам Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг өргөтгөе
(Lady төвийн ерөнхий захирал,Удирлагын магистр, боловсролын магистр)
… Манай үед ийм байгаагүй, одоогийн хүүхдүүд биш болжээ гэх мэтээр шинэ үеэ үгүйсгэх хандлага хүн төрөлхтөний бүхий л үед аль ч соёл иргэншлийн үед байжээ. Миний бодлоор өнөөгийн Монголд эрч хүчтэй, өвөрмөц сэтгэлгээтэй шинэ бүхнийг шүүрэн авч өөрийн болгодог, Дэлхий нийтийн боловсролын хөгжлийн түвшин, чин хандлагаас түрүүлдэггүй юм аа гэхэд хоцордоггүй цоо шинэ Generation гарч ирсэн байна, Сайн явахын тулгуур бол боловсрол юм аа гэдгийг ой тойндоо буулгасан залуусын бүтээлч маргаан манай Lady төвд байнга өрнөж байдаг юм. Ерөнхий сайд Элбэгдоржийн Засгийн газрын улс орноо хөгжүүлэхийн тулд боловсролд хөрөнгө оруулалт хийе, боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлье гэсэн зорилгыг дэмжин доорхи саналыг хэлье.
1. Бүгд дээд мэргэжилтэй болчихвол улс ардын аж ахуйд хэн ажиллах вэ? гэдгийг бодолцож хөрөнгө оруулалтаа хуваарилах, өөрөөр хэлбэл техникийн мэргэжлийг онол, дадлага хослуулан эзэмшүүдэг сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн материалаг баазыг бэхжүүлэх
2. Аялал жуучлал, ахуйн үйлчилгээ, нийтийн хоол, худалдаа, зочид буудлын үйлчилгээний ажилтан бэлтгэх мэргэжлийн сургуулиудыг онцгой анхаарах. Шинэ сургууль хөрөнгө хаяж барих уу, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн сургалтын төвүүдийг түшиглэх үү гэдгийг тооцох
3. Боловсролтой хэрнээ ёс зүйгүй хүмүүс олшрох вий. Lady төв нэлээн олон байгууллагын ёс зүйн (копекс)-ийг боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө өгсөн сурагчийн, багшийн, эмчийн ёс зүйн хэм хэмжээг тодорхойлох мөрдүүлэх.
Ж.Жаргалсайхан Боловсролыг оюунлаг болгоё
(СХД XXI хороо, Жаргалант тосгоны 74 дүгээр сургуулийн сургалтын менежер)
Боловсрол, эрүүл мэндийг дэмжих сан байгуулах тухай Ерөнхий сайдын санал,санаачилга ирээдүйг харсан зөв алхам гэдгийг юуны өмнө хэлэхийг хүсч байна. Боловсролын тухайд эргэн хармаар,цаг алдалгүй өөрчилмөөр зүйлүүд олон бий. Энэ үүднээс хэлэхэд, сангийн хөрөнгийн зохих хувийг боловсролын шинэчлэлд зориулмаар байгаа юм. Тэгэхгүй бол мөдхөн Монголын боловсролыг дэлхийн түвшинд Африкийн зарим орны жишигт авч үзэх байх шүү. Нөгөөтэйгүүр, боловсролыг оюунжуулмаар байна. Үүний тулд юу хийх ёстой вэ гэдгийг өнөөдрөөс эхэлж бодох ёстой. Бас нэг онцлох зүйл бол,хүүхдийг хичээл хийхээс залхаадаг тэр арга барилаас татгалзая. Учир нь багш нарын заах арга барил хоцрогдсоноос улбаалж,хүүхдүүд өөрсдийн хүсч буй зүйлээ багшаас авч чадахгүй болохоор гэрийнхээ даалгаварыг хийхээс дургүй нь хүрдэг ч байж мэдэх юм. Иймд сургалтын программд нэн даруй өөрчлөлт оруулах, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангах шаардлага нийгмийн хөгжлийн зүй тогтнолыг дагаад урган гарч ирж байгаа юм. Өнөөдөр хий хоосон амлах бус нүдэнд харагдаж гарт баригдтал хийх нь чухал. Хэлэхгүй өнгөрч болохгүй зүйл бол боловсролын чиглэлээр сургалт явуулж буй төрийн бус байгууллагуудыг төрөөс дэмжих тухайд нэлээд зүйл хиймээр байна. Үнэндээ тэд чинь нийгэмд үгүйдэгдэж буй орон зайг олж харан хүүхдийн ирээдүй, тэдний боловсролд бага боловч хөрөнгө оруулалт хийж буй хүмүүс.
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
(өдрийн сонин 2005-10-19 251)