Дэндүү нээлттэй Д.Рамсфелдийн дөрөвхөн цагийн айлчлал
Америк андын маань өнгөрсөн бямба гаригт манай улсад хийсэн анхны айлчлал энэ удаад үдлээд өнгөрөх багцааны хугацаанд болсон ч монголчуудын сэтгэлд хоногштол сайхан сэтгэгдэл төрүүлээд буцлаа. Андыг маань Дональд Рамсфелд гэдэг. Тэрбээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд, Пентагоны тэргүүн шүү дээ. Эрхэм сайдыг манай БХ-ын сайд Ц.Шаравдорж тус улсад айлчилж явахдаа урьсан тул ийн айлчилсан хэрэг. Түүний айлчлал дөрөвхөн цаг хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн хэдий ч том гүрний сайдын хувьд тэр зангаргаараа салбар хоорондын хийгээд улс төрийн шинжтэй нэлээд олон гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан. Ерөнхийд нь дүгнэвэл хоёр талын найрсаг харилцаа улам гүнзгийрэн хөгжих боломж бололцоонууд тавигдсан. АНУ-ын Батлан хамгаалахын сайдын манай оронд хийсэн албан ёсны айлчлалын өөр нэг зорилго нь тус улсын Ерөнхийлөгч Ж.Бушийн ирэх арваннэгдүгээр сард хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлын явцтай танилцах явдал байсан гэж хэлж болно. Дашрамд дурдахад тэрбээр телевизийн дэлгэцнээ харагддаг шигээ хатуу чанга хүн бус дэндүү нээлттэй, бас хээгүй нэгэн санагдсан.
Түрүүч нь I нүүрт Ноён Д.Рамсфелдийн эл удаагийн айлчлал ихэд шахуу хөтөлбөр дор явагдсан гэдгийг юуны өмнө онцлох нь зүйтэй байх. Түүнийг Пентагоны төрөл мэргэжлийн цэргийн томоохон албан тушаалтнууд дагалдаж ирснээс гадна тус улсын нэр хүнд бүхий хэвлэл, мэдээллийн ажилтнуудаас бүрдсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг дагалдсан байсан. Тэд манай улсад айлчлахаасаа өмнө Өмнөд Солонгос, БНХАУ-д мөн л дээрхтэй ижил хугацааны албан ёсны айлчлал хийсэн. Аялал нь Казакстанд өндөрлөх юм билээ. Д.Рамсфелдийн айлчлалын сурвалжлагыг уншигч танд хүргэе.
МОНГОЛ ХҮНТЭЙ АНХ ИРАКТ УЧИРСАН
Эрхэмсэг ноён Дональд Рамсфелдийн хөлөглөсөн онгоц Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд газардах хуваарь хэдэнтээ нааш цааш болсон. Батлан хамгаалах яамныхан ямартай ч сэтгүүлчдийг бэлэн байлгах нь зөв гэх үүднээс 9.30 цагт бэлэн байх тухай зар түгээж. Гэвч онгоц 10.50 минутад газардсан ытул ноён Рамсфелд дагалдан яваа хүмүүсийнхээ хамт 11.00 цагтай уралдсаар ирэхэд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Шаравдорж яамныхаа үүдэнд хүндэт харуул дор зочноо ёс төртэйгээр угтан авсан. Эл хүндэтгэлийн арга хэмжээний дараа сайдууд холбогдох албан тушаалтнуудын хамт хоёр улсын салбар хоорондын өнөөгийн болоод хэтийн асуудлаар санал бодлоо солилцсоны зэрэгцээ цаашид хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хэлэлцээрийн ерөнхий агуулгын тухайд хоёр салбарын цэргийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх цаашилбал, Ирак, Афганистанд үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагч хийгээд АНУ-д цэргийн мэргэжлээр мэргэших офицер, ахлагчийн тоог нэмэгдүүлэх асуудалд чиглэгджээ. Үүний дараа тэд аливаа улсын төрийн дээд хэмжээний айлчлалын уламжлалын дагуу гадаад, дотоодын сэтгүүлчдэд хандан айлчлал хийгээд үр дүнгийн талаар харилцан товч мэдээлж, хоёр талын сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулав. Ингэхдээ сэтгүүлч бүрийн тавьсан асуултад бус хоёр төлөөллийн асуултад хариулсан хэрэг. Манайхаас MN болон МоЦаМэ агентлагийг сонгосон бол нөгөө талаас Вашингтон ТВ,Нью-Йорк таймс зэрэг мэдээллийн томоохон агентлаг байлаа. Эдгээр агентлагуудаас MN агентлагийн тавьсан асуултыг товчхон хүргэе.
