Бүс нутгийн бизнесийн төв болох Enterprise Mongolia Төвүүд орон нутгийн бизнес эрхлэгчдэд үйлчлэхэд бэлэн болоод байна
Суурин Төлөөлөгч Пратиба Мета нар Монголд Үйлдвэрлэл Хөгжүүлье төслийн хүрээнд бизнесийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх бүс нутгийн стратегиин төв болох Enterprise Mongolia Төвүүдээр шалгарсан байгууллагуудыг зарлалаа. Таван бүс нутгийн бизнесийн төв нь ирэх өвлөөс эхлэн орон нутгийн бизнес эрхлэгчдийн хэрэгцээнд нийцсэн, тэдний ур чадвар, мэдлэгийг сайжруулах чиглэсэн үйлчилгээ үзүүлж эхэлнэ.
Enterprise Mongolia Төвүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд 9-р сард Засгийн газраас баталсан Бүсчилсэн Хөгжлийн Үзэл Баримтлалын дагуу дөрвөн бүс ба Улаанбаатар хотоос сонгосон болно. Энэхүү сонгон шалгаруулах уралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр 9-р сарын 19-ны өдрөөс эхлэн зарлаж, эхний сонгон шалгаруулалтанд нийт 12 аймгаас 28 баигууллага нэрээ дэвшүүлсэн билээ. Үндэсний эрх ашгийг өргөнөөр тусгаж, хамгийн их үр өгөөжтэйгээр хэрэгжүүлэх үүднээс сонгон шалгаруулалтын гол шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан бөгөөд үүнд зах зээл бизнесийн орчны үнэлгээ, нэр дэвшигч байгууллагын туршлага, тухайн бүс нутгийн онцлог бүхий хэрэгцээ зэрэг орсон болно. Холбогдох 4 яам, хувийн хэвшил, банкны салбар, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн хараат бус хороо байгуулагдан сонгон шалгаруулалтыг хийсэн. Тус хорооны гишүүд сонгон шалгаруулалтын эхний үе шатанд шалгарсан нэр дэвшигч байгууллагууд дээр очиж, газар дээр нь байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд дараахь байгууллагуудыг тухайн бүс нутагт сонгосон юм. Үүнд
Төв бүс Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ-Итгэл- Ажил Олгогч Эздийн Холбоо.
Хангайн бүс Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн Өвөрхангай аймаг дахь Технологийн Их Сургууль.
Зүүн бүс Хэнтий аймгийн Хэрлэн Бизнесийг Дэмжих Нийгэмлэг.
Улаанбаатар хот Сүхбаатар дүургийн Залуучуудын хөгжлийн Полиси Төв ба Бизнес Эрхлэлтийг Дэмжих Хүрээлэн консерциум.
Баруун бүс Ховд ба Увс аймгаас нэр дэвшигч байгууллагуудын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийн талаарх мэдээллийг олон нийтэд ойрын хугацаанд хүргэх болно
Enterprise Mongolia Төвийн сонгон шалгаруулалт өрсөлдөөнтэй явагдаж, олон тооны чадварлаг байгууллага оролцсонд би их баяртай байна. Эдгээр төвүүд нь ажлын байр шинээр бий болгох, орлогыг нэмэгдүүлэхдээ ур чадварын ба бичил санхүүгийн үйлчилгээ хүсч байгаа тухайн бүс нутгийн бизнес эрхлэгчдэд өргэн цар хүрээтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт би итгэж байна гэж Үйлдвэр, Худалдааны Сайд С. Батболд хэллээ.
Монголд Үйлдвэрлэл Хөгжүүлье төсөл нь ядуурлыг бууруулахад бичил, жижиг ба дунд үйлдвэрүүдийн өсөлтөнд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Үйлдвэр, Худалдааны Яам, НҮБХХ-ийн Монгол улс дахь Суурин Төлөөлөгчийн Газраас хамтран хэрэгжүүлж байгаа юм. Бизнесийг хөгжүүлэх чиглэлээр олон тооны байгууллагууд хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа хэдий ч Монголд Үйлдвэрлэл Хөгжүүлье төсөл нь одоо байгаа чадавхийг сайжруулах, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өрнүүлэх, засгийн газартай бодлогын хэлэлцүүлэг эрчимжүүлэх чиглэлээр онцлог бөгөөд шинэ санаачилга бүхий арга барилтайгаар хэрэгжиж байгаа болно.
НҮБХХ-ийн Суурин Төлөөлөгч Пратиба Мета хэлэхдээ Одоо үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, тэдний бүтээгдэхүүн нь маш өргөн боломжтой гэж бид үздэг. Монгол улсад бизнесийн шинэ байгууллага бус, харин орон нутгийн бичил, жижиг ба дунд үйлдвэрүүдийн хэрэгцээнд нийцcэн үйлчилгээг хүргэх үндэсний чадавхийг бий болгох нь чухал байгаа юм. Enterprise Mongolia Төвүүдийн үр өгөөжийг олон олон ядуу, бичил, жижиг ба дунд хэмжээний аж ахуйн нэгжүүд хүртэж, өөрийн орон нутагтаа бизнес эрхлэлтийн чадавхийг хөгжүүлж, хувь нэмрээ оруулах болно гэдэгт би найдаж байна гэжээ.
Сонгогдсон төвүүдийг зарлахаас гадна, Монголд Үйлдвэрлэл Хөгжүүлье төсөл нь Нэг Суурин, Нэг Бүтээгдэхүүн хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа зарлажээ. Нэг Суурин, Нэг Бүтээгдээхүүн хөтөлбөр нь орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилготойгоор дэлхий даяар хэрэгжиж байгаа хөтөлбөр бөгөөд энэ оны 6-р сард Монгол улсын Ерөнхий Сайдын тушаалаар уг хөтөлбөрийн Үндэсний Зөвлөл байгуулсан юм. Монголд Үйлдвэрлэл Хөгжүүлье төсөл нь Нэг Суурин, Нэг Бүтээгдэхүүн хөтөлбөрийн Үндэсний Зөвлөлөөс гаргасан журмын дагуу хэрэгжүүлэх болно. Олон тооны орон нутгийн бичил, жижиг ба дунд үйлдвэр эрхлэгчид энэхүү шинэлэг хөтөлбөрийн хэрэгжүүлэлтэнд оролцож, Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэмжихэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гэж Үйлдвэр, Худалдааны Яамны Дэд Сайд, Монголд Үйлдвэрлэл Хөгжүүлье төслийн удирдагч Ц. Энхтүвшин хэлэв. Уг хөтөлбөрийн олон нийтэд зарлах сонгон шалгаруулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дараагийн долоо хоногт зарлах бөгөөд өргөдөл хүлээж авах хугацаа нь 10-р сарын 26-ны өдөр эхлэх болно.
Ж.АЛТ