Үндэсний Телевиз дахин төрөх-ийн ирмэг дээр…

энд нуух хэрэггүй биз ээ. Бужигнаж, яаруухан, их л ажилтай улс шиг харагддагсан. Их салхины өмнөх хүлээлт гэж танил сэтгүүлч маань үүнийг тодорхойллоо. Бас нэг танил маань -Аль эрт долдугаар сараас хойш энд хүлээлт эхэлсэн гэж байна. Шат өгсөж явтал үзэгчдийн сайн танил, аялагч сэтгүүлч Г.Бадамсамбуу тааралдлаа. Тэрбээр Монгол ТВ дэх нэгэн бие даасан бүтэц болох Гараг продакшны захирал юм. ОНРТ-ийн Удирдах зөвлөл томилогдоод байгаа энэ үед зарим хүмүүсийн санал бодолыг сонсохоор ирсэнээ хэлбэл тэрбээр бага зэрэг цааргалсанаа өөрийн бодолыг илэн далангүй ярьсан юм.

-ОНРТ-ийн удирдлагууд анх удаа томилогдлоо. Танай энд шинээр юу өрнөж, уран бүтээлчдэд хэр мэдрэгдэж байна вэ?
-Одоогоор мэдрэгдсэн юм алга. Зохион байгуулалт, бодлого боловсруулах үедээ байгаа байлгүй дээ. Хуралдаж л байгаа гэсэн.

-Ер нь Монгол ТВ-ийн ойрын ирээдүй хэр болно гэж бодож байна?
-Бүрхэг байгаа. Улс төрчид ээлжлэн зайдагнасаар туйлдуулсан энэ нүсэр бүтцийг бусдын зиндаатай болгоно гэдэг хэрээс хэтэрсэн зүйл. Тэгээд ч одоогийн Удирдах зөвлөл нь хэтэрхий сул хүмүүс гэж гадуур нэг дуугаар ярьж байна. Нэг ч олигтой бодлоготон орж ирсэнгүй гэж… Гэхдээ ганц нэг сайн хүний нэр харагдана билээ.

-Монгол ТВ-ийн хувьд гол зүйл болох эрх чөлөө-гөө олж авсан нь хамгийн чухал ололт гэдэгтэй та санал нэг байгаа юу?
-Тийм ээ. Эрх баригчдын гар хөл болсоор ирсэн намтараа энэ өдрүүдтэй хамт орхиосой гэж бодож байна. Гэвч санаснаар болохгүй биз дээ.

-Яагаад болохгүй гэж?
-Үндэсний зөвлөлийн голлох хэсэг нь хуучинсагуудын гар хөл болох шинжтэй хүмүүс байна. Тэдэнд улс орны төлөө гэх сэтгэл ямагт дутаж байдаг. Мөн цаашдаа ч Гүйцэтгэх захирлын суудалд лобби их байх шинжтэй. Улайрсан улсууд ч харагдаж л байна. Өөр шалтгаанууд ч бас байна

-Ямар шалтгаанууд билээ?
-Үндэсний зөвлөлийн асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд яах учраа ойлгоогүй зарим хүн тэдний дунд байснаас үзэхэд чадварын талаар эргэлзээтэй. Олон нийтийн байгууллагуудын эрх ашигийг бус нийгмийн өмнө хариуцлага хүлээх мэдээллийн хүчтэй хэрэгслийн хувь заяаны төлөө тэд ажиллахаар сонгогдсон. Товч хэлбэл, энэ нь нийгмийн зүтгэлтний зангараг шаардаж байна. Өөр нэг шалтгаан нь, эрх баригчид ээлжлэн зайдагнасаар энэ системийг нуруугаа авсан хаврын туранги адуу шиг болгож хаясан. Одоо хүйтэн хавсарганд өшиглөөд гаргаж хаялаа. Уг нь бол тарга тэвээрэг авахуулж тордсон аргамаг хүлгээ үнэт эмээл хазаараар гоёод ард түмэндээ төр нь бэлэглэдэг жишиг олон улсад тогтсон юм байна л даа. Манайхан л гэхээр аливааг дутуу хийхийн дон туссан мэт байх юм. Тэгэхээр Удирдах зөвлөлд хачин хүнд ачаа тохлоо. Өөрөөр хэлбэл, Монгол ТВ гол эрх чөлөө-гөө олж авсан ч амьдрах чадвараар цаашдаа хомсдоно.

