Оросын тагнуулчид Нальчик дахь хэргийг урьдчилан мэдэж байжээ
хүчний байгууллагынхны дунд болсон буудалцаанд амь үрэгдсэн хүмүүсийн тоог олон янзаар мэдээлж өөр өөрсдийн тайлбарыг интернэтээр цацсаар байна. Басаев Оросын цэргийн 140 хүнийг амийг хохироож 160 гаруй хүнийг шархдуулсан гэж байгаа ч ОХУ-ын Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев ердөө л 33 цагдаа амь үрэгдсэн хэмээн албан ёсоор мэдэгдсэн билээ. Хамгийн гол нь Оросын тусгайгийнхан Чеченийн алан хядагчдын дайралтын тухай урьдчилан мэдээлэлтэй байсан нь олон зуун энгийн иргэдийн амь насыг сэргийлсэн ажиллагаа болж чаджээ. Басаевын намтрыг 2-3 хувилбартай гэлцдэг.
Шамиль Басаев 1965 онд одоогийн Чеченийн автономит улсад төрсөн. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг орос сүүлтэй чечень хэмээх хочтой гэдэг. 1982 онд дунд сургуулиа шүлэг бичдэг, шатар тоглодог тэргүүний сурагч гэсэн тодорхойлолттой төгсчээ. Тэрбээр цэргийн албыг Оросын армид хаасан ч дутуу орхисон. Цэргийн нисэх хүчинд эсвэл галын ангид алба хаасан нь яг таг тодорхойгүй. Москвагийн их сургуулийн хуулийн факультетэд элсэх гэж гурван удаа шалгалт өгсөн ч амжилт олоогүй. 1987 онд Москвагийн инженерийн дээд сургуульд элсэн орж хоёрдугаар дамжаанаас хасагдсан гэдэг ч зарим эх сурвалжаар онц дүнтэй төгссөн гэдэг. 1991 онд Кавказын ардын фронтод элсэн орж чухам энэ үеэс эхлэн Оросын сурах бичгийн дагуу цэргийн онолыг судалж эхэлсэн аж.
1991 онд Орост төрийн эргэлт болоход Москвагийн Цагаан ордны хамгаалалтад гарч байсан. 1991 оны 10 дугаар сард Чеченийн ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч Жохар Дудаевт ялагдсан. 1991 оны 11 дүгээр сарын 9-нд Туркийн нутаг дэвсгэр дээр барьцаалагдсан Ту-154 онгоцыг чөлөөлөхөд оролцсоны дараа Жохар Дудаев Басаевыг тусгай ротын даргаар томилж хурандаа цол олгосон юм. 1992 оны наймдугаар сард Абхазийн нутаг дэвсгэр дээр Гагрины фронтын командлагчийн албан тушаалтайгаар байлдааны ажиллагааг удирдаж байсан. Буцаж ирснийх нь дараа Дудаев Ичкерийн цэргийн хүчний ерөнхий командлагчаар томилжээ. 1994 оны 4-7 дугаар сард Афганистаны Хост дахь можахедүүдийн бэлтгэлийн бааз дээр тусгай сургалтад хамрагдсан. Басаев өөрийн тушаалаар өөрийн мөнгөөр дээрх сургалтад хамрагдсан гэж нотолдог. 1994 оны зун Чеченийн нутаг дэвсгэр дээр Жохар Дудаевын талын байлдааны ажиллагаанд оролцож байв. 1995 оны зун хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Басаевын эцэг, эх артиллерийн суманд оногдож амь үрэгдсэн гэсэн мэдээ гарсан ч үнэн хэрэгтээ түүний нэг дүү нь нас барсан юм.
1995 оны зургадугаар сарын 14-нд түүний удирдсан бүлэг Буденновскийн эмнэлэгт байсан хоёр мянга гаруй хүнийг барьцаалан оросуудыг Чеченийн нутаг дэвсгэрээс цэргээ гаргах, ардчилсан сонгууль явуулахыг шаардан цэргийн албан хаагчдыг бослогод уриалсан юм. Оросын тусгайгийнхны явуулсан ажиллагааны дүнд 130 энгийн иргэн, 18 цагдаа, 18 цэргийн албан хаагч амиа алдаж, 400 орчим хүн шархадсан билээ. Эл хэргийн дараа Басаев нуугдан улс даяар түүнийг эрэн сурвалжилж эрхэлсэн юм. Үүнээс хойш ч тэрбээр олон арван удаа Оросын засгийн гарын эсрэг заналхийлсэн өнгө аястай мэдэгдэл хийсээр байв. Дараахан нь ОХУ-ын армийн 506 дугаар мотобуудлагын бригад руу халдан 18 албан хаагчийн амь насыг хохироосон хэргийг үйлдсэнээ зарласан боловч Аслан Масхадов үүнийг үгүйсгэж байсан удаатай.
1996 оны наймдугаар сарын 6-нд 3000 орчим цэргийн хүчээр Грозныйг эзлэн авахаар санаархсан бөгөөд энэ үед түүний биед есөн шархтай байсан гэдэг. Энэ оны 11 дүгээр сард Чеченийн Ичкерийн Бүгд найрамдах улсын эвслийн засгийн газарт шадар сайдын албан тушаал санал болгосон ч 1997 онд Ичкерийн ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ хэмээн татгалзжээ. 1999 он түүний удирдлага дор байдаг 3000 гаруй цэрэг Дагестаны нутаг дэвсгэрт зэвсэгт халдлага үйлдсэн. 2000 хоёрдугаар сард Грозныйг орхиж явахдаа тэсрэх бөмбөгт өртөж хүнд шархадсан. Тавдугаар сард Басаевийг үхсэн гэсэн мэдээ дэлхийн бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч тэрбээр нэг хөлөө тайруулсан, амьд байгаа нь тогтоогджээ. 2002 онд Оросын зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Анатолий Квашников мөн л Басаевыг үхсэн тухай мэдэгдсэн ч нотлогдоогүй юм.
2004 оны есдүгээр сад АНУ-ын Холбооны мөрдөх товчооны хар жагсаалт-д Шамиль Басаевыг бүлгийн алан хядагч хэмээн албан ёсоор зарласан билээ. Түүний тухай нэгэнтээ Чеченийн өндөр албан тушаалтан Басаев хэзээ ч оргилд хүрч байгаагүй. Гэхдээ тэр тэнэг биш. Тэр үргэлж бидний ажиллагааны нууц пүрш байсан гэж хэлсэн юм.
(өнөөдрийн монгол 2005-10-19 118)