Түрээсийн 20000 төгрөгөө өгчихөөд үх
Улирлын чанартай гэмт хэргийн тоонд ордог болсон таксины халдлагын гэмт хэргийн талаар дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийнхан Хууль зүй, дотоод хэргийн яамны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга болон такси баазын эзэдтэй уулзаж жолооч нарын аюулгүй байдлыг хангахын тулд хаалт хамгаалалттай болгох саналыг тавьсан боловч өнөөдрийг хүртэл таг чиг хэвээр байгаа ажээ.
Такси түрээслүүлэгчдийн тавьж байгаа шаардлага бол Түрээсийн мөнгөө өг, тэгээд үх гэсэнтэй яг адил. Өглөө оройд мөнгө л нэхнэ. Харанхуй шөнө, хэцүү хүнд бүхний өөдөөс хар толгойгоо өгөхөөс наахнуур явж байж олсон хэдэн төгрөгийг хурааж авдаг шигээ аюулгүй байдлыг бодох ёстой. Ийм шаардлагыг таксины үйлчилгээ эрхлэгчдэд тавихаасаа айгаад байгаа юм биш биз дээ.
Жолоочийн аюулгүй байдлыг хамгийн сайн хамгаалсан байгууллага, хүнд үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг өгөөч. Хэдэн хуучин машин авчирсан бүхэнд зөвшөөрөл өгчихөөд хэнэггүй сууж байгаа нийтийн тээвэр зохицуулах газрынхныг зөвтгөх арга алга. Таксины жолоочид халдлаа, таксины жолоочийг аллаа. Цагдаа очно. Хэргийг шалгана. Өөр хэн хариуцлага хүлээж, санаа таьж байгаа юм бэ. Хоногт заавал 20000 төгрөг олж ир гэсэн хатуу болзол тулгасан байгууллага хариуцлага хүлээх ёстой. Ингэвэл аюулгүй байдалд ч анхаарна. Ямар ч тооцоогүй их түрээс ногдуулдгаа ч болино. Такси явуулахыг зөвшөөрдөг байгууллага л үүнийг хэрэгжүүлж, ийм шаардлага тавих хэрэгтэй.
Өнгөрсөн жил Сүхбаатар дүүргийн XI хорооллын Ү байрны өмнөх автомашины зогсоол дээр жолоочийх нь амийг хөнөөгөөд ачаанд нь хийж тав хоносон, Баянзүрх дүүрэгт Цайз захын орчим Алтан-Өлгийн чимээгүй хотод таксины жолоочийн хоолойг боож муужруулаад машины тээшинд хийж орхисоноос бүтэж үхсэн, мөн дүүрэгт 11 сард Гачуурт руу явна гэж машинд нь суугаад хотын захад очоод жолоочийг буудаж амийг нь хөнөөгөөд машиныг нь унаж явсан зэрэг аймшигт хэргүүд ар араасаа хөвөрсөөр
Нийслэлд таксины жолооч нарыг дээрэмддэг хэд хэдэн бүлэг дээрэмчид байдаг зарим нэгийг нь баривчиллаа гэх боловч энэ хэргийг таслан зогсоох арга хэмжээ авахад хэцүү байгаа талаар цагдаагийн ажилтан ярьсан. Нийслэлд Баянзүрх, Сонгино¬хайрхан дүүрэгт энэ төрлийн гэмт хэрэг илүү гардаг. Учир нь хотын төвөөс такси барьсан дээрэмчид нийслэлийн захын дүүрэг, гэр хороололд хүн бага явдаг газрыг сонгож дээрмээ хийдэг аж. Такси дээрэмддэг хүмүүс ихэвчлэн 19-35 насны залуус байдаг. Тэд амар хялбар аргаар мөнгө олж зугаацах гэснээс байнгын бэлэн мөнгөтэй байдаг таксины жолооч нарыг дээрэмддэг байна.
