Зурагт хуудсаа хаана наахыг нэр дэвшигчдэд хувиарлаж өгнө
Энэ удаагийн хуралд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн болон УИХ-ын зарим гишүүдийн зүгээс хуулийн төслийг боловсронгуй болгох саналуудыг хэлэлцэж дөнгөж талд нь хүргээд тарлаа. Ажлын хэсгийн зүгээс Сонгуулийн тухай хуулийн төсөлд заагдсан тойргийн хорооны дарга, нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд тэднийг СЕХ-ноос томилно гэснийг хасах санал тавьжээ. Гишүүд үүнийг санал нэгтэй дэмжсэн. Мөн сонгогчийг сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгээгүй тохиолдолд сонгогч, нэр дэвшигч, нам эвсэл тойргийн хороонд гомдол гаргана гэж төсөлд тусгаснаас нэр дэвшигч, нам эвсэл гэсэн үгүүдийг хасах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Гишүүдийн зарим нь сонгуульд нэр дэвшигчийн хамгийн сэтгэл зовоодог асуудал сонгогчдын нэрсийн жагсаалт. Үүнийг ил тод байлгах нь хамгийн чухал гэсэн бол зарим нь өөрийнх нь нэр сонгогчдын нэреийн жагсаалтад орсон үгүй нь сонгогчид хамаагүй байдаг. Хүссэн хүн саналаа өгөөд, хүсээгүй нь өгдөггүй шүү дээ. Энэ заалтыг бүхэлд нь хасъя гэсэн санал гаргасан. Санал нэлээд зөрөлдсөний эцэст энэ заалтыг бүхэлд нь хасахаар олонхи санал нэгдэж, хэвээр үлдээх санал гаргасан З.Энхболд гишүүн цөөнх боллоо. Байнгын хорооны хуралдааны явцад гарсан бас нэгэн маргаантай асуудал нь сонгуулийн сурталчилгааны самбарыг хэрхэн хаана байрлуулах вэ гэдэг асуудал байв. Хуулийн төсөлд сурталчилгааны самбарыг Засаг даргаас зөвшөөрөл авч, зурагт хуудсаа олон нийт төвлөрсөн газарт нааж болохоор тусгагдсан юм байна. Гэхдээ гэрхорооллын хашаа, хаалга, орон сууцны орцонд зурагт хуудас наахыг хоригложээ. Гишүүдийн хувьд олн нийтийн газар гэхээр нийтийн тээврийн зогсоолууд, худалдааны төв гэх зэрэгт хэн дуртай нь зурагт хуудсаа наагаад байвал замбараагүй юм болно. Харин тухай, тухайн газар нам эвсэл нэр дэвшигчдэд хуваарилж өгэх замаар явбал дээр гэдэг дээр санал нэгдлээ. Мөн энэ үеэр сонгогчдын шилжүүлгийг яаж зохицуулах вэ гэсэн асуудал нэлээд хүчтэй тавигдав. УИХ-ын дарга Ц.Нямдоржийн санаачилсан Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар өөр хэсэг буюу тойрогт шилжвэл шилжүүлэг авч тухайн тойрогтоо санал өгнө гэсэн заалтыг нэмэх санал дээр гишүүд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэдгээ илүү тодорхой болгох хэрэгтэй гэдэг байр суурьтай байсан. Хэлэлцсэний эцэст зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт өвчтэй байгаа, албан томилолт гэх зэрэг шалтгаануудыг хамааруулахаар тогтлоо. Гэхдээ тодорхой нэр зааж оруулахаар болсон юм. Энэ нь сонгогчдыг бөөнөөр нь ачиж өөр хэсэг, тойрогт санал өгүүлэх явдлыг таслан зогсоох зорилготой заалт ажээ. Эдгээр асуудлуудыг хэлэлцсэний эцэст ажлын хэсэг болон гишүүдийн санал болгосон заалтуудын талыг нь хэлэлцэж ээлжит хуралдаанаараа үргэлжлүүлэхээр боллоо.
Ч.БЭЛЭГ
(үнэн 2005-10-20 206)