Ц.Элбэгдоржийн жүжиг хувийн хэвшлийнхэнд таалагдсангүй
Гаалийн ерөнхий газрын дарга Т.Баатар, Татварын ерөнхий газрын дарга Д.Зоригтой нүүр тулан уулзаж, хүндрэл бэрхшээл, цаашдаа хэрхэн хамтарч ажиллах тухайгаа ярилцлаа.
Дотоодын хөрөнгө оруулагчдын чуулган дээр нэр бүхий албан тушаалтнууд олон сайхан, уран цэцэн үг хэлж хувийн хэвшлийнхний цөсийг хөөргөв. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл Би олон үг хэлж та бүхнийг залхаахгүй. Зөвхөн Ерөнхий сайд, Үйлдвэр худалдааны сайд байгаа дээр нь хувийн хэвшлийнхэнд хүндрэл бэрхшээл учруулдаг хүнд суртал гэдэг хогийг хамтран шүүрдэж цэвэрхэн гэртээ хөгжил дэвшлийг бий болгоё.
Энэ их хогийг хамтраад шүүрдэцгээе гэсэн нь олны сэтгэлд аргагүй нийцэв. Үйлдвэр худалдааны сайд С.Батболд хувийн хэвшлийнхэндээ сэтгэл хангалуун яваагаа эдийн засгийн үзүүлэлт, судалгаатайгаар тайлбарлав. Сүүлийн долоон жилд анх удаагаа худалдааны алдагдал буурч, бизнес хөгжих боломж бүрдэж байгаа.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 76 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байгаа гэсэн сайн үзүүлэлтүүд байна. Бизнес эрхлэгчдийн дунд төрийн байгууллагын зүгээс учруулдаг хүндрэл бэрхшээлтэй асуудлууд юу байна гэсэн судалгаа явуулж үзэхэд татварын дарамт, төрийн албаны хэрэгтэй хэрэггүй захирамж, журам, эрх зүйн орчин, авилга, шудрага бус өрсөлдөөн гэж хариулсан байна.
Энэхүү судалгааг үндэслэн Засгийн газраас Татварын багц хуулийг шинэчлэн найруулж дарамтыг нь багасгаж байгаа.
Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлдэг татварын ялгааг арилгах, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хөрш орон болон Европын орнуудад татваргүй гаргах анхны алхмууд хийгдэж амжилттай болсон. Европын зах зээлд Монголын 700 гаруй бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэгдэх эрхтэй.
Мөн ОХУ-тай тарифын хэлэлцээр хийж 35 хувьтай байсан гаалийн татварыг нь 12 хувь хүртэл бууруулж чадсан. Үүний дараа хоёр хөрштэйгөө чөлөөт худалдааны бүс байгуулах талаар ярилцан үүгээр нэвтрэх бүх бараа, бүтээгдэхүүнийг татваргүй гаргадаг болгохоор хэлэлцэж байна. Өнөөдөр манай орны эдийн засаг алт, зэс гэсэн цөөхөн хэдэн салбарыг түшч буйг өөрчлөхөд хувийн хэвшлийнхэн илүү сайн ажиллах хэрэгтэй байна гэдгийг хэллээ.
Дотоодын хөрөнгө оруулагчдын чуулганд оролцсон Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтдаа хөгжих ёстой. Ингэж байж Монгол Улсын Засгийн газар гадаадын зах зээл дээр 500.000-5000.000 төгрөг гэж ярихгүй таван тэрбум гэж ярьдаг болно. Тиймээс төрийн энэ олон хүнд суртлыг арилгая. Миний зүгээс төрийн байгууллагуудад хүнд суртал үүсгэдэг олон захирамж, журам, дүрмийг шалгуулж хэрэггүйг нь хүчингүй болгохоор та бүхний өмнө аваад ирлээ. Гаалийн ерөнхий газрын хувьд гэхэд 200 гаруй журам мөрддөг юм байна. Эдгээрээс 60 гаруй нь илүүдсэн буюу хүнд суртал үүсгэдэг гэж үзээд хүчингүй болголоо. Тухайлбал Түүхий эд экспортод гаргахад олох орлогоос нь урьдчилж татвар төлүүлдэг журам байна. Үүнийг бизнес эрхлэгч, Гаалийн Ерөнхий газрын дарга Т.Баатарын нүдэн дээр урлаа гээд хоёр хуваагаад хажуудаа бэлдэж тавьсан хогийн саванд хийв. Энэ мэтчилэн ГЕГ, Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуй яам, Үйлдвэр худалдааны яамны олон журам захирамжийг хоёр гуравхан минутын дотор урж одоо та бүхэнд тулгардаг бэрхшээл үгүй болж эхэллээ.
Бас болоогүй тэр индэр дээр бор уутанд хийсэн маш олон журам дүрэм байгаа. Та бүхэн чуулганы завсарлагаар МҮХАҮТ-ын С.Дэмбэрэл даргатайгаа нийлж ураарай гэхэд хувиараа хөдөлмөр эрхлэгчид инээлдэн алга ташиж, Ц.Элбэгдоржийн энэ үйлдлийг тохуурхаж байв. Харин Ерөнхий сайд тэднийг баярлаж байна хэмээн андуурсан төрхтэй индрээс буусан юм. Ерөнхий сайд төрийн албаа үргэлжлүүлэхээр хурлын дундаас явлаа. Чуулганд оролцож буй бизнесменүүд төрийн албанд мэргэжлийн бус хүн ажиллах болсон, боловсон хүчний бодлого алдагдсанаас мэргэжилтэй ажилчин олдохгүй боллоо.
Мөн арилжааны банкууд компаниудын хүссэн зээлийг өгөх хөрөнгийн чадваргүй байгаа нь эдийн засгийн болон хувийн хэвшлийн хөгжилд саад учруулж байна гэж байв. Дотоодын хөрөнгө оруулагчдын чуулган дуусаагүй байтал Ерөнхий сайдын урж хүчингүй болголоо гэх жүжгийн нууц тайлагдаж эхлэв. Нэлээд хэдэн сарын өмнө ОХУ-ын Эдийн засгийн сайд хэвлэлийн бага хурал дээр тогтоол шийдвэрээ урж хүчингүй болгосноо зарласан аж.
Түүнийг хуулбарлан дуурайх санаагаа Ерөнхий сайд Ц.Элбэгдорж өнөөдөр ийнхүү хошин жүжиг мэтээр Төрийн ордонд алиалсан нь хэнд ч таалагдаагүй. Түүний ураад байсан олон журам дүрмийг холбогдох албан тушаалтан нь хэд хоногийн өмнө хүчингүй болгоод бэлдчихсэн байжээ. Тэгээд ч хууль дүрэм гэдэг хэн нэгний цаас урснаар хүчингүй болдог эд биш гэдгийг хувийн хэвшлийнхэн сайн мэдэж байгаа. Харин Ц.Элбэгдорж өөрийгөө рекламдах гээд чадсангүй ээ.
(өнөөдрийн монгол 2005-10-21 120)