Дональд Рамсфелд
1958 – Огайо мужаас Конгрессын гишүүнээр сонгогдсон Дэвид Деннисоны туслах
1959 – Мичиган мужаас Конгресст сонгогдсон Роберт Гриффийн туслах
1960-1962 – Чикао хотын Бекер энд компани фирмд ажилласан
1962-1968 – Иллинойс мужийн 13 дугаар тойргоос Конгрессын төлөөлөгчдийн танхмын гишүүнээр сонгогдсон
1969 – Ерөнхийлөгч Ричард Никсоны туслах болон Эдийн засгийн нөөц бололцооны газрын тэргүүн
1970-1972 –АНУ-ын Ерөнхийлөгчийн туслах
1972-1974 – НАТО дахь АНУ-ын байнгын төлөөлөгч
1974 – Ерөнхийлөгчи Жеральд Фордын шилжилтийн үеийн багийг тэргүүлж байгаад Цагаан ордоны засаг захиргаанд ажилласан.
1975-1977 – БХЯ-ны сайд
1977-1985 – Эм үйлдвэрлэлийн Searly&Co компанид
1983 – Ерөнхийлөгч Рональд Рейганы засаг захиргаанд стратегийн хүч асуудал хариуцсан комиссын тусгай зөвлөх
1983-1984 – АНУ-ын Ерөнхийлөгч Ойрхи Дорнод дахь тусгай элч
1984 – Зэвсэглэл ба зэвсэг устгах асуудал хариуцсан агентлагийн зөвлөлийн гишүүн
1985-2000 – хувиараа бизнес эрхэлж байсан
1996-1998 – Ерөнхийлөгч Б.Клинтоны үеэр зарим орнуудын баллистик пуужин боломжийг судлах тусгай комиссыг тэргүүн
2001 – АНУ-ын БХЯ-ны сайдаар томилогдсон
Хэдхэн хоногийн дараа манайд АНУ-ын БХЯ-ны сайд Дональд Рамсфелд айлчлах болсон тухай уржигдар албан ёсоор зарласан билээ. Энэ нь түүний Монголд хийж буй анхны айлчлал юм.
АНУ-ын Ерөнхийлөгч БХЯ-ны сайдад Дональд Рамсфелдийг дэвшүүлж, батлуулж чадсанаар энэ хүн улс орныхоо түүхэнд бас нэгэн сонин баримтаар нэрээ үлдээсэн билээ. 1975 онд мөн энэ албан тушаалд томилогдож байсан Д.Рамсфелд АНУ-ын зэвсэгт хүчний түүхэнд дэх хамгийн залуу сайд хэмээн бичигдсэн. Харин 68 настайдаа хоёр дахь удаагаа томилогдсоноороо Пентагоны түүхэн дэх хамгийн өндөр настай тэргүүн нь болсон.