Такси дээрэмдэж байгаа хүмүүс ихэвчлэн хоёроос гурвуулаа явдаг сүүлийн үед энэ хэрэгт эмэгтэйчүүд холбогдох болжээ. Саяхан Сонгинохайрхан дүүрэгт зах явна хэмээн такси барин олны хөлөөс хол аваачиж дээрэмддэг гурван залууг баривчилсан байна. Тиймээс таксины жолооч нарыг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай болоод байна. Жолооч нарыг гэмт халдлагаас хамгаалах хамгийн шилдэг арга бол жолоочийн хаалт. Энэ тухайд холбогдох хүмүүс юу гэж ярьж байгааг сонирхсон юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга Р.Ганболд
–Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр таксины жолоочийг дээрэмдэх гэмт хэрэг ихэсдэг. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт энэ төрлийн гэмт хэрэг их гардаг. Саяхан манайд жолооч дээрэмдсэн хэрэг бүртгэгдээд шалгагдаж байна. Жолоочийн хамгаалалт маш чухал. Би өнгөрсөн сард Хууль зүй, дотоод хэргийн яам дээр болсон уулзалтад оролцохдоо таксины жолооч нарыг хамгаалалтад авах талаар ярьсан. Такси компани нэг жолоочоос өдрийн орлого гэж 15-20 мянган төгрөг хураадаг. Тиймээс такси түрээсэлж байгаа жолооч нарынхаа хамгаалалтад нь анхаарал тавин нэг сая төгрөг гаргаад хэдэн таксиндаа хаалт хийхэд болно шүү дээ. Мөн Засгийн газраас асуудал болгож, шийдвэр гаргаад жолоочийн хаалтгүй таксиг үйлчилгээнд явуулахгүй болгох хэрэгтэй юм. Тэгвэл төр нь иргэдийнхээ амь насанд тодорхой хувиар анхаарал тавьсны илрэл болно. Таксины хаалт хийнэ гэсэн нь хүний амь насыг хамгаалахад байгаа юм гэсэн.
Харин такси баазын эзэд арай өөр бодолтой байдаг юм билээ. Тэдэнд өнөөдрийн орлого чухал болохоос элдэв сул зүйлд дэмий зарлага гаргах хүсэл тун бага байгаа нь ажиглагдсан. Энэ тухай манайдаа нэлээд нэр хүнд бүхий такси компаний эздээс хариулт авахыг хүссэн боловч хангалттай хариулт авч чадсангүй. Сити такси компаний захирлын нарийн бичиг нь Манай эзэн Батжаргал гэдэг хүн байдаг. Та түүнтэй уулз гэсэн боловч, Батжаргал нь юун тухай явж байгааг асуугаад, би Делта сервис ХХК-ийн захирал. Надад Сити компани хамаагүй гэлээ. Харин NICO ХХК-ийн захирал Нямдорж, Интерпресс ХХК-ийн захирал Ядам нар маш их завгүй байна гэсэн. Харин Энэ тухай яригдаж байгаа асуудал юм билээ. Одоогоор юу хэлэхээ сайн мэдэхгүй байна.
Мэдээж хамгаалалттай болж болно. Энэ тухай дээр яригдаад өнгөрсөн. Одоо чухам аль шатандаа явж байгаа юм бол гэсхийгээд өнгөрлөө. Ихэвчлэн дундаж амьдралтай хүмүүс такси түрээсэлдэг юм байна.
Тиймээс өдрийн орлого болох 15-20 мянган төгрөгийг тушаагаад зарим үед талхны ч мөнгөгүй харих үе байдаг ажээ. Гэтэл хагартлаа идэж, унтсан захирал нь сэрээд л нойргүй явсан жолоочоос 20000 төгрөгийг загнаж байгаад авна. Ийм шударга бус, харгис бизнес, үйлчилгээг хааж, хүн,хүний амьд явах баталгааг дээдлэх ёстой шүү.
(өнөөдрийн монгол 2005-10-19 118)