-Үндэсний зөвлөлд ТВ, Радиогийн хамт олон хэр хандаж байх юм?
-Хууль ёсоор сонгогдон ирж байгаа болохоор ажилтнуудын санаа бодол энд хамаагүй. Зарим нь хоолгүй болох вий гэж айж байх шиг. Ер нь Үндэсний зөвлөлийг дэмжиж хамтарч ажиллах учиртай. Өргөн нэвтрүүлгийн системд шинэ эргэлт болж, Монгол ТВ, Радио дахин төрөх гэж байна. Энэ үйл явцыг саатуулах гэх нь богинохон бодол. Аль болох түргэн цэгцрэх ёстой.

-Харин та?
-Сүх далайтал… гэдэг шиг л байж байна.

-Тань руу сүх далайх болов уу?
-Хаанаас даа. Мөрөөрөө яваа хүн рүү мөндөр буулгахгүй биз. Ойлгуулж чадах, ойлгох эсэхээс л шалтгаална байх. Дашрамд хэлэхэд, нэрнээс эхлээсэй гэж бодож байна

-Нэр тийм чухал гэж үү?
-Нэр нь системээ тодорхойлж байдаг. ОНРТ гэдэг нь Public Radio and Teleүision гэж орчуулагддаг бөгөөд статус тодорхойлдог. Харин NHK, BBC, ABC, ZDF, CFI, RIA гэх зэргээр өргөн нэвтрүүлгийн тогтолцоогоо нэрлэсэн жишиг олон улсад түгээмэл байна. Монголын өргөн нэвтрүүлгийн тогтолцоо (Mongolian Broadcasting System) гэсэн утгыг л аль ч түвшинд хэрэглэх оновчтой байдлаар гаргаж ирвэл зүгээр. Тэгэхгүй бол МүТВ, Монголын радио, ММ… гэх мэтээр олон тусдаа юмнууд байх шиг санагдуулна. Хуучин дотоодын гол брэнд нэр Монгол ТВ, Монголын радио гэсэн хэвшлийг ч бодолцвол зүгээр. ОНРТ гэдэг ч юм уу, МРТХЭГ гэх мэт албархуу нэршил нь брэнд болж чаддаггүй.

-Монгол телевиз үрэлгэн, орон тоо ихтэй гэж шүүмжилдэгийг юу гэж ойлгодог вэ?
-Үнэний хувь бий байх. Сүүлийн үед телевизийнхээ дотоод ажилд хошуу дүрэхээс холдож, тэнэх аялах маань голлож байгаа болохоор тодорхой хэлэх юм бага байна. Төсвийн хэмнэлт гарлаа ч Монгол телевиз улам өргөжих учиртай гэдгийг бас бодмоор. Ядуу зүдүү байдалдаа зохицуулж хийсэн одоогийн төсөв нь харьцангуй бага мөнгө!. Уг нь хүмүүс, систем нь хангалуун байх учиртайг санавал энэ төсөв үлэмж дутна. Мөн хөрөнгө оруулалт гэдэг юмыг үзэлгүй удсан газар гэвэл Монгол телевиз. Цаашлаад Монгол телевизэд бүс нутгийн салбарууд үүсэх учиртай. Гадаадад гарах систем бүтэц бий болох хэрэгтэй. Тоон технологид шилжих, дамжуулалтын чанар, чадал өсгөх гэх мэт. Мөн оюуны өндөр үнэлэмж бүхий бүтээлүүд үйлдвэрлэх. Ингээд үзвэл ч их юм бий дээ. Өөрөөр хэлбэл, Монгол телевизийг жижгэсгэх бус томсгох хэрэгцээ бол улс орны эрх ашиг юм. Ер нь Монголдоо хамгийн далайцтай нь юм шүү дээ. Цаашид ч хамгийн том хэвээр байна. Арилжааны телевизэд ийм боломж тэр бүр байдаггүй.

