Хатгалд 20 см зузаан цастай байна
15, 16-нд төвийн нутгийн хойд хэсгээр 25 см зузаан цасан бүрхүүл тогтоод хайлж, үүнээс хамгийн их нь Хатгалд одоогоор 20 см зузаан цастай байна. Хур тунадасны хамгийн их нь Баян-Өлгийн Ялалтад 8 мм, Энэ хугацаанд говь, талын нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүссэн гэнэ.
Зуншлага тааруу байсан Говийн бүсийн аймгууд болон зуншлага харьцангуй сайн байсан Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Увс, Архангай, Булган, Сэлэнгэ, Сүхбаатарын зарим нутгаар өвлийн ихэнх саруудад цас ахиу орж, шөнөдөө нягтарч хөлдөн малын бэлчээрлэлтэд муугаар нөлөөлж болзошгүйг анхааруулж байгаа аж. Хоёр оны заагаар ихэнх нутгийг хамарсан хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурах төлөв ч гараад байгаа.
Энэ арав хоногт нийт нутгаар агаарын температур 1-9 градус дулаан байгаа аж. Маргааш говийн нутгийн баруун хэсгээр, нөгөөдөр говийн нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орох нь. Өчигдрөөс эхэлж зарим нутгаар салхи баруунаас секундэд 12-14 метр хүртэл ширүүссэн ч уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх аж. Өчигдөр нийт нутгийн зарим хэсгээр, өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч байна.
Б.ХАШ
(өдрийн сонин 2005-10-20 252)