Мобиком хэрэглэгчдээ шулах биш харин ч урамшуулдаг
-Мобиком-ын үнэ тарифийн бууралт зарим хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй байна л даа. Тэгээд ч нэгж нь бүтнээрээ унаад байна гэж гомдоллох хүн олон байна?
-Мобиком корпораци нь Монгол улсын хөгжлийн төлөө гэсэн уриан дор сүлжээний хамрах хүрээгээ тасралтгүй өргөжүүлж, сүүлийн үеийн шинэ үйлчилгээнүүдийг дэлхийн түвшинтэй хөл нийлүүлэн хүргэх зорилгоор техник технологийн шинэчлэлтэд тасралтгүй хөрөнгө оруулж байгаа. Үнэ тарифаа ч тасралтгүй бууруулж ирсэн. Хамгийн сүүлд гэхэд л Мобиком-ын хэрэглэгчдийн дийлэнхийг бүрдүүлж байдаг Мобикарт үйлчилгээнийхээ сүлжээн дэх тарифыг 25 хувиар буюу 0.6 нэгж болгон бууруулаад байна. 25 хувийн үнэ тарифын бууралт гэдэг бол чамлахааргүй бууралт.Ингэснээр хэрэглэгчид бүх аймаг, хот төдийгүй томоохон сум суурингуудыг хамарсан, сүлжээний хамрах хүрээ тасралтгүй тэлж байгаа. Мобиком-ын хэрэглэгчид хамгийн өргөн сүлжээнд хямд тарифаар ярих боломжтой болсон. Тиймээс нэгж нь бүтнээрээ унаад байна гэж гомдоллож буй хэрэглэгчдийн хувьд Мобиком-оос бусад сүлжээнд ярьсан байх л даа. Өөрөөр хэлбэл та зөвхөн Мобиком-ын 99…-ээр эхэлсэн дугаар бүхий хэрэглэгч рүү ярьсан тохиолдолд энэхүү 0.6 нэгжийн тариф үйлчлэх юм. Мөн ярианы тариф секундээр хэмжигдэх учир маш хямдаар ярих боломжтой.
-Ярианы тарифыг секундээр хэмждэг тухай ярьдаг ч гэсэн хэрэглэгчид нарийн сайн ойлгодоггүй. Тиймээс ч нэг минутдаа тааруулж хурдан ярих гэдэг хэвээрээ байгаа. Тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?
-Манай үйлчилгээний хамгийн том давуу тал бол секундын алхмаар ярианы тарифыг хэмждэг явдал. 2003 оноос хэрэгжүүлсэн энэхүү үйлчилгээ нь хүмүүст яаралгүй ярих боломжийг олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл та 60 секунд хүртэл яривал нэг нэгж унана. Харин нэг минутаас хэтрэх л юм бол секундын нарийвчлалтайгаар тооцдог. Тэгэхээр та 83 секунд ярилаа гэхэд хоёр нэгж биш, 0.83 бутархай нэгж унана гэсэн үг.
-Үнэ тарифыг бууруулахын хажуугаар клипийг үнэгүй болгож болдоггүй юм уу. Үнэгүй клиптэй болохыг олон хэрэглэгч хүсч байгаа.
-Ер нь клип гэлтгүй бүхий л үйлчилгээнийхээ үнэ тарифыг бид өртөг зардалдаа үндэслэн бууруулдаг. Энэ нь бизнес хийж буй хэн бүхний хувьд үндсэн зарчим юм. Клип үйлчилгээний хувьд гэхэд л анх 6000 төгрөгийн төлбөртэй байсан бол шат дараатай бууруулсаар одоо дөрөв дахин хямдарч 1500 төгрөг болоод байгаа. Өнөөдрийн байдлаар гэхэд л бид үнэгүй клиптэй болох хоёр төрлийн боломжийг хэрэглэгчиддээ үзүүлж байна. Нэгд, Мобиком-ын шинээр нэвтрүүлсэн МобиМедиа үйлчилгээнийхээ эрхийг сунгуулсан тохиолдолд тэр хугацаагаар клип үйлчилгээний урамшуулал хүртэх боломжтой. Хоёрт, Саяхан шинээр нэвтрүүлсэн 60 хоногтой, 60 нэгжийн цэнэглэгч картыг худалдан авсан тохиолдолд нэг сарын клип нэмж бэлэглэж байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч та бүхэн заавал клип худалдан авах шаардлагагүй болоод байгаа.
-Шинэ гаргасан цэнэглэгч картууд чинь зарим хэрэглэгчдэд таалагдахгүй байгаа. Учир нь гурван сарын хугацаатай 40 нэгжтэй картыг авдаг мөнгөөр хоёр сарын хугацаатай карт авч байгаа нь Мобиком шулж байгаа хэрэг биш үү?
-Юуны өмнө эдгээр картууд нь хэрэглэгчдэд харин ч ашигтай, нэмэлт сонголтуудыг л бий болгож байгаа. Ярианы тарифыг 0.6 нэгж болгон бууруулахын зэрэгцээ үнэ тарифын бууралтын хоёр дахь хэлбэр нь эдгээр картууд гэж хэлж болно. Жишээ нь Та өмнө нь 30 хоногтой 30 нэгжийн картыг 7100 төгрөгөөр авдаг байсан бол одоо 900 төгрөг нэмж төлөөд 10 нэгж илүү авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл 30 хоногтой 30 нэгжийн картыг 8000 төгрөгөөр худалдан авах нэмэлт боломжтой болсон гэсэн үг. Мөн шинээр нэвтрүүлсэн 60 хоногтой 60 нэгжийн картын хувьд ч хэрэглэгчдэд маш ашигтай сонголт юм. Та 90 хоногтой 40 нэгжийн одоогийн картыг ашиглах хугацаандаа буюу 90 хоногийн хугацаанд дахин хоноггүй 30 нэгжийн картыг хамгийн багадаа хоёр удаа авахын оронд 60 хоногтой 60 нэгжийн картыг худалдан авснаар танд очих нэгж нь илүү байх юм. Мөн дээр нь давхар клипний урамшуулалттай. Ашиггүй гэхээсээ илүү сард хэчнээн нэгжийн хэрэглээ байгаагаа аль аль картаас хэдийг авах нь ашигтайг хэрэглээндээ үндэслэн тооцоо хийж үзэхийг зөвлөж байна.
(өнөөдрийн монгол 2005-10-19 118)