Төсөвт цалинг 20 хувь нэмэхээр тусгаж болоогүй юм уу
Гэтэл УИХ-ын дарга Ц.Нямдорж захирамж гаргаж өчигдөр зарлан хуралдуулсан юм. Хэлэлцсэн гол асуудал нь ирэх оны төвлөрсөн төсвийн төсөл байлаа. Улс орны бүтэн жилийн төсөв төлөвлөгөө учир гишүүдийн ихэнх нь таваас доошгүй асуулт тавьсан. Ер нь холбогдох яам, агентлагийн сайд, дарга гишүүдийн асуултад хангалттай ээрүүлсэн гэхэд болно.
Гишүүн Д.Дондог хамгийн түрүүнд асуулт тавьсан. Тэрбээр 2006 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 20-иос дээш хувиар нэмэхээр тусгаж болоогүй юм уу. 80 мянган төгрөгийн цалинтай хүмүүс чинь ар гэрээ тэжээхэд хэцүү байна шүү. Тэтгэврийн зөрүүг арилгах боломж байна уу. Бас ядуурлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ. Түүнээс гадна орон гэргүй олон хүн байна. Тэдэнд жаахан мөнгө төсөвлөх талаар бодож үзсэн үү гээд урсгаж гарсан. Цалин, тэтгэвэртэй холбоотой асуултад нь Сангийн сайд Ц.Алтанхуяг Цалингийн тухайд гэвэл бид ирэх оны долдугаар сарын 1-нээс 10 хувь нэмэхээр тусгасан. 2006 онд инфляцийг сааруулахын тулд арга хэмжээ авна. Ер нь инфляцийг 6.3 хувьтай байхаар тооцож цалинг 10 хувиар нэмэхээр төсөвлөсөн юм. Энд нэг зүйлийг хэлэхэд одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 40000 төгрөг байгаа бөгөөд үүнээс доош орлоготой иргэн хүн амын орлогын албан татвар төлдөггүй. Тэгвэл ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70000-аар тогтоож, үүнээс дээш орлогын албан татвар төлж байхаар төсөвлөгдсөн. Тэтгэврийн хувьд гэвэл 12.2 тэрбум төгрөг тавьчихаад байна гэдэг хариулт өглөө. Д.Дондог гишүүний нийгмийн хамгааллын чанартай асуултад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан хариулсан. Сайдын ярьснаар бол 2005 оны эхний есөн сарын байдлаар 27000 ажлын байр бий болсон бөгөөд шинээр ажлын байр бий болгох, жижиг бизнесийг дэмжих чиглэлээр банкнаас хоёр тэрбум төгрөгийн зээл олгогдож байгаа аж. Харин Ц.Баярсайхан сайд орон гэргүй хүмүүсийг харж үзэх талаар тоймтой юм хэлсэнгүй. Гишүүн С.Оюуны Ерөнхийлөгчийн төсөв дээр гадаад томилолтод зориулж 420 сая төгрөг төсөвлөжээ. Энэ арай их тоо шиг байна. Бас Засгийн газрын нөөц хөрөнгөнд таван тэрбум гэдэг тоо харагдаж байна. Ингэж өмнөх оноос нэмэх шаардлага байсан уу гэдэг асуултад Сангийн сайд Ерөнхийлөгчийн төсвийг нэмсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Засгийн газрын нөөц хөрөнгийг дөрвөн тэрбум төгрөг, хуваарилагдаагүй зардлыг хоёр тэрбум байхаар төсөвлөсөн. Ингэхгүй бол болохгүй. Учир нь гэнэтийн янз бүрийн асуудал гарч ирсэн жишээ олон бий. Өнгөрсөн намар л гэхэд баруун гурван аймгийн цахилгааны өрөнд Оросын тал 500 саяыг өг гэж суучихсан шүү дээ гэсэн хариулт өгөв. Хэлэлцэх асуудал маргааш үргэлжилнэ.
(өнөөдрийн монгол 2005-10-19 118)