Ерөнхий сайд Москва руу мордлоо
Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцохоор дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Улаанбаатараас өнөөдөр мордоно.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Е.Фрадковтой уулзах бөгөөд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох юм. Мөн хуралдааны төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцоно.
Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин гадаад орнуудын Засгийн газрын Тэргүүн нарыг хүлээн авч уулзах юм байна.
Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг УИХ-ын гишүүн, Зам, тээвэр аялал, жуулчлалын сайд Г.Батхүү, УИХ-ын гишүүн, ТЭХ-ний сайд Т.Очирхүү, Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Б.Дэлгэрмаа нар дагалдан явна.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ.