Н.АЛТАНХУЯГ Төсвийн хөрөнгө оруулалт арван тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ
сурвалжлагч Сангийн сайд Н.Алтанхуягтай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Төсвийн алдагдал ирэх онд 50-80 тэрбум төгрөг болох нь гэсэн шүүмжлэл ч гэмээр, сануулга ч гэмээр зүйл төсөв хэлэлцэж байгаа энэ үеийн гол бай сэдэв болоод байх шиг. Гэтэл Монгол гэдэг айл жил бүр алдагдалтай явж ирсэн шүү дээ. Эсвэл энэ алдагдал нь улам нэмэгдээд байна уу?
-Төсвийн алдагдал гэж чухам юуг хэлээд байна вэ гэдгээс яриагаа эхлэе. Үүнийг энгийн үгээр хэлбэл, бид олсноосоо илүү зараад байгааг хэлж байгаа юм. Ирэх онд 80 тэрбум төгрөгийг олсноосоо илүү зарцуулах төлөвтэй байгаа. Энэ нь нэмэгдэж байгаа юу гэдэг дээр ярих юм бол энэ онд 70 тэрбумыг илүү зарахаар байна. Ирэх жилийн тооцож буй алдагдлыг үүнтэй харьцуулахад зарлага нэмэгдэж байгаа юм шиг боловч үүнийг бидний нийт үйлдвэрлэн бүтээж байгаа бараа, бүтээгдэхүүнд харьцуулан тооцдог учиртай. Үүгээр бол алдагдал буурах дүнтэй гарч байгаа. Нэгдсэн төсвийн нийт тэнцлийн алдагдал 80 гаруй тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3,5 хувьтай тэнцэхээр байгаа. Энэ тоо л багасвал алдагдал буюу зарлага буурч байна аа гэсэн үг.
-Зарлагыг багасгах хэрэгтэй гэж бид олонтоо ярьдаг. Төсвийн ихэнх хувь нь юунд зарлагадаад байна вэ?
-Ганц жишээ хэлэхэд төсвийн байгууллагуудын өвлийн халаалтад гэхэд жилд 44 тэрбум төгрөг зарцуулдаг. Утсаар ярихад таван тэрбум төгрөг гэх мэтээр урсана шүү дээ. Боловсролын салбарт ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны хоолонд 12 тэрбум, эрүүл мэндийн салбарт эмийн үйлчилгээнд 11 тэрбум, өвчтөнүүдийн хоолонд 3,5 тэрбум төгрөг зарцуулах жишээтэй. Төсвийн алдагдлыг багасгана гэдэг эдгээр зардлыг яаж хэмнэж, орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт оршино шүү дээ.
-Татварын өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор ирэх жил татварын орлого 40 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа учир орлогоо ярихаа больё л доо. Харин үүний оронд ирэх жил шинээр нэмэгдэх зарлагыг яривал дээр байх. Юу хэдээр нэмэгдэж байгаа вэ?
-Ирэх жилээс шинээр гэр бүл бологсдод хүртээх тэтгэлэгт 3,2 тэрбум төгрөгийг олгохоор төсөвт суулгачихсан байгаа. 500 мянган төгрөг байсныг 250 мянга болгож байгаа. Үүнд 14 мянга орчим гэр бүл хамрагдахаар тооцоолж байгаа. Гэх мэтээр шинэ зарлага олон бий. Үүний хажуугаар хүүхдийн мөнгөнд жил бүр 21 тэрбумыг зарлагдаж байгаа. Ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг арван хувиар нэмэхээр төлөвлөөд байна. Энэ нь төсвийн зардал мөн арван тэрбум төгрөгөөр, бодитойгоор бол 20 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг.
-Татварын орлогоос буурах 40 тэрбумыг яаж олох гэж байгаа вэ?
-Ашигт малтмалаас олохоор төлөвлөж байна. Лицензээс голлон олно. Одоо лиценз төлбөртэй байгаа ч тун бага хэмжээнийх байгааг нэмэгдүүлэх чиглэлтэй байгаа.
-Зарлага дотроо хөрөнгө оруулалтад хэр чиглэж энэ талын хэмжээ хэр нэмэгдэж байгаа вэ?