-MN агентлаг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн танай улсад хийсэн айлчлалын үеэр та Чингисийн Монголд очих үзэх юмсан хэмээн мөрөөддөг тухайгаа хэлж байсан. Мөрөөдөл тань биелсэн энэ мөчид сэтгэгдэл ямар байна вэ?
-Чингисийн Монгол гэхлээр өргөн уудам тал нутаг санаанд буудаг байлаа. Яг үнэнийг хэлэхэд, Монгол хүн ямар байдгийг мэддэггүй байв. Иракт алба хааж байсан монгол цэргүүдтэй уулзаж, ярилцсан тэр үеэс хойш танай орны тухай их зүйлийг мэддэг болсон. Нөгөөтэйгүүр, Монголыг хөх тэнгэрийн орон гэдэг нь үнэн юм байна. Биднийг сая онгоцноос буухад их сайхан нар тоссон шүү.
-Иракт алба хааж буй манай цэрэг дайчдад өгч буй таны үнэлэлт дүгнэлт бидний сонирхлыг татаад байгаа юм?
-Аливаа үнэлэлт, дүгнэлт гэдэг бол харьцангуй ойлголт. Өдгөө дэлхий ертөнцөөрөө даяарчлагдаж буй энэ үед харь холын Ирак улс руу цэргээ илгээнэ гэдэг танай улсын хувьд нэр төрийн хэрэг. Бусдын сайн сайхны төлөө амь хайрлалгүй тэмцэж буй тэднийг сайн, муу хэмээн дүгнэх нь утгагүй юм. Тэгээд ч Ази номхон далайн аюулгүй байдал танайд ч хамаатай асуудал. Дэлхий ертөнцийг түгшүүлсэн террорист үйл ажиллагааны эсрэг хамтдаа тэмцэж гэмээнэ бид санаа амар амьдрах учиртай. Тэр утгаараа Монгол Улс цаашид энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, алба хаах цэргийн тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа Ц.Шаравдорж сайд уулзалтын үеэр онцолж байсан. Бид үүнийг дэмжиж байгаа. Цаашид ч дэмжих болно.
ХУЛ МОРЬТОЙ Д.РАМСФЕЛД
Монголын хөх тэнгэрийг үнэнхүү биширсэн ноёнтон хэзээ ч юм, нэгэн цагт хул морь унасан шигээ галгиулж явбал бүү гайхаарай. Түүний манай оронд хийсэн албан ёсны анхны айлчлалыг нь хүндэтгэж тийн хул морийг бэлэглэсэн хэрэг. Жинхэнэ монгол морьтой болсондоо хөөрч догдолсон Рамсфелд Би дараа ирэхдээ заавал морио унаж давхина. Намайг иртэл сайн маллаж байгаарай хэмээгээд мориныхоо цулбуураас барьж байгаад л идэвхтэй нь аргагүй янз янзаар зургаа татуулна билээ. Дашрамд дурдахад, уг адууг Төв аймгийн Сэргэлэн сумаас авчирсан бөгөөд угшил нь Сүхбаатар аймгийн Уулбаяных юм билээ. Зургаан настай хавчиг соёолон өдгөө улсад дөрвөнтөө уралдсан хурдан хүлэг бөлгөө.
