Ц.МӨНХ-ОРГИЛ М.Энхболд тэртээ тэргүй өөрийнхөөрөө явна. Тэгэхгүй бол энэ том намыг авч явж чадахгүй
-АН-ыг парламент дотор орон гэргүй болгочихлоо. Энэ Ху намынхан чинь яасан худрагагүй нөхөд вэ. Мөн санааныхаа зоргоор тоглож байнаа гэх үг хүмүүсийн амнаас зүгээр л унаж байна. Харин МАХН-ын залуу лидер ямраар тайлбарлах бол?
-МАХН тоглож байна уу, АН үнэхээр тоглуулж байна уу гэхээсээ илүү нам тогтох, төлөвших, өөрөө өөрийгөө авч явах нь ерөөсөө л тэр намын өөрийнх нь хариуцлагын асуудал гэж бодож явдгаа хэлье. Бүлгийн тухай асуудал дээр АН-д сүртэй хүндрэл гарахгүй. Албан бус бүлгийн зохион байгуулалтад ороод л явчихна. Бидний хувьд бол АН-ыг парламентад албан ёсны бүлэгтэй байгаасай гэж бодож анх энэ бүлгийг байгуулалцсан. Бид удирдах зөвлөл дээрээ ч ярьсан. Бүлэг дээрээ ч нэлээн ярьсан. Хоёр үндсэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, УИХ-ын ажлыг зохион байгуулахад бүлгийн ажил их чухал. Ялангуяа нэг нь 37 хүнтэй, нөгөө нь 25 хүнтэй Их хурлын цөмийг авч явж байгаа ийм хоёр нам маань өөрийн бүлгүүдтэй байх юм бол хуулийн төслүүдэд санал өгөх асуудлыг шийдэхэд ч хурдан. Энэ талаасаа бодож бид дэмжсэн. Нөгөө талаасаа бол АН хурдан төлөвшөөд дотоод зохион байгуулалт, гаднах дүр төрхөө олох тусам МАХН-д хэрэгтэй гэж би хувьдаа чин сэтгэлээсээ итгэдэг. АН бүлэг байгуулах нь Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү гэдэг дээр бид зөндөө ярьсан, маргасан. Манай хуульчид ч үндсэндээ тэр үед хоёр хуваагдсан байсан. Их хурлын гишүүд ч дотроо хоёр хуваагдсан. Зарим нь бол энэ үнэхээр Үндсэн хууль зөрчсөн асуудал мөн, энэ бүлэг байж болохгүй гэж үзэж байсан. Нөгөө хэсэг нь болохоор Үндсэн хууль зөрчөөгүй ээ, Үндсэн хуулийн агуулга, үзэл санаатай яв цав нийцэж байгаа гэсэн. Ингээд нэлээн ярьж маргалдсан. Тэр үед Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн санаа бодолтой гишүүд олонхи болсон. Жишээлбэл, УИХ-ын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг тал дээр нэлээн тайлбарлаж ярьсан. Ийм санаа бодолтой гишүүд олон байсан учраас бүлэг байгуулж болох юм байна гэсэн шийдвэр гарсан. Энэ асуудал дээр АН-аар тоглоод бужигнуулаад байх санаа бидний хэнд ч байгаагүй. Ингээд үйл явдал цаашаа өрнөөд явж байтал Үндсэн хуулийн цэц ийм бүлэг байгуулсан нь Үндсэн хууль зөрччихлөө гэсэн дүгнэлт оруулаад ирсэн. Энэ дүгнэлт эргэлзэж байсан олон гишүүний санаа бодлыг өөрчилсөн, олонхи нөгөө талдаа гарчихсан. Болсон процесс ердөө л энэ шүү дээ.
-Та нар бүлэг дээрээ яг таг тохирч саналаа бараг хураачихаад ороод ирсэн юм биш үү?
-АН-ын зарим гоморхсон гишүүд та нар бүлэг дээрээ тохирчихоод орж ирээд ярсхийтэл гараа өргөөд баталчихлаа гэж л байсан. Бид бүлэг дээрээ ярьсан, гэхдээ албан ёсоор санал хураагаагүй. Үүнийг нэгэндээ хорон санаа агуулж хийлээ гэж харахаасаа илүү цаашид хууль тогтоомжоо боловсронгуй болгох тал дээрээ анхаарах ёстой болж байна.
-Манайд Үндсэн хууль бол хамгийн халдашгүй зүйл гэх ойлголт гүн гүнзгий тогтсон байдаг. Тэгэхээр парламентын төдийлөн элбэг биш тохиолдох энэ үеийн бүтцэн дээр тулгуурлаад засвар хийгээд авбал яасан юм?
-Үндсэн хууль халдашгүй гэдэг тал дээр зарим үед манайхан жаахан буруу ойлголттой байгаад байх шиг санагддаг юм. Үндсэн хууль халдашгүй байна гэдэг ерөөсөө Үндсэн хуульд хэзээ ч өөрчлөлт оруулахгүй, эсвэл Үндсэн хуулийн үзэл санааг тайлбарлаж, түүнтэй нийцсэн хууль тогтоомж гаргахыг ор тас үгүйсгэсэн гэсэн үг биш шүү дээ. Тэгж хав дарж хамгаалах тусам Үндсэн хууль маань улам хэврэгшээд байна. Ганцхан жишээ хэлэхэд АНУ-ын Үндсэн хууль 1789 онд батлагдсан долоохон зүйлтэй харахад зүгээр л нэг алга дарам цаас юм шиг мөртлөө тэр том улсын улс төр, эдийн засаг, иргэншлийн бүх гол асуудлын зангилаа баримт бичиг болж байна. Үндсэн хуулийн үзэл санааг дараа дараагийн хууль тогтоомжууд нь дэлгэрүүлээд аваад яваад байгаа болохоор тэдний Үндсэн хууль бөх бат байдаг. Бид бас ийм замаар явахад манай Үндсэн хуулинд том хэмжээний хагалгаа хийгээд байх шаардлагагүй баримт бичиг гэж би хувьдаа боддог.
-Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэсэн манай нэгэн нэртэй хуульчийн хэлсэн үг Үндсэн хуулинд хандах манай хандлагыг тодорхойлоод яваад байх шиг байдаг юм?
-Совд гуайн хэлсэн үг л дээ.
-Гэтэл цэц гэх энэ байгууллага маань миний л мэдэхийн улс төрд, ялангуяа танай намд байн байн ашиглагдаж байдаг, дандаа л танай намын толгойтой байж байдаг нэг байгууллага шүү дээ. Цэцийн тухай дээрх алдартай үгийг та ер нь ямраар хүлээж авдаг вэ?
-Хаа нэгтэй, хэн нэг нь эцсийн шийдийг гаргах л хэрэгтэй биз дээ. Энэ утгаараа тэр шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргахгүй бол өөр байгууллага байхгүй гэж бодохоор үнэхээр Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй гэж хэлж болно.
-Америкийн дээд шүүхийн дээр тэнгэр л байдаг бол манай дээд шүүхийн дээр улс төрийн нам л байдаг байх?
-Мэдэхгүй. Манай дээд шүүхийн дээр Ардчилсан нам юм уу МАХН байдаг гэж би бодохгүй байна. Хэтэрхий дэгс дүгнэлт юм биш үү.
-Сүүлийн үед энэ нам төвтэй төрийн хаанчлалаас татгалзах хүсэмжлэл эрчимтэй явж байна. Танд ер нь ямар бодол байдаг юм?
-Төрийн ажил хэрэг улс төрийн нам хүчнүүдийн ашиг сонирхлоос ангид явагдаж байх ёстой гэдэг дээр би санал нэг байдаг. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт улс төрийн албан хаагчдын цар хүрээг төрийн албанд багасгана гэсэн заалт ч бий. Одоо энэ бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна.
