ШУДАРГА ТОНУУЛ
Хүүхэд хүний нүдэн дээр тавган дээрээс чихэр авчихвал манай энэ мөн шударга эр шүү гэж ээж нь хэлнэ. Энд тэр хүүхдийг ичдэггүй, хүнээс санаа зовдоггүй, асууж зөвшөөрөл авдаггүй гэсэн санаа байна. Тэгвэл ил цагаан юм луйвардчихдаг, бусдыг ичих нүүргүй улалзуулдаг хүнийг бас шударга гэж нэрлэнэ. Шударга нь дэндчихсэн нөхөр гэдэг бол гол төлөв хүний эд хөрөнгөнд эзнээс нь зөвшөөрөл авалгүй хандах, өөрийн болгох, эвдэн сүйтгэхийг хэлнэ. Энэ нь эзнийх нь нүдэн дээр улайм цайм болов гэсэн санааг давхар илэрхийлнэ. Эзний нүднээс далд энэ үйл явц болбол хулгайлах гэсэн бүхэл бүтэн багц үг агуулсан өөр төрлийн үйлдэл болой. Зэсрэх, дэлсэх, шаах, хулуух, гулруулах, гулсуулах гээд эзний нүднээс далд болох үйл явц. Мань хүний шударга нь сайхан даа гэсэн хэлц бий нь нүднээс далд хулгай хийсэнгүй, авсан эзнийг нь хайх шаардлагагүй учраас шударгаар дээрэмдэх нь хулгай хийхээс арай дээр юм даа гэсэн санаа аж. Шударга гэдэгт ичих нүүргүй улайм цайм худлаа ярьдаг, шулуухан гүжирдчихдэг хүнийг ч оруулж тооцно.
ХХ зууны гучаад оны үед Монголд коммунизм байгуулах юм болов. Үүний тулд чинээлэг болон дунд давхаргын хүмүүсийн хөрөнгийг булаах, лам нарыг хавчин гадуурхах, сүм хийдийг нь нураах, албаар хүчирхийлэн шар шувтлуулах, ном судрыг нь шатаах цаашлаад алж талах их шударга үйлсийг өрнүүлэх шаардлага гарчээ. Энэ бүхнийг нууцаар болон хулгайгаар хийх нөхцөл байсангүй. Ганцхан шударгаар л хийнэ. Нүдэн дээр нь шударч л хийнэ. Хэн шудрага вэ? Мянга мянган жил уламжлал сахиж ёс суртахууны тогтсон журам жаягтай хүн шударга байж чадахгүй. Ийм жаяг бүрэн бүрэлдээгүй залуучууд л илүү шударга аж. Иймээс энэ бузартай ажлыг Монголын хувьсгалт залуучуудын эвлэл түүний түм түмэн шударга гишүүд оройлон гүйцэтгэсэн юм. МАХ Намаас тэдэнд шударга, илүү бүр шударга, шулуундаа гарсан шударга байхыг уриалж, бүр албадаж байлаа. Зорилго чинь зөв, мөлжигч ангийг устгахгүй бол алж талахгүй бол болохгүй, энэ ариун зорилгыг хэрэгжүүлэхийн тулд ичих хэрэггүй, шижээргүй шударга байх хэрэгтэй, санаа зоволтгүй, араас чинь МАХН хамгаална өмөөрнө, шударгаар шударч дайраад булаа шатаа, дээрэмд, алж тал, тоно, устга! Алж талан тонож дээрэмдэж шатааж түйвээхийг бүгдээрэнг нь нийлүүлээд гүйцэтгэх гэж багцлан нэрлэдэг байжээ. Шударгаар гүйцэтгэнэ гэсэн хэллэг тэр үеийн баримтад их үлджээ. Ичих санаа зовох юмгүй нүүрэн дээр нь тоно, шатаа, хяд гэсэн л үг л дээ. Шударгаар гүйцэтгэсний дүнд Монголын насанд хүрсэн бүх эрчүүлийн таван хүн тутмын нэг нь алуулж, гурав тутмын нэг нь баригдаж, хоёр тутмын нэг нь ясандаа тултал дээрэмдүүлжээ. Шатсан сүйрсэн соёлын дурсгал, урссан нулимс, шархалсан зүрхийг тооцоолох ч аргагүй. Шударгаар эхэлж шударгаар гүйцэтгэлээ.