-Арилжааны ТВ-үүд Монгол ТВ-г дайсан мэт үзэж нэг хэсэг шүүмжилж байсан?
-Мөнгөтэй л холбоотой байх. Монгол телевиз реклам явуулдаггүй болчихвол тэдэнд ашигтай. Улайраад байсны учир тэр. Магадгүй үндэсний зөвлөлд үүний тулд шургалсан хүмүүс ч байж болох юм. Монгол ТВ ялагдах тусам улс оронд ашиггүй, харин ТВ зах зээлд панз үсэргэх хүмүүст л ашигтай болно. Ер нь Монгол ТВ л бусад бүх телевизүүдийг авч яваа гэж саяхан нэг сэтгүүлч надад хэлсэн.

-Юу гэсэн үг вэ?
-UBS-ийн захирал Балхжав, 25-р суваг-ийн захирал Алтай, ТВ-9-ийн захирал Энхбат, ТВ-5-ийн Сарангэрэл нар бүгдээрээ Монгол ТВ-д хүн болсон гэдэг. Ихэнх нь надаас өмнө энд байсан. Гэтэл өнөөдөр тэд ам нийлэн муулж байгаа гэнэ лээ. Эвэр нь урга-сан юм байлгүй дээ. Адаглаад, хүн чанартайгаа үлдвэл зүгээрсэн. Одоо ч манай нийгэмд байхгүй болж байгаа юмны нэг энэ. Хүн яахаараа гэдэг билээ, өөрийгөө ч танихаа байдаг юм гэсэн. Эрх ашиг гэдэг бусдыг танигдахааргүй болгосоор байгаа нь харамсалтай. Дээр дурдсан ТВ-үүдийн голлох ажилтнууд хүртэл Монгол ТВ-ээс төрсөн. Одоо шинээр байгуулагдаж байгаа ТВ-үүдийг ч Монгол ТВ-ээс очсон боловсон хүчинүүд босгож байгаа. Энэ ТВ ер нь Монголын бүх ТВ-үүдийн хувь заяаг өөртөө тээж, үүр уурхай нь болсоор ирсэн. Гэтэл адлагдаж л байдаг… Уул нь Арилжааны ТВ, үндэсний ТВ гэдэг өөр хоорондоо өрсөлдөж муулалцахааргүй ялгаатай юм шүү дээ

-Гол ялгааг нь товч тодруулахгүй юу?
-Арилжааны ТВ бол хувийн эрх ашигийн төлөө, зүйрлэвэл барааны дэлгүүр шиг. Оймс гуталаа зараад л. Харин ОНРТ бол бодлогын бодитой хэрэгсэл. Бас түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Алдаа ч байсан. Улс оронд аюул тохиолдвол, дайн самуун, халдварт өвчин, байгалийн гамшиг,…үндэсний эрх ашиг хөндөгдвөл ОНРТ үүрэг гүйцэтгэнэ, улс орны төлөө хариуцлага хүлээнэ. Харин арилжааны ТВ-д тийм зайлшгүй үүрэг байдаггүй. өөрийн сонирхлоос л болно, мэдээллийн хэрэгслийнхээ хандлагын үүднээс оролцоно. Арилжааны ТВ бол сайн дурын, харин ОНРТ бол нийгмийн захиалга байдаг. Үүрэг хариуцлагыг үлгэрлэвэл тэнгэр, газар шиг ялгаатай. Харин энэ хариуцлагыг хэрхэн үүрч чадах нь өөр асуудал юм. Арилжааны ТВ алга болж болдог, харин үндэсний мэдээллийн хэрэгсэл алгасарч ч болдоггүй.

