Монгол Улсын Тусгаар Тогнолын тухай бага хуралд МУ-ийн Ерөнхийлөгчийн хэлсэн үг
Та бүхэнд талархлаа илэрхийлэхийн ялдамд улс төрийн ач холбогдлоороо нэн чухалд зүй ёсоор тооцогдох энэ томоохон үйл явдалд биечлэн оролцож гарын үсэг, эрхий хурууныхаа хээгээр эх оронч сэтгэлээ илтгэн харуулж улсынхаа тусгаар тогтнолыг улам бататган ахиулж ард түмэн, эх орон, улс үндэстнийхээ цаашдын хувь заяанд учирч болох бэрхшээл барцдыг гэтэлгэн зайлуулж чадсан, эдүгээ лавтайяа 78-аас дээш насыг наслаад байгаа буянт буурлууд болон тэр үед саналаа илэрхийлж байсан манай нийт 487 мянга гаруй хүний үр сад, залгамж хойч болсон нийт иргэддээ эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Бага хурлын ажиллагаанд өвөрмөц дүр төрх оруулж түүхэн бодит үйл явдлыг тодотгон 60 жилийн өмнө бүх ард түмний санал хураалтанд оролцож явсан үеийнхээ дурсамж сэтгэгдлээс хуваалцахаар энд хүрэлцэн ирсэн ахмад үеийн төлөөлөгч нартаа онцгойлон баяр хүргэж эрүүл энх, урт удаан жаргалант амьдралыг хүсэн ерөөе.
Одоогоос яг нэгэн жарны тэртээх энэ өдөр нь бүрэн эрхт Монгол Улс тусгаар тогтнолоо даян дэлхийд дахин нотолсон, эрх чөлөөт ард иргэд хүсэл зоригоо гүйцэлдүүлж магнай тэнийлгэн баяссан түүхэн тэмдэглэлт, онцгой баярын өдөр болжээ.
Монголын ард түмэн улсынхаа тусгаар тогтнолыг бүх ард түмний санал хураалтаар баталгаажуулсан үйл явдал нь Монгол Улсын хөгжлийн хувь заяаг шийдвэрлэхэд олон чухал үр дагавар, сайн үйлийг дагуулсан ХХ зууны манай түүхийн нэн чухал, нэгэн содон үйл хэрэг болсон юм.
Олон талын учир шалтгаан, утга тайлал бүхий энэ үйл явдлын түүхэн ба эдүгээ цагийн улс төр, нийгмийн учир холбогдол, үнэ цэнийг өнөө ба хойч үеийнхэнд мэдүүлэн таниулах, сануулан уламжлуулахын үүднээс 60 жилийн ойн өдрийг тусгайлан тэмдэглэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний энэхүү хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Дэлхийн II дайны дараахь улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал дунд манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын хувь заяаг хэрхэх тухай нөлөө бүхий их гүрнүүд хэлэлцэж, тодорхой болзол нөхцөл тавигдаад байсан түүхийн эгзэгтэй тэр цаг үед БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны 9 дүгээр сарын 21-нд БНМАУ-ын тусгаар тогтнолын талаархи асуудлын талаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай түүхэн шийдвэр гаргажээ.
Манай ард түмний чин эрмэлзлэл, олон улсын бодлого, байр сууриар нөхцөлдөж гарч ирсэн Гадаад монголын ард түмэн тусгаар тогтнох хүсэл эрмэлзлэлээ …. иргэдийн дунд явуулах санал асуулгаар нотлон харуулбал гадаад монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх бөгөөд хил хязгаар нь одоогийн байдлаар үлдэх болно гэсэн болзол, нөхцлийн улмаас ийм шийдвэр гаргаж, ганцхан сарын тулгам богино хугацаанд бүх бэлтгэл ажлыг хангаж, нэг өдөрт багтаан нийт орон даяар санал хураалтыг явуулах болсон нь улс төрийн эрсдэлтэй ч бас улс төрийн эр зориг бүхий эх оронч шийдвэр байсныг түүх улам бүр тодотгож байна.