-За яахав намууд гэдгээ орхичихъё. Харин улс төрийн албан тушаалтнуудыг шүүх, хүчний байгууллагууд руу нөлөөлөх оролдлого огт хийдэггүй гэж та боддог юм уу?
-Та түрүүн дээд шүүх дээр намуудын нөлөөлөл байдаг талаар хөндсөн шүү дээ.
-Улс төрийн албан тушаалтнууд харин яадаг бол?
-Улс төрийн албан тушаалтнууд гэхээр чинь одоо УИХ-ын гишүүд, сайд нар л байна шүү дээ. Өөр хэн байхав. Би 2000-2004 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын албыг хашсан. Шүүхийнхэнтэй нэлээн л нүүр тулж байсан. Ойроор нь жишээ татахад миний мэдэхийн Ц.Нямдорж сайд утсаа аваад чи тэр хэргийг тэгж шийд, ингэ гэж тушааж байхыг би нэг ч удаа хараагүй. Би өөрөө хэн нэгэн рүү тэгж үзээгүй. Ямар ч албан тушаалтан шүүхтэй тэгж харилцдаггүй. Шүүх дээр яагаад ийм шүүмжлэлүүд очоод байдаг юм бэ гэхээр бизнесийн нөлөөлөл асар их байна гэсэн хардлага хүмүүсийг их гомдоож байгаа. Хоёрт, шүүх ерөөсөө хийж байгаа юмаа тайлагнаж, тайлбарлаж ойлгуулж чаддаггүй сонин салбар. Асар их ачаалалтай ажиллаад л байдаг, ажиллаад л байдаг. Түүнийгээ нийгэмд ойлгуулж чаддаггүй.
-Шүүх рүү хэтэрхий хазайчихлаа?
-Тэглээ.
-Ингэхэд танай нам дотор болж байгаа үйл явдлууд анхаарал их татаж байна. Нийтийн дунд нэр хүнд өндөртэй явдаг таны мэтийн фигурууд юу бодож яваа нь үнэхээр сонин?
-Аль ч байгууллага, тэр дундаа улс төрийн ийм том нам дотор байнгын өөрчлөлт шинэчлэлт, реформ явагдах л ёстой шүү дээ. Тэнд тийм шүүмжлэл гарчихлаа гээд эмзэглээд байх юм байхгүй. Миний хувьд хэвийн л үзэгдэл гэж үзэж байгаа. Ийм баймаар байна гээд зарим нь саналаа хэлж байна. Зарим нь ийм байгаа шүү дээ гээд тайлбарлаж байна. Энэ юу нь хачирхалтай явдал юм бэ. Угаасаа л ийм байх ёстой биз дээ. МАХН-ын дотор огт байж болшгүй юм болоод байна гэж би үзэхгүй байна л даа. Айж эмээх ч зүйл биш. Айж эмээгээд байгаа ч хүмүүс байхгүй. Манай жигүүрийн нөхдүүд бол бидэнтэй л адилхан МАХН-ын гишүүд. Бидний хооронд та нар жигүүр, бид жигүүр биш гээд мөргөлдөөд сөргөлдөөд байгаа юм алга. Жигүүр албан ёсоор бол байгуулаагүй л байгаа шүү дээ. Гэхдээ манай тэр нөхдүүд үзэл бодлоо хэлээд яриад, тодорхой санал дэвшүүлээд тэр нь намын үйл ажиллагаанд тусгалаа олоод явж байгаа гэж бодож байгаа.
