Авилга залилангийн арга улам нарийсч, олшрох хандлагатай байна
сульдаан төрийн институциудыг хэврэгшүүлэн улмаар мөхөхөд хүргэх аюул агуулдагийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч, тэдгээрийн эсрэг тэмцэх нь зайлшгүйн тухайд консенсус нэгэнт бүрджээ. Улс орнууд эдийн засаг, нийгмийн энэхүү аюултай үзэгдлийн эсрэг тэмцэж эхэлсэн хэдий ч үр дүн нь янз бүр. Нэг хэсэг орон авилгын индексээр тэргүүлж байхад нөгөө бүлэг улсууд нь ихээхэн хоцорч байх жишээтэй.
Монгол Улс энэ үзүүлэлтээр дэлхийд нэлээд хойгуур бичигдсэн нь авилгын цар хүрээ дунд хэрд, үндэсний аюулгүй байдалд заналхийлэхээр байдалд хараахан хүрээгүйг харуулж буй хэрэг. Гэхдээ энэ нь авилгын эсрэг тэмцлийг сулруулах, тайвшрах үндэс болох ёсгүй.
Манайд авилгын холбогдолтой үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалаар тогтоож эхэлсэн ерээд оны дунд үеийг өнөөгийнхтэй харьцуулахад авилгын цар хүрээ, тархалтын хурдац түргэсч байгаад иргэдийн сэтгэл түгших болсныг төр, засаг, хууль хяналтын бүх шатны байгууллага, албан тушаалтнууд анзаарахгүй байх эрхгүй. Иймд авилга, хээл хахуулийн эсрэг бүхий л арга хэрэгслээр тэмцэж, улс үндэсний эдийн засаг, төрийн машиныг ямарваа гацаа, сулралаас урьдчилан сэргийлэхийн төлөө бүхнийг хийх үүрэгтэй. Гэхдээ энэ үүргийг биелүүлэхэд чин сэтгэл зүтгэлээс гадна шинжлэх ухааны үндэслэлтэй тэмцлийн арга зүйг чадамгай эзэмших шаардлагатай.
Авилга, хээл залилангийн эсрэг хааяа хүчтэй довтлон кампаничлах хурдан арга эсвэл ухуулга сурталчилгаагаар гэгээрүүлэх алгуур аргын аль аль нь өгөөж багатайг тамхины хор болон архидан согтуурахын эсрэг олон жилийн тэмцлийн явц, үр дүн бэлээхнээ харуулж байгаа билээ. Иймд Монголын нийгэм дэх энэхүү харьцангуй шинэлэг үзэгдэлтэй тэмцэхэд хуучин арга явуургүйг ухаарч байнгын давшингуй, уян хатан арга замуудыг эрэлхийлж ажиллах ёстой болж байна.
Тэр тусмаа авилга, залилан ямагт хоёр этгээдийн хооронд нууцаар болон зуучлагчийн оролцоотойгоор урьдаас төлөвлөн хийгддэг үйлдэл учраас илрүүлэхэд нэн түвэгтэй. Эдгээр хэргийг үйлдэхдээ хуулийн цоорхойг ашиглахаар зориуд бодож боловсруулсан, түүндээ мэргэшсэн хүмүүсийг татан оролцуулах нь цөөнгүй байдаг. Иймээс ч сүр дуулиантай илрүүлсэн авилгын хэрэг сүүлдээ замхран, түүнийг сөхөж тавьсан албан хаагч нь буруутган, авилгачид ардын баатар болсноор дуусдаг гашуун түүхийг мартах ёсгүй.
Наад захын жишээ татахад нэгэн түшмэл дүрс бичлэгийн магнитофон хахуульд авсан хэрэг хожим нь сайхан санааны бэлэг авсан тохиолдол болж дууссан. Мөн хэсэг албан тушаалтан бусдын захиалга, түлхээсээр тендерийг будлиантуулсан хэргийг хожим нь хэрэгсэхгүй болгож тэднийг өөр албанд сэлгүүлэн тавьснаар төгссөнийг ч иргэд мартаагүй. Ер нь авилгын холбогдолтой эрүү хэргийг шүүхээр шийдвэрлэж, холбогдогчдод ял оноосон тохиолдол энэ үзэгдлийн эдүгээгийн цар хүрээтэй харьцуулахад чамлалттай байгааг шударгаар хүлээх ёстой. Эдгээр жишээг татахдаа гагцхүү ял шийтгэл оноох аргыг голлохыг бус ерөөс авилга, залилангийн хэрэгт ямар үйлдлийг хамааруулах, түүнийгээ хөдөлбөргүй болгон ял завших боломж олгохгүй арга замыг тогтоохыг л эрхэм болгосон юм. Энд юуны урьд авилга, залилан гэж ямар үйлдлийг хэлэхийг яв цав тогтоох, тэдгээрийг тов тодорхой зааглан хуульчилж, түүнийг шударга, зөв хэрэглэхэд л гол учир байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдгээрийг арга зүйн талаас нь сайтар боловсруулах асуудал урган гарч байна.
