Улсын харцага Э.Батбаатар осол гаргахдаа согтуу байжээ
Уг хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших Сод Монгол ШТС-ын арын замд гарчээ. Харин харцага Э.Батбаатар хувийн Авенти маркийн 05-33 УБА дугаарын автомашинаа согтуугаар жолоодож явсан байна.
Тэрээр тээврийн хурдыг тохируулалгүй явж байсан төдийгүй аюул тохиолдоход тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас онхолдож, яг тэр үед ШТС-аас гарах гээд зогсож байсан Толгойт-Бөмбөгөрийн чиглэлд зорчигч тээвэрлэдэг Грейс маркийн 27-00 УБУ дугаартай микроавтобусыг очиж мөргөсөн байна. Авенти маркийн автомашин нь Н.Батсайхан жолоочтой уг микроавтобусны жолооч талын хэсгийг мөргөсөн тул кабинд байсан гурван зорчигч гэмтэж, нэг хүний амь нас хохирчээ. Замын цагдаагийн газрын ажилтнууд энэ хэргийг мөн Сод Монгол ШТС өөрийн дураар замын гарч гаргаж, ачаалал нэмсэнтэй холбоотой ч гэж үзэж байгаа аж. Хэргийг үргэжлүүлэн шалгаж байна.
С.Агар
2005.10.22, Өдрийн сонин