-ОНРТ удахгүй хамраараа газар хатгах болно. Тэгээд хувьцаа гаргаж баячуул хувааж авцгаахаар төлөвлөсөн гэж хардах хүмүүс байгаа?
-Энэ янзаараа бол ОНРТ удахгүй унана. Оросын ОРТ олон нийтийнх болсоныхоо дараа бараг үхлүүт болж, Россия суваг өрх тусгаарлаж, тэрбумтан Березовский ихэнх хувьцааг авч, амь тариа хийсэн. ОРТ ингэж уналтанд орж, арга ядаад Засгийн газар зарим секторыг нь буцааж худалдан авахад хүрсэн. Үр дагавар нь Оросын хамгийн хүчирхэг нь сул дорой болж хоцорсон. Зүүн Европод ч иймэрхүү уналт тохиолдсон. Уналтад оруулаад наймаачид хувааж авна гэвэл бүтэшгүй зүйл. Тийм юм болохгүй биз дээ. Бүр болохгүй бол статус, энэ саарал байшин хоёр нь үлдэхэд л оргүй хоосноос ч Монгол ТВ дахин босож чадна, ард нь угсаатны эрх ашиг байгаа учраас тэр. Монгол кино шиг эмгэнэлтэй болчих вий гэж зарим уран бүтээлчид эмзэглэж байгаа. Үндэсний зөвлөл бол ОНРТ-ийн парламент юм. Парламент нь системээ хамгаалах ёстой.

-Техник тоног төхөөрөмж одоо ямар байдалтай байна?
-Бодит байдал эмгэнэлтэй. Дамжлага, үе шатууд нь хуучин шинэ холилдсон. Хамгийн том, их ачаалалтай 600 студи гэхэд л үндсэн дамжлагын Орос техникээ байнга засварлаж зүтгүүлсээр… Дээр нь сэлбэг засварын зардалгүй. Продакшнууд өөрсдийн хувийн камераар зурагаа амжуулдаг. Дундаа ганц бяцхан бичигч дамжуулаад л гүйлдэнэ, булаалдана. Монгол ТВ-д өөрт нь нэг ч олигтой камер үлдээгүй. Үндэсний ТВ өөрийн зураг авалтын техникгүй гээд бод доо. Даанч гомдмоор.

-Хэнд гомдох гэж?
-Новшийн улстөрчдөд.

-Яагаад тэр билээ?
-Тэд өөрсдийгөө магтуулах гэж, нэр төрөө зохион бүтээлгэх гэж ашигласаар, эцэст нь ийм юм үлдээв. Уул нь дэд бүтцийн бусад салбар болох Эрчим хүч, Зам тээвэр, Харилцаа холбооныхон ямар ч их хөрөнгө оруулалт, шинэтгэл хийв дээ. Тэдгээр салбаруудыг мэргэжилтнүүд нь хүнд нөхцөлөөс үүрч гарч чаджээ. Харин өргөн нэвтрүүлэг мэдээллийн салбарт хоцрогдол үлдэв. Намуудын гар хөл болсон хүмүүсийг дээрээс тавиад тэд нар нь ээлжит жижүүр-ээ гүйцэтгээд, энэ салбараар гараа угаасаар ирсэн юм. Мэргэжилтнүүдэд эрх мэдэл олгодоггүй, тэднийг халгаадаггүй байв. Өөрөөр хэлбэл, дандаа хүний хүн, хүйтэн хөндий удирдаж ирэв. Уг зөвхөн энэ ТВ л боловсон хүчний үе залгамжтай (поколения) ганц газар шүү дээ. Олон жилийн тэртээгээс хөгжлийн Мастер төлөвлөгөө боловсруулж Японуудад хандаж ажил урагшилж байтал төрийн мэдлийн статус өөрчлөгдөх сургаар хойшлуулсан. Тэгээд л бахь байдгаараа. Өнөөдөр, зураг авалт хийнэ гээд гөлчгий барьсан хүн зарим студид гүйж явна, бас гутал-аар зураг авч байна. Инээд ч хүрмээр

-Гөлчгий, гуталаар зураг авна гэдэг чинь…
-Манайхан сонирхогчийн жоохон камерийг шоолж гөлчгий(хулганы зулзага), бас нэг муу таарууг нь гутал гэцгээдэг. Үнэндээ зарим үед өмссөн гутлаа ч ашиглах шахаж байна шүү. Ямар сайндаа л зураглаач Маш ах болохгүй бол гар утасны камераар зураг авалтаа залгуулна гэж егөөдөх билээ. Төр засаг хойд эх шиг л хандлаа гэж би ойлгож байгаа. Нөгөөтэйгүүр, тэдний мэдлэг, сэтгэл дутсан байх. Улстөрчдийн иймэрхүү сул үлбэгэрээс болоод Монголын минь өөр бусад салбарт ч олон юм хувь дутуу мэт байх боллоо доо. Монгол телевиз-ээс Төр засаг айж, нүүрээ бурууллаа. Яг гологдсон хүүхэн шиг үлдэв. Цагтаа ямар янаг байлаа даа. Сонгууль дөхөхөөр улам ч их наалинхай болдогсон.