Тэрбээр 1932 онд Чикаго хотод төрсөн бөгөөд 1954 онд Америкт нэр хүндтэйд тооцогддог Принстоны их сургуулийг дүүргэсэн. Оюутан байхдаа л улс төрийн тулгамдсан асуудлыг судлаж ирээдүйд аль салбарт ажиллахаа сонгочихсон байсан гэж ярьцгаадаг. Сургуулиа дүүргээд усан цэрэгт гурван жил алба хаачихаад Огайо мужаас АНУ-ын Конгрессын гишүүнээр сонгогдсон улстөрчийн туслахаар ажиллажээ. Маш богино хугацаанд улс төрд орж 1962 он гэхэд Иллинойс мужаас Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон байна. Харамсалтай нь Бүгд Найрамдах намын ахмад гишүүдтэй хэл амаа ололцоогүйгээс 1969 онд болсон Төлөөлөгчдийн танхимын хорооны даргад нэр дэвшээд ялагдал хүлээж байсан удаатай. Нөхцөл байдал цаашид тийм ч таатай бус байна гэдгийг ойлгосон Д.Рамсфелд Конгрессыг орхихоор шийдэж Ерөнхийлөгч Ричард Никсоны засаг захиргаанд эдийн засгийн салбарыг нь хариуцан ажиллах болжээ. Удалгүй Ерөнхийлөгчийн туслах, дараа нь Засгийн газрын гишүүн болсон юм. Ингээд хоёр жилийн дараа НАТО дахь АНУ-ын төлөөлөгчөөр томилогдон Брюссельд ажиллах болсон нь түүний хувьд үнэхээр аз байсан гэдэг. Үүний ачаар Уотергейтийн хэрэгт нэр холбогдолгүй 1974 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажилд оржээ. Нэг жилийн дараа Рамсфелд одоогийн дэд Ерөнхийлөгч Дик Чейниг дэвшүүлж ажлаа өгөөд өөрөө Пентагоны тэргүүн болсон билээ. Энэ албыг 14 сар хашихдаа тэрбээр гоц гойд зүйл хийгээгүй. Хамгийн сонирхолтой нь тэр үед том Бушийнхэн Дональд Рамсфелдийн тухай сайнаар ярьдаггүй байсан гэдэг. Учир нь Тагнуулын Төв газрын даргын албыг хашиж байсан том Бушийг хуучин ЗХУ-ын цэргийн зардлыг бодит байдлаас нь багасгаж мэдээлсэн хэмээн ширүүн шүүмжилж байжээ.
Тэгвэл яагаад том Бушийн хүү, Ерөнхийлөгч Бушийн засаг захиргаанд ийм хариуцлагатай албанд томилогдов гэж та асуух байх. Бага Бушийг Ерөнхийлөгчөөр сонгогдчихоод багаа бүрдүүлж байхад Д.Рамсфелдийн нэр байгаагүй гэдэг. Дэд Ерөнхийлөгч Дик Чейнигийн зөвлөсөнөөр түүнийг энэ хариуцлагатай албанд томилсон юм байна. Үүний нэг баталгаа гэвэл Ерөнхийлөгч Ж.Буш багийнхаа гишүүнд нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсээс хамгийн сүүлд түүнийг дуудаж уулзжээ. Ер нь дэд Ерөнхийлөгч Чейни Рамсфелд хоёр эртний найзууд. Тодруулбал 30 жил үерэхсэн, ижил төстэй чанарууд ч цөөнгүй гэнэ. Хоёулаа шийдэмгий, хэдэн арван жилийн турш хариуцлагатай алба хашсан, маш нарийн тооцоотой, бизнес хийж чамгүй туршлага хуримтлуулсан. Хоёулаа америк хөлбөмбөгийн хорхойтон, оюутан байхдаа үерхэж байсан найз охинтойгоо гэрлэсэн, хоёулаа Конгрессын гишүүн байсан гээд ярих юм бол олон зүйлийг дурдаж болно. Бие биеэ сайн ойлгодог нэг шалтгаан нь энэ байж болох талтай. Гэхдээ үүнийг уншаад та Рамсфелдийг дэд Ерөнхийлөгчийн талын хүн хэмээн ташаа ойлголт авах вий. Жорж Бушийн засаг захиргаанд К.Пауэлл, Дик Чейни нар шиг бас нэгэн хүчтэй хүн орж ирлээ гэсэн үг. Дээр дурдсанчлан Рамсфелд зөвхөн төрийн алба хашиж байсангүй. Тэрээр нэг хэсэг бизнес эрхлэхийн сацуу Төрийн нарийн бичгийн дарга болон БХЯ-ны сайдын зөвлөхийн албыг давхар хашсан. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөх хорооны гишүүнээр ажилласан.