1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр монголчууд Мориныхоо сайныг унаж, дээлнийхээ сайхныг өмсөн өглөөний 5 цагаас эхлэн, хүн бүр гарын үсэг зурахын төлөө гавшгайлан эрмэлзэж, санал өгч байсан төдийгүй сум бүрт баярт үйл явдлыг тэмдэглэж соёлын арга хэмжээ зохион, зарим газарт, тухайлбал, Баянхонгор аймагт 10 м өндөр Тусгаар Тогтнолын багана босгож тэр үеийн нэгэн ажилчны үгээр хэлбэл улсынхаа тусгаар тогтносон байдлыг дэлхий дахины өмнө үзүүлж… байгаад баяр минь энэ болох юм хэмээн догдолсон, эрх чөлөөт монголын түмэн ардын ялалтын өдөр болсон тухай сонин хэвлэлийн шарласан хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.
Монголын ард түмэн олон жилийн мөрөөдөл тэмцлийн үр дүнд олж авсан эрхэм үнэт зүйлийн нэг болох улсынхаа тусгаар тогтнолыг батлан нотлох энэ үйл хэрэгт сэтгэлийн гүнээс бүх нийтээрээ идэвхийлэн оролцсон нь манай ард түмний эх оронч хүсэл эрмэлзлэл, тусгаар тогтнолын төлөөх хүчин зүтгэлийн дээд илэрхийлэл, төр, ард түмний бат холбоо, төрөө дээдлэхүйн жинхэнэ нотолгоо болжээ.
Бүх нийтийн санал хураалтад сонгуулийн насны иргэдийн 98,4 хувь нь оролцож, тэдгээрийн 100,0 хувийн саналаар буюу санал хураалтад оролцсон бүх хүний гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны баларшгүй хээгээр батлан нотолсон санал хураалтын баримт бичиг нь улс орны хувь заяаны шийдэл, үр дүнгийн тухай илтгэсэн улс төрийн зүйрлэшгүй чухал баримт бичиг төдийгүй, үндэсний асар үнэт өмч мөн.
Эл санал хураалт нь улс орныхоо бүрэн эрхт байдал, туурга тусгаар Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлж, хөгжүүлэхийн төлөө буурал түүхийн туршид тэмцэж ирсэн монгол зон олныхоо итгэл зүтгэл, хүчин чармайлтыг ХХ зуунд гурав дахь удаагаа дахин баталгаажуулснаараа ач холбогдол, түүхэн үүргийг нь монгол хүн бүр хүндэтгэн дурсаж, бахархан тэмдэглэж, санаж явах учиртай онцгой үйл явдал хэмээн мэхийн ёслох нь зүйд нийцэх билээ.
Санал хураалтын үр дүнд монгол түмний хүсэл эрмэлзлэл биеллээ олж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, дархан хил баталгаажиж, улмаар улс орны олон улсын нэр хүнд өсөж, гадаад байдал бэхжиж, Монгол Улс олон улсын харилцааны жинхэнэ бүрэн эрхт субъект болсноор дипломат харилцааны түүхэнд эргэлтийн шинэ үе эхлэн, хожим НЇБ-ын гишүүн болох, олон улсын нэр хүндтэй байгууллагуудтай хамтран ажиллах зам нээгдсэн. Гадаад талын өргөн харилцаа, таатай нөхцлийг бүрдүүлснээр дотоодод аж ахуй, нийгэм, соёлыг хөгжүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх үндэс бүрджээ.
Бүх ард түмний энэхүү санал хураалт нь монголын улс төрийн түүхийн практикт анх удаа сонгууль бүх нийтийн байх зарчмыг хэрэгжүүлснээрээ онцлог төдийгүй дэлхийн улс төрийн түүхийн практикт анхлан Швейцарт хэрэгжиж, аажимдаа ардчиллын үнэт зүйл, тэр дундаа шууд ардчиллын нэгэн хэлбэр болох бүх нийтийн санал асуулга /плебисцит/-ын түүхийн хуудсанд монголын ард түмний оруулсан хувь нэмэр, арилахгүй ул мөр болж үлдсэнээрээ ач холбогдолтой.
