Лу.Болдыг шүүхэд дууджээ
Эвслийн Засгийн газар тус газрын даргаар УИХ-ын гишүүн асан Лу.Болдыг томилсон. Харин түүний орлогчоор эдгээр газрыг тус тусдаа байх үед нь толгойлж байсан хуучин дарга нарыг томилсон нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрыг ажил хийх биш хэрэг зарга хөөцөлдөх, шүүх сэргийлэхийн хаалга сахихад хүргээд байна гэж хэлж болно.
Энэ салбарт өнгөрсөн хугацаанд гарсан алдаа завхарлыг арилгах талаар шат шатандаа ярьж, УИХ хүртэл ажлын хэсэг гарган ажиллаж байгаа боловч өмнө нь ажлын алдаа гаргасан хүмүүс өнөөдөр дахин энэ байгууллагын удирдах бүрэлдэхүүнд байгаагаас ямар ч амжилтад хүрэхгүй байгаа аж. Энэ байдал даамжирч, нэг нэгийгээ шүүх сэргийлэхэд матах болсон байна. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болдыг өчигдөр Захиргааны хэргийн шүүхэд дуудаж хэрэг үүсгэсэн тухай мэдээлеэн аж. Түүний хэрэгжүүлэхээр эхэлж буй ажлын жагсаалт, шинэ дүрэм журам зэрэг байгууллагын дотоод мэдээ материалыг хэн нэгэн гадагш тараасныг нь ашиглан нэр бүхий хүмүүс Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргад нэхэмжлэл гаргасан гэнэ. Ер нь одоогийн удирдлагын хийж буй ажлыг зогсоох, албан тушаалаас нь зайлуулах сонирхолтой бүлэг хүмүүс нэгдэн зохион байгуулалтад орж, санхүүжилт гарган хөөцөлдөж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Үүнд хуучин лицензийн наймаа эрхэлж байсан хүмүүсээс эхлээд хариуцлагатай алба хашиж буй хүмүүс ч бий аж. Бид энэ бүлэг ямар хүрээг хамарч байгаа талаар судлан цаашид дэлгэрэнгүй нийтлэх болно.
Б.ЦОЛМОН
(өдрийн сонин 2005-10-20 252)