-Гишүүд чинь өөр л юм ярьдаг шүү дээ. Өчигдөр гэхэд Гантөмөрийн ярилцлага гарсан байна. Жигүүрийнхэндээ албан тушаал горилогчид гэх нэр хоч зүүгээд сүргийнхээ зах руу шахаад гаргачихсан. Намын дүрэмдээ ухралт хийсэн гэх мэтээр их хурцаар шүүмжилж байгаа. Эдгээрийн хаана нь залуу лидерүүд нь яваад байна вэ гэх асуулт харин хүмүүсийн дунд орж ирлээ?
-Би таны асуултуудад чин сэтгэлээсээ хариулж, өөрийн дотор явдаг бодлуудаа нууж хаах юмгүйгээр дэлгэж байгаа нь л энэ. Надтай санал нийлэхгүй ч юм уу, эсвэл өөрөөр үзэж харж байгаа хүмүүс байж болно шүү дээ. Гантөмөр тэгж үзэж байгаа бол тэр Гантөмөрийн өөрийнх нь л үзэл бодлын асуудал. Тэрийгээ хамт олноороо сайн тунгааж ярих хэрэгтэй.
-Намаас хөөгдсөн гишүүддээ таван жилийн босго зоож хатуурхсан нь бас л зөв шийдвэр үү?
-Зөв. Улс төрийн намд олон ургальч үзэл, хоорондоо маргаж мэтгэлцэх юм байлгүй яахав. Гэхдээ олонхийн шийдвэрээ хэрэгжүүлдэг сахилга бат, гаргасан шийдвэртээ үнэнч байх зарчим гэх зэрэг асуудлууд чухал шүү дээ. Хаана ч гэсэн чухал. Олон ургальч үзэлтэй болж байгаа нь энэ юм аа гээд намаа хэдэн тийш нь цацлаад хаячих нь хэнд ч ашиггүй. Намын сахилга бат ярихаар л энэ одоо дарангуйлж байна гэвэл буруу. Зөвхөн МАХН-ын удирдлага нь гишүүдийнхээ гарыг мушгиж байдаг гээд ярих хүмүүс байдаг. Тэгвэл хамгийн сүүлийн жишээ Японы сонгуулийг хар л даа. Японы тэр том либерал демократ нам дотор юу яригдаж байна. Намын сахилга бат л яригдаж байна шүү дээ. Сахилга бат ярихаар л дарангуйлал гэж ярьдаг. Эсвэл хуучинсаг гэдэг руугаа оруулдаг. Ард түмний өмнө ийм том хариуцлага хүлээгээд улс орныг авч явах тухай ярьж байгаа бол өөрөө өөрийгөө хүндэтгэж чаддаг, олонхийн шийдвэрийг хүндэтгэж чаддаг, сахилга бат хэрэгтэй гэдгээ ухамсарлаж чаддаг байх ёстой. Гэхдээ мэдээж сахилга бат гэдэг нэрийн дор санал шүүмжлэл, олон ургальч үзлийг боомилох гээд байх гажуудал хэрхэвч байж болохгүй. Ярина, хамтрана, шийдвэр гаргана. Шийдвэр гарсны дараа хэрэгжүүлнэ. Ийм л арга замаар явахгүй бол аль ч нам өөдлөхгүй шүү дээ.
-Үнэн сонины хийж байгаа алхмуудад удирдах зөвлөл нэлээн таагүй хандаж байгаа гэх мессеж явж байгаа?
-Удирдах зөвлөл дээр миний л лав мэдэхийн Үнэн сонины нийтлэлийн тухай яриагүй. Би ихэнх хуралд суусан. Үнэн сонин дээр тийм юм гарлаа, тэглээ , ингэлээ гэж огт авч хэлэлцээгүй. Яахав дээ. Үнэн сонин дээр намын тухай шүүмжлэлтэй юм гараа л биз. Эмзэглээд байх юм байхгүй.
-Таныг анх улс төрд орж ирж байхад Баабар нэг захидал нийтлүүлж байсан даа?
-Баабар уу. Тэгсээн, тэгсэн.
