Шулуун гэдэсний хавдар дахих магадлалтай
Энэ талаар Улсын клиникийн төв эмнэлгийн проктологийн тэргүүлэх зэргийн эмч Б.Баттулгатай уулзаж ярилцлаа.
ХҮМҮҮС ГУРАВ, ДӨРӨДҮГЭЭР ҮЕД НЬ Л ЭМЧИД ХАНДДАГ
Эрдэмтэн доктор С.Санжаабямба бүдүүн гэдэсний хорт хавдрын 52 хувь нь шулуун гэдсэнд байрладаг гэсэн судалгааг гаргажээ. Энэ нь 1987 оноос хойш Улсын клиникийн төв эмнэлгийн проктологийн тасагт бүдүүн гэдэсний хорт хавдраар мэс засалд орсон хүмүүст хийсэн судалгааны дүн.
Шулуун гэдэс нь ойролцоогоор 12-15 см байдаг. Хоргүй хавдар гэдэг нь шулуун гэдсэнд мах ургацаг ургахыг хэлнэ. Үүнийг полип гэж нэрлэдэг. Эндээс л хорт хавдар үүсдэг аж.
Хавдар үүсгэдэг гол шалтгаан нь хоргүй хавдар, шулуун гэдэсний ур, шархлаа, парапроктет, архаг мундас байдаг гэнэ. Мөн хорт хавдрыг мэс засал хийж эмчилдэг байна.
Хамгийн төвөгтэй нь мэс заслаар шулуун гэдсийг авах болдог. Шулуун гэдэсний доод хэсэг, хуниасыг нь авахаар хэвлийн аль нэг хэсэгт хиймэл хошного залгадаг. Ингэхдээ наадаг уут хэрэглэдэг. Энэ нь тухайн хүнд таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна эвгүй үнэр ялгаруулдаг. Тэгээд ч Монголд тэр уут нь хангалттай биш байдаг гэнэ.
Хорт хавдрыг эмийн эмчилгээгээр эмчлэх боломж бага. Дөнгөж эхэлж байгаа үед нь химийн болон туяа эмчилгээ хийх боломжтой. Манайхан ихэвчлэн өвчнөө гурав, дөрөвдүгээр үед нь оруулаад эмчид ханддаг аж. Тиймээс мэс засалд зайлшгүй орох шаардлагатай болсон байдаг. Хэдийгээр мэс засал хийлгэсэн ч дахих тохиолдол гардаг учраас дараа нь хими, туяа эмчилгээ хийвэл илүү үр дүнтэй. Бүдүүн гэдэсний хорт хавдар удамших хандлага ажиглагддаг гэнэ.
Дэлхий дахинд мөрддөг нэг хандлага байдаг. Энэ нь бүдүүн гэдэсний хорт хавдартай хүн оношлогдоход ойр дотны хүмүүсийг нь шинжилгээнд хамруулж, хяналтад авдаг. Манай улсын хувьд ар гэрийнхэнд нь шинжилгээ хийдэггүй ч нөхцөл байдлыг нь сайн ойлгуулдаг юм байна.
ЖИЛД НЭГ УДАА ГЭДСЭЭ ДУРАНДУУЛААРАЙ
Хүний гэдэс сунаж, агшдаг учраас барагтай бол өвддөггүй. Хорт хавдраар өвчилсний гол шинж тэмдэг нь цус алдалт. Мөн гэдсэн доторхи эзлэхүүн өөрчлөгдөөд ирэхээр өтгөн нь нарийнхан гардаг. Харин энэ нь хүндрээд III, IҮ үедээ ороод ирэхээр өвдөлт бий болж, цус алдалт нэмэгддэг аж. Түүнчлэн түгжрэлийн шинж тэмдэг илэрч гэдэс дүүрдэг. Өтгөн нь хаагдсанаас болж ялгадасны хавдрын хордлого болно. Үүнээс болж хүмүүс турж эцэн жингээ алддаг ажээ.
Бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс заслыг хот, хөдөөгүй хийдэг.
Энэ өвчнөөр 40-өөс дээш насныхан илүү өвчилдөг. Тэгээд ямар ч төрлийн хавдарт нас ахиж яваа хүмүүс илүү өртөмтгий байдаг байна. Энэ нь тэдний өөрт тавих анхаарал халамжтай холбоотой байх. 40-өөс дээш насныхан ядаж жилд нэг удаа гэдсээ дурандуулж, зургаа авахуулаж байх хэрэгтэй. Ингэх нь урьдчилан сэргийлэхээс гадна мэс засал хийлгэсэн ч дараахь эмчилгээний үр дүн илүү сайн байдаг.
