АНУ-ын Батлан хамгаалахын сайд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Пентагоны тэргүүний энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг Батлан хамгаалахын болон бусад салбарт цаашид улам өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд онцлон тэмдэглээд, Монгол Улс олон улсын алан хядлагын эсрэг тэмцэлд нэгдэн, Иракийг сэргээн байгуулах үйлсэд өөрийн цэргийн багуудыг илгээж анхнаас нь оролцсоор ирснийг дурдлаа.
Цэрэг, батлан хамгаалахын салбараас гадна эдийн засаг, улс төрийн талаар улам идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн илэрхийлэв. Монгол Улс бүс нутагтаа улс төрийн болон эдийн шинэчлэлтийг нэгэн зэрэг хэрэгжүүлж буй цорын ганц орон болохын хувьд Төв Азийн бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц тодорхой үр дүнд хүрч явааг онцлон, үүнд АНУ ихээхэн тусламж дэмжлэг үзүүлж ирснийг талархан тэмдэглэлээ. Бүс нутгийн үйл ажиллагаа, ялангуяа Солонгосын хойгийн асуудалд Монгол Улс ихээхэн идэвхтэй байр суурь баримталж, үл ойлголцох байдлыг эв зүйгээр зохицуулахад санаачлагатай ажиллаж байгааг АНУ-ын тал өндрөөр үнэлэв. Ерөнхий сайд удахгүй Москва хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлдөх уулзалтад ажиглагчаар оролцохоор төлөвлөж байгаагаа дурдлаа.
Түүнчлэн Монгол Улс АНУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэн, энэ нь манай улсын эдийн засгийн өсөлтөд чухал түлхэц болно гэдгийг онцлон дурдаж, үүнд ноён Д.Рамсфелд өөрийн зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Батлан хамгаалахын сайд энэ талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд, уг асуудлаар АНУ-ын Конгрессын зарим гишүүд хуулийн төсөл санаачлан батлуулахаар ажиллаж байгааг дуулаад нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Монгол Улс Мянганы сорилтын сангаас санхүүгийн дэмжлэг авах орнуудын тоонд багтсанд Батлан хамгаалахын сайд Д.Рамсфелд баяр хүргээд зохих дэмжлэгийг ойрын хугацаанд үзүүлж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд нарын уулзалт илэн далангүй, найрсаг уур амьсгалд болж өнгөрлөө. Уулзалтад Монголын талаас Батлан хамгаалахын сайд Ц.Шаравдорж, Їйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Гадаад хэргийн дэд сайд А.Баттөр, ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Түвдэндорж, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Энхбаяр болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