Гишүүд улсын төсвөөс хувь хүртэх гэсэн оролдлогоосоо салаач ээ
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн танхимын багш доктор, профессор Д.Намжил
-Улсын төсвийн төслийг төсвийн байгууллагуудын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн дагуу зохиосон. Уг хууль нэг сайн талтай боловч нэг сөрөг үр дүнтэй. Энэ хуулийн дагуу төсөв ерөнхийдөө салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох чиглэлээр зохиогдсон. Тиймээс орон нутгийн бие даасан байдлыг хангах талаар дутагдалтай төсөв болсон гэж дүгнэж байна.
Монгол Улсын Засгийн газраас бүс нутгаар хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж гаргасан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тодорхой хөрөнгө мөнгө шаардлагатай. Бүсчилэн хөгжүүлэхийн тулд бүс нутаг руугаа чиглэсэн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Гэтэл 2006 оны төсөвт үүнийг түлхүү суулгаж өгөөгүй. Жил болгон хэрэглээ рүүгээ хандсан зүйлд анхаарлаа төвлөрүүлээд төсвөө хуваарилж байна. Өнөө маргаашаа харсан алсын хараагүй төсөв зохиодгоо болимоор байна. Судлаач, эрдэмтдийн санал бодлыг төсвийн төсөл боловсруулахдаа тусгах хэрэгтэй.
Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал, доктор Д.Батжаргал
-УИХ-аар төсөв батлах үйл явцыг харахад Засгийн газар баахан мөнгө хэрэгтэй гээд, 76 гишүүн тойрогтоо ийм ч юм шаардлагатай гээд ахиухан мөнгө хуваарилуулахаар зүтгэж байна. Төсөв хязгаарлагдмал, хүрэлцэхгүй болохоор хоорондоо арилжаа, тохиролцоо хийнэ. Уг нь төсөв бол төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээ. Энэ үйлчилгээний мөнгө нэг хэсэг хүнийг лоббидоход зориулагдаж эдийн засгийн орчин, төрийн үйлчилгээ муу хэвээрээ л байна. Энэ байдал ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцэж батлахад давтагдах байх гэж бодож байна. Би нэг жишээ хэлье. Дэлхийн эдийн засгийн форумаас энэ сарын 13-нд судалгаа явуулж тайлангаа гаргасан байна. Өрсөлдөх чадварын үнэлгээгээр судалгаа хийхэд 117 орноос Монгол Улс 96 дугаар байранд оржээ. Засгийн газрын үргүй зардал гэдгээр 109 дугаар байранд орсон байна. Тэгэхээр төсвийг ямар үргүй зарцуулдгийг харууллаа. Засгийн газрын албан тушаалтнуудын шийдвэрт тал тохой татах үзүүлэлтээр 107 дугаар байрт, шүүхийн бие даасан байдлаараа 99-д орсон. Үндсэн хуульд шүүх төрөөс хараат бус байна гэж заасан. Гэтэл Монгол Улсын шүүх төрийнхөө хараат болсныг энэ үзүүлэлт харуулж байна. Төсвийг бүрдүүлдэг татвар төлөгчдийн мөнгийг хурааж аваад албан тушаалтнууд идэж уугаад дуусгадаг боллоо. Төрийн үйлчилгээнд зарцуулахгүй учир иргэдэд үйлчилгээ нь хүрэхгүй байна. Эдийн засгийн орчинг сайжруулахгүй бол яаж улс орон хөгжиж дээшлэх юм бэ. Ийм бүтэц, засагтай үед өөрчлөлт хийж чадахгүй. Бидэнд уг нь шинэчлэлт хийж, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх боломж байна.