Түүнийг сайн мэддэг хүмүүсийн яриагаар БХЯ-ны сайд өдгөө ч эрч хүч дүүрэн, тууштай хэвээрээ гэдэг. Тэрбээр Ирак Кувейтыг эзэлсэний дараа Саддам Хусейны эсрэг хатуу байр суурьтай байх нь зүйтэй гэсэн зарчмыг хамгаалж байсан хүн. Зөвхөн хүч хэрэглэхийг л мэддэг Саддамд дипломат аргаар ойлгуулах аргагүй хэмээн тэр үед ярьж байжээ. 1998 онд Конгрессын гишүүдийн өмнө илтгэл тавихдаа БНАСАУ, БНХАУ болон ОХУ нь газар доогуур цогцолбор барьж түүнийгээ зэвсэгээ улам боловсронгуй болгоход ашиглаж байна хэмээн онцолж байсан. Эдгээр улс нь газар доогуур шинэ зэвсэг боловсруулаад зогсохгүй туршилт хийж байгаа гэжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжер хэлэхдээ Д.Рамсфелд 25 жилийн дараа дахин Пентагоныг тэргүүлэх болсон нь нэг давуу талтай гээд Түүний хамгийн гол зорилго нь энэ ажлыг улам сайн хийхэд орших гэнэ. Тэр зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий, зоригтой алхам хийдэг. Бусдын саналыг сонсдог боловч энэ нь эрч хүчийг нь бууруулдаггүй гэжээ. Ийм насны хүн албан тушаал ахина гэж гүйхгүй тул эрхэлж буй ажлаа сайн хийхээс илүү эрхэм юм байхгүй. Ажиглагчид ч үүнтэй санал нэг байгаа.
Сонирхуулахад тэрбээр БХЯ-ны хамгийн залуу сайд байхдаа Рамсфелдийн дүрэм гэгчийг бий болгосон гэдэг. Энэ тухай Цагаан ордон болон Пентагонд одоо ч ярьцагаадаг. Дүрмийн нэг заалтаас дурдахад Ерөнхийлөгчөөс санаа бодлыг нуулгүй, өмнөөс нь өөрийнхөө баримталж буй бодлогоо хамгаалан ширүүхэн үгийг яаж хэлэхээ мэдэхгүй бол албан тушаал санал болгоход хүлээж авах хэрэггүй гэжээ. Д.Рамсфелдийн бас нэгэн чанар нь тоглоом тоглохдоо хөзрөө маш сайн нууж, эсрэг талынхаа хүнд хэцүү асуулт тавьдагт оршдог.
Энэ хүн судалгаа шинжилгээний ажил нэлээд хийсэн. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудлаар маш олон нийтлэл бичиж хэвлүүлсэн. 1990-ээд оны үед Бүгд Найрамдах намын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан шинжээчдийн нэг бөгөөд цөмийн заналхийллийн асуудал хариуцсан комиссыг тэргүүлж байжээ. Тус комисс нь АНУ-д хамгийн том аюул учруулж болзошгүй улс нь Иран болон БНАСАУ гэсэн дүгнэлт хийсэн.
Дашрамд дурадахад Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэллд Пентагоны тэргүүнээр Д.Рамсфелд батлагдсан тухай мэдэгдэхэд сэтгэл ихэд дундуур байсан гэдэг.
Цагаан ордны тэргүүн Дональд Рамсфелдийн өмнө гурван зорилго дэвшүүлсэн. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч, цэргийн албан хаагчид хоёрын харилцан итгэлцлийг бэхжүүлэх.
Хоёрдугаарт, АНУ болон түүний холбоотнуудыг терроризм, цөмийн пуужингаас хамгаалах.
Гуравдугаарт, шинэ зуунд ницсэн зэвсэгт хүчний шинэчлэлийг эхлүүлэх явдал. Тэрээр Ерөнхийлөгчийн тавьсан зорилгыг биелүүлэхийн төлөө зүтгэж байна.
Ю.ДЭЛГЭРМАА
(өдрийн сонин 2005-10-20 252)