Тавиад оны үеэс мөнөөх шударга хэмээх үгээ зориудаар орос хэлний справидливость гэсэн үгтэй дүйцүүлдэг болж эхэллээ. Латин хэлний jus (юс гэж уншина) гэсэн үг нь зөв, үнэн, эрх, ёс гэсэн нэгэн төрөлд хамаарах салаа бүхий утгыг илэрхийлнэ. Эндээс орос ч англи ч франц, герман ч хэлээр зөв, хууль гэсэн хоёр санаа нэг үгээр илэрхийлэгддэг. Яагаад гэвэл хууль гэдэг зөв, сайн, үнэн гэсэн утгатай давхацдаг, хуулийг ерөөс тэгэж ойлгодог ажгуу. Хууль нь өөрөө моралид тулгуурлана. Ингэхээр ёс суртахуун, хууль, үнэн гурав нэг талын ихэр баатрууд ажгуу. Эндээс just, justify, justice, юстиция гэх хэллэг гарсан байна. Аль ч хэлээр хэлээд энэ нь дотроо Үнэн, Зөв, Ёс суртахуун, Эрх, Ариун, Хууль, Ном журам, Ариун зөв моралитай талд нь зогсох, Шагнал шийтгэлийг үнэн зөв хүнд нь оноох гэх мэтчилэнгийн философийн цогц утгыг агуулж байдаг аж. Францын хувьсгалын гурван гол урианы нэг нь чухам энэхүү франц англи хэлээр justice, орос хэлээр справиливость байлаа. Нийгмийн бүх гишүүд язгуур угсаа, хүйс нас, шүтлэгээсээ үл хамааран зөв ариун талдаа байсан бол шагнуулж, буруу хар талдаа байсан бол шийтгэгдэж байя гэсэн үг. Үүний зөв бурууг хуулиар тогтооно, хууль ард түмний эрмэлзлэл, уламжлал, тогтсон заншил, буруу зөвийн тухай хэвшсэн ойлголтод тулгуурлана. Иймээс үүнийг нэгтгээд хүн бүр хуулийн хүрээнд амьдрах гэж товчлон ойлгож болохуйц.
Яахаараа энэхүү ариун, зөв сайхан гэсэн санааг монголчууд жудаггүй, ичгүүргүй, улаан тонуул гэсэн утга бүхий шударга хэмээх үгээр орлуулах болов? Ангийн бус этгээдийг улайм цайм тонох нь уулаасаа марксист онолоороо зөв ариун хэрэг аж. Гучаад оны үед алж шудан тонож дээрэмдээд шударга үйл их бүтээснийг цагаатгах хэрэгтэй. Уул онолоороо зөв тал юм чинь. Гэвч ардын ярианд шударга гэдэг нь шижээргүй гэсэн утгаа хадгалсаар. Нөгөө талаас хууль гэдгийг шулуундаа гарсан шударга хүчирхийлэл гэж ойлгох болохоос үүнийг ариун зөв моральтай гэдгээр нь монголчууд ухдаггүй.
Хууль хэмээх нь манж хэлний хавли гэсэн үг шууд зээлдэгдсэн хэрэг ба иймээс ялсан тал нь ялагдсан, хүчин мөхөсдсөн талдаа тулгадаг ялын журам гэсэн санаагаар ойлгогддог. Хууль цаазгүй ч болоосой доо гэж дуулахдаа ариун зөв ёс хорвоогоос алга болчихоосой гэж мөрөөдөөд байгаа юм биш, ял цээрлэл бүхий мөнөөх хавли байдаггүй ч болоосой гэсэн санаашрал. Ингэхээр монгол хүний санаанд хууль ба шударга гэсэн үг орчин үеийн иргэншлийн ойлголтын эсрэг талаас нь тусдаг бололтой. Хэн нэгний шударга гэж үнэлсэн зүйл нөгөөд нь шударга биш болчихдог учраас Шударга хэмээх нь ойлгомжгүй илэрхийлэл. Иймээс сүүлийн үед зарим судлаачид Зүйт ёс гэх нэр томъёо гаргаж иржээ. Зүй зохис нь ямар байх ёстой юм түүгээрээ гэсэн санаатай учир justice – тай дөхөж байна. Хуулийн хүрээнд гэвэл бүр ч илүү болж байна. Ерөөсөө л уг үндэс нь ийм санаа л даа.