-Чиний хэмжээний өндөр боловсролтой сэхээтэн яагаад тийм улаан намд элсээд явчихав аа, тэгээд хамгийн тааруу гэж болох бүлэглэл түшээд явчихлаа. Энэ арай харамсмаар алхам болчихсон юм биш үү… гэсэн утгатай тэр захидал таны рейтингд нэмэх оноо л авчрах шиг болсон. Харин та юу гэж боддог вэ?
-Анх надад Сү.Батболд сайд авчирч өгөөд ордонд бид хоёр уншиж байсан юм. Тэгээд энэ бол зөвхөн Ц.Мөнх-Оргилд гэж хаяглаад цаана нь Батболд, Тэрбишдагва, Эрдэнэ гээд олон олон залуучуудад зориулсан захидал юм байна гэдэг дээр хоёулаа санал нийлээд инээгээд салж байсан. Дараа нь Баабартай нөхөрсөг байдлаар уулзалдаж санаа бодлоо солилцоод л өнгөрсөн. Сонголтын хувьд бол мэдээж хувь хүний асуудал.
-Ингэхэд та хэдэн онд МАХН-д элссэн юм бэ?
-Ерээд оны улс төрийн давалгаа ид шуурч байхад би энэ Гадаад явдлын яаманд ажиллаж байсан л даа. Энд надтай мөр зэрэгцэн ажиллаж байсан олон залуучууд тэр үед өөрсдийн улс төрийн сонголтоо хийгээд явцгаасан. Нэлээн олон нь Ардчилсан хүчний гэгддэг намуудыг үүсгэн байгуулалцсан. Энэ хажуугийн өрөөний Л.Галбадрах Социал демократ нам байгуулаад л явсан. Очиржав, Сүхбаатар эд нар Ардчилсан нам руу яваад л өгсөн.
-Харин та?
-Үнэнийг хэлэхэд би тэр үед нэг их улс төр сонирхдоггүй байсан. Хоёрдугаарт, тэр айхтар их хөөсөрсөн давалгааны хөөс нь надад үнэндээ таалагдахгүй байсан. Гадаад яаманд ардчилал байх ёстой гэж бужигнуулаад л. Би тэр үед маш их гайхдаг байсан. Гадаад яам ямар ч улстөржих шаардлагагүй байгууллага. Сайдын ажлыг аваад анх хамт олонтойгоо уулзахдаа би нэг зарчим хэлсэн. Гадаад харилцааны яам ерөөсөө улстөржихгүй шүү гэсэн. Аз болоход одооны залуучууд хэт улс төржихгүй, зөвхөн ажиллах, юм сурах сонирхолтой болцгоосон байна. МАХН-тай улс төрийнхөө амьдралаа холбох болсон шалтгаан нь ерөөсөө л Н.Энхбаяр даргатай холбоотой л доо. Н.Энхбаяр даргыг эртнээс мэддэг байсан. Соёлын яамны сайд байхад нь би Америкт ажиллаж байсан. Уулзаж санал бодлоо солилцдог байсан. Сүүлд Монголд ирээд хуулийн компани байгуулаад өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бас уулзалддаг байлаа. Ганцхан Н.Энхбаяр даргатай ч биш. Тэр үеийн Их хурлын гишүүдтэй бүгдтэй нь уулздаг байсан. Таньдаг хүн болгондоо л үглэнэ. Энэ хууль чинь болохгүй байна. Тэнд нь тийм цоорхой байна. Ийм байж болохгүй гээд л.Тэгээд л Н.Энхбаяр дарга 2000 оны сонгуулийн дараа гэнэт санал тавьсан. Чи тэр яриад байдаг юмаа хэрэгжүүл. Ажилла. Нөгөө надад яриад байдаг олон болохгүй бүтэхгүй юмаа өөрчил. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болоод ажилла гэж хэлсэн.
-Та тэгээд 2000 онд л МАХН-д элссэн юм уу?
-Тийм ээ. 2000 онд.
