НYБ Монголын хамтын ажиллагаа бага хуралд МУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үг
Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож үг хэллээ. Тэрээр хэлэхдээ
Өнөөдөр олон улсын хамгийн нэр хүндтэй байгууллага болох Нэгдсэн Yндэстний Байгууллагын 60 жилийн ойг дэлхийн нийтээр тэмдэглэж байна. Олон улсын харилцааны зуун зуун жилийн түүхэн цаг хугацаатай харьцуулахад НYБ-ын түүх богино зурвас юм. Гэвч энэхүү тэмдэглэлт ойн өндөрлөгөөс эргэн харахад НYБ ахархан мөчлөгт ихээхэн зүйлийг амжуулж гүйцэтгэсэн байна. Өнгөрөгч жаранд хүн төрөлхтөн дэлхийн дайнаас ангид байж, колончлол, аппартеид зэрэг бурангуй үзэгдлийг амьдралын бодит байдлаас халж буурал түүхийн ном шашдирын хуудаснаа л үлдээв. Мөн НYБ дэлхийн улс орнуудыг ижил тэгш эрхтэйгээр хамтран ажиллаж, зэрэгцэн орших эрх зүйн харьцангуй жигд орчныг хангаж чадсан юм. Ялангуяа жижиг, буурай хөгжилтэй улс орнуудын хувьд энэ байгууллага бол эрх ашгийг нь хамгаалах тэргүүн шугам, дуу хоолойг нь дэлхий дахинаа түгээх индэр, хөгжил дэвшлийг урагшлуулах хүч байсаар ирсэн билээ.
Цаг хором өнгөрөх тутам хувисан өөрчлөгдөж, өрнөн хөгжиж байдаг хорвоо ертөнцийн жам ёсоор НYБ анх байгуулагдсан цаг үеэсээ хойш асар ихээр өргөжин өөрчлөгдөж ирсэн юм. НYБ-ын гарааг 51 улс эхлүүлж байсан бол өнөөдөр гишүүдийн тоо бараг 4 дахин өсч 190 гаруйд хүрчээ. Хүйтэн дайн төгсгөл болсноор олон улсын харилцаанд гарсан үндсэн өөрчлөлтүүд, шинэ нөхцөл байдал, сорилтууд нь НYБ-ыг ч өөрчлөн шинэчлэх шаардлагыг дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө зүй ёсоор тавьж байна. Шинэчлэлийг НYБ төвтэй олон улсын харилцааны тогтолцоог бэхжүүлэхэд эн тэргүүнд чиглүүлэх учиртай. Бидэнд илүү ардчилсан, бүх улс түмний эрх ашгийг эрхэмлэсэн, тэдэнд үр ашигтайгаар үйлчилдэг олон улсын хамтын ажиллагааны тогтолцоо хэрэгтэй байна. Хэрэв бидийм тогтолцоог бий болгож чадвал дэлхийн улс түмний НYБ-д итгэх итгэл ч өнөөгийнхөөс хавьгүй бэхжих нь дамжиггүй.
Эдүгээ НYБ-ын үйл ажиллагааны тэргүүлэх зорилт нь энх тайван, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ хөгжил, дэвшлийг өдөөн тэтгэж, ядуурлыг устгахад орших ёстой. Учир нь ядуурал, хөгжлийн хоцрогдол, доройтол дэлхийн хүн амын ихээхэн хэсэгт хөнөөлт зэвсэг мэт аюул занал учруулсаар байна. Yүнийг бид даяаршил, хамтын хөгжил дэвшлийн тухай сайхан үг, уран сурталчилгаагаар далдлахгүй нь ойлгомжтой, шийдвэрлэхгүй нь бүр ч тодорхой. Иймд бид зутарсан нэгэндээ бодитой дэмжлэг, туслалцааг манлайлан зохион байгуулах чадавхи бүхий, даяаршлын үр шимийг дэлхийн томоохон хот суурин газрын тансаг хорооллоос талын айл, тайгын урцанд хүргэх эрч бүхий шинэчлэгдсэн НYБ-ыг цогцлон бэхжүүлэх шаардлагатай байгаа юм.
Миний бие Монгол улсын Төрийн тэргүүний хувьд өнгөрөгч сарын дундуур Нью-Йорк хотноо болсон НYБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний чуулга уулзалтад бусад 150 гаруй орны төр засгийн тэргүүн нарын хамт оролцоод ирсэн. Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтаас өдгөөгийн олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон чухал заалт бүхий төгсгөлийн баримт бичиг баталсныг тэмдэглэхэд таатай байна. Энэхүү баримт бичиг нь нэг ёсондоо гишүүн орнуудаас ойрын жилүүдэд НYБ-ын хүрээнд явуулах үйл ажиллагааг чиглүүлэх луужин болох учиртай билээ.
Төгсгөлийн баримт бичигт терроризмын эсрэг стратеги боловсруулж, иж бүрэн конвенци байгуулах, хүн амыг үй олноор нь аймаглан хөнөөх аюулд хүргэх аливаа оролдлогыг хамтын хүчээр таслан зогсоох, энхийг тогтоох Комисс болон хүний эрхийн Зөвлөлийг байгуулах, НYБ-ыг өөрчлөн шинэчилж, илүү үр нөлөөтэй болгох, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын өмнө тулгарч буй өвөрмөц бэрхшээлүүдийг давахад туслах зэрэг олон чухал заалтууд тусгагдсан юм. Түүнчлэн НYБ-д шинээр буй болсон Ардчилалын сан-г дэмжсэн заалт ч орсон билээ. НYБ-д ардчилалыг дэмжих сан байгуулах саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш өнгөрсөн онд Ерөнхий Ассамблейд хэлсэн үгэндээ анх дэвшүүлсэн бөгөөд түүнийг нь НYБ-ын гишүүн 26 улс, түүний дотор Монгол Улс дэмжин хүсэлт гаргаснаар НYБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан 2005 оны 7 дугаар сард Ардчиллыг дэмжих сан-г байгуулсан билээ.
Монгол улс 1961 онд НYБ-д элссэн нь 800 жилийн төрт ёсны түүхтэй манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгааг эрх зүйн хувьд төгс болгоход чухал алхам болсон юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноор Монгол Улс бусад улс оронтой эрх тэгш, харилцан ашигтайгаар хамтран ажиллах, олон улсын хамтын үйл хэрэгт хувь нэмэр оруулах өргөн боломж нээгдсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс НYБ-тай үр бүтээлтэй хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. НYБ нь манай улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тохиолдсон бэрхшээл хүндрэлийг даван туулах, ардчилсан тогтолцоог бэхжүүлэхэд үнэтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байв. Тухайлбал, 1963 оноос хойш НYБ, түүний системийн байгууллагуудаас нийтдээ 200 сая гаруй ам.долларын хөгжлийн буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгосон байна. 1990-ээд оны эхээр Монголын эдийн засаг хямралд ороод байсан хүнд хэцүү үед ч НYБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НYБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүегэн бий болгох зэрэг олон буянтай үйлс хийснийг монголчууд мартахгүй.
Монгол Улс ч өөрийн зүгээс НYБ-ын үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, дэлхий дахины тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө улс гүрнүүдийн хамтын чармайлтад зохих хувь нэмрээ оруулж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс зэвсэг хураах 7 хоног, улс түмний энх тайван орших эрх, Монгол улсын цөмийн зэвсэггүй статус, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, ардчилсан хөдөлгөөнийг бэхжүүлэх зэрэг олон чухал асуудлаар 50 гаруй тогтоолыг НYБ-ын хүрээнд санаачлан батлуулж, 500 гаруй тогтоол шийдвэрт хамтран зохиогчоор нэгдэж орсон байна.
Мөн сүүлийн үед манай улс НYБ-ын энхийг сахиулах эрхэм үйл хэрэгт гар бие оролцох болсон. 1999 оны 9-р сард НYБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол улсын Засгийн газар, НYБ-ын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг-т гарын үсэг зурснаас хойш манай цэргийн албан хаагчид энхийг сахиулахтай холбогдсон олон улсын сургалтад хамрагдаж, энэ чиглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Бид НYБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо цаашид ч улам өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.
Ийнхүү үр дүнтэй хамтран ажиллаж байгаа НYБ, түүний системийн байгууллагуудад бид ямагт хүндэтгэлтэй ханддаг. Эдүгээ бидний хамтын ажиллагаанд тавигдаж байгаа чухал зорилт бол НYБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтаас баталсан Мянганы хөгжлийн зорилтууд -ыг өөрийн оронд хэрэгжүүлэх явдал гэж би үзэж байна. Эдгээр зүйл заалтаас 2015 он гэхэд ядуурлыг 2 дахин багасгасан байх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхийн эрүүл мэндийг хамгаалах, бүх хүүхдэд бага шатны боловсрол олгох, хүрээлэн байгаа орчноо тордох, хөгжлийн төлөө түншлэлийг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг бид эн тэргүүнд биелүүлэх нь чухал байна. Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын явц, тэдгээрийн биелэлтэд миний бие тогтмол хяналт тавьж ажиллахыг эрмэлзэх болно. Yүний тулд зохих ёсны бүтэц зохион байгуулалтын арга хэмжээг авах шаардлагатай байна. Тухайлбал, МХЗ-дын тодорхой заалтын хэрэгжилттэй холбогдсон хэлэлцүүлгийг жил бүр үндэсний хэмжээнд зохион байгуулахад илүүдэхгүй. Ийм хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн ивээл дор авч явуулж болно.
МХЗ-уудтай холбогдсон бас нэг асуудлыг энд мөн дурдах нь зүйтэй. Саяхан болж өнгөрсөн Дээд хэмжээний уулзалтад оролцогсод Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх бүх талыг хамарсан үндэсний хөгжлийн стратегийг 2006 он гэхэд батлан гаргаж хэрэгжүүлэхээр тохиролцож, тэр тухайгаа төгсгөлийн баримт бичигт тусгасан юм. Энэхүү төгсгөлийн баримт бичгийг батлалцсан төрийн тэргүүний хувьд ч, мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн хөгжлийн цогц бодлого боловсруулахаар амласныхаа хувьд ч миний бие Монгол орны эдийн засгийнхөгжлийн цогц бодлого, холыг харсан хөгжлийн стратегийг боловсруулж хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллана. Yндэсний хөгжлийн цогц бодлогын гол цөм, үндсэн зорилго нь хүний хөгжлийн асуудал байх ёстой гэдгийг энд дахин тэмдэглэх байна.
Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Мянганы хөгжлийн зорилтуудыг Монгол улсын хэмжээнд амжилттай хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна. Монгол Улс МХЗ-дыг хэрэгжүүлэх нь бусдын тулд гэхээсээ илүү юуны түрүүн монголын ард түмний ашиг тусын тулд хийж буй ажил гэдгийг зориуд тэмдэглэн хэлье. Нөгөөтэйгүүр, эдгээр ажлыг хийж гүйцэтгэснээр гарах үр дүн нь Мянганы хөгжлийн зорилтуудыг дэлхий дахинд хэрэгжүүлэхэд Монгол улсын зүгээс оруулах хувь нэмэр болох учиртай гэлээ.
/Оллоо.МН/