Ерөнхий сайд Нийслэлийн засаг даргад нэр дэвшигчтэй уулзлаа
НИТХ ирүүлсэн материалдаа нэр дэвшигч Ц.Батбаярын анкетыг хавсаргасан байна.
НИТХ-аас Нийслэлийн Засаг даргын албан тушаалд нэр дэвшсэнтэй нь холбогдуулан Ерөнхий сайд өнөөдөр түүнийг хүлээн авч уулзлаа. Засаг даргаар батламжлуулах тухай хүсэлтэд түүний үйл ажиллагааны хөтөлбөр хавсаргагдаагүй байсантай уялдуулж Ерөнхий сайд өндөр үүрэг хариуцлагатай уг үүрэгт ажлыг эрхлэх хугацаандаа чухам юу хийж бүтээхээр төлөвлөж буйг нь сонирхов.
Нэр дэвшигч Ц.Батбаяр дэвшүүлэн тавьж байгаа зорилтынхоо талаар МАХН-ын Удирдах зөвлөлийн болон НИТХ-ын хуралдаанд танилцуулснаа дурдаад, хэрвээ Засаг даргаар батламжлагдвал юуны өмнө иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох, зам тээвэр, нийтийн тээврийн салбарын бэрхшээл, агаарын бохирдлыг шийдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллана гэлээ. Тэрээр нийслэлийн ядуурлыг бууруулах асуудлаар төрийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалснаа хэлж, нийслэлийн нийт хүн амын 38 хувь нь ядуу амьдарч байгааг тэмдэглэв.
Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргын албан тушаал, түүний хэрэгжүүлж байгаа ажлын хүрээ нь Ерөнхий сайдынхтай ч дүйцүүлж болохуйц хариуцлагатай үүрэг бөгөөд магистрын диплом хамгаалахтай адилгүй зүйл, тийм ч учраас Нийслэлийн Засаг даргыг батламжлах нь хариуцлагатай хандах шаардлагатай чухал шийдвэр юм гээд, Засгийн газарт иргэдээс хамгийн их ирдэг санал хүсэлт нь газрын харилцааны асуудалтай холбоотой байгааг дурдав. Өнгөрсөн онд Ерөнхий сайдаар томилогдмогцоо газар олголтыг зогсоож, бүх маргаантай асуудлыг цэгцлэхийг үүрэг болгосон боловч энэ даалгавар хангалттай хэрэгжээгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Нийслэлээс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хангалтгүй, хүнд суртал ихтэй байгаа төдийгүй авилга тойрсон асуудал нийслэлийнхэнд хамаарах явдал их байгааг анхааруулав.
Эцэст нь Ерөнхий сайд, энэ өндөр хариуцлагатай албанд нэр дэвшиж байгаа хүн үйл ажиллагааны хөтөлбөрөө эртнээс боловсруулсан, түүгээрээ өрсөлдөх ёстойг сануулаад, ойрын хугацаанд хөтөлбөр, зорилтоо тодорхойлон ирүүлэхийг даалгалаа. Түүний үйл ажиллагааны хөтөлбөрийг нягтлан үзсэний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргаар батламжлах эсэхээ эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд дурдаад, дахин уулзахаар тохиролцлоо.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