-Батлахаа Н.Энхбаяр даргаас гардаж байв уу?
-Тэгсэн.
-Н.Энхбаяр гэдэг идеалыг дагаж улс төрд орж ирсэн олон залуус бий. Сү.Батболд, та гээд. Гэвч та нарын тухай гайхалтай эерэг ойлголт явдаг атал түүний тухай болохоор өөр л юм яваад байдаг. Үүнийг та юу гэж үздэг вэ?
-Хүчтэй улстөрч өөртөө гал дуудаж байдаг шүү дээ. Н.Энхбаяр бол хийсэн юмтай, цаашид ч улс орны төлөө ихийг хийх хүчтэй улстөрч. Тийм учраас өрсөлдөгчид нь өөд нь татаж байгаа нь тэр юм байлгүй. Хараад байхад улс төрийн өрсөлдөгчид нь ч юм уу, эсвэл Н.Энхбаяр даргын хувийнх нь дайснууд ч юм уу тийм нэг тодорхой бүлэглэл олон жилийн турш, ихээхэн тууштай, дэс дараалсан үйл ажиллагаа явуулж байгаа юм шиг санагддаг. Тэр хүнийг унагах, улстөрчийнх нь хувьд хүрсэн амжилтыг нь үгүйсгэх оролдлого явагдаад байгаа юм уу гэж би хувьдаа боддог.
-Та намынхаа шинэ даргатай хэр харилцаатай вэ. Түүний хувьд яг одоо нэлээн төвөгтэй, эмзэг үе үргэлжилж байгаа байх. Гэтэл одоо зарим нь гарч ирээд ийм том намын дарга гэхэд М.Энхболд арай биш юм аа гэж дуугарч эхэллээ?
-М. Энхболд дарга манай намын залуу үеийн төлөөлөгчдийн нэг. Үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байхад нь ямар нэгэн том дүгнэлт өгөх шаардлагагүй байхаа. Манай намын их хурлаас намыг цаашид авч явж чадна гээд сонгосон. Чадах ч байх гэж бодож байна. Аливаа дүнг бол ер нь цаг үе л тавьдаг шүү дээ. Зарим нь мөн, зарим нь биш л гэж байна. Тэр хүнд нэгдүгээрт, цагийг нь өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, ажлаа хийх бололцоог нь өгөх хэрэгтэй. Гуравдугаарт, нэгэнт л бид олонхоороо шийдээд даргаараа сонгосон юм чинь тал талаас нь дэмжээд ажилд нь туслах ёстой гэж би хувьдаа бодож байна. Хараад байхад амьдрал дээр батлагдсан нэг зүйл юу вэ гэхээр хэн нэгэн хүн ажил аваад тэр ажилдаа ургаж орно гэж байдаг юм байна. Дүрдээ орно гэж. Тэр ажлынхаа цар хүрээнд нийцэж явж ордог, өсч дэвждэг, өөрийгөө шинэ агуулганд тохируулан өөрчилдөг нь харагдаад байдаг л даа. Жишээлбэл манай Ц.Нямдорж сайд дээр хар. Зохицуулах, нийлүүлэх алтан дунджийг олдог асар том функци болох энэ орон зайд одоо яаж орж ажиллаж байна. Тийм учраас бид М.Энхболд даргад энэ ажилдаа ороод, өсөөд дэвжээд явах цагийг нь, бололцоог нь өгөх ёстой л гэж бодож байна.
-Түүнд яагаад хүмүүс М.Энхболд өөрөөрөө байж чадах уу, үгүй юу гэдэг асуултыг тавиад байна аа?
