Мянганы зам-ыг нэг өдөр барьдаггүй
Ийм нэгэн өдөр болох өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ээлжит туузаа хайчиллаа. Тэр нь Мянганы зам-ын зүүн чиглэлийн нэг гол хэсэг болох Багануур-Өндөрхааны чиглэлийн 115 км хар замын нээлт байлаа.
Автозамчид хүйтний ам наашлахаас өмнө замаа барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөв. Зуны сар зургаа биш хойно тэдний ажил сая нэг дуусч нуруу нь тэнийж байна. Арга ч үгүй биз. Тэдний ард танигдахгүй болтол өөрчлөгдсөн гүвээ даваа, өнгө заасан дардан зам бүхий тал үлдэж байгаа хойно. Өнгөрсөн оны тавдугаар сарын 15-нд төр, засгийн удирдлагууд мөн оролцон шавыг нь тавьж байсан энэ зам жилийн дараа буюу энэ сарын 15-21-нд ийнхүү дуусч байгаараа Монголд хамгийн богино хугацаанд барьсан замд орж байна гэж замын нээлтэд оролцсон Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Автозамын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Очирбат, Автозамын газрын хяналт, судалгааны төвийн мэргэжилтэн О.Мишиг нар ярьж байлаа.
Хэдий богино хугацаанд барьсан ч гэсэн чанарын хувьд гологдохооргүй байгаа гэж тэд нэмж хэлнэ билээ. Үүнийг тус замын анхны зорчигч болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Шадар сайд Ч.Улаан, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү болон Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Д.Арвин, төвийн сонин, телевиз, радиогийн сурвалжлагч сэтгүүлч бид ч өөрсдөө явж шалгаж үзсэн юм. Монголчуудын барьсан зам гэхэд япончуудын барьсан Улаанбаатар-Багануурын замаас нэг их дутахгүй, толийсон сайхан дардан зам болжээ. Замчид замаа хурдан дуусгасан нь түрүү хэлснээр хүйтрэхээс өмнө, мөн ирэх жил манай орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн их ойгоос өмнө эзэн Чингисийн нутаг руу зам тавьж байгаатай холбоотой аж. Энэ нь хэдхэн сарын дараа солигдох шинэ оны эхний өдрөөс манайд ирэх зочид төлөөлөгчид, жуулчдыг түүхт нутгаараа сайхан замаар тав тухтай аялуулж зорчуулахад нүүр улайхгүй гэж шамдсаных. Үүнийг замын нээлтэд оролцсон төр, засгийн төлөөлөгчид бүгд л ам уралдан онцлон тэмдэглэж байлаа.
Мянганы зам-ын зүүн чиглэлийн бүтээн байгуулалттай танилцах бидний аялал Багануураас цааш арваад км яваад Хэрлэнгийн гүүрээс эхлэсэн юм. Энэ арван км шороон замыг эс тооцвол одоо улсын нийслэл Улаанбаатар хот Хан Хэнтий нутгийн төв Өндөрхаан хоттой шууд хар замаар торойх юмгүй холбогдох боломжтой болж байна. Бид Хэрлэнгийн гүүр гарч түр саатаад цаашаа Устын гол, Дуутын даваа хүртэл шинэ замаар цаг ч хүрэхгүй яваад замын нээлт болох Цэнхэрмандал суманд ирсэн юм. Бидний өмнө Жаргалтхаан, Мөрөн сум, Өндөрхаан хүртэлх зуу гаруй км зам үлдэж байлаа. Хэрлэнгийн гүүрээс эхлэх шинэ замын эхний 15 км-ыг манай Эрдэнэ зам ХХК барьжээ. Цэнхэрмандал сумаар дамжин Дуутын даваа хүртэлх 100 км замыг Хятад-Монголын хөрөнгө оруулалттай Насны зам ХХК барьж гүйцэтгэжээ. Одоо Дуутын даваанаас Мөрөн сумын чиглэлийн 50 км-ыг мөн манай Монроуд ХХК барьж байна. Тэр нь ирэх жил ашиглалтад орно. Өндөрхаан хүртэлх үлдэх 58 км замыг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барина. Зүүн чиглэлийн энэ замд улсаас энэ жил долоон тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 60-70 хувь нь олгогдож зарцуулагдаад байгаа аж.
Зам барьж байгаа болон барьж дуусгасан компаниуд бүгд л өнгөрсөн жилүүдэд баруун чиглэлийн зам барих ажилд буюу Мянганы зам-ын бүтээн байгуулалтад анхнаас нь оролцож тушлагажсан, техник, ажиллах хүн хүч сайтай компаниуд учир Мянганы зам-ын зүүн чиглэлийн замын эхний хэсгийг тэр бүх боломж, давуу байдлаараа богино хугацаанд барьж дуусгаад байгаа нь энэ. Ингэснээр Хэнтий хүртэл хуучны бартаат замаар өдрийн тал дэржигнэтэл сэгсчүүлсээр хүрдэг явдал арилж байна. Машин тэргэнд ч гамтай, дардан замд шатахуун бага иднэ, цаг хугацааг ч урагшлуулж орон зайг товчилж байна. Ингэснээр одоо зорчигч бид заавал том оврын жип юмуу бартаа туулах УАЗ унах шаардлагагүй болжээ. Жижиг, хөнгөн тэргээр Монголын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл дардан замаар жийж ажил төрлөө амжуулахаас гадна эх орныхоо үзэсгэлэнт сайхан газруудыг өөрийн нүдээр үзэж Монгол орноо хөндлөн туулах боломжтой боллоо. Зорчигчдоос гадна зам дагуу орших сум суурингийнхнаас эхлээд малчдын амьдралд ахуйд зам нөлөөлж эхэллээ. Цэнхэрмандал сумын төв бидний очиж зам нээсэн газраас таван км-ын зайтай ч харагдавч тус сумынхан шинэ замын дагуу буудал, цайны газрыг 2-3-ыг хэдийнэ барьж амжижээ. Энэ мэтээр зам тавигдаж буй нутгийнхан башийж байна. Зам дагаж хөгжихийн нэг жишээ энэ. Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүүгийн хэлснээр автозамын сүлжээ өргөжиж, ингэснээр хөдөө орон нутгийн алслагдмал байдал арилан төв рүүгээ нүүдлээр биш хөгжлөөр холбогдон ойртох үйл явц түргэснэ. Цаашлаад тухайн бүс нутагт аялал жуулчлалын салбар хөгжих таатай нөхцөл бүрдэж улмаар хөрш хоёр улсаа болон Ази-европыг холбосон олон улсын авто замын сүлжээнд холбогдох хэтийн төлвийг ойртуулж буй учиртай аж. Энэ бүхнийг газар дээр нь үзсэний хувьд хэдийгээр үүний оронд экспортын нэг үйлдвэр байгуулах юмуу, мянган оюутны тархинд хөрөнгө оруулсан нь дээр гэгдэн шүүмжлүүлсээр ирсэн Мянганы зам-ын ашиг, үр нөлөө нь улс орны эдийн засагт мөддөө гарахгүй ч гэсэн өргөн уудам нутаг дэвсгэртэй манайх шиг оронд зам гэдэг яах аргагүй хэрэгтэй нь харагдана. Нэгэнт л эхэлснийх дуусгахаас яахав. Үүнийг цаг үе, нөхцөл байдал, хөгжил биднээс тэртээ тэргүй шаардаж байна. Мянганы зам-ыг нэг л өдөр тавьчихгүйгээс хойш бидэнд дуусгах л үлдэж.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-24 2555)