Хань болох хүнээ хайж байна
-Загвар өмсдөг байж яагаад жүжигчин болчихсон юм бэ?
-Би бүр анхнаасаа л жүжигчин болохоор шийдчихсэн байсан. Тэгээд Украйны урлагийн их сургуульд шалгалт өгч тэнцсэн байхгүй юу. Тэгээд л оюутан байх үедээ тэндхийн орос охидтой хамт хичээлийнхээ хажуугаар загвар өмсдөг байсан. Түүнээс биш заавал загвар өмсөгч болъё гэж ерөөсөө бодогдоогүй байх л даа.
-Таны бүтээсэн дүрүүд ихэвчлэн хөнгөмсөг, айлын нөхөр булаасан эмэгтэй байдаг. Яагаад?
-Энэ бол найруулагчийн л шийдвэр. Тухайн бүтээлийнхээ нэг хэсэг болсон эсрэг талын дүр шүү дээ. Миний хувьд гэвэл, найруулагчийнхаа санал болгосон дүрд л тоглодог. Харин яагаад дандаа иймэрхүү дүрүүд надад санал болгодогийг сайн мэдэхгүй юм байна.
-Таныг том даргатай сууж, бие давхар болсон гэсэн яриа гарсан. Яагаад энэ яриа гарах болов?
-Ёстой үгүй ш дээ. Зүгээр л эмнэлэгт үзүүлээд явж байхыг минь харчихаад тэгж бичсэн байна лээ. Бас Хүнтэй суусан, энэ тэр гээд л …
-Дүү Отгончимэг тань эротик зургаа сэтгүүл дээр гаргасан байсан. Та яагаад иймэрхүү зураг авахуулж болохгүй гэж?
-Дүү маань залуухан, бүжигчин хүн. Харин би нас намбандаа л тохируулж байвал зүгээр болов уу. Тиймэрхүү зураг авахуулж суух нь надад зохихгүй байлгүй.
-Яагаад нөхөрт гарахгүй байна вэ?
-Хань болох хүнээ хайж л явна даа. Нөхөрт гарахгүй байгаа маань тийм их сонирхолтой байна гэж үү.
-Таныг хөнгөмсөг зантай болохоор дандаа олны танил, хөрөнгө мөнгө ихтэй хүмүүстэй нэр холбогдож явдаг гэсэн яриа бий. Яагаад таныг тэгж ойлгох болов оо?
-Мэдэхгүй л дээ. Магадгүй, миний бүтээсэн дүрүүдээр тэгж төсөөлдөг бол харамсалтай л санагдаж байна. Энэ бүхэн ёстой худлаа гүтгэлэг гэж л хэлмээр байна даа.
-Бас циркийн зураач Цолмонбаттай хамтран амьдарч байгаа гэсэн. Яагаад?
-Энэ тухай тодорхой яримааргүй байна. Яагаад гэвэл, Цолмонбат бид хоёр жирийн л үерхэж, нөхөрлөдөг найзууд. Бидний талаар ийм мэдээлэл гарсан нь их эвгүй санагдсан л даа. Надтай нэр холбогдоод байгаа найзад маань ч их хэцүү л байгаа шүү дээ.
(өнөөдрийн монгол 2005-10-21 120)