Эрхэм нөхөд өө,
Энэ чухал үйл явдлын ач холбогдол, үнэ цэнийг зөвхөн өнгөрсөн түүхийн үйл явдал, баримт бичгийн үүднээс үнэлэн цэгнэх явдлаар хязгаарлаж, өнөөгийн хийгээд хэтийн учир холбогдол, үүрэг ролийг бүрхэгдүүлж болохгүй.
Ард нийтийн санал асуулга бол нийгэм, улс төрийн амьдралд иргэдийн оролцооны дээд, шууд ардчиллын сонгодог хэлбэр төдийгүй төрийн удирдлагын чухал хэрэглүүр хэвээр байна. Ийм ч учраас Монгол Улс Їндсэн хуулиндаа ард нийтийн санал явуулах тухай заалт оруулж, улмаар Ард нийтийн санал асуулгын тухай хууль батлан гаргаад байгаа билээ. Цаашид орон нутгийн санал асуулгын тухай хууль гаргаж иргэдийн санаа бодлыг бүх шатанд сонсч байх асуудлыг хуульчлах талаар зарим санал иргэд, эрдэмтэн судлаачдын зүгээс гардгийг ч Та бүхэн анхаарч үнэтэй санал, зөвлөмж өгнө байх гэж найдаж байна. Ард нийтийн санал асуулгын дотоод боломжийг бүрэн дүүрэн шавхан ажиллах замаар нийгмээ ардчилах, олон түмний оролцоог хангах, ард нийтийн саналыг бодлого, шийдвэрт байнга тусгаж байх хэрэгцээ, шаардлага ч байна. Төр, засгийн хийгээд орон нутгийн хэмжээний бодлого, шийдвэр хэдий чинээ олон түмний санаа бодол, хүсэл эрмэлзлэлд тулгуурлан гарч байнав, түүний үр нөлөө, үр дагавар, легитим шинж нь төдий чинээ нэмэгдэнэ гэдэг нь ойлгомжтой.
Нийт улс үндэстний болон Їндсэн хуулийн асуудлаар төдийгүй орон нутаг, салбар, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн ба орон нутгийн удирдлагын бүх түвшинд зарчмын чухал асуудал шийдлийг олон нийтийн оролцоо, шууд ардчиллын энэ хэлбэр буюу нийтийн санал асуулга хэлэлцүүлгийн хэлбэрээр шийдвэрлэж байх зөв хэвшил, механизмыг бий болгох нь чухал юм.
Їүнтэй холбоотойгоор энэ өдрийг цаашид түүхэн энэ үйл явдлыг дурсах, мөнхжүүлэх үүднээс төдийгүй улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа бататгах, эх орон, бүс нутаг, нутаг орон, хот тосгодоо хөгжүүлэх арга замын тухай нээлттэй өргөн хэлэлцүүлэг, бүтээлч хөдөлгөөн өрнүүлдэг, иргэдийн саналыг засаглалын бүх түвшинд сонсох нээлттэй хаалганы өдөр болгох саналыг Ерөнхийлөгч би дэвшүүлж байна.
Эрдэмтэн, судлаачид аа,
Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан энэ түүхэн явдлын үнэ цэнэ, учир холбогдол, өнөө ба хойчийн ач тусыг тал бүрээс нь тодотгон хэлэлцэж, иргэд олон нийтэд тайлбарлан таниулах, эх оронч, үндэсний бахархал эрмэлзлэлийг өдөөхөд хичээн зүтгэхийг Та бүхнээс хүсэж, эрдэм шинжилгээний бага хурлын ажиллагаанд амжилт ерөөе.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн албанаас мэдээллээ.