Харамсалтай нь сүүлийн үед дөнгөж хорь гарч яваа залуусын дунд шулуун гэдэсний хорт хавдар мэр сэр тохиолдох болжээ. Энэ нь тэдний архи, тамхи хэтрүүлэн хэрэглэж байгаатай холбоотой гэнэ.
Мөн энэхүү өвчин нь элэг уушиг зэрэг бусад эрхтэнд нөлөөлж үсэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл, бусад эрүүл эрхтэнээ өвчлүүлнэ гэсэн үг. Оройтох тусам энэ нь нэмэгддэг. Үсэрхийлээд ирэхэд эмчилгээний үр дүн муудах төдийгүй амьдрах хугацаа нь ч богиносдог ажээ.
УДААН ХУГАЦААГААР СУУСНААС СУДАСЛАГ ЭД НЬ ТОМОРДОГ
Шамбарам өвчин хавдрыг бодвол харьцангуй хурдан эмчлэгддэг, үр дүн ч сайтай. Шулуун гэдэсний амсар дээр судасны зангилаанууд хоорондоо нийлж судаслаг, торлог эд үүсгэдэг. Энэ нь хүнд хүчир ажил хийх, удаан хугацаагаар суух, даарч ядарснаас болж судаслаг эдүүд томордог байна. Тэгээд цус алдах, цагаан мах нь эргэхээрээ өвчин болдог аж. Үүнийг гурван янзаар эмчилдэг юм байна. Өвчний эхний үед эм уух, тосон түрхлэг, шулуун гэдсээр лаа хийдэг.
Харин өвчний дараагийн шатанд сорвижуулж, хатууруулах эмчилгээ хийнэ. Энэ нь гол судаслаг эдийг тэжээж байдаг артерийн судас руу тариа хийнэ гэсэн үг. Тариа нь судасны ханыг дортоос нь гэмтээгээд хатууруулах бөгөөд ингэснээр үрэвсэл нь намдаж, цус алдалтыг багасгадаг. Энэ арга эмчилгээний үр дүн өндөртэй, өвчтөнд зовиур багатай.
Харин гуравдахь нь мэс заслын эмчилгээ. Өтгөн гардаг шулуун гэдэсний амсар дээр хагалгаа хийнэ гэсэн үг.
Хагалгаа хийх олон арга байдгийн нэг нь уламжлалт гар аргаар хийдэг хагалгаа. Харин сүүлийн үед Америкийн Жонсон жонсон компаниас гаргадаг нэг удаагийн РРН багаж нь их үр дүнтэй. Хүндээ зовиур багатай, эдгэрэлт хурдан юм байна.
ШАМБАРАМЫГ ГЭРЭЭР ЭМЧИЛНЭ ГЭЖ БАЙХГҮЙ
Ажлын ачаалал нэмэгдэх, биеийн эсэргүүцэл сулраад ирэхэд цагаан мах эргэн гардаг. Ингэхдээ олон янз. Заримдаа цусан бүлэнгээр бөглөрдөг. Энэ үед эмийн эмчилгээний үр дүн удаан. Харин хавагнаад ирэхэд эмийн эмчилгээ үйлчилгээгээ хурдан үзүүлдэг.
Мэс засал хийлгэсний дараа цөөхөн тохиолдолд дахидаг. Тус тасагт 1990 оныг хүртэл ирж үзүүлдэг хүн бараг байхгүй байжээ. Энэ нь хүмүүс өвчнөөсөө санаа зовдог байсантай холбоотой гэх.
Харин одоо харьцангуй гайгүй болсон гэнэ. Зарим нэг нь энэ өвчнийг өнгөний өвчин гэж бодоод нууж явсаар байгаад хүндрүүлдэг. Сүүлийн үед манайхан дэндүү хайхрамжгүй болжээ. Маш их цус алдаж байна. Энэ өвчнөөс болж цус алдсаар байгаад цусныхаа тавны гурвыг алдаад муужирч унаад ирэх тохиолдол өнгөрсөн жилээс эхлэн ихэсчээ. Тэдгээр хүмүүст цагаан махны эмчилгээ хийхээс гадна цус төлжүүлэх талаас нь давхар эмчилгээ хийж, илүү их зардал гаргаж байна. Хагалгаанд орсны дараа ч гэсэн эдгэрэлт нь удаан. Хамгийн эхний гэртээ авах арга хэмжээ лаа хэрэглэх. Мөн өмхий ногоон тосыг дээр нь тавьж боох хэрэгтэй. Энэ өвчнийг гэрээр эмчилнэ гэж байхгүй. Тиймээс эмчид хандах нь чухал.
Үүний сөрөг үр дагавар нь хүчтэй өвдсөнөөс болж дахин орохгүй тогтдог. Эсвэл маш ихээр цус алддаг.
(өнөөдрийн монгол 2005-10-19 118)