Дээд шүүхийн шинэ тэргүүн хэн бэ?
Дээд шүүхийн 20 дахь Ерөнхий шүүгчээр ажиллах болсон энэ залуу нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн, хотын унаган хүүхэд. Түүний эцэг Г.Содномдаржаа нь Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул бөгөөд бүх л насаараа эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал хашсан эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан хүн байдаг гэнэ.
С.Батдэлгэр дунд сургууль төгссөнийхөө дараа МУИС-ийн хуулийн ангид орж суралцжээ. Ийнхүү эрх зүйч мэргэжил эзэмшээд л шүүхийн байгууллагатай амьдралаа холбосон, жинхэнэ шүүхийн кадр гэгддэг.
Эрдэнэт хотын шүүхэд дадлагажих ажилтнаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрээр Эрдэнэт хотын хэсгийн Ардын гуравдугаар шүүхийн шүүгч, хуучнаар Октябрь, Баянгол дүүргийн шүүхэд шүүгч, нийслэлийн шүүхэд шүүгчээр ажиллаж байсан бөгөөд сүүлийн зургаан жилд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг хашиж байжээ.
Нэг хэсэг нийгэм даяараа л шуугисан манай улсын түүхэн дэх хамгийн том хэрэг болох 29 хавтас, 10000 гаруй хуудастай Алт дилерийн хэмээх дуулиант хэргийн шүүгчээр ажиллаж байжээ. Мөн цагдаагийнхан зургаан жилийн турш мөрдсөн ардын багш хочит Лхагвасүрэн, квадрат хэмээх Төмөрбаатар нарын үйлдсэн хүн амь, дээрэм, хулгайн ноцтой хэргүүд, Баянгийн Буяндалай, Цэндийн Энхбаатар нарын 30 гаруй хүнтэй гэмт бүлэглэлийн үйлдсэн хэргүүд гээд олон том хэргийг шийдвэрлэж байсан аж. 1995 оны арваннэгдүгээр сард гарч олныг хирдхийлгэсэн эстрадын дуучин Төмөр хэрцгийгээр алагдсан аймшигт хэргийн шүүгчээр мөн ажиллаж байжээ.
Түүнийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болоход Нийслэлийн шүүхийг тун чадварлаг удирдаж байсан нь нөлөөлсөн гэж шүүх, хуулийн байгууллагынхан дүгнэх юм билээ. Энэ эрхмийг Нийслэлийн шүүхийг тэргүүлж байх хугацаанд шүүн таслах ажлын чанар дээшилсэн, хэрэг маргааныг шүүгчийн гар дээр удаахын эсрэг тэмцдэг байсан учраас шүүхийн босго элээх хүмүүсийн гомдол багассан гэж олон хүн ам сайтай байдаг. Мөн Нийслэлийн шүүх хуучирсан байраа шинээр сольсноос өгсүүлээд шүүгч, ажиллагсдын ая тухтай ажиллах нөхцөл, нийгмийн асуудал шийдвэрлэгдсэн, шүүх, шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг шинэлэг байдлаар явуулж, чанарын өөр төвшинд гаргасан, шүүгчдийн мэргэшил дээшлүүлэх, сургалтын асуудлуудыг амжилттай шийдвэрлэж ирсэн болохоор шүүхийн хамт олон түүнд талтай ханддаг байна.
Тэрээр мөн 2002 оны Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх, Шүүхийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгүүдэд орж ажиллаж байсан гэнэ.
Хувь хүн талаас нь авч үзвэл харьцангуй залуу энэ эрхмийг эрч хүчтэй, бусадтай хэл амаа ололцож чаддаг, нээлттэй хүн гэлцдэг. Түүнийг шүүхийн ажлыг ил тод, нээлттэй болгож, олон нийтийн дунд унасан шүүхийн нэр хүндийг сэргээж, шүүхийн ажлыг шинэ төвшинд гаргана гэдэгт олон хүн найддаг юм билээ.
Н.САРАН
(өдрийн сонин 2005-10-21 253)