Хүүхэд үрчлэх саналыг бүтэн хоёр жил судалдаг
Хүүхэд үрчлэх асуудлыг хөнгөн хуумгай шийддэг юм биш биз гэсэн асуултыг нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн С.Халиун ирүүлэв. Түүний асуултад Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны дарга Н.Удаанжаргалаас хариулт авлаа.
-Манай албаны эрхлэх ажлын хүрээнд хүүхэд үрчлэх асуудал ордог. Ер нь гадаадынхан хүүхэд олноор үрчлэн авдаг гэсэн ойлголт байдаг юм. Яагаад гэдгийг мэдэхгүй. Гэхдээ хүүхэд үрчилж авах хүсэлтэй иргэн манайд шууд ханддаггүй. Өөрийн орныхоо цагаачлах албаар дамжуулан, Эрүүл мэндийн асуудал хариуцсан яам болон Нийгмийн халамжийн газраасаа зөвшөөрөл аваад ирдэг юм. Маш нарийн шалгуурыг давдаг гэсэн үг. Тухайлбал АНУ-ын иргэн Монголоос хүүхэд үрчлэн авах хүсэлтээ гаргажээ гэхэд энэ хүний амьдралын боломж, эрүүл мэндийн байдлыг удам судраар судлаад боломжтой гэж үзвэл зөвшөөрөл өгдөг. Энэ зөвшөөрлөө авсан иргэн манайд ханддаг. Танай иргэн ийм хүсэлт тавилаа гэдгийг тухайн улсад мэдэгдэнэ. Тэгэхээр наад хүн чинь ийм амьдралтай, ийм гарал үүсэлтэй гээд бүх мэдээллийг өгдөг юм. Энэ бүхнийг үндэслээд манайх зөвшөөрөл олгодог. Үрчлүүлсэн хүүхэд эсэн мэнд өсч торниж байгааг байнга мэдээлж байдаг гэв.
Ж.ГАРАГ
(өнөөдрийн монгол 2005-10-19 118)