О.Энхсайханы уянгын халил
Түлшний зорилгоор мод бэлтгэхэд оногдуулж буй татварын хэмжээнд малын аргал нь хатдаггүй өөрийн тойргийнхондоо хөнгөлөлт үзүүлэхийг хүсч хэдэн сарын өмнө албан бичиг үйлдэн сайдад хүргүүлсэн ч таг чиг болсноор барахгүй туслах эмэгтэйд нь утсаар загнуулснаа хэлээд авсан. Харин Байгаль орчны сайд үүнд нь их л хүлцэнгүйгээр Тэр бичиг хаана дарагдсан юм бол доо. Ямар хүнд утсаар загнуулсныг тодруулж арга хэмжээ авъя гэнэ билээ.
Үүнд нь гишүүн жаал эрэмшсэн бололтой чуулганы танхимаас өрөө рүүгээ гүйж явуулсан албан бичигнийхээ хуулбарыг авчран сайдад үзүүлж харагдсан.
Харин гишүүн Р.Амаржаргалаар дэмжүүлж байж сайд Н.Алтанхуягаас мах, гурил, сүүнд ногдуулж буй татварыг 15 хувиас нь бууруулахаар тооцсон тухай мэдээлэл олж авсан нь түүний бас гавъяа гэлтэй. Гэхдээ гишүүн О.Энхсайхан энэ бүгдийн эцэст УИХ-ын даргаас асуултдаа уянгын халил оруулахгүй байх сануулга авсан. Гишүүдийн тавьсан асуултууд ерөнхийдөө тойргийнхоо шийдэгдээгүй зүйлийн тухай ярьсан жалгын шинжтэй байсныг дурдах нь зүйтэй.
Энэ мэт асуултууд цааш хөврөв. А.Мурат гишүүн бүх яам бодлогоо барьж чадахгүй байна гэж бухимдангаа Баян-Өлгийд хүүхдийн эндэгдлийн тоо хамгийн өндөр байгааг сануулж амжлаа.
Гишүүн Б.Жаргалсайхан төсвийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх тухай нэг ч зүйл төсвийн төсөлд орсонгүй. Архины онцгой татварыг яагаад нэмж болдоггүй юм бэ. Энэ орлогоос дор хаяж 150-160 сая доллар төсөвт оруулах боломжтой. Дээр нь энэ онцгой эрх дархтай малчид яагаад нэг ч төгрөгийн татвар өгдөггүй юм. Тэднээс ашиг орлогын татвар авч болно шүү дээ гэсэн санал гэмээр асуултад сайд Н.Алтанхуяг Архины онцгой татварын тухай зөндөө л ярьсан шүү дээ. Тэгээд сүүлдээ Ерөнхийлөгчийн хориг болоод дууссан. Одоо төсөвт архины онцгой татвараас орохоор тооцсон 10 тэрбумын цоорхой бий. Малчдаас авах татварын тухайд бол 100 хүрэхгүй толгой малтай өрх нийт малчдын 80 хувийг эзэлж байна. Тэднээс татвар авна гэдэг хэцүү. 30 сая малаас 19 тэрбум төгрөг төсөвт орж ирдэг гэв.
Дээрхи асуултын төгсгөлд тэрээр Өмнөговийн Нарийнсухайтын уурхайд олборлолт хийж буй аж ахуйн нэгжүүд нэг тонн тутам нүүрснээс 10 ам.доллар төлж байсныг 15 болгож нэмэгдүүлсэн тухай мэдээлэл хийсэн. Мөн Тавантолгойн уурхайд хөрөнгө оруулалт нэрээр луйвар хийж байсан аж ахуйн нэгжүүдийн булхайг Мэргэжлийн хяналтынхан илрүүлж тэрбум төгрөгийн торгууль ногдуулан хууль хяналтын байгуулагад шилжүүлсэн гэнэ.
(өнөөдрийн монгол 2005-10-19 118)