Авилга, залилан нь өргЩн тархсан бие даасан үзэгдэл хэдий ч хоорондоо нарийн хамааралтай байдаг. Өргөн утгаар нь авч үзвэл Авилга нь хувь хүний буюу амин хувийн ашиг тусын тулд урамшуулал, хууль бус шагнал авах, өгөх замаар бусдад нөлөөлөх буюу эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг хамарсан үйлдэл. Харин залилан нь санхүүгийн зохисгүй буюу хууль бус давуу тал олж авахын тулд мэдээ баримт, чухал мэдээллүүдийг санаатайгаар гуйвуулах явдлыг хамарсан үйлдэл.
Авилга болон залилан нь төрийн албан хаагчид буюу шалгуулж байгаа аж ахуйн нэгжийн удирдлага (дотоод авилгал болон залилан) болон шалгуулж байгаа аж ахуйн нэгжийн эсрэг хувь хүн болон хэсэг бүлэг (гадаад авилгал болон залилан)-ээс хийж байгаа үйлдлийг хоёуланг нь хамардаг. Дотоод авилгал болон залилангийн дүнд байгууллагаас (жишээ нь бэлэн мөнгө, өмч хөрөнгө хулгайлах, цалингийн мэдээ баримтыг хуурамчаар бүрдүүлэх) болон гуравдагч талаас (жишээ нь харилцагчийн өмч хөрөнгийг хулгайлах) ашиг хонжоо олж болно. Энэ нь шалгуулж байгаа аж ахуйн нэгжид шууд хохирол учруулахгүй нөхөн төлбөрийн өр болох бөгөөд итгэлийг урвуугаар ашиглаж байгаа хэрэг юм. Гадаад авилгал болон залилангийн жишээ гэвэл Засгийн газрын тусламж, тэтгэмжийг хууран мэхлэх замаар авах, нийлүүлэгчдээс төлбөрийн нэхэмжлэлийг хуурамчаар болон давхар үйлдэх зэрэг үйлдэл юм.
Авилга, залилангийн үйлдлүүд нь өдөөгч хүчин зүйлс сэдлээсээ хамааран олон янз байдаг. Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд судлан тогтоогоод буй хамгийн түгээмэл төрлүүдээс дурьдвал
-Хээл хахууль нь тухайн хүнийг өөрийн үүргийг гүйцэтгэх болон эс гүйцэтгэхэд нөлөөлөхийн тулд үнэ, цэнэ бүхий зүйлсийг өгөх, авах, санал болгох буюу өгөхийг шаардах явдал юм.
-Худал мэдүүлэх буюу худал нэхэмжлэл нь тухайн хүн санаатайгаар буюу хүсэл зорилготойгоор материал баримтыг хуурамчаар үйлдэх, баримтыг санаатайгаар гуйвуулах, хуурамч нэхэмжлэл гаргаснаар нөгөө талд эдийн засгийн болон санхүүгийн хохирол учруулах.
-Шамшигдуулах гэдэг нь тухайн өмч хөрөнгийг эзэмшигч итгэлцлийн харилцаагаар олж авсан хувь хүний өмч хөрөнгийг хууран мэхэлж ашиглах явдал юм. Шамшигдуулалтыг нуух аргын жишээ нь хуурамч чекээр ашиглах болон давхардуулах арга юм.
-Хуурамч чек ашиглах гэдэг нь банкнаас чек эзэмшигчийн бэлэн мөнгөний төлбөрийг аваагүй байхад ямар нэгэн этгээд чекээр бэлэн мөнгө гаргаж авахыг хэлнэ. Энэхүү залиланг нуухын тулд тухайн этгээд дансны хоосон үлдэгдэлд тасралтгүй чек бичдэг.
-Давхардуулах тухайн этгээд авлагын данснаас бэлэн мөнгө авч, эхний ашиглангаа нуухын тулд бусад авлагын данснаас бэлэн мөнгө давтан ашиглахыг хэлнэ.
-Ашиг сонирхлын зөрчилдөөн нь тухайн этгээд ямар нэг үйл ажиллагаанд өөрийн ажил олгогчид сөргөөр нөлөөлөх эдийн засгийн буюу хувийн нууц эрх ашигтай байхыг хэлнэ.
-Хуурамч гэрээ гүйцэтгэгч гэдэг нь худалдан авах ажиллагаанд оролцсон этгээд зохиомол компаний нэр дээр нэхэмжлэл ирүүлэх явдлыг хэлнэ.
-Хэсэгчлэн худалдаж авах. Бараа үйлчилгээг ханган нийлүүлэлтийн хязгаарыг давахын тулд гэрээг хоёр буюу түүнээс олон хэсэгт хувааснаар өрсөлдөөнт тендерээс зайлсхийх. Үүнд гэрээ гүйцэтгэгч нөгөө талын этгээдэд хээл хахууль өгөх явдал орно.
-Үгсэн тохирсон тендер, үнийг хуйвалдан тогтоох, тендерийг булхайцах. Гэрээг гүйцэтгэж болзошгүй талууд өрсөлдөөнийг багасгах байхгүй болгох зорилгоор тохиролцоо буюу зохион байгуулалтанд орох. Энэхүү тохиролцоонд хээл хахууль агуулагдаж болно.
-Урьдчилсан төлбөрийн залилан. Гэрээ гүйцэтгэгч нь нөгөө талаас ирүүлсэн худал мэдээнд үндэслэн урьдчилсан төлбөр хүснэ.
-Нэхэмжлэхийг илүү буюу дутуу бичих. Хүлээн авсан болон нийлүүлсэн бараа үйлчилгээний дүнг зориудаар буруу мэдүүлэх.
-Сүрдүүлэх Хууль бус мөнгө санхүүгийн давуу тал, ашиг хонжоог баталгаажуулахын тулд эрх мэдлээ ашиглах.
-Танил талаа харах болон бусдад давуу тал олгох Төрийн албан тушаалыг урвуугаар ашиглан өөрийн хамаатан садан болон найз нөхдөд давуу тал олгох
-Татвар, төлбөрөөс зугтсаны улмаас орлого алдах гэдэг нь засгийн газарт төлөх ёстой орлого төлөгдөөгүй янз бүрийн нөхцөл байдлыг хамаарна.
-Шинээр ажилтан авахад шударга бус хандах гэдэг нь ажилтныг шинээр авахад хууль бус ашгийн тулд бусдад давуу тал олгох.
-Компьютерийн залилан Тухайн этгээд шударга бус ашиг хонжоо олохын тулд мэдээлэл тооцооллын хэрэгсэл ашиглан залилан мэхлэх. Жишээлбэл, зайдас зүсэх арга гэдэг нь хүүгийн бутархайг хувийн дансанд шилжүүлэх компьютерийн залиланг хэлдэг.
Авилга, залилангийн судалж тогтоосон төрлүүд нь энэ мэтчилэн олон байдаг. Эдгээр нь цаашдаа улам нарийсан олшрох хандлагатай нь аюултай юм.
Залилангийн аливаа хэргийн улмаас шалгуулж байгаа аж ахуйн нэгжид учирч байгаа хохирол голдуу нэлээд тодорхой байдаг бол авилгын хэргийн тухайд хэдийгээр тухайн авилгач төрийн албан хаагч уг үйлдлээс ашиг хонжоо олж болох боловч шалгуулж байгаа аж ахуйн нэгжид ямар нэгэн хохирол учраагүй. Санхүүгийн тайланд ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй байж болно. Тодорхойлолт ёсоор авилгал болон залилан нь хоёул зохих зөвшөөрөлгүйгээр, итгэлийг урвуулан ашиглаж байгаа тул зүй бус үйлдэл байдаг. Энэхүү ерөнхий хүрээнд улс орнуудын судлаачид авилга, залиланг өөр өөрийнхөөрөө тодорхойлдог байна. Тухайлбал, Нэгдсэн Вант улсын үндэсний аудитын газар залилан, шударга бус, хууль бус ашиг хонжоо олохын тулд аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн дүнг санаатайгаар хасах, буруу мэдээлэхэд заль мэх ашиглах явдал гэж тодорхойлсон байдаг.
Тэгвэл Канадын аудитын газар залиланг санаатайгаар төөрөгдүүлсэн болон үнэн зөв гэдэгт нь итгэлгүй байж үнэ цэнэтэй нөөц баялагт хохирол учруулах үйлдэл хэмээн тодорхойлсон байна.
БНСУ-ын Авилгын эерэг хуульд төрийн албан хаагч өөрийн албан тушаал, эрх мэдлийг урвуулан ашиглах буюу өөрийн ажил үүрэгтэй холбогдох хууль, журам зөрчих замаар өөртөө болон гуравдагч талд ашиг хонжоо олох үйлдэл гэж авилгыг тодорхойлсон байна.
Азийн Хөгжлийн Банкнаас гаргасан Авилгатай тэмцэх бодлогын баримт бичигт Авилга нь төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчид өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж буюу бусдад нөлөөлснөөр өөрсдийгөө, ойр дотныхноо хууль бусаар баяжуулах буюу бусдыг үүнд өдөөх явдлыг хамаарна гэж тодорхойлсон байна.
Дэлхийн банк Авилгыг төрийн эрх мэдлийн хувийн буюу өөрийн ашигтай аль нэг хэсэг бүлгийн ашиг тусын төлөө урвуулан ашиглах явдал хэмээн тодорхойлсон.
