МУИС-ийн залуус тэргүүллээ
Мөн үндэсний лигийн тэмцээнд тоглодог залуу тамирчид ч багтсан байв. Тиймээс тоглолтууд өрсөлдөөнтэй болж үзэгчдийг гомдоосонгүй.
Өнгөрсөн бямба гаригт болсон медалийн төлөөх тоглолтод Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн эмэгтэйчүүд амжилттай тоглож ээлжит алтаа авсан. Тэдний багт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийнхан хожигдон мөнгө медаль дээр буув. Харин хүрлийг Монгол улсын их сургуулийн охид хүртсэн юм.
Тэмцээний хамгийн сонирхолтой тоглолт мэдээж хөвгүүдийнх байлаа. Дээд лигийн хэд хэдэн тамирчнаар багаа бүрдүүлсэн МУИС-ийнхан мөн л ээлжит аваргаар шалгарсан юм. Тэдний багаас залуучуудын улсын аваргын шилдэг тоглогч Г.Золбаяр тодорсон билээ. Харин аман хүзүүнд охид нь түрүүлээд байсан Худалдааныхан орсон. Мөн тэмцээнийг өрсөлдөөнтэй болгож, үзэгчдийг суудлаас нь үе үе бостол тоглолт үзүүлсэн ШУТИС-ийн залуус хүрэл медалийг энгэртээ зүүснээр Монголын сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохиодог залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв. Харин энэ тэмцээний дараа буюу арванхоёрдугаар сард сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг үндэсний лигийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн эхэлнэ.
Б.БАДМАА
(өдрийн сонин 2005-10-24 2555)