Бидний монголчууд өдгөө иргэншиж байна. Энэ бол бүхэл үеийг хамрах том процесс! Хуучин шинэ ойлголтууд холилдон нэг нь нөгөөгөө үгүйсгэх аж. Юутай ч нэг үнэн юм юув гэхээр бичиг баримтад л тэгэж бичдэг болохоос бид шударга гэдгийг жишээ нь орос хэлний справидливость гэсэн утгаар ойлгодоггүй. Зөвхөн толь бичигт л ингэж бичдэг ажгуу. Төрийнхөө жолоонд шударга хүнээ сонгоё хэмээн шүлсээ үсчүүлж ард түмний нэр барин орилох хэнхэг өвгөний цаана хулгай хийгээд байгаа хүмүүсийг ичиж айхгүй илчлээд өгдөг шударга нь дэндсэн тэнэг туучийг олж дээрээ залъя гэсэн хонзогнолын аяс мэдрэгдэнэ. Тэр хулгайч нарыг илчилснээр хууль ёсыг тогтоогооч гээд байгаа юм биш, гагцхүү өөрийгөө хулгайн бараанаас хүртэлгүй хоосон хоцорсон хохирогч гэж үнэлж байгаа учраас дотор нь хорсоод байгаа юм.
Шударга учраас ичилгүй дээрэмдээд хохирогч болох өөрт нь хишиг хүртээгээч гээд байгаа юм. Цаад сонгогдсон улайм цайм шударга гар нь ч мөн л шудрага тонуул хийнэ дээ. Харин хишиг хүртээхгүй учраас мөнөөх хэнхэг өвгөн дараагийн шударгын эрэлд хатна. Тийм шударга нь хорвоо дээр үгүй учир үхэн үхтлээ хайна, дараа нь хөөрхий өнчин ядуу хүү нь үргэлжлүүлэх ба бяцхан тархиндаа үүнийг үнэний эрэл гэж нэрийдэнэ. Гэтэл шудрага тонуулчид шүүмжид өртөхөөрөө юу гэж хэлдэг гэж санана! Намайг үхэхээр Бурхан жинхэнээр нь шүүнэ! Парламентийн танхимд албан ёсоор хэлэгдэж, зурагтаар шууд дамжигдсан энэ үгийг сонсоод чихэндээ итгээгүй боловч газрын шүүхийг үгүйсгэж буй түүний үнэнхүү шударга жишээргүй занг жигшихээсээ өмнө гайхан алмайрсан билээ. Шударга тонуулчдад Бурхан хүртэл тусалдаг болоо юу?
Шударга хэмээх нь хуучин утгаа алдсан юм шиг мөртөө шинэ утгаа олоогүй учраас юуг ч юу ч болгон илэрхийлж болдог утга санаа тодорхойгүй сонин ухагдахуун болжээ. Энэ бол ард түмэн гэсэнтэй адилаар луйварчдын зах зээл дээр гүйлгэдэг хамгийн адтай бараа, ид шид агуулсан бамбай хамгаалалт, үнэнийг шархлуулах шулмын зэвсэг, ойлгомжгүйнхээ хэрээр чөтгөрийг ариунтан болгож чаддаг далдын хар малгай! Нямдоржийг бид бүгдээрээ шударга гэцгээдэг. Шударга хэмээх үг манай нийгэмд яаж ойлгогдож байна, түүгээрээ л бид юмс үзэгдлийг нэрлэж буйн нэг жишээ энэ гэлтэй. Түүнийг шударга гэхдээ хууль номыг баримтладаг, үнэний талд зогсдог, ариун, гэгээн, зөв, бурхны талын, зүйт ёстой, хуулийн дотор амьдардаг гэж ойлгодоггүй. Харин ч эсрэгээр болохыг нь бүгд мэднэ. Илжиг шиг зөрүүд, айж ичдэггүй, хүсвэл хэнийг ч юу ч гэж гүжирдээд шоронд ч хийж чадна шонд ч дүүжилж чадна, тэнэг зоригтой, жишээр жудаг гээч юмыг огт мэддэггүй, жишээргүй ичгэвэргүй нахаал занд нь буруутан ч өртдөг, зөвтөн ч өртдөг ер нь тулгарвал яаж ч алж магадгүй нөхөр, авмаар санагдвал шулуухан тоночихдог дээрэмдчихдэг болохоос хулгай хийж хүний нүднээс далд заваараад байхгүй, хуулийг бол өөрийнхөө хийх гэсэн зорилгод дуртайгаараа улайм цайм ашиглаж чаддаг, өөртөө хурааж сувдаглаад байх нь гайгүй ч хэн нэгэнд хонзогновол юуг нь ч юу ч болгож байгаад алж талж байж ард нь гардаг өвчтэйдүү нөхөр гэж ойлгодог. Энэ бүхнээ нийлүүлээд түүнийг шударга нь дэндсэн нөхөр гэж товчлон томъёолох бөлгөө.
Манай ард түмэн магнай дээрээ зөвхөн шударга хүмүүсээ л сонгон гаргаж ирье гэсэн. Бидний тэргүүн дээгүүр зөвхөн шударгуудаас бүрдсэн бүхэл бүтэн арми шударга тонуул хийн эргэлдэнэ. Хүссэн юм хүзүүгээр татаж шударгуудад шударгаар тоногдож буй ард түмэн (дахиад нэг ойлгомжгүй, барих эзэнгүй шидийн үг!) улам үгээгүйрсээр. Үгүйрч буй нь харин гарт баригдаж буй. Нэг үнэн юм гэвэл шударгууд хуульд хэзээ ч захирагдахгүй. Хуулийг өөртөө тааруулж үйлдэхээс гадна өөртөө тааруулж тайлбарлах ба тэгээд болохгүй бол шулуухан нулимж орхино. Бөгсөө арччихна!
Одоо яая гэхэв дээ Дорж минь, хуулийг монголчуудын ихэнхийн эрмэлзлэлд тохируулж бүтээгээд түүнээ хүн бүр сахихыг чи эхнээсээ шаардаагүй шүү дээ. Чи ийм юм нэхээгүй болохоор чамд үүнийг хэн ч амлаагүй. Чи хууль сахихыг хэнээс ч шаардаагүй. Чи ердөө шударгыг л хүссэн. Одоо хүзүүгээр чинь ороосон шударгадаа дарагдаж үхэх болно. Энэ бол чиний хийсэн сонголт! Яагаад гэвэл чи хулгай тонуулын олзыг өөрт чинь ноогдвол шударга, ноогдоогүй бол шударга бус гэсэн үнэлгээтэй нэгэн. Чи хуулийг хууль гэж ойлгохоосоо хавли гэж үздэг. Нийгмээ ил тонуул болгосон нүгэлтэн чи өөрөө! Гэм заавал зэмтэй байдаг, энэ үнэн чамд ч хамаатай! Улс төрийн нам нэртэй янз бүрийн шударгачуудыг дагаж хуйлраа биз дээ. Өдгөө Ху ч байхгүй АХ ч байхгүй. Тэд үнэн хэрэгтээ үүргээ гүйцэтгээд хугацаа нь дуусаж Тэнгэрт халицгаасан. Орыг нь үнэнгээсээ баттай оршиж буй шударга нь дэндсэн хоорондоо хамсаатай хоёр бүлэглэл одоо эзэлсэн. Энэ л чиний сонголтын шударга хариу болой.
(өдрийн сонин 2005-10-25 256)