-Төр засаг нь телевизээс айна гэж юу гэсэн үг вэ?
-Хөрөнгө оруулалт хийж, технологи шинэчлэхэд аймаар их мөнгө шаардлагатай. Тэгээд л айж чимээгүйхэн, хийсэн гэмээсээ бултаж байна. Тэд мэдэж байгаа. Ингэж болдоггүйг. Гэхдээ л ингэчихлээ. Тэглээ гээд ард түмнээсээ зугатаж дөнгөхгүй. Олон түмний гарт хүчтэй мэдээллийн хэрэгсэлээ хүлээлгэн өгөх нь төрийн үүрэг. Монголчуудад бусдын адил үнэт зүйлсээ хамгаалах, хайрлах, танин мэдэх, оюун санаагаа, үр хойчоо мэдээллийн бусармаг халдлагаас хамгаалуулах эрх байх ёстой. Энэ эрхээ оршин тогтнох чадвар нь баталгаажсан институциэр хамгаалуулах учиртай, үүнд сайн аавын ёсоор төр туслах ёстой байсан. Тэд үүнийг чадсангүй. Одоо бол аз мэдэх хэрэг болоод байна.

-Монголын нийгэмд цаашид ОНРТ хэр нөлөөтэй байж чадах бол?
-Үндэсний хөгжлийн үзэл баримтлалтай уялдаж, монголчуудын оюун санааны нэг гол хэрэгсэл байж, нээлттэй ажиллавал зүгээр. Хүчин чадлын хувьд ядаж Өвөрмонголын Одон ТВ-д хүрмээр байна. Одон телевизэд өнөөдөр найман сая шахам долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа гэж сонссон. Тэд Дэлхийн монголчуудын төв Телевиз болох гэж ингэж зүтгэж байна. Уг нь бид л тийм зорилготой байхсанж. Хятадад Монголчуудын төв телевиз байх нь л дээ. Дэлхийн хаана ч тоон кодоор сонгож Монгол ТВ-г үздэг болохсон. Хамгийн итгэл үнэмшилтэй, албан ёсны мэдээллийн эх сан болох нь ОНРТ-ийн ирээдүйн байр суурь юм.

-Манайд бол Монгол телевиз нэр хүнд муутай байх шиг байна. Бусад орнуудад ОНРТ нь хэр нэр хүндтэй байдаг бол…?
-2001 оны судалгаагаар Япон, Британийн NHK, BBC телевизүүд нийт телевиз үзэгчдийн 40-43 хувийн саналыг авч байжээ. Энэ бол дангаар тэргүүлж байгаа гэсэн үг. Гэхдээ Үндэсний ТВ-ээ шүүмжлэх нь хааяагүй элбэг. Ер иймэрхүү л байдаг аж. Эдгээр орнуудад ОНРТ-ээ бас их хүндэтгэнэ, ард түмний гэдэг утгаар нь. Японд бол бусад ТВ-үүд нь NHK–гээ хүндэлнэ. NHK л ганцаараа оюун санааны хүчирхэг төслүүд хэрэгжүүлж чаддаг. Төр улсынхаа хувь заяаны тусгал нь ОНРТ байдаг байх.