МАГАДГҮЙ ТЭД ИРАКТ АЛБАА ХААСААР БУЙ БИЗ
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нартай уулзахаасаа өмнө Төрийн ордны А танхимд түр саатаж, Афганистан, Иракт үүрэг гүйцэтгээд ирсэн цэрэг, дайчид болон тус улсаас томилогдон ирж манай ахлагч нарт хичээл заах үүрэг хүлээсэн АНУ-ын тэнгисийн явган цэргийн таван албан хаагчтайгаа далимаар нь уулзаад авсан. Эл уулзалт түүний айлчлалын хөтөлбөрт бүр эхнээсээ тусгагдсан байсан юм билээ.
Уулзалтыг БХ-ын сайд Ц.Шаравдорж нээж үг хэлж улмаар Д.Рамсфелдийг индэрт урьсан. Тэрбээр цэрэг дайчидтай уулзах мөчийг тэсч ядан хүлээж байснаа онцлон дурдаад танхимд цугласан тэднийг сайн харж авахын тулд сандал хооронд зогссон гадаад дотоодын сэтгүүлчдийг хоёр тийшээ болохыг хүссэн. Энэ үеэр танхим дахь манай дайчид өөр хоорондоо Рамсфелд гуай хэзээний л ийм чөлөөтэй, нээлттэй нэгэн байсан хэвээрээ байна шүү хэмээн шивэр авир хийж байсан нь тэдний сэтгэлийг Иракт байхад нь татаж чадсаны илрэл гэлтэй. Зочин маань ч үүнийгээ батлах мэт Афганистанд алба хаасан нь гараа өргөнө үү, баярлалаа. Иракт хаасан нь хэмээн тэдэнтэй ихэд дотно мэндчилсэн. Тэрбээр өдгөө Иракт алба хааж буй цэрэг дайчдын ар гэрийнхний амар мэндийг эрэхийн хамт Иракт уулзалдаж, хамтдаа зургаа татуулсан нөхдөө сурагласан боловч танхимд цуглагсдаас хэн ч гар өргөөгүй. Хүндэт зочин Рамсфелд Магадгүй тэд Иракт албаа хаасан хэвээр буй заа гээд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох шийдвэр гаргаснаараа танай орон тусгаар улсын хувьд цэргийн зүгээс их чухал алхам хийсэн гэж онцолсон. Ноён сайд цааш нь хэлэхдээ, Афганистан, Иракийн 50 сая хүнийг эрх чөлөөтэй болгохын төлөөх үйл хэрэгт гар бие оролцож, хүчин зүтгэсэн явдал бол тэдэнд сайнаар нөлөөлсөн. Хожим та бүхэн энэ хоёр орны сайн сайхан амьдарч буйг хараад түүхэн үйл явдалд гар бие оролцсоноо дүгнэж цэгнэх болно гэв. Уулзалтын арга хэмжээний төгсгөлд тэрбээр ахлагч н.Аззаяа, н.Самбуу-Ёндон нарын баатарлаг гавьяагаар нөхдийнх нь өмнө бахархахын зэрэгцээ тэдэнд хандаж АНУ та хоёрын хүчин зүтгэлийг мартахгүй. АНУ болон бусад орны нэрийн өмнөөс та хоёрт дахин баяр хүргэе гэлээ.
АМ НЬ ХӨДЛӨӨД БАЙНА УУ ДАА
Уулзалтын төгсгөлд ноён Рамсфелд болон түүний дагалдан яваа хүмүүст зориулж, морин хуурын ая эгшгээс сонирхуулсан нь тэдний амыг ёстой ангайлгаж орхисон. Ямар сайндаа Рамсфелдийн туслах Ам нь хөдлөөд байна уу даа хэмээн дэргэдээ суусан хэвлэлийн төлөөлөгчөөсөө асууж байхав дээ. Зочинд морин хуурын аялгуу ихэд таалагдаж буй бололтой манай орчуулагч руу байн байн тонгойж, маш чангаар алгаа ташин баяр хүргэж байсан юмдаг. Тоглолт өндөрлөнгүүт тэрбээр А танхимын хоймор дахь монгол цэргийн сүр хүчийг харуулсан сийлбэрийн өмнө АНУ-аас түр хугацаагаар ажиллаж буй ахлагч нарынхаа хамт дурсгалын зураг татууллаа. Айлчлалын хөтөлбөр шахуу учраас тэрбээр уулзалтын танхимаас шууд л Ерөнхийлөгчийн өргөө рүү явж одсоноор сэтгүүлч бид түүнээс хэсэгтээ холдсон. Зочинд Гандантэгчилэн хийдийг сонирхуулахаар хөтөлбөрт нь шинээр тусгасан учраас бид түүнийг нь сурвалжлахаар хийдийн зүг хөдөлсөн хэрэг.