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхимийн тэргүүлэх профессор, доктор Д.Цэрэнпил
-Би 2006 оны төсвийн төслийг уншиж судлаад сууж байна. Төсвийн орлого, зарлага жилийн жилд өсч байдаг. 2005 оны төсөв харьцангуй сайн биелэлттэй, татварын орлогын төлөвлөгөө нь 80 гаруй тэрбум төгрөгөөр давж биелэх төлөвтэй байна. 2006 онд орлого 845 тэрбум, зарлага 893 тэрбумаар төсөвлөгдсөн. Төсвийн алдагдал 70 тэрбум байхаар тусгажээ. Ирэх жилийн төсвийн гол онцлог нь Татварын хуульд цогц маягаар өөрчлөлт оруулах явдал юм. Хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын хувь хэмжээг бууруулахаар төсөл зохиосон байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн сайн нөлөө үзүүлэх, хүн амын орлогыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно. Үүнээс харахад ирэх жилийн төсөв нэлээн эерэг дүр төрхтэй байх болов уу гэж бодож байна. 2006 онд төрийн байгууллагуудын албан хаагчдын цалин, тэтгэврийг тус бүр 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Би хоёр зүйлд сэтгэл дундуур байгаа. Өндөр настнуудын тэтгэврийн зөрүүг арилгах талаар шат дараалсан арга хэмжээ цаашид авна гэсэн байгаа. Ахмадууд үнэхээр бага тэтгэвэр авч байна. Төр засаг энэ асуудлыг дорвитой нэг дор шийдэж болмоор санагддаг. Төсвөөс хөрөнгө оруулалтын санхүүжилтад 10 гаруйхан хувийг зарцуулахаар байна. Жил болгон хөрөнгө оруулалтын зардал зайлшгүй нэмэгдэх ёстой. Энэ нь эдийн засгийн хөгжлийн гол зүйлийн нэг. 2006 оны төсвийн төсөлтэй танилцахад хөрөнгө оруулалт өнгөрсөн жилүүдийн хэмжээнд хүрэхгүй нь гэсэн сэтгэгдэл төрлөө. Хөрөнгө оруулалтын зардлыг жил болгон дотоод эх үүсвэрээр нэмэгдүүлж байвал чухал ач холбогдолтой. Манай улс удирдлага, захиргааныхаа зардлыг хорогдуулах дорвитой арга хэмжээ ерөөсөө явуулахгүй юм. Энэ бол анхаарч үзэх чухал асуудал. Хоёр сая 500 гаруй мянган хүн амтай Монгол Улс 13 яам, 30 гаруй агентлагтай байхад 270 сая хүнтэй АНУ 13 яам, ОХУ бас 10 гаруйхан яамтай байна. Үүнээс харахад Монгол оронд 13 яам хэрэггүй. Агентлаг, яамыг зоригтой багасгавал асар их мөнгө хэмнэх боломж бий. Жил болгоны төсвийн төслийг хэлэлцэхэд удирдлагын тогтолцоог өөрчлөх болов уу гэж хүлээх юм. Гэтэл энэ жил тийм өөрчлөлт хийх шинж алга.
Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн банк санхүүгийн тэнхимийн багш Г.Балж
-2006 оны төсвийн төсөл урьд жилүүдийнхээс илүү ахицтай гэж бодож байна. Манай улс татварын дарамт өндөртэй орнуудын тоонд ордог. Татварын тогтолцоонд өөрчлөлт оруулвал эерэг үр дүн гарах боломж бий. Компаниуд татвараас зугатаан жижгэрэх хандлагатай болсон. Төсвийн төслийг боловсруулахдаа салбарын мэргэжилтэн, судлаач, багш эрдэмтдийн саналыг тусгаж байх хэрэгтэй байна. Дээд шатны хүмүүс бодит байдлыг мэдэхгүйгээс амьдралд нийцэхгүй шийдвэр их гаргадаг болсон. Энэ байдлыг өөрчлөхийн тулд шат шатанд нь судалгаа хийж саналыг тусгах хэрэгтэй гэж боддог. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар төсөвт түлхүү тусгаж өгмөөр байна. Тэгвэл дотоодын нийт бүтээгдэхүүн өсч ард түмний амьжиргааны түвшин дээшилнэ.
(өнөөдрийн монгол 2005-10-19 118)