-Хөрөнгө оруулалт харин өсөж байгаа шүү. Энэ жилийнхээс арав гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Ихэнх нь замд зарцуулагдана. Зүүн чиглэлд Хэнтий тал руугаа, урагшаа Замын -Үүд хүртэл тавих замд хөрөнгө орж байгаа. Мөн шинээр сургууль, эмнэлэг барьж засварлахад хөрөнгө оруулна. Арав гаруй сургууль шинээр барина. Өндөр хүчдлийн шугамд мөн хөрөнгө орж байгаа. Энэ нь хөдөөгийн сумдыг эрчим хүчинд холбоход чиглэж байна. Барилга, хот байгуулалтын сайдад дөрвөн тэрбум төгрөг төлөвлөсөн. Энэ нь Засгийн газрын 40 мянган орон сууц барих хөтөлбөрт, түүний дэд бүтцийг бий болоход зарцуулагдах юм.
-Хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь таатай байна. Гэхдээ экспортыг нэмэгдүүлэх үйлдвэр байгуулах гэх мэтээр шууд үр дүнгээ өгөх бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө хэр зэрэг орж байгаа вэ?
-Энэ тал дээр харин ирэх жилийн хувьд хэлэх зүйл бага байгаа. Хувийн хөрөнгө оруулалт бол бий. Бүтээн байгуулалтын хувьд өнгөрч буй жил харин их бүтээлтэй байлаа. Энд Сүхбаатар аймаг дахь Төмөртэйн цайрын ордын үйлдвэр, Эрдэнэт дэх зэс молибдены үйлдвэр, Дарханы цаадахь Ерөө дэх төмрийн орд зэргийг хэлж болно.
-Энэ дашрамд улсаас төсөв нэхэхгүй өөрийгөө тэтгэж буй аймаг орон нутгийн тоо хэр нэмэгдэж байгаа вэ?
-Хуучин Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Улаанбаатар зэрэг аймаг хот өөрийгөө санхүүжүүлж байсан бол энэ жилээс Булган, Сүхбаатар, Өмнөговь аймаг нэмэгдэж байгаа. Эдгээр аймаг, хот гол нь орон нутгийн татвараараа тэжээгдэж оршин тогтнож байна. Сүхбаатар аймаг гэхэд энэ жил ашиглалтад орсон Төмөртэйн цайрын ордын баяжуулах үйлдвэр, Өмнөговь аймаг Тавантолгойн нүүрсний орд зэрэг дээр тулгуурлан төсвөөс юм авахаа болих юм. Аж ахуйн нэгжүүд, үйлдвэрийн усны төлбөр нэмэгдсэнээр Булган аймаг өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болж байна.
-Монголд олгогдож байгаа зээл, тусламж төвлөрдөг яамыг толгойлж буйн хувьд тантай уулзсаных манай улсын өрийг асуухгүй өнгөрч боломгүй. Нэг улсаас хараат байсан социализмын үед үүссэн өрийг Монгол Улс хэл амтайхан нэг дарсан. Харин түүнээс хойш шинэ өр хэдий хэмжээгээр үүсээд байна вэ? Өрөө нэхэж эхлэх цаг удахгүй гэдгээр санаа зовнин асууж байгаа юм.
-Нэг тэрбум ам.долларын зээлийн өр үүсээд байгаа болов уу. Зээл авахгүй гэж хэлэх нь хаашаа юм. Гол нь юунд хэрхэн яаж зарцуулах вэ гэдэг дээр бид голлон анхаарч ажиллаж байна. Зээлийн ихэнхийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон зэрэг улсаас авсан байгаа. 1990-ээд оны үед гал унтраах зорилгоор нилээд зээл авсан. 40 жилийн хугацаатайгаар авсан, эхний арван жилийнхэд нь хүү төлж эхэлж байгаа. Өнөөдөр бид зээлийн өрөнд жилд хүүтэй нь хамт 70 гаруй тэрбум төгрөг төлж байна. Энэ мөнгө цаашид жил бүр нэмэгдэнэ. Нөгөө дундуур төсвөөс л гарч байгааг хэлэх хэрэгтэй.
Ярилцсан Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-19 251)