ГОСПИТАЛИЙН ОНОШЛОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АСУУДАЛ ХӨНДӨГДӨВ
Дашрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Н.Энхбаярт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Д.Рамсфелд бараалхаж хоёр талын цэргийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр АНУ-ын Батлан хамгаалахын сайдын манай оронд хийж буй анхны айлчлал хоёр орны амжилттай хөгжиж буй цэргийн харилцааг цаашид улам эрчимжүүлэхэд бодитой түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гээд айлчлалынхаа хүрээнд Иракийн эрх чөлөө олон улсын цэргийн эвслийн ажиллагаанд болон Афганистаны Үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөрт оролцсон манай цэргийн албан хаагчидтай биечлэн уулзсанд талархал илэрхийлжээ. Мөн цэргийн хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх, АНУ-ын Батлан хамгаалахын салбарын их, дээд сургууль, коллежид сурах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, цэргийн мэргэжилтэн солилцох чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа хэлээд Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд цэргийн төв госпиталийн эмчилгээ, оношилгооны төхөөрөмжийг шинэчлэх, эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд дэмжиж ажиллахыг хүсчээ. Үүний хариуд ноён Рамсфелд Монгол Улсын Зэвсэгт хүчний олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох чадавхийг бэхжүүлэх, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ДЭМЖИГДЭВ
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсаны дараа Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид мөн бараалхсан байна. Пентагоны тэргүүний энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг Батлан хамгаалахын болон бусад салбарт улам өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр Ерөнхий сайд онцлон тэмдэглээд Монгол Улс олон улсын алан хядлагын эсрэг тэмцэлд нэгдэн, Иракийг сэргээн байгуулахад үйлсэд өөрийн цэргийн багуудыг илгээж, анхнаас нь оролцсоор ирснийг дурдсан байна.
Түүнчлэн Монгол Улс АНУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу энэ нь манай улсын эдийн засгийн өсөлтөд чухал түлхэц болно гэдгийг онцлон дурдаж, үүнд ноён Рамсфелдийг өөрийн зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Батлан хамгаалахын сайд уг асуудлаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийн хамт АНУ-ын Конгрессийн зарим гишүүд дээрх асуудлаар хуулийн төсөл санаачлан батлуулахаар ажиллаж буйг дуулгаад нааштай шийдэгдэн гэдэгт итгэлтэй байна гэсэн байна.
ОH MУ GОD, БАГАНА ШИГ БУРХАН ЮМ АА
Зочин маань алдарт Жанрайсэг бурханд мөргөх үедээ ийн дуу алдана билээ. Үнэндээ 80 тохой Майдар маань мэдэхгүй хүний нүдэнд ийн тусдаг байж ч болох юм. Тэрбээр дээшээ өлийж харсан аа Ийм том бурхан байдгийг анх удаа үзлээ, Солонгос, Хятадад ч бурхан будда байсан ч үүн шиг том байгаагүй гэсэн. Түүнд тус хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц үйлчилж, шашны зан үйл хийгээд Монголд зэрэгцэн оршиж байгаа гадны шашны талаарх сэтгэгдлээ хуваалцаж,хийдийн номын санг танилцуулна билээ. Ирсэн гийчин буцдаг нь хууль болохоор нэг л мэдэхэд эрхэмсэг зочны буцах цаг болсон байлаа. Тэрбээр дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар Гандантэгчилэн хийдийн үүднээс хамба ламаар үдүүлэн Казахстаны зүг хүлгийн жолоо залсан.
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
(өдрийн сонин 2005-10-24 2555)