-Өнөөдөр маш бага зардалаар ТВ үйл ажиллагаа явуулах бололцоотой болсон, үүний жишээ нь бид юм гэж Арилжааны ТВ-үүд баталж байсан. Монгол ТВ маш бага зардалд хэзээ шилжих боломжтой вэ?
-Зардалыг багасгах бололцоо бий. Тэгэхдээ сулхан мэдээ, хэдэн бялдууч ярилцлага, хулгайн кино зэргээр өдөржин балбаад хэр хол явах билээ. Арга ядсан юм шүү дээ. Үзэгчдийн оюун санааны хэрэгцээ өснө, голно. Хямд хялбараар бүтээх ажлууд ч олон бий. Ерөнхийдөө бусад ТВ-үүдтэй ОНРТ-ийг харьцуулахад хэцүү. Мэдээллийн хэрэгслийн үүргээ гүйцэтгэх зэрэгт хямд зардалаар тогтож болно. Гэтэл тулгуур томоохон бүтээлүүд үйлдвэрлэх, сургалт танин мэдэхүйн хүрээг хамрах, технологийн дэвшилд мэргэжлийн өндөр стандартаар мөр зэрэгцэх, олон улсын программ солилцоо зэрэг олон шаардлагууд нь энэ ТВ-ийг хялбар биш болгож байдаг. 4000 ам.долларын камер, 40 000 ам.долларын камерийн ялгаа зөвхөн мэргэжлийн түвшинд л ялгагдана. Гэтэл өнөөдөр Монголд ийм ялгааг гаргаж ажиллах ТВ байдаггүй. Болж байна л гэж бодож байгаа. Арилжааны ТВ-үүдэд ийм мэргэжлийн стандарт одоохондоо шаардлагагүй. Гэтэл Монгол ТВ-д шаардагдана. Учир нь, монголчууд хайнга орхисон бүхнээ, оюун санааны үнэт зүйлээ олигтой авч үлдэмээр байна, таниулмаар байна. Хайрлан авч үлдэх зүйл их байна. Юмс түргэн өөрчлөгдөж, цаг хугацаанаас өрсөх шаардлага их байна. Хямд хялбарыг эрхэмлэнэ гэдэг хямдхан настай гэдгийг би өөрийн мэргэжлээр заримдаа амсаж байдаг

-Монгол ТВ-ийн хамгийн гол дутагдал, таны бодлоор…
-Зөндөө дутагдал бий. Боловсон хүчин ихэд суларсан. Менежмэнт тааруу, үндэсний үнэт зүйлийг үл ойшоодог. Студиуд нь арилжааг голлож ажиллаад сурчихсан нь цаашдаа өөрчлөгдөхөд их саад болох байх. Телевиз том учраас ерөнхийдөө хөшүүн хойрго, дээр нь цус ойртолттой. Олигтой эвлүүлэгтэй нэвтрүүлэг ч өнөөдөр харагдахаа байж. Гэхдээ хөөрхий минь, олон юмны сайн үндсийг агуулж байдаг өвөрмөц амьтай газар.

-Цаашдаа санхүүжилтийн талаар…?
-Төсөв, хураамж, сурталчилгаагаар алба нийлүүлж ирсэн. Өмнөх санхүүжилтийн үр дүн болсон хар бор амьдрал, муу тоног төхөөрөмж бидэнд хангалттай бий. Рекламгүй болгоно гэнэ. Реклам чинь бидэнд мөнгө биш амь тариа л болдог. Рекламгүйгээр сэхээн амьдруулж чадвал сайн хэрэг. Даанч тийм боломж үгүй. Хэн тэгээд амь тариа, дуслыг үргэлжлэн залгуулах болж байна. ОНРТ нь өөрөө арилжааны тодорхой бүтэц агуулдаг жишиг бий. Энэ нь зарим талаар зах зээлийн нийгэмтэй холбогдох суваг болдог.

-Эцэст нь өөрийн Гараг продакшны талаар, ажил бүтээлийнхээ талаар…
-Баримтат бүтээлийн өв сан шинээр бүрэлдүүлэхээр төлөвлөж байна. Монголд энэ л их дутагдаж байгаа. Оюун санаагаа алдсан орон шиг л байх болж. Оюуны баялаг бүтээхэд бидний зорилго олигтой үр дүн авчирнаа…

-Ярилцсанд баярлалаа.
-Үндэсний телевиз парламент-тай боллоо, зарим нь Арвантаван толгойтой Атгаалжин хар мангас, үлгэр биелэв гэж байна. Тэр яахав. Би жаахан шүүмжлэлтэй үг хэлчихэв үү дээ. Өртөгсөд нь өршөөх байгаа… Гөлчгий камертай, гөлчгий бодлоготой байж таарахгүй л гэх гэсэн юм.

Ярилцсан Ж.Гангаа
(өдрийн сонин 2005-10-25 256)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button