-М.Энхболд өөрийнхөөрөө ажиллаад явна. Энэнд ерөөсөө эргэлзэх юм байхгүй. Яагаад гэхээр тэгж явахгүй л бол М.Энхболд энэ намын даргын ажлыг тэртээ тэргүй хийж чадахгүй шүү дээ. Энэ ойлгомжтой асуудал. Тийм биз дээ. Ямар ч хүн, М.Энхболд ч бай, бш ч бай энэ ажлыг авсан л бол өөрийнхөөрөө явна. Ажлынх нь онцлог шүү дээ. Зарим нь Н.Энхбаяр нэр дэвшүүлээд анх гаргаж ирсэн юм чинь энэ хүн үгнээс нь гарахгүй ээ гэж ойлгоод байх шиг байна. Юу гэж тийм юм байх юм бэ. Ямар хүүхэд биш. Тэр тусмаа М.Энхболдыг ийм хялбараар харах хэрэггүй. Тэр хүн зүгээр л ажлаа хийг.
-Танд Сүхбаатар аймгийнхан онцгой элэгсэг хандаж байх шиг санагдсан шүү. Гарал үүсэл тэр хавийн хүн юм аа даа?
-Миний аав Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн. Ээж Ховд аймгийн Дарви сумынх. Аав маань ах дүү найз нөхөд олонтой тэгээд ч би өөрөө Сүхбаатар аймагт төрсөн болохоор илүү дотно байдаг юм. Манай аав бүх насаараа бактер вирус судалсан, шинжлэх ухааны доктор хүн. Сая төрөлх сургуулийнх нь 80 жилийн ой болоод бид сургуульд нь компьютерийн лаборатори бэлэглэсэн. Манай аав юм л бол тийшээ гүйчихдэг. Нэг мэдэхэд л Сүхбаатарт оччихсон утсаар ярьж байдаг. Нас ахих тусам хүн нутгаа их санагалздаг юм шиг байна л даа.
-Аав ээж хоёр тань хоёулаа эмч улсууд. Хүүгээ эмч болооч гэдэг л байсан байх даа?
-Надад тийм санал хэлж байгаагүй. Дотроо ямар бодолтой байдаг байсныг нь би мэдэхгүй юм. Манай дүүг харин эмч болгох гээд чадаагүй байх шүү.
-Сая та НҮБ-ын индрээс үг хэлээд ирсэн. Манайхан дэлхийн тайзан дээр гарахаараа л өөрийгөө болоод эх орноо үнэгүйдүүлчихдэг. Тодруулбал жижигрүүлчихдэг гэх үү дээ. Харин таны үг их анхаарал татсан гэж ярьцгааж байна?
– Би сая НҮБ-ийн ерөнхий Ассамблейн чуулган дээр улс орнуудад үзүүлж байгаа тусламж дэмжлэг тухайн орны тулгамдсан асуудлуудыг шийдэхэд тэр бүр тус дэм болж чадахгүй байна. Тухайлбал олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зээл тусламж манай улсад ядуурлыг бууруулахад олигтой дэмжлэг болохгүй байна гэх мэтээр нэлээд шүүмжлэлтэй үг хэлсэн түүнийг л анзаарсан хэрэг байх. Дэлгэрүүлбэл их урт яриа болчих болов уу.
-Таны гэргий АНУ-д өндөр боловсрол эзэмшсэн боловсролтой эмэгтэй байдаг гэнэ. Манай улстөрчид хүчтэй бүсгүйчүүдийг шууд гэрийн хүн болгочих юм аа даа?
-Манай гэр бүлийн хүн АНУ-д Жиорж Вашингтоны их сургууль, Колумбын Их сургуулийг тус тус төгссөн. Дэлхийн банк, хувийн том банкинд ажиллаж байсан хүн л дээ. Одоо Монголд банкны салбарт ажиллаж байгаа.
-Харвард төгссөн анхны шахам хүн та байх. Энэ таны хамгийн том бахархлуудын нэг үү?
-Төгссөн сургуулиараа бахархдаггүй хүн байдаг юм уу. Бахархалгүй яахав. Москвад Олон улсын харилцааны дээд сургууль төгсөөд дараа нь АНУ-д Харвардад суралцаж төгссөн. Миний намтар их тодорхой шүү дээ. Бараг хүмүүс мэддэг болсон байх.
-Сонгуулын дараа Ц.Мөнх-Оргилыг хүмүүс шууд л Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд болно гэж харцгаасан. Гэтэл асуудал арай өөрөөр явчихсан?
-Би угаасаа гадаад харилцааны ч мэргэжилтэн, хуулийн ч хүн. Ийм учраас энэ хоёр яам аль аль нь миний төрөлх орон гэр шүү дээ.
-Өөрийг тань хуучин яамандаа ирнэ гээд байгаа. Энэ талаар нэг тайлбар хийчихээч?
-Энийг би шийдэхгүй шүү дээ. Миний бодсоноор болдог юм биш. Шийддэг газар нь л мэдэх байх.
-Гадаад хэргийн яаманд ирсэн энэ томилгоондоо та өөрөө хэр сэтгэл хангалуун байдаг юм бэ дээ?
-Сэтгэл ханамжтай байлгүй яахав. Мэдээж аливаа төрийн ажлын томилгоо Ц.Мөнх-Оргил юм уу хэн нэгний хувийн дур хүслээс хамаагүй том асуудал. Энэ ажлыг манай удирдах зөвлөлөөс санал болгоход би дуртайяа хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэхээр мэдээж энэ хамт олон дотор өссөн, энэ тогоон дотроос л ажил хэргийнхээ гарааг эхэлсэн учраас баярлалгүй яахав. Нөгөө генерал болохыг мөрөөддөггүй дэслэгч гэж байдаггүй гэдэг шиг. Нөгөө талаар Монгол шиг жижиг орны хувьд энэ гадаад харилцааны салбар бол үнэхээр чухал салбар. Тэр бүр бас хийе гэж санаж бодож байсан болгоноо ажил хэрэг болгож чадахгүй л байна. Хийх ажил үнэхээр их байнаа.
-Энэ яамны тухай цус их ойртсон гэх шүүмжлэл ямар ч сайдын үед яригдаж байдаг. Өөрөөс тань нэг асуугаад авъя?
-Цус ойртоод байгаа юм байхгүй дээ.
-Шатарбал гээд нэг дипломатчийн тухай шуугиан дэгдсэн. Энэ асуудал юу болж шийдэгдсэн бэ?
-Шатарбалын талаар бид бүх материал сэлтийг нь цуглуулж авчраад л Улсын мөрдөн байцаах газар шилжүүлчихсэн байгаа. Хууль хяналтын газрууд удахгүй шийдвэрээ гаргах байх. Өөр нэг хоёр гурван хүний асуудал байсан. Бид дипломат албанаас чөлөөлөхийг нь чөлөөлөөд, хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг нь шилжүүлээд асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Хууль бус элдэв үйлдэлд дипломатчид холбогдох энэ явдал нэлээд газар авсан байсан. Ний нуугүй хэлэхэд нэг үеэ бодоход үндсэндээ тасалчихаад байгаа юм ш дээ. Одоо бол тийм юм байхгүй. Цаашдаа ч байлгахгүй.
-АНУ-ын төрийн томчууд элж дараалан ирэх нь. Мэдээж таныг Гадаад хэргийн яамыг толгойлж байх энэ үед дээрх айлчлалууд болох нь нэр төрийн хэрэг байх?
-Дэлхийн их наймын удирдагчдыг эх орондоо авчрах гэж үе үеийн дипломатчид ажиллаж ирсэн. Ойрын үед болох айчлалуудыг зохион байгуулахад бид өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийлээ. Үр дүн гарч байгаад баяртай байна.
-Цаг зав гаргасан танд баярлалаа. Амжилт хүсье!
-Та бүхэнд ч бас баярлалаа. танай сонины уншигчдад сайн сайхныг хүсье!
(өдрийн сонин 2005-10-21 253)