Ихэнх улс орнууд эдгээр үйлдлүүдэд хуулийн дагуу шийтгэл оноож байгаа нь нийтлэг. Манай улсад ийм жишгийг хэвшил болгох шаардлага зүй ёсоор урган гарч байна. Авилгын төлөв байдлыг зарим судлаачид загварчилсан нь түүний үүсэх нөхцөл байдлыг товч тодорхой илэрхийлсэн байдаг. Жишээ нь Судлаач Клитгардын загвараар бол Авилга = Монополь эрх мэдэл + үйл ажиллагааны эрх чөлөө – хариуцлага гэсэн томъёонд багтаж байгаа юм.
Манайд газар авч буй авилгын асуудал үндсэндээ энэ томъёонд багтаж байгаа боловч учир дутагдалтай нэгэн хасагдахуун байгаа нь албан хаагчдын ёс суртахуун юм. Өөрөөр хэлбэл, Монгол дахь авилгыг Авилга = Монополь эрх мэдэл + үйл ажиллагааны эрх чөлөө – хариуцлага – ёс суртахуун гэсэн томъёоллоор илэрхийлж болохоор байна. Энд ёс суртахууныг нэмсний учир юу гэвэл эрх бүхий албан тушаалтнуудын ёс суртахуунгүй байдал авилгыг үүсгэхэд ташуур өгч байгаа явдал. Авилга өгөгч, авагчийн аль, аль нь ёс суртахуунгүй. Харин албан хаагчийн ёс суртахууныг яагаад энд хамааруулж байна гэвэл чухамхүү тэд ёс суртахуунгүй үйлдлээрээ авилгын хөрсийг тавьж, түүнийг амьдралд зайлшгүй, заавал байх ёстой зүйл мэт болгож байгаад хэргийн учир оршино.
Иймд засаглалын гурван санаа мөчирт алба хашдаг бүх шатны албан тушаалтнуудын үйл ажиллагаа, орлого, зарлагыг юуны урьд олон нийтэд нээлттэй тунгалаг болгосноор ёс суртахууны цэвэр байдлыг хангана. Төр, засгийн байгууллагын бүх шатны албан тушаалтнууд өөрсдөө авилгад өртөхгүйн зэрэгцээ авилга, залилангаас урьдчилан сэргийлэхэд тус тусын чиг үүргийг чанд биелүүлэх ёстой.
Юуны урьд байгууллагынхаа өмч хөрөнгийг хянаж, хамгаалах тогтолцоог бий болгох нь удирдлагын нэн чухал чиг үүрэг. Түүнчлэн байгууллагын бүх материаллаг ажил, гүйлгээг нягт нямбай бүртгэх, үйл ажиллагааны үр дүнг шударгаар тайлагнах нь удирдлагын үндсэн үүрэг хариуцлага болно. Иймд байгууллагын үнэ, цэнэтэй өмч хөрөнгийг авилгал, залиланд шамшигдуулахаас урьдчилан сэргийлэх орчныг бий болгох нь тэдгээрийн удирдлагад шууд хариуцах асуудал мөн. Удирдлагын сайн практик нь бүрэн дүүрэн хяналт, шалгалтыг шаарддаг учир авилга, залиланг илрүүлэх үүрэг нь тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах орчныг бий болгох үүрэг хариуцлагаас зүй ёсоор урган гарна. Нөхцөл байдлаас шалтгаалан сахилгын (шийтгэлийн) хууль зүйн арга хэмжээ авах болно. Түүнтэй төстэй явдлыг дахин гаргуулахгүй байхаар бодлого, журамд өөрчлөлт оруулах эрх, үүрэг ч удирдлагын хүрээнд байдаг. Удирдлагын үндсэн үүрэг, хариуцлагыг ийнхүү хоёрдмол утгагүйгээр нотолж, тодорхойлсон.
Авилга, залилангаас урьдчилан сэргийлэхийн тухайд аудитын байгууллагууд аудит хийгдсэн байгууллага болон түүний санхүүгийн тайлангийн талаар нотолгоо гаргах, мэргэжлийн үүргээ биелүүлэх явцад илрүүлсэн нягтлан бодох бүртгэлийн болон дотоод хяналтын тогтолцооны загвар үйл ажиллагааны сул талын талаар байгууллагын удирдлагад мэдэгдэх чиг үүрэгтэй. Хэдийгээр авилга болон залилангаас урьдчилан сэргийлэх нь аудиторуудын үндсэн үүрэг биш аудит нь авилга, залиланг багасгахад чухал нөлөө үзүүлж чадна. Аудиторууд авилгал болон залилангийн эрсдэлд мэдрэмжтэй хандсанаар авилга, залилангаас урьдчилан сэргийлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулах ёстой.